Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Д-д холбогдох,

 

8.227.843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .................. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Д-гийн .................. тоотын 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсгийг үсчин, гоо сайхны зориулалтаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, нотариатаар батлуулсан. Эхлээд түрээслэхэд гуанзны зориулалттай байсан болохоор үсчин, гоо сайханы зориулалттай болгож засварласан. Би сар бүр түрээсийн төлбөр дээр нэмж цахилгаан, халаалт, дулаан, цэвэр, бохир усны төлбөр зэргийг саадгүйгээр бүрэн төлж ажиллаж байсан. Тэгтэл Ч.Д. нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ цуцалмаар байна, бид өөр зориулалтаар түрээслүүлэх боллоо гэж хэлсэн. Бид энэ байранд засвар хийсэн бидний үйл ажиллагаа жигдэрсэн одоо л нэг ашиг олох, үр шимийг хүртэх болоод байна, тэгээд ч гэрээний хугацаа дуусаагүй байна, цаашлаад надад урьдчилан мэдэгдэх ёстой гэхэд ойлголцохгүй байсаар арга буюу байрыг чөлөөлж өгсөн. Тэгсэн атлаа өнөөдрийн байдлаар өөр иргэнд үсчин, гоо сайхны зориулалтаар түрээслүүлэн ажиллуулж байна. Бидний байгуулсан түрээсийн гэрээний 4.3-т түрээслүүлэгч Ч.Д нь өөрөө ашиглалтын бүхий л зардлыг төлөх ёстой байсан байхад түрээслэгч биднээр 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 36 сар төлүүлсэн байна. Дулааны буюу халаалт аваагүй саруудад дундажаар 178.185 төгрөг, дулаан авсан хүйтний саруудад дунджаар 239.642 төгрөгийг ашиглалтын зардалд нийт 8.227.843 төгрөгийг надаар төлүүлж хохироосон байна. Миний зүгээс өөрөө болон хамт ажиллаж байсан үсчингээс сар бүрийн халаалт, цэвэр бохир усны төлбөрийг ОСНААУГ-ын .................. дүгээр хорооллын ахуйн үйлчилгээний Жаргалан төв дэх Х дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Төрийн банк дахь данс руу .................. дугаартай кодоор төлж байсан. Мөн цахилгааны төлбөрийг .................. дугаартай кодоор тус тус төлж байсан. Иймд Ч.Д-гээс түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохиролд 8.227.843 төгрөгийг гаргуулж, иргэн Э.Б надад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.596 төгрөгийн хамтаар гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Д миний бие нь өөрийн .................. тоот 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсгийг О.О гэгчтэй анх 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цайны газрын зориулалтаар түрээслэсэн. Энэхүү гэрээний хугацаа нь 5 жилийн хугацаатай байсан. Түрээслэгч нар цайны газрын зориулалттай байрны зориулалтыг өөрчилж, үсчин, гоо сайхны зориулалтаар өөрчилсөн. Түрээслэгчийн зүгээс сүүлийн үед түрээсээ цаг тухайд нь өгөхгүй байдал удаа дараа гаргаж байсан тул түрээсийн гэрээг цуцалсан. Иймээс гэрээ цуцалснаас учирсан хохиролд 8.227.843 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй юм. Түрээслэгч нар надтай 2013 оноос хойш түрээсийн гэрээ хийхдээ анхнаасаа тухайн байрныхаа ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг бусад зардлыг түрээслэгч нар хариуцахаар тохиролцсон ба өнөөдрийг хүртэл энэ тал дээр маргаан гарч байгаагүй болно. Учир нь ашиглалтын зардлыг хэн нь хариуцахаа тохирчихсон байсан болно. Сүүлд 2015 онд 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үргэлжлүүлэн хийхдээ нотиариатаар орж байна хэмээн ойлгож байсан болохоос би ашиглалтын зардлаа хариуцах талаар нэмэлт тусгасан байгааг Э.Б ч хэлж байгаагүй. Миний хувьд түрээслэгч нар цаг тухайд нь түрээсээ өгөхгүй байхаар нь түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй боллоо хэмээн байраа чөлөөлж авсан болно. 2013 оноос 2018 он хүртэл бүтэн 5 жил миний байрыг түрээсэлж боломжоороо ашиг олчихоод одоо болохоор гэрээнээс болж хохирсон мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Э.Б-ын нэхэмжлэлтэй, Ч.Д-д холбогдох, 8.227.843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Ч.Д, Э.Б нар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Ч.Д нь Г.О-ийн өмчлөлийн Х дүүрэг, .................. тоот орон сууцны үйлчилгээний зориулалттай өргөтгөлийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч Э.Б нь нэг сарын түрээсийн төлбөрт 600.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг талууд байгуулсан байна гэж дүгнэв.

           

Уг гэрээний 4.3-т “түрээслүүлэгч нь ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг бусад зардлыг төлөх ба төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч талаас “...түрээслүүлэгч нь гэрээний 4.3-т заасныг биелүүлээгүй, түрээслэгч Э.Б би 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 36 сарын цахилгаан, цэвэр, бохир усны, мөн дулааны ашиглалтын зардалд 8.227.843 төгрөг төлсөн тул гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дүгнэхэд тайлбарт дурдсанаар “...гэрээнээс учирсан хохирол” гэж үзэх боломжгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Төрийн банкны 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .................. дугаар баримтаар “Д Н цайны газрын цахилгааны төлбөрт 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 61.457 төгрөгийг н.Б төлсөн” гэсэн баримтыг үндэслэн хариуцагч Ч.Д.гээс 61.457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэргийн /6-7 дугаар талд авагдсан/ ОСНААУГ-ын Тооцооны нэхэмжлэх, шүүхийн журмаар гаргуулсан Төрийн банкны 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .......... дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, төлбөр төлсөн жагсаалт, Төрийн банкны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .......... дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-аас ирүүлсэн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтаар нэхэмжлэгч Э.Б нь Х дүүрэг, ..................тоот орон сууцны үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн болохыг нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.166.386 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Д.гээс 61.457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.166.386 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Д-гээс 61.457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.166.386 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 146.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.СЭМЖИД