Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00395

 

*******ын нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1905 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 2,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбяасгалан оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******тай танилцаж, найз болсон. ******* нь аавын компани ажил авах гэж байна, мөнгө зээлчих, намайг тагнаад байгаа, надад Хаан банкны данс байхгүй тул Цэндээ гэсэн данс руу мөнгөө хийчих гэж хэлсэн. Иймд тухай бүр нь түүний хүсэлтээр 2016-08-26 өдөр 500,000 төгрөг, 2016-08-29 өдөр 500,000 төгрөг, 2016-09-19 өдөр 500,000 төгрөг, 2016-09-22 өдөр 1,000,000 төгрөгийг уг дансаар түүнд шилжүүлсэн. 2017 онд 600,000 төгрөг, 2018 онд 20,000 төгрөгийг бэлнээр мөн түүнд өгсөн. 2018 оны 12 сард ээж Ц. Энхтуяагийнхаа данс руу 20,000 төгрөгийг шилжүүлсэн. *******д би нийт 3,140,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэвч ******* нь элдэв шалтаг хэлсээр мөнгийг буцааж төлөөгүй. Зээлдүүлсэн мөнгөнөөс 2017 оны 10, 11 сарын үед 480,000 төгрөгийг, сая нэхэмжлэл гаргаснаас хойш 100,000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд түүнээс дансаар шилжүүлж өгсөн 2,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний охин ******* 2016-08-26 өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлснийг би мэднэ. Үүнийг түүнд буцаагаад өгсөн. Нэхэмжлэгч нь 2016-08-29 өдөр 500,000 төгрөг, 2016-09-19 өдөр 500,000 төгрөг, 2016-09-22 өдөр 1,000,000 төгрөг, 2017 онд 600,000 төгрөг, 2018 онд 20,000 төгрөг, 2018 оны 12 сард миний данс руу 20,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй, гүжирдэж байна. *******гаас огт үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байна. *******аас зээлсэн 500,000 төгрөгийг 2016 оны 10-11 сард буцааж өгсөн. Өмнө нь ******* мөн шүүхэд 6 сая гаруй төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх хуралдаа өөрөө ирээгүй шалтгаанаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******гаас 1 920 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 580 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 65,190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 45,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1905 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ... анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ХААН банкны 5077277784 тоот иргэн Г.Цэнд-Аюушийн эзэмшлийн дансны хуулга дээр Заяад зээлэв гэх бичгийг үндэслэн хариуцагчийг мөнгө авч байсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчиж байна. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулга дээр иргэн Г.Цэнд-Аюушийн эзэмшлийн дансруу нийт 2,500,000 төгрөг шилжүүлсэн, үүнийг хариуцагч ******* авсан болох нь нотлогдож байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Хариуцагч *******гийн хувьд бусдын дансаар нэг удаа мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн, гэтэл гэрч гэх Г.Цэнд-Аюуш нь өөрийн эзэмшлийн дансыг 2016 оны 08 сараас 2017 оны 06 сар хүртэл хариуцагчаар ашиглуулж байсан, намайг байнга гуйдаг байсан мэтээр огт үндэслэлгүй тайлбар өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 05 сард тус дүүргийн шүүхэд хариуцагчаас 6 сая төгрөг нэхэмжилж байсан боловч ИХШХШ тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж байсан, гэтэл одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь багасч 2,500,000 төгрөг болсон нь нэхэмжлэгчийн бусдаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Гэрч Г.Цэнд-Аюушийн ХААН банк дахь 5077277784 дансанд нэхэмжлэгчээс нийт 2,500,000 төгрөг шилжүүлснийг зөвхөн zayad, zayad zeelev/" гэх утгатай гүйлгээний утгаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан 281.1 дэх хэсэгт нийцсэн байна гэж дүгнэсэн нь хэргийг өнгөц дүгнэжээ гэх үзэх үндэслэлтэй байна. Мөн гэрч Г.Цэнд-Аюуш нь худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж байгаа боловч нэхэмжлэгч, гэрч нарыг хоорондоо ямар харьцаатай болохыг хариуцагчийн хувьд үндэслэл бүхий баримтаар няцаах ямар
нэгэн боломж байхгүй, харин дээрх хэрэгт цугларсан баримтыг үнэлж дүгнэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 1905 тоот
магадлалыг хүчингүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
 

ХЯНАВАЛ 

******* нь *******гаас 3,140,000 төгрөг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,560,000 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...гэрээ байгуулаагүй, ...өөрийн дансаар аваагүй гэж маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч мөнгө зээлээч,...надад Хаан банкны данс байхгүй тул Цэндээ гэсэн данс руу мөнгөө хийчих гэж хэлсэн,..нийт 3,140,000 төгрөг зээлдүүлсэн, ...2017 оны 10, 11 сард 480,000 төгрөг, нэхэмжлэл гаргасны дараа 100,000 төгрөг төлсөн.. гэжээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* нь 2006 онд Г.Цэнд-Аюушийн Хаан банкны 507727784 тоот дансанд Заяад зээлэв гэсэн утгатайгаар 4 удаа нийт 2,500,000 төгрөгийг шилжүүлжээ /хэргийн 5 дугаар тал/. 

Гэрч Г.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан тайлбартаа ...******* нь 2016 онд ашиглуулах Хаан банкны данс байна уу би өөрийн нэрээр болохгүй байна гэхээр Хаан банкны картаа түүнд өгсөн, тэр картыг жил гаруй хугацаанд дангаараа ашигласан, ...дансны хуулга авах үед нилээд мөнгө орсон байсан, ...дансаа хаалгасан.. гэжээ /хэргийн 18-20 дугаар тал/. 

******* нь буцааж төлөхөөр нэхэмжлэгчээс мөнгө авсан нь тогтоогдсон байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.  

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.  

 Нэхэмжлэгч нь 2,500,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч 580,000 төгрөг буцааж  төлсөн нь тогтоогдсон тул шүүх үлдэх 1,920,000 төгрөгийн хэмжээгээр  нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцжээ.   

2. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02406 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1905 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 45,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 Б.УНДРАХ

.ЦАГААНЦООЖ