Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/02347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 30-р байрны 47 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧК86081566, Боржигонмандал овогт Дашданзангийн Тайваны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, К-106 байрны нэгдүгээр давхарт байрлах, РД-2790424, Хатан суудал инвест ББСБ ХХК-д холбогдох,

улсын 28-53 дугаартай, тоёото приус маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баимтыг буцаан шилжүүлэхийг даалгах, зээлийн барьцааны 2017-05-05 өдрийн БГ-17/28 тоот гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай 253 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, хариуцагч Хатан суудал инвест ХХК-ийн захирал Ш.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан улсын 28-53 дугаартай, тоёото приус маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг буцаан шилжүүлэхийг даалгах, зээлийн барьцааны 2017-05-05 өдрийн БГ-17/28 тоот гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай, 253 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Тайваны нөхөр Д.Бадрал нь 2017-05-05 өдөр Хатан суудал инвест ББСБ ХХК-тай зээлийн ЗГ17/28 тоот гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдрөө барьцааны БГ17/28 тоот гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий газар, улсын 28-53 УНД дугаартай тоёото приус автомашин зэргийг барьцаалсан.

Мөн 2017-06-02 өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 17/28.01 тоот гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2017-11-09 өдрийг хүртэл сунгасан.

Хатан суудал инвест ББСБ ХХК-ийн зүгээс миний өмчлөлийн улсын 28-53 дугаартай тоёото приус маркийн автомашиныг зээлийн барьцаанд барьцаалахыг шаардаж, Автотээврийн үндэсний төвд хандаж, барьцааг бүртгүүлэх ажиллагаа хийгдсэн.

Автомашины өмчлөгчийн нэрийг өөрчлүүлэхэд Хатан суудал инвест ББСБ ХХК нь Д.Тайвантай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, албан бичгээр барьцааны хөрөнгийг бүртгүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Хатан суудал инвест ББСБ ХХК нь Д.Тайваны өмчлөлийн автомашиныг авах ажиллагааг хийж байна.

Иймд улсын 28-53 дугаартай тоёото приус маркийн автомашины өмчлөгчөөр Д.Тайваныг тогтоолгох, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг түүнд буцаан шилжүүлэхийг Хатан суудал инвест ББСБ ХХК-д даалгах, 2017-05-05 өдрийн зээлийн барьцааны БГ-17/28 тоот гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах, нэгж талбарын 18640325997845 дугаартай, 253 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү? гэв.

Хариуцагч Хатан суудал инвест ББСБ ХХК тайлбартаа: Д.Тайван нь надтай Капитрон банкинд хамт ажиллаж байсан бөгөөд намайг эгч, эгч гээд салдаггүй байсан. Тэгээд нөхөр Д.Бадралын хамт Д.Тайван нь манай байгууллагад зээл авах хүсэлтээ гаргаж, анх барьцаа болгохоор санал болгосон хөрөнгийг нь хангалтгүй гэж хэлэхэд та их муу санаатай юмаа гэж байсан. Тэр нь нада ашиглалтад ороогүй байр санад болгосон бөгөөд тэр нь одоо л ашиглалтад орж, гэрчилгээ нь гарч байгаа. Гэхдээ барьцааг баталгаажуулаагүй. Бадралын гараар бичиж өгсөн зүйлийг өөрийг нь байлцуулж баталгаажуулдаг юм билээ. 2017-05-05 өдөр зээлийн ЗГ19/28 гэрээ, барьцааны БГ17/28 гэрээнүүдийг байгуулж, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоол, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслан, 253 м.кв талбай бүхий газар, улсын 28-53 УНД дугаартай тоёото приус автомашин зэргийг барьцаалж, эхлээд 25 000 000 төгрөгийг, сард 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Дараа нь нэмж зээлсээр 30 000 000 төгрөг болсон. 2018-02-21 өдөр 20 000 000 төгрөг төлсөн. Үүний 10 000 000 төгрөгийг зээлд, 10 000 000 төгрөгийг хүүд төлсөн.  Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй байсаар 2 жил гаруй хугацаа өнгөрч байна.

Манай байгууллагаас зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд албан бичгээр гаргасан. Хүсэлтийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигч Д.Тайван өөрийн биеэр тус газарт очиж, анкетийг нь өөрөө бөглөж, тээврийн хэрэгслээ шилжүүлсэн. Манайх энэ үйл ажиллагаанд оролцоогүй.

Мөн зуслангийн газрыг зээлийн барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулсан. Д.Тайван ажил ихтэй байна гэхээр нь зуслангийн газрыг газрын албанд бүртгүүлээгүй.

Зээл болон барьцааны гэрээнд зээлдэгч Д.Бадрал, хамтран зээлдэгч нь Д.Тайван нар гарын үсгээ зурсан. Би зээлдэгч Д.Бадрал, Д.Тайван нарт итгэж өнөөдрийг хүрсэн.Иймд Д.Тайваны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, зээлийн барьцааны гэрээ, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримтууд, зээлийн тооцоолол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас Д.Бадралын хамт хамтран зээл авсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа боловч зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нар зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хариуцагч нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, зээлийн гэрээний үүргийн тооцоолол, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зээлдэгч нар хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөл дэх улсын 28-53 УНД дугаартай, Тоёото приус автомашин, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг, хамтран зээлдэгч Д.Бадрал нь Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрхээ тус тус барьцаалуулахаар зээлдүүлэгчтэй тохирч, нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн ХД-Г94-р байрны зоорийн давхрын 4 тоотод байрлах, 14,4 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг, Д.Бадрал нь Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрхээ тус тус барьцаалуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу 2017-05-05 өдөр бичгээр хариуцагчтай байгуулсан байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахаар хариуцагчтай амаар тохирсон улсын 28-53 УНД дугаартай, Тоёото приус автомашинаа Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр очиж, хариуцагчийн өмчлөлд автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн үйл баримт бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Өмчлөх эрхийн бүртгэл хариуцагчид шилжсэн боловч улсын 28-53 УНД дугаартай, Тоёото приус автомашиныг нэхэмжлэгч эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч дээрх автомашиныг зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахаар тохирсны дагуу барьцааны үүргээ бүртгүүлж байгаа гэж нэхэмжлэгч ойлгосон, харин автомашины өмчлөх эрхээ хариуцагчид шилжүүлж байна гэдгийг ойлгоогүйгээр бүртгэлийг хийлгэсэн болохоо тайлбарлаж, автомашиныг өмчлөх өөрийн эрхээ тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар автомашиныг зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах, барьцаалахаар амаар тохирсон байх бөгөөд уг тохиролцооны дагуу хариуцагч нь барьцааны хөрөнгө бүртгүүлэх хүсэлтийг Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт гаргасан, нэхэмжлэгч өөрийн биеэр очиж, бүртгэлийг хийлгэхдээ өмчлөх эрхээ шилжүүлсэн үйл явдал болжээ.

Зохигчийн харилцан тохирсон тохиролцоо нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэхь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийн хангах аргын нэг төрөл болох барьцааг сонгосон бөгөөд Иргэний 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийн үнээс үүргийн хангуулах эрхийг барьцаалуулагч хэрэгжүүлэхээр тохирсон боловч барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулсан байхыг шаардана.

Энэ шаардлагыг хангасан гэрээгээр барьцаалсан хөрөнгөнд үүрэг үүсэх боломжтой.

Зохигч автомашин барьцаалсан гэрээг аман хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуульд заасан барьцааны гэрээний хэлбэрийн шаардлагыг хангахгүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар барьцаалах тухай зохигч хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Иймд нэхэмжлэгч автомашинаа өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг автомашины өмчлөгчөөр бүртгүүлсэн үйлдэл хууль бус бөгөөд зохигчийн харилцан тохирсон хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцэхгүй байна.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр өгсөн авсан зүйлийг харилцан буцааж арилгах тул хариуцагчийн өмчлөлд улсын 28-53 УНД дугаартай, Тоёото приус автомашиныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, уг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах үндэслэлтэй байна.

Зээлдэгч нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хамтран зээлдэгч Д.Бадрал нь Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий газар эзэмших эрхээ барьцаалуулахаар, нэхэмжлэгч автомашины зогсоолоо барьцаалуулахаар, 2017-05-05 өдөр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт заасан барьцааны БГ-17/28 гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчтай бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь уг гэрээнээс Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслангийн 253 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай, Д.Бадрал газар эзэмших эрхээ барьцаалуулсан хэсгийг Газрын тухай хуульд зааснаар газар өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг аваагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжилжээ.

Д.Бадрал нь газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуульд заасан хүрээ хязгаарын дотор уг газрыг ашиглах, эзэмших эрхтэй этгээд бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхийг эдлэх юм.

Иймээс энэ хуулиар түүнд олгосон энэ эрхийн дагуу газар эзэмших эрхээ барьцаалуулахаар хариуцагчтай гэрээ байгуулсан гэж үзнэ.

Хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээ Д.Бадрал өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчиж байгаа гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр нэхэмжлэгчээр оролцох эрх нь нээлттэй байгаа.

Эрх ашиг нь зөрчигдсөн аливаа этгээд шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээр оролцох бөгөөд барьцаалуулагч Д.Бадрал хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээ нь түүний эрх ашгийг зөрчсөн талаар эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд мэдүүлээгүй байгаа байх бөгөөд газар эзэмших эрхээ барьцаалуулсан нь Д.Бадралын үйлдэл нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байгааг нэхэмжлэгч нотлоогүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах сонирхогч этгээд нэхэмжлэгч болж чадахгүй гэж үзэв.

Иймээс нэхэмжлэгч нь 2017-05-05 өдөр байгуулсан, зээлийн барьцааны БГ-17/28 гэрээний газар эзэмшигч Д.Бадрал газар эзэмших эрхээ барьцаалуулсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн   60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.