Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 3408

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03408

Улаанбаатар хот

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Сонсголонгийн зам 88 тоот ЭЭЭР ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо Жем молл 4 давхарт байрлах ӨЭБЭ ХХК

            Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82.679 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ӨЭБЭ ХХК-нд даалгах тухай үндсэн нэхэмжлэл, 2014 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч ӨЭБЭ ХХК-ийн захирал Б.О, өмгөөлөгч Б.Н, гэрч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                      

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ЭЭЭР ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЭЭЭР ХХК нь хариуцагч ӨЭБЭ ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/24-20, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2015/05/01-08 тоот бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн 2 дугаар зүйлийн 2.1-д Б тал нь А талаас 2015 онд бетон зуурмаг авч бетон зуурмагийн төлбөрийн 50 хувийг нийлүүлэгчийн банкин дахь дансанд шилжүүлэх эсвэл кассанд бэлнээр төлнө. Уг барилгад баригдаж буй үйлчилгээний төв болон талбайн хэмжээнээс шалтгаалан жижиг квадраттай бол 2 ширхэг орон сууц, том квадраттай бол 1 ширхэг орон сууцаар А талд бетон зуурмагийн нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр 50 хувийг төлнө гэж тохиролцон зохицуулсан. Зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нийт 1.580.705.900 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 720.367.900 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 860.338.000 төгрөгт бартераар орон сууц авахаар болсон ба дээрх бартерийн байрны 267.480.000 төгрөгийн асуудал тооцоо нийлсэн акт үйлдэхэд дууссан байсан. Бартерийн байрны үлдэгдэл 592.858.000 төгрөгийн бартерт 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 81 тоот Орон сууц захиалгаар барих гэрээгээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо УБ паласын зүүн талд байрлах BG-4 цогцолборын Б блок 15 давхар 81 тоот 117.43 мкв 5 өрөө орон сууцыг үнийн дүнгийн 352.296.000 төгрөгт, мөн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 98 тоот Орон сууц захиалгаар барих гэрээгээр тус цогцолборын 11 давхар 98 тоот 82.679 мкв 3 өрөө орон сууцыг 248.037.000 төгрөгт тус тус авахаар тохирч Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан. Хариуцагч тал үнийн дүнгийн үлдэгдэлд тооцож шилжүүлэх орон сууцнаас 117.43 мкв тайлбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч 82.679 мкв талбай бүхий 98 тоот 3 өрөө орон сууцыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөлгүй тохиролцоогоо зөрчсөн. Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу хариуцагч компани барилгыг цаад талын хугацаа 2017 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Хариуцагч нь үүргийн дагуу хүлээлгэж өгөх 98 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн боловч дараа нь мэдэгдэлгүйгээр хаалганы голыг сольж, үл хөдлөх гэрчилгээг гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Нэхэмжлэгч компани гэрээний дагуу 2014, 2015 онд бетон зуурмаг нийлүүлж, тухай бүрт нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар хүлээлцэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, нэг нэг хувийг баримтаар авч байсан. Бетон зуурмаг нийлүүлсэн болон, нийт үнэ, төлсөн дүн, үлдэгдэл төлбөрт орон сууц тохирох болсон талаар хоёр тал маргадаггүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 592.858.000 төгрөгт бартераар 2 тусдаа орон сууц өгөхөөр тохирч Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч 2 байрыг хоёуланг хүлээлгэж өгөхгүй байсан гэсэн агуулгатай ярьж байна. Энэ тайлбар нь гэрээний тохиролцоо болон ёс зүйн талаасаа ч бодсон гэрээний дагуу зуурмаг авч барилгаа барьж ашиглалтад оруулчихаад тохиролцоогоо биелүүлэхгүй гэдэг нь төдийлөн хуульд нийцэхгүй. Хариуцагч тайлбараа Я.Д гуайн корпорацийн хийсэн шинжилгээний дүгнэлтээр марк хүрэхгүй байсан учир нэхэмжлэгчийн буруу гэсэн агуулгаар тайлбарлаж байна. ЭЭЭР ХХК-ийн үйлдвэр 2012 онд ашиглалтад орсон. Жилдээ 20.000-50.000 мкв бетон зуурмаг хэрэглэгчдэд нийлүүлдэг, бүрэн автомат үйлдвэр. Нэхэмжлэгч компани нь 2014, 2015, 2016 онуудад хариуцагч талд нийлүүлсэн бетон зуурмагууд ямар марктай байсан, хэзээ ямар хугацаанд хүлээлгэж өгсөн зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр баримтууд хариуцагч талд ч байгаа. Бетон зуурмаг үйлдвэрлэгдсэнээс хойш 28 хоногийн турш хатах явцдаа үндсэн маркаараа шоо шахдаг. Үүнийг барилга дээр ажилладаг бүх хүн мэднэ. Тухайн үйлдвэрлэгч компани нийлүүлж байгаа бетон зуурмагийн дээжийг 3, 7, 14 хоногт бетон шооны дээж авч хадгалдаг. Барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд тухайн бетон шоонуудын дээжийг хүлээж авч байж, улсын комисс барилгыг хүлээж авдаг журамтай. Нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн бүх дээж, саяны хоногуудад авагдсан зуурмагийн бетон шооны дээжийн хариунууд хавтаст хэрэгт мөн авагдсан. Үйлдвэрлэгчээс гарч байгаа бетон зуурмагийн дээжүүдийг харахад шооны дээжүүд бүгд маркдаа хүрч байгаа. Я.Д шинжээчийн дүгнэлтээр арматурчлал нь марктаа хүрэхгүй гэсэн болохоос нийлүүлсэн бетон зуурмаг марктаа хүрэхгүй байна гэдэг байдлаар дүгнэлт гаргаагүй. Иймд Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82.679 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр  ЭЭЭР ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч ӨЭБЭ ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ӨЭБЭ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  ӨЭБЭ ХХК нь ЭЭЭР ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх тухай 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үндсэн гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж гэрээний 4.1-д зааснаар  бетон зуурмагийн үнийг төлж ирсэн. 1.580.705.900 төгрөгийн бетон зуурмаг авч, 720.367.900 төгрөгийг бэлнээр төлж, 619.770.000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц хүлээлгэн өгч, 592.858.000 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн. Нийт үнийн дүн, төлсөн төлөөгүй дүн дээр маргаан байхгүй. 117.43 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, 82.679 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь 2014, 2015 онд барилга дээр чанаргүй бетон нийлүүлсэн. Бид зургийн дагуу бетон захиалсан байхад марктаа хүрэхгүй бетон нийлүүлсэн. Хэдийгээр  Блуе жем-4 барилгаас 81, 98 тоот орон сууц бартерийн гэрээг байгуулсан боловч нийлүүлэгч ЭЭЭР ХХК нь чанарын шаардлага хангахгүй бетон зуурмаг нийлүүлсний улмаас барилгын чанарт сөргөөр нөлөөлж барилгад ан цав үүсч, баганыг хүчитгэхээс өөр аргагүй байсан тул өөрсдөө зардал гаргасан тул энэ зардлаа суутган авах эрхтэй. Иймд манай компанийг гэрээ, тооцоо нийлсэн актаа хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй. Гуравдагч этгээд болох ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор Я.Д гуайн гаргасан дүгнэлтээр бетон нь марктаа хүрэхгүй, хамгийн багадаа 139-270 маркийн хооронд гарсан. Энэ асуудлыг манайх шийдсэн гэхээр 2014 онд барилгын суурийг цутгаж эхлээд, 2015 онд үргэлжлүүлээд цутгаад явж байхад доод талын үндсэн багануудад микро ан цав ажиглагдаж эхэлсэн. Энэ үед 2 тал уулзаад цутгасан бетонийг шмитийн алх 2000-ын алхаар цохиход марк 350-д хүрээгүй учир 2015, 2016, 2017 онуудад удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдсэн. Хамгийн сүүлд 2017 онд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн дүгнэлт гарсан ан цав ажиглагдсан, багануудыг хүчитгэх шаардлагатай гэж зөвлөсөнг мэдэгдсэн. Багануудыг ажиглах, хохиролын мөнгөний асуудлыг шийдсэний дараа 2 орон сууцын асуудлыг шийднэ гэсэн албан тоот явуулсан. Гэтэл нэхэмжлэгч бартерийн 82.679 мкв талбай бүхий орон сууцыг асуудал шийдэгдэх хүртэл хугацаанд танайд барьцаалуулж, бид нар авахгүй байж болно гэсэн А.Ц захирал гарын үсэг зурсан албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн. 117 мкв талбайтай орон сууцыг А.Ц захирал удаа дараа гуйгаад байхаар нь гуравдагч этгээдийг хохироож болохгүй юм байна гээд өгсөн. 2015 онд гарсан цууралтын ажлын хөлс 49.300.000 төгрөгийн зардлыг хүчитгэл хийх компани ирээд 27.000.000 төгрөгийн бараа материал шаардлагатай энэ мөнгийг шийдэж өгөөч гэхэд А.Ц захирал газар дээр нь ирж хүлээн зөвшөөрч энэ мөнгийг танай өгөх өглөгөөс хасаад бодъё гэж тохиролцон нягтлангуудыг дуудаж 27.000.000 төгрөгийг тооцоо нийлэх актанд  хасч тооцсон. 