Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00163

 

“ЭЭЭР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЭЭЭР” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ӨЭБЭ” ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг “ӨЭБЭ” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 598 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баттулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг, Н.Мөнгөнтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭЭЭР” ХХК нь хариуцагч “ӨЭБЭ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 06/24-20, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2015/05/01-08 тоот бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн 2 дугаар зүйлийн 2.1-д Б тал нь А талаас 2015 онд бетон зуурмаг авч бетон зуурмагийн төлбөрийн 50 хувийг нийлүүлэгчийн банкан дахь дансанд шилжүүлэх эсвэл кассанд бэлнээр төлнө. Уг барилгад баригдаж буй үйлчилгээний төв болон талбайн хэмжээнээс шалтгаалан жижиг квадраттай бол 2 ширхэг орон сууц, том квадраттай бол 1 ширхэг орон сууцаар А талд бетон зуурмагийн нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр 50 хувийг төлнө гэж тохиролцон зохицуулсан. Зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нийт 1 580 705 900 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 720 367 900 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 860 338 000 төгрөгт бартераар орон сууц авахаар болсон ба дээрх бартерийн байрны 267 480 000 төгрөгийн асуудал тооцоо нийлсэн акт үйлдэхэд дууссан байсан. Бартерийн байрны үлдэгдэл 592 858 000 төгрөгийн бартерт 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 81 тоот орон сууц захиалгаар барих гэрээгээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо УБ паласын зүүн талд байрлах Blue gem-4 цогцолборын Б блок 15 давхар 81 тоот 117,43 м.кв 5 өрөө орон сууцыг үнийн дүнгийн 352 296 000 төгрөгт, мөн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 98 тоот орон сууц захиалгаар барих гэрээгээр тус цогцолборын 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцыг 248 037 000 төгрөгт тус тус авахаар тохирч орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан. Хариуцагч тал үнийн дүнгийн үлдэгдэлд тооцож шилжүүлэх орон сууцнаас 117,43 м.кв тайлбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч 82,679 м.кв талбай бүхий 98 тоот 3 өрөө орон сууцыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөлгүй тохиролцоогоо зөрчсөн. Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу хариуцагч компани барилгыг цаад талын хугацаа 2017 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Хариуцагч нь үүргийн дагуу хүлээлгэж өгөх 98 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн боловч дараа нь мэдэгдэлгүйгээр хаалганы голыг сольж, үл хөдлөх гэрчилгээг гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Нэхэмжлэгч компани гэрээний дагуу 2014, 2015 онд бетон зуурмаг нийлүүлж, тухай бүрт нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар хүлээлцэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, нэг нэг хувийг баримтаар авч байсан. Бетон зуурмаг нийлүүлсэн болон, нийт үнэ, төлсөн дүн, үлдэгдэл төлбөрт орон сууц тохирох болсон талаар хоёр тал маргадаггүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 592 858 000 төгрөгт бартераар 2 тусдаа орон сууц өгөхөөр тохирч орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч 2 байрыг хоёуланг хүлээлгэж өгөхгүй байсан гэсэн агуулгатай ярьж байна. Энэ тайлбар нь гэрээний тохиролцоо болон ёс зүйн талаасаа ч бодсон гэрээний дагуу зуурмаг авч барилгаа барьж ашиглалтад оруулчхаад тохиролцоогоо биелүүлэхгүй гэдэг нь төдийлөн хуульд нийцэхгүй. Хариуцагч тайлбараа Я.Дүйнхэржав гуайн корпорацийн хийсэн шинжилгээний дүгнэлтээр марк хүрэхгүй байсан учир нэхэмжлэгчийн буруу гэсэн агуулгаар тайлбарлаж байна. “ЭЭЭР” ХХК-ийн үйлдвэр 2012 онд ашиглалтад орсон. Жилдээ 20 000 - 50 000 м.кв бетон зуурмаг хэрэглэгчдэд нийлүүлдэг, бүрэн автомат үйлдвэр. Нэхэмжлэгч компани нь 2014, 2015, 2016 онуудад хариуцагч талд нийлүүлсэн бетон зуурмагууд ямар марктай байсан, хэзээ ямар хугацаанд хүлээлгэж өгсөн зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр баримтууд хариуцагч талд ч байгаа. Бетон зуурмаг үйлдвэрлэгдсэнээс хойш 28 хоногийн турш хатах явцдаа үндсэн маркаараа шоо шахдаг. Үүнийг барилга дээр ажилладаг бүх хүн мэднэ. Тухайн үйлдвэрлэгч компани нийлүүлж байгаа бетон зуурмагийн дээжийг 3, 7, 14 хоногт бетон шооны дээж авч хадгалдаг. Барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд тухайн бетон шоонуудын дээжийг хүлээж авч байж, улсын комисс барилгыг хүлээж авдаг журамтай. Нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн бүх дээж, саяны хоногуудад авагдсан зуурмагийн бетон шооны дээжийн хариунууд хавтаст хэрэгт мөн авагдсан. Үйлдвэрлэгчээс гарч байгаа бетон зуурмагийн дээжүүдийг харахад шооны дээжүүд бүгд маркдаа хүрч байгаа. Я.Дүйнхэржав шинжээчийн дүгнэлтээр арматурчлал нь марктаа хүрэхгүй гэсэн болохоос нийлүүлсэн бетон зуурмаг марктаа хүрэхгүй байна гэдэг байдлаар дүгнэлт гаргаагүй. Иймд Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр “ЭЭЭР” ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч “ӨЭБЭ” ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨЭБЭ” ХХК нь “ЭЭЭР” ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх тухай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үндсэн гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж гэрээний 4.1-д зааснаар бетон зуурмагийн үнийг төлж ирсэн. 1 580 705 900 төгрөгийн бетон зуурмаг авч, 720 367 900 төгрөгийг бэлнээр төлж, 619 770 000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц хүлээлгэн өгч, 592 858 000 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн. Нийт үнийн дүн, төлсөн төлөөгүй дүн дээр маргаан байхгүй. 117,43 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 82,679 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь 2014, 2015 онд барилга дээр чанаргүй бетон нийлүүлсэн. Бид зургийн дагуу бетон захиалсан байхад марктаа хүрэхгүй бетон нийлүүлсэн. Хэдийгээр Блуе жем-4 барилгаас 81, 98 тоот орон сууц бартерийн гэрээг байгуулсан боловч нийлүүлэгч “ЭЭЭР” ХХК нь чанарын шаардлага хангахгүй бетон зуурмаг нийлүүлсний улмаас барилгын чанарт сөргөөр нөлөөлж барилгад ан цав үүсч, баганыг хүчитгэхээс өөр аргагүй байсан тул өөрсдөө зардал гаргасан тул энэ зардлаа суутган авах эрхтэй. Иймд манай компанийг гэрээ, тооцоо нийлсэн актаа хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй. Гуравдагч этгээд болох ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор Я.Дүйнхэржав гуайн гаргасан дүгнэлтээр бетон нь марктаа хүрэхгүй, хамгийн багадаа 139-270 маркийн хооронд гарсан. Энэ асуудлыг манайх шийдсэн гэхээр 2014 онд барилгын суурийг цутгаж эхлээд, 2015 онд үргэлжлүүлээд цутгаад явж байхад доод талын үндсэн багануудад микро ан цав ажиглагдаж эхэлсэн. Энэ үед 2 тал уулзаад цутгасан бетонийг шмитийн алх 2000-ын алхаар цохиход марк 350-д хүрээгүй учир 2015, 2016, 2017 онуудад удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдсэн. Хамгийн сүүлд 2017 онд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн дүгнэлт гарсан ан цав ажиглагдсан, багануудыг хүчитгэх шаардлагатай гэж зөвлөсөнг мэдэгдсэн. Багануудыг ажиглах, хохирлын мөнгөний асуудлыг шийдсэний дараа 2 орон сууцын асуудлыг шийднэ гэсэн албан тоот явуулсан. Гэтэл нэхэмжлэгч бартерийн 82,679 м.кв талбай бүхий орон сууцыг асуудал шийдэгдэх хүртэл хугацаанд танайд барьцаалуулж, бид нар авахгүй байж болно гэсэн А.Цолмон захирал гарын үсэг зурсан албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн. 117 м.кв талбайтай орон сууцыг А.Цолмон захирал удаа дараа гуйгаад байхаар нь гуравдагч этгээдийг хохироож болохгүй юм байна гээд өгсөн. 2015 онд гарсан цууралтын ажлын хөлс 49 300 000 төгрөгийн зардлыг хүчитгэл хийх компани ирээд 27 000 000 төгрөгийн бараа материал шаардлагатай энэ мөнгийг шийдэж өгөөч гэхэд А.Цолмон захирал газар дээр нь ирж хүлээн зөвшөөрч энэ мөнгийг танай өгөх өглөгөөс хасаад бодъё гэж тохиролцон нягтлангуудыг дуудаж 27 000 000 төгрөгийг тооцоо нийлэх актанд хасч тооцсон. 2015 онд Я.Дүйнхэржав багшийн дүгнэлт гарангуут бетон зуурмаг нийлүүлэх гэрээг цуцалсан. Цаашдаа “Ремикон” ХХК-ийн бетон зуурмагийг авсан. 2017 он гэхэд 10 давхар орон сууцны бүх заслын ажил дууссан. Энэ үед 4 давхар үйлчилгээний төвийн заслын ажил ид дундаа явж микро ан цав ихээр мэдэгдэж эхэлсэн. А.Цолмон захирал албан бичгээр мэргэжлийн байгууллагын зүгээс манай буруу гэж гарч ирвэл хариуцаж төлбөр тооцоо хийхэд бэлэн гэсэн бичиг ирүүлсэн мөртлөө 2018 оны намар шүүхэд өгсөн байсан 2017 онд микро ан цав ганц баганад биш бүх талбай дээр үүссэн. Гуравдагч байгууллагатай ярьж эхний ээлжинд 200 гаруй даацын элементийг хүчитгээд. Нийтдээ 589 000 000 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгчийн барьцаанд өгсөн 82,679 м.кв талбай бүхий орон сууцыг “Оригакен” ХХК-нд өгсөн. Иймд манайх 2 байрыг өгөх боломжгүй. Улсын комисс 2018 оны 4 дүгээр сард комиссын актыг баталгаажуулсан. Учир нь Хотын ерөнхий төлөвлөгөөний барилга архитектур барилгын хийц бүтээц хариуцсан инженер хүчитгэлийг шалгаад хүчитгэл хийж бэхэлсэн үгүйг шалгаж гарын үсэг зурна гэсээр хойшилсон юм. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетоны нэг нь ч марктаа хүрэхгүй байгаа. Бид мэргэжлийн байгууллагад бетоны марк унаад байна яаж хүчитгэхүү гэх асуудлаар удаа дараа хандаж байсан. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн буруугаас болж марк унасан бол ядаж нэг газраа 350 маркт хүрэх ёстой. Нэхэмжлэгч нийлүүлсэн бетонд арчилгаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн цаг улирал нь зуны улирал байсан бөгөөд цаг уур орчны газраас гаргасан цаг уурын мэдээллийг хэрэгт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 06/24, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2015/05/01-08 дугаартай гэрээнүүд байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч нь худалдан авагчид захиалсан марк чанарт нийцсэн бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээгээр М350 бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэхээр тохирсон. 2014 онд 1 114 465 900 төгрөг, 2015 онд 466 240 000 төгрөг нийт 1 580 705 900 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ, хариу төлбөрийн хэмжээ, төлбөрийн үлдэгдлийг тулгаж үзсэн. Тооцоо нийлсэн актаар 598 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан тул бид үлдэгдэл төлбөрийг орон сууцаар барагдуулахаар тохирч орон сууц захиалгаар барих 81, 98 дугаартай гэрээ байгуулсан. 2014, 2015 онд нийлүүлэгчээс бетон авч байтал 2015 оны 6 дугаар сард бетоны марк нь марктаа хүрэхгүй байгааг мэдсэн. Үндсэн барилгын бүтээцийн 1-2 давхарт бичил хэмжээний ан цав үүссэн. Барилгын мэргэжлийн байгууллагуудад шалгуулахад 350 марктай байх ёстой байсан бетон зуурмаг 250 марктай болсон байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Бетоны бат бэх нь барилгын зураг төсөл захиалагчийн шаардлагад нийцэхгүй ан цав үүсэж байсан тул бид асуудлыг тухай бүр хөндөж, нийлүүлэгч талын холбогдох хүмүүсийг газар дээр нь авч ирж үзүүлж байсан. Барилгын архитектур корпорацийн гаргасан барилгын экспертицийн тайланд дурдсанаар доголдолтой багануудыг хүчитгэх ажил хийгдсэн. 2015 оны 6 дугаар сард байгуулагдсан гэрээний дагуу хүчитгэлийн ажил 49 300 000 төгрөгийн зардал гаргаж хийгдсэн. Барилга баригдан цааш үргэлжлээд явж байтал 1 давхраас 5 давхар хүртэл үндсэн даацаа авангуут барилгын дам багануудад дахин ан цав үүссэн доголдол гарсан. Энэ нь 2017 оны 10 дугаар сард илэрсэн зөрчил. Энэ талаар худалдагч компанийн гүйцэтгэх захирал А.Цолмонд амаар болон бичгээр мэдэгдэж байсан боловч эхний ээлжийн ан цав гарсан зөрчлийн 27 000 000 төгрөгийг төлсөн. Сүүлд гарсан зардлуудыг та нар төлнө шүү гэдэг шаардлагыг удаа дараа нэхэмжлэгчид хүргүүлж байсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл худалдагч тал энэ үүргээ биелүүлээгүй. Хэзээ мэдсэн гэхээр бетоныг хүлээж аваад марктаа хүрч байна уу гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байсан. Карказ хийсний дараа доголдол илрээгүй нь хэрэгт авагдсан зургаар хангалттай харагдана. Нэхэмжлэгчийн ярьсан вибратор дутуу тавьсан, цэвэрлэгээ арчилгаа хийгээгүй талаар зураг хэрэгт авагдаагүй. Гүйцэтгэгч компаниас гаргаж өгсөн зурагт явагдаж байгаа ажил, хамт ажиллаж байгаа хүмүүсийнх нь зураг харагдаж байгаа учир бодитой. Доголдлыг хэзээ мэдэх боломжтой болсон бэ гэхээр тухайн бетон үндсэн даацаа авах үед даацаа хангалттай авч чадаагүйн улмаас цууралт үүссэн гэж гэрч Я.Дүйнхэржав гуай болон бусад гэрчүүд хэлдэг. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог. Иргэний хуулийн 254.6 дахь хэсэгт заасан баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор, 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл 6 сарын дотор доголдол илрээгүй. Барилгын гүйцэтгэх ажлын явцад 2015 онд илэрсэн. Үүнийг мэдээд А.Цолмон захиралд шаардлага тавьсан. Нийлүүлэгчийн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй байсан учир 2015 оны 7 дугаар сараас эхлэн гэрээг цуцлах талаар мэдэгдэж дахин зуурмаг аваагүй. Нэхэмжлэгч нь Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан стандартад нийцсэн маркийн дагуу чанартай үйлдвэрлэн, өөрийн тээврийн хэрэгслээр хугацаанд нь хүргэн шахаж өгөх үйлчилгээг үзүүлнэ гэсэн үүргээ зөрчсөн болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд гэрээний 5.1-д заасан хариуцлагыг хүлээлгэж гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 598 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд нийлүүлсэн бетоны бат бэхийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лаборатораар шинжлүүлэхэд нийлүүлсэн бетон нь 350 маркад хүрэхгүй байгаа нь тогтоогдсон гэжээ. Гэтэл барилгын норм ба дүрэмд бетон цутгах, арчлах, бэхжүүлэх талаар зохицуулсан дүрмийг зөрчсөн. “ӨЭБЭ” ХХК-ийн барилгыг гүйцэтгэж байсан компани нь зориулалтын доргиур ашиглаж зуурмагыг нягтруулаагүй, энд тэндгүй арматур мод хийж арзайлгасан, арчилгаа огт хийгээгүй байдалтай байгаа нь зуурмаг чөлөөтэй урсах нөхцөлийг хангаагүй нь бетоны марк алдахад хүргэдэг. Тухайн марк алдсан хаанаас дээж авч шинжлүүлэх нь бодит байдалд нийцээгүй. “ЭЭЭР” ХХК нь хариуцагч “ӨЭБЭ” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмаг болгоноос дээж авч Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторт шинжлүүлсэн бөгөөд бүгд маркандаа хүрсэн, шинжилгээний дүгнэлтүүдийг шүүхэд баримтаар өгсөн. Хариуцагч талын яриад байгаа Я.Дүйнхэржав гуайн тайлангаар нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг маркандаа хүрэхгүй байна гэж дүгнээгүй бөгөөд харин барилгын 1 давхрын төмөр бетон каркасын баганын хөндлөн огтлолын хэмжээ зураг 70х70 см, бодит байдал дээр 60х60 см-р хийсэн. Дүгнэлтэд барилгын зоорь, 1, 2 дугаар давхруудын диафрагм ханагүй багануудын арматурчлал нь ажлын зургийн арматурын шаардлагыг хангахааргүй байна гээд 1, 2 давхрын диафрагм ханагүй багануудыг хүчитгэхийг зөвлөмж хэсэгтээ тусгасан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг буруу тайлбарлаад байх шиг байна. Хөрөнгө хүлээж авсан, тухайн үед доголдолгүй байсан гэж хүлээн зөвшөөрч байна. Хэрэв доголдлыг мэдсэн гэж үзвэл мэдсэнээс хойш 6 сарын дотор шүүхэд гомдлын шаардлага гарга гэсэн хуулийн заалт байна. Өөрөө 2015 онд мэдсэн гэж тайлбарлаад байгаа. Нэхэмжлэгч гэрээтэй холбоотой бүх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Бетон зуурмаг марктаа хүрч байгаа гэдгийг бетон шооны дээжүүд нотолно. Бетоныг хүлээж аваад гүйцэтгэгч компани арчилгаагаа шаардлагын дагуу хийсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Цутгалтын дараах бетон арчилгааг технологийн зааврын дагуу хийгээгүйгээс бетоны марк алдагдах тохиолдол байдаг. Үйлдвэрлэгчид дээж авах үүрэг байдаг. Гүйцэтгэгч нь бетоныг хүлээж авахдаа арчилгаа хийсэн үү, арчилгаа хийгээгүйгээс марк унасан уу гэдэг дээр маргаан үүсээд явж байгаа. Шингэн зуурмаг бүтээгдэхүүнийг яаж чанартай бетон болгох эсэх нь хийж гүйцэтгэж байгаа хүнээс хамаарна. Гэтэл гүйцэтгэгч барилгын хийц бүтээц, төмөр бетоны норм дүрмийг мөрдөөгүйн улмаас бетоны марк унасан. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 4.7, 5.9-д цутгалтын дараах бетон арчилгааг зааврын дагуу хариуцагч хийх үүрэгтэй бөгөөд “Оригакен” ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн мөнгөө өөрсдөө төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр “ЭЭЭР” ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч “ӨЭБЭ” ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ӨЭБЭ” ХХК-иас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК-нд холбогдох 2014 оны 6 дугаар сарын 24, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ӨЭБЭ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “ӨЭБЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 148 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ӨЭБЭ” ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Энэхүү тайланд нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн марк, чанар нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, барилгын норм дүрэмд заасан хэмжээнд хүрч байгаа эсэх талаар тусгагдаагүй, Я.Дүйнхэржав нь гэрчийн мэдүүлэгтээ энэ хоёр компани бетон хүлээлцэхдээ шинжилгээ хийх ёстой, бетоны хөдөлгөөнт чанар, бетоны температур, агаарын агууламж, бетоны дээж авч хлорын агууламж үзэх ёстой. Бетоны бат бэх нь 50 хувь нь үйлдвэрлэгчийн бетоны орц найрлагаас, нөгөө 50 хувь нь барилгын гүйцэтгэгчийн арчилгаанаас хамаардаг гэж тайлбарласан тул уг тайлан зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй, захиалсан маркандаа хүрээгүй гэж шууд буруутгах үндэслэл болохгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Блью жем-4 цогцолборын Б блок 11 давхар, 98 тоот 82,679 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон нь "ӨЭБЭ" ХХК-ийн захиалсан бетоны чанарын шаардлагыг хангаагүй учир үлдэх төлбөрт тооцон өгөх байрыг шилжүүлэн өгөхгүй хэмээн талууд маргадаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэг болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа "... хариуцагч нь барилгаа барих явцдаа бетоны хэв хашмалыг хугацаанаас нь өмнө хуулж авсан, бетон цутгах талбайг цэвэрлэдэггүй, бетон цутгасны дараах арчилгааг огт хийдэггүй гэх олон зөрчил дутагдал гаргаж бетон зуурмагийн маркыг унагасан байдаг. Өөрөөр хэлбэл бетон зуурмагийн марк унах үндсэн шалтгаан нь барилгын гүйцэтгэгч байгууллагын хариуцлагатай шууд хамааралтай” хэмээн тайлбарладаг. Уг тайлбараас үзвэл манай барилгын бетоны марк унасан дээр маргахгүй байгаа нь тодорхой харагдах ба харин марк унасан нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон бэ гэдэг дээр маргаж байгаа гэж ойлгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс "ӨЭБЭ" ХХК-ийн худалдан авсан бетоны марк өөрийнх нь буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болсон гэх тайлбарыг гаргасан боловч үүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хэрэгт манай компанийг хэв хашмалаа хугацаанаас өмнө хуулж авсан, бетон цутгах талбайг цэвэрлээгүй болон бетон цутгасны дараах арчилгааг огт хийгээгүй гэх тайлбараа нотлох ямар ч баримт гаргаж өгөөгүй. Харин уг иргэний хэрэгт гэрч Я.Дүйнхэржав, Г.Оргил, Д.Отгонбаатар нар нь "бетон цутгах талбайг цэвэрлээгүй нь марк унах шалтгаан болохгүй" гэдгийг бүгд мэдүүлсэн, мөн бетоны марк унах шалтгаан нь тусгай арчилгааг зохих журмын дагуу хийгээгүйгээс шалтгаалах хэдий ч “ӨЭБЭ” ХХК нь тусгай арчилгаа шаардагдах цаг агаарын нөхцөлд бетон аваагүй болох нь хангалттай нотлогдоно. Түүнчлэн "ӨЭБЭ" ХХК нь өөрийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохын тулд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архетектурын сургуулийн оношлогоо, зураг төсөл, судалгааны "Реконстракшн" ХХК-ийн 2015 онд гаргасан "Барилгын экспертизийн тайлан"-г гарган өгсөн. Уг тайлангийн ажлын зорилгыг "иргэн М.Эрхэмбилэгийн үйлчилгээний 108 айлын орон сууцны барилгын Б блокийн даацын бүтээцийн ерөнхий төлөв байдлын судалгаа хийх, Б блокын барилгын төмөр бетон карказын одоо байгаа бодит үзүүлэлтээр бат бэхийг шалгах тооцоо хийх" гэж тодорхойлсон, Барилгын бүтээцийн бетоны бат бэх гээд "Барилгын зарим бүтээцийн бетоны бат бэхийг Шмидт-2000 багажаар шалгаж, 5 дугаар хүснэгтэд бичлээ, барилгын бүтээцийн бетоны бат бэх зураг төслийн шаардлагыг хангахгүй байна" хэмээн тус тус дурдсан. Мөн барилгын 2-4 давхар хүртэл багануудын бат бэхийг шалгаж дурдсан байх ба зураг төслийн дагуу манай компанийн нэхэмжлэгч компаниас захиалсан 350М буюу 25В марктай байх багана болон хучилтын бетоны бат бэхийн дундаж нь 20В буюу 300 маркийн бетоны бат бэхтэй гарч байгаа нь зураг төсөлд заагдсан шаардлагыг хангахгүй байгаа талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь “... Энэхүү тайланд нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн марк, чанар нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, барилгын норм, дүрэмд заасан хэмжээнд хүрч байгаа эсэх талаар тусгагдаагүй" гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Дүйнхэржавыг гэрчээр асууж, хариуцагчийн зүгээс "арматурчлал зургийн шаардлага хангахгүй гарсан учраас багануудыг хүчитгэхийг зөвлөж байна уу, эсвэл бетон нь маркандаа хүрэхгүйн улмаас багануудыг хүчитгэхийг зөвлөж байна уу" гэх асуултад "арматурчлал нь бол зургийн шаардлагыг хангасан байсан, харин бетон нь маркандаа хүрэхгүй байгаагийн улмаас арматурчлал нь шаардлага хангахгүй гарч байгаа. Тиймээс бетон нь маркандаа хүрэхгүй байгаа тул багануудыг хүчитгэхийг зөвлөсөн" хэмээн маш тодорхой хэлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “Хариуцагчийн тайлбарласан 27 000 000 төгрөгийг талууд хохиролд тооцож хассан талаар баримтгүй, энэ талаар тооцоо нийлсэн актад дурдагдаагүй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. "ӨЭБЭ" ХХК нь "Эй энд эйч ремикон" ХХК-д гэрээний төлбөрийг бүгдийг нь нэхэмжлэгчийн дансаар дамжуулан бэлэн бусаар хийж гүйцэтгэсэн талаархи баримтыг эх хувиар нь гаргаж өгснөөс 27 000 000 төгрөгийн баримт байдаггүй. "ЭЭЭР" ХХК-ийн захирал А.Цолмон нь хүчитгэлийн ажлын зардлын талыг хариуцан төлөхийг амаар хүлээн зөвшөөрч, авах авлагаасаа хасаж байсан хэдий ч өөрийн гарын үсэгтэй 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 1710/03-87 тоот албан бичигт "... бетон зуурмагийн төлбөр төлөх ёстой мөртлөө тэр мөнгийг гаргаж өгөхгүй барьцаалан өмнө нь хүчитгэх ажлын зардлаас талыг нь гаргуулж байсан" гэж хүчээр энэ бүх үйлдлийг хийлгэж байсан мэтээр тайлбарлаж байсан нь өөрөө жинхэнэ ёс зүйгүй үйлдэл болсон. Сөрөг нэхэмжлэлийн талаар "ӨЭБЭ" ХХК нь "ЭЭЭР" ХХК-иас захиалсан бетоны бат бэх нь шаардлага хангахгүй байсны улмаас барилгын үндсэн даацын багана, дам нурууг хүчитгэхэд гарсан зардал болох 598 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт "хариуцагчийн сөрөг шаардлага нь баримтаар нотлогдоогүй тул “Оригакен” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 26, 29-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр 8, 14 ширхэг баганыг дэвшилтэт технологи болох фибер материалаар хүчитгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Оригакен” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, барилгын явцын фото зураг, 12 дугаар сарын 06-ны өдрийн “Оригакен” ХХК-ийн ажил гүйцэтгэсэн акт гэсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар доголдолтой холбоотой шууд гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу дараах баримтыг өөрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн Барилгын архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүдийг үндэслэл болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манайх "Оригакен" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нийт 598 000 000 төгрөгийн зардал гарган барилгын үндсэн даацын дам нуруу, баганыг хүчитгэх ажлыг хийж гүйцэтгүүлсэн. "Оригакен" ХХК-д ажлын хөлсөнд төлсөн баримтууд нь эх хувиар хэрэгт авагдсан. 598 000 000 төгрөгийн зардал нь "ЭЭЭР" ХХК-ийн маркандаа хүрэхгүй бетон зуурмаг нийлүүлсний улмаас манай компанид учирсан бодит хохирол болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсоор байтал анхан шатны шүүх "хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар доголдолтой холбоотой шууд гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь ийнхүү хэргийг шийдвэрлэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана" гэснийг зөрчсөн, мөн хуулийн116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх хуулийн үндэслэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК нь хариуцагч “ӨЭБЭ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч “ӨЭБЭ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 598 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК нь хариуцагч “ӨЭБЭ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 24, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК нь захиалгат маркийн дагуу бетон зуурмагийг үйлдвэрлэн өөрийн тээврээр нийлүүлэх, хариуцагч “ӨЭБЭ” ХХК нь төлбөрийн 50 хувийг дансаар буюу бэлнээр төлөх, 50 хувийг баригдаж буй үйлчилгээний төв болон талбайн хэмжээнээс шалтгаалан жижиг квадраттай бол 2 ширхэг орон сууц, том квадраттай бол 1 ширхэг орон сууцаар төлөх нөхцлийг тус тус тохиролцсон нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 10-11, 2 дугаар хх-ийн 203-209 дүгээр тал/

Талуудын байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн үнийг төлөхийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгчээс худалдан авсан бетон зуурмаг нь гэрээгээр тохирсон марк, чанарт хүрээгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж, талуудын байгуулсан гэрээний анхны үнийг бууруулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр сөрөг шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн барилгын экспертизийн тайланд “Барилгын төмөр бетон каркасын бетоны бат бэхийн ангийг зураг төсөл дээр В25 гэж өгсөн боловч бодит байдал дээр В20 байна. Гэвч зарим багана, ханын бетоны бат бэх В20 ангиас бага байгааг анхаарах хэрэгтэй” гэжээ. /1 дүгээр хх-ийн 109 дүгээр тал/

Түүнчлэн, 2015 оны 5 дугаар сарын 20, 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд бетон дүүргэгч, барилгын физикийн лабораторийн дүнгээр бетон зуурмаг нь гэрээгээр тохирсон М350 маркдаа хүрээгүй байна. /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар тал/

Нэхэмжлэгч доголдолтой эд хөрөнгө хариуцагчид шилжүүлснээр хариуцагч “ӨЭБЭ” ХХК нь “Оригакен” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр “Оригакен” ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Блуе жем-4 цогцолборын 171 ширхэг дамнуруу, 17 ширхэг баганы хүчитгэл, бэхэлгээг хийж, “ӨЭБЭ” ХХК нь ажлын хөлсөнд 589 000 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон болох нь ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэсэн акт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогджээ. /1 дүгээр хх-90-92, 165-173, 3 дугаар хх-ийн 42-43 дугаар тал/ 

Хариуцагч “ӨЭБЭ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний “Оригакен” ХХК-д 167 400 000 төгрөгийг дансаар болон бэлнээр, 197 500 000 төгрөгийн үнийн дүнд 7 төрлийн авто машин, 224 100 000 төгрөгийн үнийн дүнд Баянгол дүүрэг, 6-р хороо, Блуе жем-4 цогцолборын Б блок, 11 давхар, 98 тоот 82,679 м.кв орон сууцыг тус тус шилжүүлсэн гэжээ.

Гэвч хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 4 баримтаар нийт /100 000 000₮ + 5 000 000₮ + 24 800 000₮ + 11 300 000₮/ 141 100 000 төгрөгийг хариуцагч “ӨЭБЭ” ХХК-иас “Оригакен” ХХК-д шилжүүлсэн гэж үзэхээр байна. /1 дүгээр хх-ийн 76-79 дүгээр тал/

Харин 7 төрлийн автомашин, Баянгол дүүрэг, 6-р хороо, Блуе жем-4 цогцолборын Б блок, 11 давхар, 98 тоот 82,679 м.кв орон сууцыг “Оригакен” ХХК-ийн өмчлөлд шилжсэн эсэх нь улсын бүртгэлийн болон санхүүгийн баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 456 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК нь гэрээгээр тохирсон чанар бүхий эд хөрөнгийг “ӨЭБЭ” ХХК-д шилжүүлээгүй гэх үндэслэлтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 141 100 000 төгрөг гаргуулж хариуцагч “ӨЭБЭ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 456 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дах хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр “ЭЭЭР” ХХК-ийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч “ӨЭБЭ” ХХК”-д даалгах тухай нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК-иас 141 100 000 төгрөг гаргуулж, хариуцагч “ӨЭБЭ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 456 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 148 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЭЭЭР” ХХК-иас 863 450 төгрөгийг гаргуулж хариуцагч “ӨЭБЭ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 288 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                            Г.ДАВААДОРЖ