Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1905

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо      даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.З-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 140 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  Нэхэмжлэгч Х.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.З-тай танилцаж, найз болсон. Б.З- нь аавын замын компани ажил авах гэж байна, мөнгө зээлчих, би чамд хүүтэй нь өгнө гэж гуйсан. Ингээд Б.З-д Г.Цэнд-Аюушийн дансаар болон бэлнээр өгсөн. Би мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь дандаа Золзаяад зээлэв гэж бичдэг. Иймд тухай бүр нь түүний хүсэлтээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг уг дансаар түүнд шилжүүлсэн. 2017 онд 600 000 төгрөг, 2018 онд 20 000 төгрөгийг бэлнээр мөн түүнд өгсөн. 2018 оны 12 сард ээж Ц.Энхтуяагийнхаа данс руу 20 000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Б.З-д би нийт 3 140 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэвч Б.З- нь элдэв шалтаг хэлсээр мөнгийг буцааж төлөөгүй. Зээлдүүлсэн мөнгөнөөс 2017 оны 10, 11 сарын үед 480 000 төгрөгийг, нэхэмжлэл гаргаснаас хойш 100 000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд түүнээс дансаар шилжүүлж өгсөн 2 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Б.З- 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлснийг би мэднэ. Үүнийг түүнд буцаагаад өгсөн. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 онд 600 000 төгрөг, 2018 онд 20 000 төгрөг, 2018 оны 12 сард миний данс руу 20 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байна. Х.А-аас зээлсэн 500 000 төгрөгийг 2016 оны 10-аас 11 дүгээр сард буцааж өгсөн. Иймд Х.А-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.З-гаас 1 920 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 580 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 65 190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 45 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Хаан банкны 5077277784 тоот иргэн Г.Цэнд-Аюушийн эзэмшлийн дансны хуулга дээр “Заяад зээлэв” гэх бичгийг үндэслэн хариуцагчийг мөнгө авч байсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Хариуцагчийн хувьд иргэн Г.Цэнд-Аюушийн эзэмшлийн дансаар нэг удаа 500 000 төгрөг авч байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийгээ ч буцаан төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 5 сард тус дүүргийн шүүхэд хариуцагчаас 6 сая төгрөг нэхэмжилж байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж байсан, гэтэл одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь багасч 2 500 000 төгрөг болсон нь нэхэмжлэгчийн бусдаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 сард мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн дансаар 20 000 төгрөг зээлж байсан гэдэг ба энэ мөнгийг авч байгаагүй болох нь Ц.Энхтуяагийн харилцах дансны хуулгаар харагддаг юм. Дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх үнэлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зохигчид нь амаар зээлийн гэрээ хийсэн гэж дүгнэн хариуцагчаас 1 920 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч  Х.А- нь хариуцагч Б.З-д холбогдуулж түүнд зээлдүүлсэн 3 140 000 төгрөгийн 580 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2 560 000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан Х.А-ын ХААН банкин дах депозит дансны хуулгаас үзэхэд  гэрч Г.Цэнд-Аюушийн ХААН банкин дах 5077277784 дансанд 2016-08-26-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны  өдөр 1 000 000 төгрөгийг тус тус “zayad” , “zayad zeelew”  гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /хх-ийн 5/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон  Г.Цэнд-Аюуш “...Б.З- нь 2016 онд өөртөө ашиглуулах Хаан банкны данс байна уу, би өөрийн нэрээр болохгүй байна гэхээр нь Хаан банкны өөрийн картаа би түүнд өгсөн. Тэр картыг Б.З- жил гаруй хугацаанд дангаараа ашигласан. ...Б.З- дансыг ашиглаж дууссан өдөр 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байсан гэдгийг би тод санаж байна” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 17-20/

Мөн хариуцагч дээрх шилжүүлсэн мөнгөнөөс гэрч Г.Цэнд-Аюушийн ХААН банкин дах 5077277784 дансанд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “zayad” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус бүр уг дансаар түүнд  шилжүүлсэн... гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 2 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан номлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож гэж дүгнэж зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 580 000 төгрөгийг хасч хариуцагчаас 1 920 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 580 000 төгрөгт холбогдох хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон  Г.Цэнд-Аюуш худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО     

                                               ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД         

                                                                                              Н.БАТЗОРИГ