Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1884

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02347 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Т-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х С ББСБ” ХХК-д улсын холбогдох,

 

Автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг буцаан шилжүүлэхийг даалгуулах, зээлийн барьцааны гэрээнээс газар эзэмших эрх барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Чинбат,

хариуцагчийн өмгөөлөгч: Г.Өлзий-Орших,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т-ы нөхөр Д.Бадрал нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Х С ББСБ” ХХК-тай ЗГ17/28 тоот зээлийн гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдрөө БГ17/28 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Үүр зуслангийн 253 м.кв талбай бүхий газар, Тоёото приус маркийн 200 УНД улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд 17/28.01 тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан.

“Х С ББСБ” ХХК-ийн зүгээс миний өмчлөлийн Тоёото приус маркийн 200 УНД улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд барьцаалахыг шаардаж, Автотээврийн үндэсний төвд хандаж, барьцааг бүртгүүлсэн.

Иймд Тоёото приус маркийн 200 УНД улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Д.Т-ыг тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг түүнд буцаан шилжүүлэхийг “Х С ББСБ” ХХК-д даалгах, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БГ-17/28 тоот зээлийн барьцааны гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Үүр зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай, 253 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ17/28 тоот зээлийн гэрээ, БГ17/28 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Үүр зуслан, 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Тоёото приус маркийн 200 УНД улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалж, 25 000 000 төгрөгийг, сард 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба дараа нь нэмж зээлсээр 30 000 000 төгрөг болсон.

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг төлснөөс 10 000 000 төгрөгийг зээлд, 10 000 000 төгрөгийг хүүд төлсөн. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй байсаар 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай байгууллагаас зээлийн барьцаанд барьцаалагдсан тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд албан бичгээр гаргасан.

Мөн зуслангийн газрыг барьцаалсан гэрээг нотариатаар баталгаажуулсан. Зээл болон барьцааны гэрээнд зээлдэгч Д.Бадрал, хамтран зээлдэгч Д.Т- нар гарын үсэг зурсан. Иймд Д.Т-ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсгийг баримтлан 200 УНД улсын дугаартай, Тоёото приус автомашиныг өмчлөх нэхэмжлэгч Д.Т-гийн эрхийг сэргээж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан 200 УНД улсын дугаартай, Тоёото приус автомашиныг хариуцагч “ХС” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний Д.Бадрал газар эзэмших эрхээ барьцаалуулсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлдэгч Д.Бадрал, хамтран зээлдэгч Д.Т- нар 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Х С” ББСБ ХХК-тай Зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөг зээлж авсан юм. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж авто зогсоол, зуслангийн газар, 200 УНД улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавьсан.

Зээлдэгч Д.Бадрал хамтран зээлдэгч Д.Т- нар манай байгууллагаас үндсэн зээл 28 651 000 төгрөг зээлж авчихаад өнөөдрийг болтол буцаан төлөлт хийхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх 200 УНД улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг хариуцагч "Х С" ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т- хариуцагч “Х С” ББСБ ХХК-д холбогдуулан Тоёото приус маркийн 200 УНД улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг буцаан шилжүүлэхийг даалгуулах, барьцааны гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Үүр зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Бадрал, Д.Т- нар “Х С ББСБ” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн, мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн ХД-Г94 дүгээр байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Үүр зусланд орших нэгж талбарын дугаар 18640325997845253 бүхий 253 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, гэрээнүүдийг бичгээр байгуулжээ.

 

Д.Бадрал “Х С ББСБ” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн хэмжээг 2 500 000 төгрөгөөр ихэсгэж, нийт 27 500 000 төгрөгийг зээлэх, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон, энэ  талаар талууд маргаагүй байна.

 

Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Тоёото приус маркийн 200 УНД улсын дугаартай автомашин 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Д.Т-гийн нэр дээр, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Х С ББСБ” ХХК-ийн нэр дээр  бүртгэлтэй байгаа нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг талууд бичгээр байгуулах учиртай. Дээрхи автомашиныг барьцаалсан талаар талууд бичгээр гэрээ байгуулаагүй байна. Уг автомашиныг барьцаалсан барьцааны гэрээг амаар байгуулсан, барьцаалуулагч хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөнөөр гэрээ байгуулагдсан  гэх хариуцагч байгууллагын тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар талууд гэрээг бичгээр байгуулаагүй нөхцөлд автомашиныг барьцаалсан гэх хэлцэл хүчин төгөлдөр бус юм.

 

Хэлцэл хуульд зааснаар хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэж автомашины эзэмшлийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлснээр автомашиныг өмчлөх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл автомашины бүртгэлийг өөрчлөх нь нэхэмжлэлийн шаардлага болох бөгөөд уг шаардлагын үндэслэл нь эрхийн зөрчлийг сэргээхтэй холбоотой байхад анхан шатны шүүх анхаараагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжтой.

 

Харин Д.Т-, Д.Бадрал болон “Х С ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан авто зогсоол болон газар эзэмших эрхийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Үүр зуслангийн 253 м.кв талбай бүхий газрыг Д.Бадрал гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг бөгөөд Д.Т- уг газрыг эзэмших эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймд энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Д.Т-ы холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөх боломжтой.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 хэсэгт “хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болохгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан байх ба Д.Т- нь Д.Бадралын эзэмшлийн барьцааны зүйлтэй холбоотой шаардлага гаргах сонирхогч этгээд болох нь тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Тоёото приус маркийн 200 УНД усын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Д.Т-ы нэр дээр буцаан шилжүүлэхийг “Х С ББСБ” ХХК-д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 2 гэж дугаарлан “61 дүгээр зүйлийн 61.1 дах хэсгийг баримтлан” гэснийг “57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

       ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА