Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00404

 

 *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02347 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1884 дүгээр магадлалтай, 

*******ы нэхэмжлэлтэй,

******* ББСБ ХХК-д холбогдох

Автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг буцаан шилжүүлэхийг даалгуулах, зээлийн барьцааны гэрээнээс газар эзэмших эрх барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч *******ы нөхөр Д.Бадрал нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* ББСБ ХХК-тай ЗГ17/28 тоот зээлийн гэрээг байгуулж, 25,000,000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдрөө БГ17/28 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий газар, Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Мөн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд 17/28.01 тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 2,500,000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан. ******* ББСБ ХХК-ийн зүгээс миний өмчлөлийн Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд барьцаалахыг шаардаж, Автотээврийн үндэсний төвд хандаж, барьцааг бүртгүүлсэн. Иймд Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай автомашины өмчлөгчөөр *******ыг тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг түүнд буцаан шилжүүлэхийг ******* ББСБ ХХК-д даалгах, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БГ-17/28 тоот зээлийн барьцааны гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай, 253 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ17/28 тоот зээлийн гэрээ, БГ17/28 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслан, 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалж, 25,000,000 төгрөгийг, сард 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба дараа нь нэмж зээлсээр 30,000,000 төгрөг болсон. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг төлснөөс 10,000,000 төгрөгийг зээлд, 10,000,000 төгрөгийг хүүд төлсөн. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй байсаар 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай байгууллагаас зээлийн барьцаанд барьцаалагдсан тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд албан бичгээр гаргасан. Мөн зуслангийн газрыг барьцаалсан гэрээг нотариатаар баталгаажуулсан. Зээл болон барьцааны гэрээнд зээлдэгч Д.Бадрал, хамтран зээлдэгч ******* нар гарын үсэг зурсан. Иймд *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02347 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсгийг баримтлан улсын 28-53 УНД дугаартай, Тоёото приус автомашиныг өмчлөх нэхэмжлэгч *******гийн эрхийг сэргээж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан 28-53 УНД дугаартай, Тоёото приус автомашиныг хариуцагч Хатан суудал ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2017.05.05 өдөр байгуулсан барьцааны гэрээний Д.Бадрал газар эзэмших эрхээ барьцаалуулсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1884 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг *******ы нэр дээр буцаан шилжүүлэхийг ******* ББСБ ХХК-д даалгасугай. гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан гэснийг 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1884 магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч *******, түүний нөхөр Д.Бадрал нар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг зээлж авсан. Нэхэмжлэгч *******, түүний нөхөр Д.Бадрал, хариуцагч ******* ББСБ ХХК-ийн захирал Ш.Цэнгэл нар өмнө банканд хамт ажиллаж байсан бие биенээ таньдаг хүмүүс юм. ******* зээл авахдаа өөрийн эзэмшлийн Тоёота приус машиныг зээлийн барьцаанд тавьж ******* ББСБ ХХК-ийн нэр дээр түр шилжүүлж бүртгүүлэх, гэхдээ машинаа өөрөө унаж эзэмшиж байхаар Ш.Цэнгэлтэй амаар тохирсон. ******* ******* ББСБ ХХК-аас албан тоот авч Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт Тоёота приус машинаа ******* ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичгийг өөрийн биеэр аваачиж мэдүүлэг бичиж өгсөн тул учир холбогдлыг тухайн үед сайн мэдэж байсан билээ. ******* Тоёота приус машинаа өнөөдрийг хүртэл өөрөө унаж эзэмшиж байна. Гэтэл *******, Д.Бадрал нар 28,000,000 төгрөгийн үндсэн зээлээ төлөөгүй байхад анхан шатны шүүх Тоёота приус машиныг хариуцагч ******* ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ББСБ ХХК-д холбогдуулан Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг буцаан шилжүүлэхийг даалгуулах, барьцааны гэрээнээс Чингэлтэй дүүрэг, XIX хороо, Жигжид зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулах тухай шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ы 28-53 УНД улсын дугаартай, Тоёото приус автомашиныг өмчлөх эрхийг сэргээж, уг автомашиныг хариуцагч Хатан суудал ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст даалгаж, харин 2017.05.05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний Д.Бадралын газар эзэмших эрхээ барьцаалуулсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэрт давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.

*******, Д.Бадрал нарын ******* ББСБ ХХК-тай 2017.05.05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн II хороо, Үйлдвэрийн ХД-Г94 дүгээр байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн XIX хороо Жигжид зусланд орших нэгж талбарын дугаар 18640325997845253 бүхий 253 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасан хэлбэрээр хийжээ.

Түүнчлэн Д.Бадрал нь ******* ББСБ ХХК-тай 2017.06.02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, 2017.05.05-ны өдрийн зээлийн хэмжээг 2,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 27,500,000 төгрөгийг зээлэх, хугацааг 2017.11.09-ний өдөр байхаар тохиролцсон байх бөгөөд талууд энэ тухайд маргаагүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэх Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай автомашин 2016.06.19-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч *******гийн нэр дээр, харин 2017.05.11-ний өдөр ******* ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна.

Хариуцагчийн ... автомашиныг барьцаалсан гэрээг амаар байгуулсан, барьцаалуулагч хэлцлийг хожим хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан гэсэн тайлбар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй Тоёото приус маркийн 28-53 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нэхэмжлэгч *******ы нэр дээр буцаан шилжүүлэхийг ******* ББСБ ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйл, мөн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэжээ.

*******, Д.Бадрал болон ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан авто зогсоол болон газар эзэмших эрхийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий газрыг Д.Бадрал гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг бөгөөд ******* уг газрыг эзэмших эрхтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ыг Д.Бадралын эзэмшлийн барьцааны зүйлтэй холбоотой шаардлага гаргах сонирхогч этгээд болох нь тогтоогдохгүй тухай дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн ...шүүх Тоёота приус машиныг хариуцагч ******* ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1884 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ\

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН