Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/02406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Сот 4-р байрны 20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-АР88042601, Боржигон овогт Хишигжаргалын Алтанзулын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 013-р байрны 36 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧА88011962, Бодонгууд овогт Батзоригийн Золзаяад холбогдох,

 

3 140 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Алтанзул, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3 140 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчлөн, 2 560 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Золзаяатай танилцаж, найз болсон. Б.Золзаяа нь аавын компани ажил авах гэж байна., мөнгө зээлчих, намайг тагнаад байгаа, надад Хаан банкны данс байхгүй тул Цэндээ гэсэн данс руу мөнгөө хийчих гэж хэлсэн. Иймд тухай бүр нь түүний хүсэлтээр 2016-08-26 өдөр 500 000 төгрөг, 2016-08-29 өдөр 500 000 төгрөг, 2016-09-19 өдөр 500 000 төгрөг, 2016-09-22 өдөр 1 000 000 төгрөгийг уг дансаар түүнд шилжүүлсэн. 2017 онд 600 000 төгрөг, 2018 онд 20 000 төгрөгийг бэлнээр мөн түүнд өгсөн. 2018 оны 12 сард ээж Ц. Энхтуяагийнхаа данс руу 20 000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Б.Золзаяад би нийт 3 140 000 төгрөгийг зээлдүүлсэн.

Гэвч Б.Золзаяа нь элдэв шалтаг хэлсээр мөнгийг буцааж төлөөгүй. Тэр санаа зоволтгүй, мөнгийг чинь хүүтэй ч болсон өгнө гэдэг байсан тул мөнгө зээлсэн талаар ээжид нь 2018 оны сүүлч хүртэл хэлээгүй. Ахад нь нэг удаа хэлж байсан.Зээлдүүлсэн мөнгөнөөс 2017 оны 10, 11 сарын үед 480 000 төгрөгийг, сая нэхэмжлэл гаргаснаас хойш 100 000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд түүнээс дансаар шилжүүлж өгсөн 2 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Миний охин Б.Золзаяа 2016-08-26 өдөр 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлснийг би мэднэ. Үүнийг түүнд буцаагаад өгсөн. Нэхэмжлэгч нь 2016-08-29 өдөр 500 000 төгрөг, 2016-09-19 өдөр 500 000 төгрөг, 2016-09-22 өдөр 1 000 000 төгрөг, 2017 онд 600 000 төгрөг, 2018 онд 20 000 төгрөг, 2018 оны 12 сард миний данс руу 20 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй, гүжирдэж байна. Б.Золзаяагаас огт үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байна.

Х.Алтанзулаас зээлсэн 500 000 төгрөгийг 2016 оны 10-11 сард буцааж өгсөн.

Өмнө нь Х.Алтанзул мөн шүүхэд 6 сая гаруй төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх хуралдаа өөрөө ирээгүй шалтгаанаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Х.Алтанзулын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, нэхэмжлэгчийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн харилцах дансны дэлгэрэнгүй хуурга, гэрч Г.Цэнд-Аюушийн мэдүүлэг, шүүгчийн захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Золзаяагийн гуйлтаар 2016-2018 онуудад түүнд удаа дараа мөнгө зээлдүүлсэн гэх бөгөөд зээлдүүлсэн мөнгийг түүний хүссэнээр гэрч Г.Цэнд-Аюушийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагчийн төлөөлөгч зээлдүүлсэн мөнгөнөөс 2016 онд 500 000 төгрөгийг авснаас бусдыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн түүний харилцах дансны хуулгаар тэрээр 5077277784 дансанд 2016-08-26 өдөр 500 000 төгрөг, 2016-08-29 өдөр 500 000 төгрөг, 2016-09-19 өдөр 500 000 төгрөг, 2016-09-22 өдөр 1 000 000 төгрөгийг тус бүр Заяад зээлэв гэсэн утгатайгаар шилжүүлсэн, Хаан банкны 5077277784 тоот данс нь гэрч Г.Цэнд-Аюушийн данс бөгөөд би маникюр хийдэг бөгөөд Б.Золзаяа надаар 2-3 удаа үйлчлүүлсний дараа бид танилцсан. Б.Золзаяа нь 2016 онд өөртөө ашиглуулах Хаан банкны данс байна уу, би өөрийн нэрээр болохгүй байна гэхээр нь Хаан банкны өөрийн картаа би түүнд өгсөн.Тэр картыг Б.Золзаяа жил гаруй хугацаанд дангаараа ашигласан. Намайг хадам аавын бие муудаад Драгон дээрээс хөдөө явах гэж байхад Б.Золзаяа дансны хуулга хэрэгтэй гээд тэнд байдаг Хаан банкнаас дансны хуулга надаар авхуулах үед хуулгыг харахад мөнгө нилээн орсон гарсан харагдсан. Тэгээд би тэр дансаа хаалгасан. Манай хадам аав намайг очиход 2017-06-20 өдөр нас барсан тул Б.Золзаяа дансыг ашиглаж дууссан өдөр 2017-06-19 өдөр байсан гэдгийг би тод санаж байна. Надаас Б.Золзаяа янз бүрийн туслалцаа хүсэхээр нь би чадлаараа түүнд тусалж байсан. Ээж Энхтуяа нь бөө гээд Хөвсгөл хүртэл явна, яваад өгөөч гэхээр нь машинаараа замд гараад явсан. Замдаа Хөвсгөл явахаа болиод Хөтөл болсон, тэр хүртэл явж өгсөн, бөөгийн шагнал авах гэлээ гээд машинаар үйлчлүүлэх, мөнгө хэрэг боллоо гээд миний 1 800 000 төгрөгийн үнэтэй утсыг барьцаалуулж, 40 000 төгрөг аваад өгөөгүй, 750 000 төгрөгийг надаас аваад өгөөгүй зэрэг олон юм бий. Б.Золзаяа Х.Алтанзулаас мөнгө авсан байх.Б.Золзаяа онцгүй зан гаргаад, үргэлж хүн ашиглаад байдаг тул би сүүлдээ туслахаа больсон. Дээрх дансаа би нэг хэсэг хаалгаж байгаад 2018 оны 03 сараас дахин өөрөө нээлгээд ашиглаж байгаа гэсэн мэдүүлэг, хариуцагч дээрх шилжүүлсэн мөнгөнөөс 500 000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч, буцааж төлсөн үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулсан, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээс Хаан банкны 5077277784 тоот дансаар 2 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө буцааж төлөх үүргээс 2017 оны 10-11 сарын үед 480 000 төгрөг, 2019-06-04 өдөр 100 000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дансаар хариуцагч Б.Золзаяад 2018 оны 12 сард 20000 төгрөг зээлдүүлсэн гэснийг хариуцагч эсэргүүцэж, өөрийн харилцах дансны 2018 оны 12 дугаар сарын дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлснийг судлахад Б.Золзаяад 20000 төгрөгийг өгсөн нь нотлогдохгүй байна.

Мөн бэлэн мөнгөөр хариуцагчид 620 000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 1 920 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 65 190 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж 45 670 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Золзаяагаас 1 920 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Алтанзулд олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 580 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 65 190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 45 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.