Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00381

 

Э.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01621 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1886 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Д холбогдох

8,227,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагч Ч.Даваахүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би ХУД-н 19-р хороолол, 18-р байрны 84 тоотын 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсгийг үсчин, гоо сайхны зориулалтаар 2014.10.13-с эхлэн 2019.12.31-г хүртэл 5 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг Ч.Даваахүүтэй 2015.06.25-ны өдөр байгуулсан. Түрээслэхэд гуанзны зориулалттай байсан болохоор үсчин, гоо сайхны зориулалттай болгож засварласан. Би сар бүр түрээсийн төлбөр дээр нэмж цахилгаан, халаалт, дулаан, цэвэр, бохир усны төлбөр зэргийг бүрэн төлж ажиллаж байсан. Тэгтэл Ч.Даваахүү нь 2018.06.01-ний өдөр гэрээг цуцалмаар байна, бид өөр зориулалтаар түрээслүүлэх боллоо гэж хэлсэн. Бид энэ байранд засвар хийсэн бидний үйл ажиллагаа жигдэрсэн, одоо ашиг олох, үр шимийг хүртэх болоод байна, тэгээд ч гэрээний хугацаа дуусаагүй, цаашлаад надад урьдчилан мэдэгдэх ёстой гэхэд ойлголцохгүй байсаар байрыг чөлөөлсөн. Түрээсийн гэрээний 4.3-т түрээслүүлэгч нь өөрөө ашиглалтын бүхий л зардлыг төлөх ёстой байсан байхад түрээслэгч биднээр 2015.06.25-с 2018.06.01-г хүртэл 36 сарын төлбөрийг биднээр төлүүлсэн. Дулааны буюу халаалт аваагүй саруудад дунджаар 178,185 төгрөг, дулаан авсан хүйтний саруудад дунджаар 239,642 төгрөгийг ашиглалтын зардалд нийт 8,227,843 төгрөгийг төлүүлж намайг хохироосон. Миний зүгээс болон хамт ажиллаж байсан үсчингээс сар бүрийн халаалт, цэвэр бохир усны төлбөрийг ОСНААУГ-ын ХУД-н 2-р хороо, 19-р хорооллын ахуйн үйлчилгээний Жаргалан төв дэх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Төрийн банк дахь данс руу 2117118 дугаартай кодоор мөн цахилгааны төлбөрийг 1100595 дугаартай кодоор тус тус төлж байсан. Иймд Ч.Даваахүүгээс түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохиролд 8,227,843 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,596 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Даваахүү шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн 84 тоот 3 өрөө орон сууцны өргөтгөлийн хэсгийг О.Оюундарь гэгчтэй анх 2013.10.06-ны өдөр цайны газрын зориулалтаар түрээсэлсэн. Энэхүү гэрээ 5 жилийн хугацаатай байсан. Түрээслэгч нар цайны газрын зориулалттай байрны зориулалтыг өөрчилж, үсчин, гоо сайхны зориулалттай болгосон. Түрээслэгчийн зүгээс сүүлийн үед түрээсээ цаг тухайд нь өгөхгүй байдал удаа дараа гаргаж байсан тул түрээсийн гэрээг цуцалсан. Иймээс гэрээ цуцалснаас учирсан хохиролд 8,227,843 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй. Түрээслэгч нар түрээсийн гэрээг анх байгуулахдаа байрны ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг бусад зардлыг хариуцахаар тохиролцсон ба өнөөдрийг хүртэл энэ тал дээр маргаан гарч байгаагүй. Сүүлд 2015.06.25-ны өдрийн гэрээг үргэлжлүүлэн хийхдээ нотариатаар орж байна хэмээн ойлгож байсан болохоос би ашиглалтын зардлаа хариуцах талаар нэмэлтээр тусгасан байдлыг Э.Болор ч хэлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 183/ШШ2019/01621 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Даваахүүгээс 61,457 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Болорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,166,386 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Болороос улсын тэмдэгтийн хураамжид 2019.01.29-ний өдөр төлсөн 146,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Даваахүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1886 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,692 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалд зааснаар Э.Болор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 84 тоот орон сууцны өргөтгөлийн урсгал зардал болох тог, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг төлсөн баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019.06.07-ны өдрийн 183/ШЗ2019/07011 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, ИХШХШТХ-н 38.6-д заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх дээрх захирамжинд заасан байгууллагууд болох Төрийн банк, Голомт банк, ОСНААУГ-н хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж энэ дагуу дээрх байгууллагуудаас нотлох баримт ирсэн болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдийг бүгдийг хангаж шийдвэрлэж байсан ба дээрх эрх бүхий байгууллагуудаас ирсэн, хариу албан тоотуудыг хурал болгон дээр тайлбарлаж нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлтүүдийг тодруулах ажиллагааг хийж байсан болно. Мөн Голомт банкнаас ирсэн хариуг анхан шатны шүүх зохигчдод тайлбарлаж нэхэмжлэгч талаас асууж тодруулсны дараа шүүх хурлыг хийсэн болно. Нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлтээ тайлбарлахдаа уг байрны урсгал зардлын төлбөрийг яаж авах талаар тодорхой тайлбарлаж чадаагүйгээс болж удаа дараа хурал хойшилж байсан. Тэгээд ч хариуцагч талаас уг байрны түрээсийн мөнгийг хэн төлсөн эсэх тал дээр маргадаггүй ба анхан шатны шүүх хурлын үед маргахгүй гэсний улмаас шүүх хурал хийгдсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХ-н 38.6-г зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа тул хариуцагч талаас гомдол гаргаж байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Болор, Ч.Даваахүүд холбогдуулан 8,227,843 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, түрээсийн гэрээний 4.3-т түрээслүүлэгч нь ашиглалтын бүхий л зардлаа төлөхөөр байхад дулаан, халаалт аваагүй саруудад дунджаар 178,185 төгрөг, хүйтний улиралд дунджаар 239,642 төгрөг нийт 36 сарын ашиглалтын зардалд нийт 8,227,843 төгрөг төлүүлж намайг хохироосон тул гаргуулна уу гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч анхнаасаа ашиглалтын зардлыг түрээслэгч төлөхөөр тохирсон, сүүлд 2015.06.25-ны өдөр гэрээг үргэлжлүүлэн байгуулж, нотариатаар баталгаажуулсан гэж ойлгосноос бус ашиглалтын зардлыг хариуцахаар нэмэлт заалт орсныг мэдээгүй, нэхэмжлэгч ямар нэгэн маргаангүйгээр төлдөг байсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, хариуцагчаас 61,457 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу хийсэн гэсэн үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, Хан-Уул дүүргийн, 2 дугаар хороо, 19 хороолол, 18 дугаар байрны 84 тоот орон сууцны өргөтгөл буюу Даваахүү-Намуун цайны газар нэрээр урсгал зардал болох цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр төлсөн баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2019.06.07-ны өдөр 183/ШЗ2019/07011 дүгээр захирамж гаргасан, уг захирамжийн дагуу ажиллагаа хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 Тухайлбал, Төрийн банк ХХК болон Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс нэхэмжлэгчийн хүсэлтэд заасны дагуу ...84 тоотын 2015.04.30-наас 2019.05.10-ны өдөр хүртэлхи цахилгааны төлбөр төлсөн баримт болон тухайн байрны тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтуудыг ирүүлжээ.

Харин Голомт банк ХХК-аас 2019.07.03-ны өдрийн 14/ХХ03-494 тоот албан бичгээр захирамжид дурдсан нэрээр холбогдох баримтыг шүүж гаргах боломжгүй тул ямар данс, аль салбар, он, сар, өдрийг тодруулах шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн ба нэхэмжлэгч талаас дээрхи шаардлагын дагуу нэмэлт мэдээлэл гаргаж, хүсэлтийн үндэслэлээ тодорхой болгоогүй тул захирамжийн дагуу нотлох баримт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгоно.

 2. а/ Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдсон гэж дүгнэв.

 Хэргийн баримтаас үзвэл, Ч.Даваахүү, Э.Болор нарын хооронд 2014 оны 6 сард түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Э.Болор нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байрны 84 тоот орон сууцны үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн хэсгийг үсчины газар ажиллуулах зорилгоор 2019.12.31-ний өдөр хүртэл түрээсэлж, түрээсийн төлбөрт сард 600,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Э.Болор нь гэрээнд заасан хугацааны туршид хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах буюу үсчины газар ажиллуулж ашиг олох зорилготой гэрээ байгуулсан тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцнэ.

 Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх бол гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 Зохигч гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан, харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Ч.Даваахүүгийн охин Г.Оюун-Эрдэнийн өмчлөлийн орон сууцны өргөтгөл хэсэг, уг өргөтгөл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй болохыг зохигч маргаагүй, улсын бүртгэлийг шаардах боломжгүй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээрх байдлыг анхан шатны шүүх харгалзаагүй гэрээг хүчин төгөлдөр бус, улмаар эд хөлслөх гэрээ гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

2018 оны 06 дугаар сард гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

б/ Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл буюу түрээсийн гэрээний хугацаанд ашиглалтын төлбөрийг түрээслэгч эсхүл түрээслэгчийн хэн нь төлөх, нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх талаархи анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцээгүй боловч шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч анх түрээсийн гэрээг 2014 онд бичгээр байгуулж, хожим нь 2015.06.25-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулж, улмаар нотариатаар гэрчлүүлжээ.

2014 оны гэрээнд түрээсийн байрны ашиглалтын зардлыг түрээслэгч буюу нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсоноос хойш тэрээр гэрээг цуцалсан 2018 оны 06 дугаар сар хүртэл 3 гаруй жилийн туршид төлсөн нь тогтоогджээ.

Шинэчлэн байгуулсан 2015.06.25-ны өдрийн гэрээний 4.3-т түрээслүүлэгч нь ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг бусад зардлыг төлөх ба төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан хэдий ч ашиглалтын зардлыг түрээслүүлэгч төлөхөөр гэрээний нөхцлийг өөрчилж тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, бодит байдалд түрээслэгч өмнөх гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу ашиглалтын зардлыг төлснөөс үзэхэд үүргээ үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл нотлогдсон байна.

Иймээс нэхэмжлэгч нь төлсөн ашиглалтын зардлыг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч 2018.05.25-ны өдөр цахилгааны төлбөрт 61,457 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар нотлогдсон гэж үзэн, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, хариуцагч уг шийдлийг зөвшөөрсөн тул диспозитив зарчмын дагуу шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчихгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1886 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Даваахүүгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 146,595 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                                      Х.СОНИНБАЯР

                               Б.УНДРАХ

                                Х.ЭРДЭНЭСУВД