Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1886

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01621 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Д-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8 227 843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ч.Д-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б- Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 84 тоотын 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсгийг үсчин, гоо сайхны зориулалтаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг Ч.Д-тэй 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

Эхлээд түрээслэхэд цайны газрын зориулалттай байсан болохоор үсчин, гоо сайхны зориулалттай болгож засварласан. Би сар бүр түрээсийн төлбөр дээр нэмж цахилгаан, халаалт, дулаан, цэвэр, бохир усны төлбөр зэргийг бүрэн төлж ажиллаж байсан.

Тэгтэл Ч.Д- нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалмаар байна, бид өөр зориулалтаар түрээслүүлэх боллоо гэж хэлсэн. Бид энэ байранд засвар хийсэн бидний үйл ажиллагаа жигдэрсэн, одоо ашиг олох, үр шимийг хүртэх болоод байна, тэгээд ч гэрээний хугацаа дуусаагүй, цаашлаад надад урьдчилан мэдэгдэх ёстой гэхэд ойлголцохгүй байсаар байрыг чөлөөлж өгсөн.

Түрээсийн гэрээний 4.3-т түрээслүүлэгч Ч.Д- нь өөрөө ашиглалтын бүхий л зардлыг төлөх ёстой байсан байхад түрээслэгч биднээр 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 36 сарын төлбөрийг Э.Б-оор төлүүлсэн.

Дулааны буюу халаалт аваагүй саруудад дунджаар 178 185 төгрөг, дулаан авсан хүйтний саруудад дунджаар 239 642 төгрөгийг ашиглалтын зардалд нийт 8 227 843 төгрөгийг төлүүлж Э.Б-ыг хохироосон.

Э.Б- болон хамт ажиллаж байсан үсчингээс сар бүрийн халаалт, цэвэр бохир усны төлбөрийг ОСНААУГ-ын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын ахуйн үйлчилгээний Жаргалан төв дэх Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Төрийн банк дахь данс руу 2117118 дугаартай кодоор мөн цахилгааны төлбөрийг 1100595 дугаартай кодоор тус тус төлж байсан.

Иймд Ч.Д-гээс түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохиролд 8 227 843 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 596 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Д- нь өөрийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,19 дүгээр хороолол,18 дугаар байрны 84 тоот 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсгийг О.Оюундарь гэгчтэй анх 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цайны газрын зориулалтаар түрээсэлсэн.

Энэхүү гэрээ 5 жилийн хугацаатай байсан. Түрээслэгч нар цайны газрын зориулалттай байрны зориулалтыг өөрчилж, үсчин, гоо сайхны зориулалттай болгосон. Түрээслэгчийн зүгээс сүүлийн үед түрээсээ цаг тухайд нь өгөхгүй байдал удаа дараа гаргаж байсан тул түрээсийн гэрээг цуцалсан.

Иймээс гэрээ цуцалснаас учирсан хохиролд 8 227 843 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй. Түрээслэгч нар түрээсийн гэрээг анх байгуулахдаа байрны ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг бусад зардлыг хариуцахаар тохиролцсон ба өнөөдрийг хүртэл энэ тал дээр маргаан гарч байгаагүй.

Сүүлд 2015 онд 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үргэлжлүүлэн хийхдээ нотариатаар орж байна хэмээн ойлгож байсан болохоос би ашиглалтын зардлаа хариуцах талаар нэмэлтээр тусгасан байдлыг Э.Б- ч хэлж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Д-гээс 61 457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 166 386 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 146 596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний шаардлагыг хангаагүй байна гэж үзэн эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн талуудын байгуулсан түрээсийн гэрээний дагуу сар бүр түрээсийн төлбөр дээр нэмж цахилгаан, халаалт дулаан, цэвэр, бохир усны төлбөр зэргийг бүрэн төлж ажиллаж байсан. Түүнчлэн түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт түрээслүүлэгч Ч.Д- нь өөрөө ашиглалтын бүхий л зардлыг төлөх ёстой байхад түрээслэгч нараас 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 36 сар төлүүлсэн.

Түрээслүүлэг төлөөгүй түрээслэгч тал төлж байсан дээр маргадаггүй зөвшөөрдөг. Харин урсгал зардал төлсөн тухай буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцдог. Үүнийг анхан шатны шүүх ямар нэг байдлаар дүгнээгүй орхигдуулсан.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Э.Б- хариуцагч Ч.Д-д холбогдуулан хохиролд 8 227 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Э.Б-, Ч.Д- нар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Ч.Д- нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 84 тоот 3 өрөө орон сууцны үйлчилгээний зориулалттай өргөтгөлийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч Э.Б- нь нэг сарын түрээсийн төлбөрт 600 000 төгрөг төлөх, түрээслүүлэгч нь ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг бусад зардлыг төлөх ба төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг бүрэн хүлээхээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч “түрээслүүлэгч нь гэрээний 4.3-т заасан ашиглалтын зардал, СӨХ зэрэг бусад зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй, түрээслэгч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 36 сарын цахилгаан, цэвэр, бохир ус, мөн дулааны ашиглалтын зардалд 8 227 843 төгрөг төлсөн” гэж, хариуцагч “түрээслэгч ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй, түрээслэгчид ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Б- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 84 тоот орон сууцны өргөтгөлийн урсгал зардал болох тог, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг төлсөн баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/07011 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь шүүгчийн дээрх захирамжийн дагуу “Төрийн банк” ХХК, “Голомт банк” ХХК, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. “Төрийн банк” ХХК-аас УБЦТС-ХҮТ-д Ч.Д- /Намуун цайны газар/ гэсэн 2015 оны 04 дүгээр сарын 30-2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хамарсан цахилгааны төлбөр төлсөн гүйлгээний баримтууд ирсэн. “Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 гэсэн санхүүнийн тамгатай төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтад хаалганы дугаарыг 84 гэж тодорхойлсноос үзэхэд уг баримт 84 тоот орон сууцны өргөтгөлийн хэсэг хамаарах эсэхийг шүүх тодруулаагүй байна.

 

Мөн “Голомт банк” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14/ХХ/03-494 тоот албан бичгээр шүүгчийн захирамжид дурдсан нэрээр холбогдох баримтыг шүүж гаргах боломжгүй байгаа тул хүсэлтийг дэлгэрүүлж, ямар данс, аль салбар, он, сар, өдөр зэргийг тодруулна уу гэсэн хариу ирүүлжээ. Анхан шатны шүүх “Голомт банк” ХХК-аас ирүүлсэн дээрх албан тоотын дагуу талуудаас хүсэлтийг тодруулах ажиллагааг хийгээгүй, захирамжийн дагуу нотлох баримт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүх Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 84 тоот 3 өрөө орон сууцны ашиглалтын зардлыг, мөн орон сууцны өргөтгөлийн ашиглалтын зардлыг ялган зааглах, нэг бүрчлэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулах замаар алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 692 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА