Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00691

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 164 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ө” ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах үндсэн,

Гэрээнээс учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнгөнтуяа, өмгөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 06/24-20, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2015/05/01-08 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нөхцлийг харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн 2 дугаар зүйлийн 2.1-д Б тал нь А талаас 2015 онд бетон зуурмаг авч бетон зуурмагийн төлбөрийн 50 хувийг нийлүүлэгчийн банк дахь дансанд шилжүүлэх эсвэл кассанд бэлнээр төлнө. Уг барилгад баригдаж буй үйлчилгээний төв болон талбайн хэмжээнээс шалтгаалан жижиг квадраттай бол 2 ширхэг орон сууц, том квадраттай бол 1 ширхэг орон сууцаар А талд бетон зуурмагийн нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр 50 хувийг төлнө гэж тохиролцсон. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нийт 1.580.705.900 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 720.367.900 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 860.338.000 төгрөгт бартераар орон сууц авахаар болсон ба дээрх бартерийн байрны 267.480.000 төгрөгийн асуудал тооцоо нийлсэн акт үйлдэхэд дууссан байсан. Бартерийн байрны үлдэгдэл 592.858 000 төгрөгт 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 81 тоот орон сууц захиалгаар барих гэрээгээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо УБ паласын зүүн талд байрлах Blue gem-4 цогцолборын Б блок 15 давхар 81 тоот 117,43 м.кв 5 өрөө орон сууцыг үнийн дүнгийн 352.296.000 төгрөгт, мөн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 98 тоот орон сууц захиалгаар барих гэрээгээр тус цогцолборын 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцыг 248.037.000 төгрөгт тус тус авахаар тохирч орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан.

Хариуцагч тал үнийн дүнгийн үлдэгдэлд тооцож шилжүүлэх орон сууцнаас 117,43 м.кв тайлбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн, харин 82,679 м.кв талбай бүхий 98 тоот 3 өрөө орон сууцыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөлгүй тохиролцоогоо зөрчсөн. Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу хүлээлгэн өгсөн боловч дараа нь мэдэгдэлгүйгээр хаалганы голыг сольж, үл хөдлөх гэрчилгээг гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үйлдвэрлэгчээс гарч байгаа бетон зуурмаг гэрээнд заасан маркдаа хүрч байсан нь баримтаар тогтоогдсон. Иймд Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч Ө ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Ө” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Э ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх тухай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үндсэн гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж гэрээний 4.1-д зааснаар бетон зуурмагийн үнийг төлж ирсэн. 1.580.705.900 төгрөгийн бетон зуурмаг авч, 720.367.900 төгрөгийг бэлнээр төлж, 619.770.000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц хүлээлгэн өгч, 592.858.000 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн. Нийт үнийн дүн, төлсөн төлөөгүй дүн дээр маргаан байхгүй. 117,43 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 82,679 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөх ямар ч боломжгүй. Бид зургийн дагуу бетон захиалсан байхад марктаа хүрэхгүй бетон нийлүүлсэн. Хэдийгээр Блуе жем-4 барилгаас 81, 98 тоот орон сууц бартерийн гэрээг байгуулсан боловч нийлүүлэгч Э ХХК нь чанарын шаардлага хангахгүй бетон зуурмаг нийлүүлсний улмаас барилгын чанарт сөргөөр нөлөөлж барилгад ан цав үүсч, баганыг хүчитгэхээс өөр аргагүй байсан тул өөрсдөө зардал гаргасан тул энэ зардлаа суутган авах эрхтэй. Иймд манай компанийг гэрээ, тооцоо нийлсэн актаа хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй. Я.Дүйнхэржав гуайн гаргасан дүгнэлтээр бетон нь марктаа хүрэхгүй, хамгийн багадаа 139-270 маркийн хооронд гарсан. 2015 онд гарсан цууралтын ажлын хөлс 49.300.000 төгрөгийн зардлыг хүчитгэл хийх компани ирээд 27.000.000 төгрөгийн бараа материал шаардлагатай энэ мөнгийг шийдэж өгөөч гэхэд А.Цолмон захирал газар дээр нь ирж хүлээн зөвшөөрч энэ мөнгийг танай өгөх өглөгөөс хасаад бодъё гэж тохиролцон нягтлангуудыг дуудаж 27.000.000 төгрөгийг тооцоо нийлэх актанд хасч тооцсон. Иймд манайх 2 байрыг өгөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Ө” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014, 2015 онд нийлүүлэгчээс бетон авч байтал 2015 оны 6 дугаар сард бетоны марк нь марктаа хүрэхгүй байгааг мэдсэн. Үндсэн барилгын бүтээцийн 1-2 давхарт бичил хэмжээний ан цав үүссэн. Барилгын мэргэжлийн байгууллагуудад шалгуулахад 350 марктай байх ёстой байсан бетон зуурмаг 250 марктай болсон байна гэсэн дүгнэлт гаргасан. Бид асуудлыг тухай бүр хөндөж, нийлүүлэгч талын холбогдох хүмүүсийг газар дээр нь авч ирж үзүүлж байсан. Барилгын архитектур корпорацийн гаргасан барилгын экспертицийн тайланд дурдсанаар доголдолтой багануудыг хүчитгэх ажил хийгдсэн. 2015 оны 6 дугаар сард байгуулагдсан гэрээний дагуу хүчитгэлийн ажилд 49.300.000 төгрөгийн зардал гаргасан. Барилга баригдан цааш үргэлжлээд явж байтал 1 давхраас 5 давхар хүртэл үндсэн даацаа авангуут барилгын дам багануудад дахин ан цав үүссэн доголдол гарсан. Энэ нь 2017 оны 10 дугаар сард илэрсэн зөрчил. Энэ талаар худалдагч компанийн гүйцэтгэх захирал А.Цолмонд амаар болон бичгээр мэдэгдэж байсан боловч эхний ээлжийн ан цав гарсан зөрчлийн 27.000.000 төгрөгийг төлсөн. Сүүлд гарсан зардлуудыг төлнө шүү гэдэг шаардлагыг удаа дараа нэхэмжлэгчид хүргүүлж байсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. 2015 оны 7 дугаар сараас эхлэн гэрээг цуцлах талаар мэдэгдэж дахин зуурмаг аваагүй. Нэхэмжлэгч нь Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан стандартад нийцсэн маркийн дагуу чанартай үйлдвэрлэн, өөрийн тээврийн хэрэгслээр хугацаанд нь хүргэн шахаж өгөх үйлчилгээг үзүүлнэ гэсэн үүргээ зөрчсөн болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд гэрээний 5.1-д заасан хариуцлагыг хүлээлгэж гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ө ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан компани нь зориулалтын доргиур ашиглаж зуурмагийг нягтруулаагүй, энд тэндгүй арматур мод хийж арзайлгасан, арчилгаа огт хийгээгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зуурмаг чөлөөтэй урсах нөхцлийг хангаагүй нь бетоны марк алдагдахад хүргэдэг. Тухайн марк алдсан хананаас дээж авч шинжлүүлэх нь бодит байдалд нийцээгүй. Э ХХК нь хариуцагчид нийлүүлсэн бетон зуурмаг болгоноос дээж авч Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторт шинжлүүлсэн бөгөөд бүгд маркандаа хүрсэн, шинжилгээний дүгнэлтүүдийг шүүхэд баримтаар өгсөн. Хариуцагч талын дурдаад байгаа Я.Дүйнхэржав гуайн тайланд нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг маркандаа хүрэхгүй байна гэж дүгнээгүй, харин барилгын 1 давхрын төмөр бетон каркасын баганын хөндлөн огтлолын хэмжээ зураг 70х70 см, бодит байдал дээр 60х60 см-р хийсэн, барилгын зоорь, 1, 2 дугаар давхруудын диафрагм ханагүй багануудын арматурчлал нь ажлын зургийн арматурын шаардлагыг хангахааргүй байна гээд 1, 2 давхрын диафрагм ханагүй багануудыг хүчитгэх талаар зөвлөмж өгсөн. Бетон зуурмаг марктаа хүрч байгаа гэдгийг бетон шооны дээжүүд нотолно. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 4.7, 5.9-д цутгалтын дараах бетон арчилгааг зааврын дагуу хариуцагч хийх үүрэгтэй тул Оригакен ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн мөнгөө өөрсдөө төлөх үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч Ө ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-нд холбогдох 2014 оны 6 дугаар сарын 24, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.148.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 164 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82,679 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э ХХК-ийг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч Ө ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй гэж, 3 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас 141.100.000 төгрөг гаргуулж, хариуцагч Ө ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 456.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.148.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-иас 863.450 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.288.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 164 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх Бетон зуурмаг үйлдвэрлэгчээс буюу нэхэмжлэгчээс үйлдвэрлэгдэн гарахдаа маркандаа хүрэхгүй гарсан эсэх, эсхүл захиалагч буюу хариуцагч нь тухайн зуурмагийг стандартын дагуу арчлагаа хийж барилгаа барьсан эсэх дээр дүгнэлт хийлгүй нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн. Тодруулбал Барилгын экспертизийн тайлан нь тухайн барилгын хана, баганын бетоны марк чанарын шаардлага хангаагүй талаар л дурдсан болохоос бетон зуурмаг үйлдвэрлэгчээс үйлдвэрлэгдэхдээ маркандаа хүрэхгүй байгаа талаар дүгнээгүй юм. Үйлдвэрлэгч буюу нэхэмжлэгч нь Стандарчлал хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээтэй Монгол улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүрэн автомат үйлдвэр. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид 2014-2015 онуудад нийлүүлсэн бүх бетон зуурмагийнхаа дээжийг авч өөрийн болон Барилга архитектурын корлорацийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлсэн1. Эдгээр шинжилгээний дүнгүүдээр бетоны сорьц нь хариуцагчийн буюу захиалагчийн захисан маркинд хүрч байгааг нотолно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь үйлдвэрээс гарахдаа маркандаа хүрч байгаа гэдэг нь нотлогддог бөгөөд хариуцагч компанийн барилгыг барьсан гүйцэтгэгч нь Цутгамал бетон, төмөр бүтээц БН6Д52-02-05 гэсэн Барилгын дүрмийн Бетон хольц цутгах гэсэн 4.8-д “Цутгахаас өмнө гадаргыг усаар цацаж угаахад халуун агаараар үлээлгэж хатаах хэрэгтэй, бетоныг бэхжүүлэх ба арчлах гэсэн 4.16-д “Бетоны бэхжилтийн эхний цагуудад өнгөн гадаргад нарны хурц туяа тусах хийгээд салхи, борооны уснаас хамгаалж халхавч баривал зохино. Энэ нь анхан шатны арчилгаа бөгөөд дараагийн арчилгаа нь уг бетоны бэхжилт буюу гидратацын урвалыг чийг дулаан хэвийн нөхцөлд явуулахууц технологийн аргуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж заасныг зөрчиж арчилгаа хийгээгүйгээс үүдэн нийлүүлсэн бетон зуурмагын марк унасан байдаг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь доголдолгүй болохыг нотлох нотлох баримтын шаардлага хангасан шинжилгээний дүнгүүдийг үнэлээгүй мөртлөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй хариуцагчийн гаргаж өгсөн бетон дүүргэгч, барилгын физикийн лабораторын дүнг гэхийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Иймээс давж заалдах шатны шүүхийн захиалсан маркандаа хүрэхгүй зуурмаг нийлүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 164 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “ нэхэмжлэгч доголдолтой эд хөрөнгө хариуцагчид шилжүүлснээр хариуцагч …Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр хүчитгэл бэхэлгээг хийж.. ажил гүйцэтгэсэн акт гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна” гэжээ. Гэтэл энэхүү гомдлын нэгдүгээр хэсэгт дурдснаар нэхэмжлэгч нь хариуцагчид доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй гэдэг нь Барилга Архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүдээр нотлогддог. Харин давж заалдах шатны шүүх хэрэв доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх юм Иргэний хуулийн Худалдах худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг буруу тайлбарлаж ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нь 2014-2015 онуудад нийлүүлсэн бетон зуурмагтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 22/15 тоот, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус Оригакен ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хүчитгэл хийсэн гээд тухайн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Энэхүү гэрээг ч давж заалдах шатны шүүх үнэлжээ. Гэвч хариуцагч нь хэрэв доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан гэж үзэх юм бол мэдсэнээсээ хойш 6 сарын дотор доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй. Хариуцагчтай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 06/24-20, 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 01-08 тоот Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 4.3-т заасны дагуу нийлүүлсэн бүх бетон зуурмагыг хариуцагч тулган хүлээн авсан. Холбогдох баримтууд нь хавтас хэрэгт хавсаргагдсан. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 -д “Цутгалтын дараах бетон арчилгааг зааврын дагуу хийж бетоны чанарыг алдагдуулахгүй байх үүргийг хүлээнэ”, мөн 5 дугаар зүйлийн 5.9-д “Цутгалтын дараах бетон арчилгааг технологийн зааврын дагуу хийгээгүйгээс гарах үр дагаврыг Б тал бүрэн хариуцна” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагчийн өөрийнхөн буруутай үйл ажиллагаанаас болж барилгадаа учирсан хохирлыг хариуцагч өөрөө бүрэн хариуцах талуудын хүчин төгөлдөр гэрээний үүрэгтэй байтал нэхэмжлэгчээр төлүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 03408 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 164 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “...орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг хариуцагч “Ө” ХХК эс зөвшөөрч, 598.000.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Зохигчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 24, 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “Э” ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэн өөрийн тээврээр хугацаанд нь хүргэн шахаж өгөх, хариуцагч “Ө” ХХК нь төлбөрийн 50 хувийг дансаар шилжүүлэх буюу бэлнээр төлж, үлдэгдэл 50 хувьд орон сууц өгөхөөр харилцан тохиролцжээ /1хх 51-54, 2хх 203-205 дугаар тал/.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 2014, 2015 онуудад нийт 1.580.705.900 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч 720.367.900 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх төлбөрт орон сууц өгөхөөр тохирсон байх ба 248.037.000 төгрөгийн төлбөрт Баянгол дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй Blue gem-4 хотхоны Б блокын 11 давхрын 98 тоотын 82.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өгөхөөр 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдөр гэрээ байгуулжээ /1хх 12-14 дүгээр тал/.

Нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж, шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч гэрээ байгуулсныг үгүйсгээгүй боловч нэхэмжлэлээс татгалзахдаа “...нийлүүлсэн зуурмаг гэрээнд заасан маркт хүрээгүйгээс барилгын чанарт сөргөөр нөлөөлж, барилгад ан цав үүсч, улмаар баганыг хүчитгэх шаардлага гарч, нэмж зардал гаргасан тул хохирлыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг доголдолтой байсан, хариуцагч доголдлын талаар хууль болон гэрээнд заасан хугацаанд гомдол гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.

Давж заалдах шатны шүүх “...бетон зуурмаг гэрээгээр тохирсон М350 марктаа хүрээгүй...” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 141.100.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний 1.4-т А тал /Э ХХК/ дараах хүснэгтэд дурдсан марк, тоо хэмжээ, үнэтэй бетон зуурмагийг үйлдвэрлэн Б талд худалдан нийлүүлнэ гэж заасан, үүнд маркийг М150-М400, үнэ 123.000-179.000 гэж тодорхойлжээ.

Нийлүүлэх бетон зуурмагийн маркийг талууд гэрээнд тухайлан заагаагүй боловч зуурмагийн марк М350 байсанд хэн аль нь маргаагүй болно.

Гэрээний 3.4-т зааснаар Э ХХК нь бетон зуурмагийг үйлдвэрлэн захиалгат барилгын талбай руу тээвэрлэх бүтээгдэхүүний марк, тоо хэмжээ, жолоочийн нэр, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг тэмдэглэл хийсэн баримтыг 3 хувь үйлдэн 1 хувийг А талд, 1 хувийг тээврийн жолоочид, 1 хувийг Б талд гарын үсгээр баталгаажуулан өгөх, гэрээний 4.3-т “Ө” ХХК нь зааснаар бетон зуурмагийг тээврийн машин /миксер/-ын марк, улсын дугаар, жолоочийн нэр, зуурмагийн марк, тоо хэмжээ зэргийг бичсэн баримттай нь тулган үзэж гарын үсэг зурж хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч зуурмагийг нийлүүлэх бүртээ падаанд маркийг М350 гэж заасан, хариуцагч зуурмагийг хүлээн авсан баримтад гарын үсэг зуржээ /2хх 144-202 дугаар тал/.

Гэрээний 4.4-т зуурмаг тоо хэмжээ, чанарын шаардлага хангахгүй байна гэж үзвэл Б тал А талд тэр дор нь утсаар мэдэгдэж, 2 талын төлөөний хүмүүсээр газар дээр нь нягтлуулан асуудлыг шийдвэрлүүлэхээр заасан, хариуцагч зуурмагийг хүлээн авахдаа чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4.-т зааснаар барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нь барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах чиг үүрэгтэй.

Нэхэмжлэгч үйлдвэрлэсэн зуурмагийг лабораторийн шинжилгээнд хамруулсан ба хариуцагчид М350 маркийн бетон зуурмаг нийлүүлж байсан нь “Барилга архитектур корпораци” итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр тогтоогджээ / 2хх 85-106, дугаар тал/. Дээрх баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын салбарын проф.Док Я.Дүйнхэржавын 2015 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн Барилгын экспертизийн тайланд “...барилгын 1-р давхрын төмөр бетон каркасын баганын хөндлөн огтлолын хэмжээ зураг төсөл дээр 70x70 см, бодит байдал дээр 60x60 см-аар хийсэн, ...каркасын бетоны бат бэхийн ангийг зураг төсөл дээр В25 гэж өгсөн боловч бодит байдал дээр В20 байна, ...баганы өндрийн дагуу микро ан цав гарсан, барилгын төмөрбетон дам нуруу, баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй ...А блокын 1-4 давхрын зарим баганад микро ан цав үүссэн байна гэж дүгнээд зоорь, 1 ба 2 давхрын диафрагм ханагүй багануудын багануудыг хүчитгэхийг зөвлөжээ /1 хх 99-11 дүгээр тал/.

Энэхүү тайланд нэхэмжлэгчийн нийлүүлсэн зуурмаг М350 маркт хүрээгүй талаар дурдаагүй, энэ талаар ямар нэг дүгнэлт хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээнд заасан маркийн бетон нийлүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцээгүй байна.

Түүнчлэн гэрээний 4.7-д зааснаар хариуцагч нь цутгалтын дараах бетон арчилгааг зааврын дагуу хийж бетоны чанарыг алдагдуулахгүй байх үүргийг хүлээсэн, энэхүү арчилгааг технологийн зааврын дагуу хийгээгүйгээс гарах үр дагаврыг бүрэн хариуцахаар гэрээний 5.9-д заасан.

Нэхэмжлэгчийн “...зориулалтын доргиур ашиглаж зуурмагийг нягтруулаагүй, энд тэндгүй арматур мод хийж арзайлгасан, арчилгаа огт хийгээгүй, ...цутгалтын дараах арчилгааг хийгээгүйгээс зуурмаг чөлөөтэй урсах нөхцлийг хангаагүй...” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж холбогдох баримт ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-т худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан, зуурмаг доголдолтой гэж үзсэн тохиолдолд хариуцагч хуульд заасан хугацаанд гомдол гаргаснаа нотолж чадаагүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2.-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан, зуурмаг гэрээнд заасан марктаа хүрээгүй гэх хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1-т заасантай нийцжээ.

Худалдах-худалдах авах гэрээний төлбөрт орон сууц өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчаас өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 164 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 1.003.850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