2015 онд Я.Д багшийн дүгнэлт гарангуут  бетон зуурмаг нийлүүлэх гэрээг цуцалсан. Цаашдаа Ремикон ХХК-ийн бетон зуурмагийг авсан. 2017 он гэхэд 10 давхар орон сууцны бүх заслын ажил дууссан. Энэ үед 4 давхар үйлчилгээний төвийн заслын ажил ид дундаа явж микро ан цав ихээр мэдэгдэж эхэлсэн. А.Ц захирал албан бичгээр мэргэжлийн байгууллагын зүгээс манай буруу гэж гарч ирвэл хариуцаж төлбөр тооцоо хийхэд бэлэн гэсэн бичиг ирүүлсэн мөртлөө 2018 оны намар шүүхэд өгсөн байсан 2017 онд микро ан цав ганц баганад биш бүх талбай дээр үүссэн. Гуравдагч байгууллагатай ярьж эхний ээлжинд 200 гаруй даацын элементийг хүчитгээд. Нийтдээ 589.000.000 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгчийн барьцаанд өгсөн 82,679 мкв талбай бүхий орон сууцыг Оригакен ХХК-нд өгсөн. Иймд манайх 2 байрыг өгөх боломжгүй. Улсын комисс 2018 оны 04 дүгээр сард комиссын актыг баталгаажуулсан. Учир нь Хотын ерөнхий төлөвлөгөөний барилга архитектур барилгын хийц бүтээц хариуцсан инженер хүчитгэлийг шалгаад хүчитгэл хийж бэхэлсэн үгүйг шалгаж гарын үсэг зурна гэсээр хойшилсон юм. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетоны нэг нь ч марктаа хүрэхгүй байгаа. Бид мэргэжлийн байгууллагад бетоны марк унаад байна яаж хүчитгэхүү гэх асуудлаар удаа дараа хандаж байсан. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компаний буруугаас болж марк унасан бол ядаж нэг газраа 350 маркт хүрэх ёстой. Нэхэмжлэгч нийлүүлсэн бетонд арчилгаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн цаг улирал нь зуны улирал байсан бөгөөд цаг уур орчны газраас гаргасан цаг уурын мэдээллийг хэрэгт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Өү  Энд би Эн ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2015/05/01-08 дугаартай гэрээнүүд байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч нь худалдан авагчид захиалсан марк чанарт нийцсэн бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээгээр М350 бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэхээр тохирсон. 2014 онд 1.114.465.900 төгрөг, 2015 онд 466.240.000 төгрөг нийт 1.580.705.900 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ, хариу төлбөрийн хэмжээ, төлбөрийн үлдэгдлийг тулгаж үзсэн. Тооцоо нийлсэн актаар 598.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан тул бид үлдэгдэл төлбөрийг орон сууцаар барагдуулахаар тохирч Орон сууц захиалгаар барих 81, 98 дугаартай гэрээ байгуулсан. 2014, 2015 онд нийлүүлэгчээс бетон авч байтал 2015 оны 06 дугаар сард бетоны марк марктаа хүрэхгүй байгааг мэдсэн. Үндсэн барилгын бүтээцийн 1-2 давхарт бичил хэмжээний ан цав үүссэн. Барилгын мэргэжлийн байгууллагуудад шалгуулахад 350 марктай байх ёстой байсан бетон зуурмаг 250 марктай болсон байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Бетоны бат бэх нь барилгын зураг төсөл захиалагчийн шаардлагад нийцэхгүй ан цав үүсэж байсан тул бид асуудлыг тухай бүр хөндөж, нийлүүлэгч талын холбогдох хүмүүсийг газар дээр нь авч ирж үзүүлж байсан. Барилгын Архитектур корпорацийн гаргасан барилгын экспертицийн тайланд дурдсанаар доголдолтой багануудыг хүчитгэх ажил хийгдсэн. 2015 оны 06 дугаар сард байгуулагдсан гэрээний дагуу хүчитгэлийн ажил 49.300.000 төгрөгний зардал гаргаж хийгдсэн. Барилга баригдан цааш үргэлжлээд явж байтал 1 давхараас 5 давхар хүртэл үндсэн даацаа авангуут барилгын дам багануудад дахин ан цав үүссэн доголдол гарсан. Энэ нь 2017 оны 10 дугаар сард илэрсэн зөрчил. Энэ талаар худалдагч компаний гүйцэтгэх захирал А.Цд амаар болон бичгээр мэдэгдэж байсан боловч эхний ээлжийн ан цав гарсан зөрчлийн 27.000.000 төгрөгийг төлсөн. Сүүлд гарсан зардлуудыг та нар төлнө шүү гэдэг шаардлагыг удаа дараа нэхэмжлэгчид хүргүүлж байсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл худалдагч тал энэ үүргээ биелүүлээгүй. Хэзээ мэдсэн гэхээр бетоныг хүлээж аваад марктаа хүрч байна уу гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байсан. Карказ хийсний дараа доголдол илрээгүй нь хэрэгт авагдсан зургаар хангалттай харагдана. Нэхэмжлэгчийн ярьсан вибратор дутуу тавьсан, цэвэрлэгээ арчилгаа хийгээгүй талаар зураг хэрэгт авагдаагүй. Гүйцэтгэгч компаниас гаргаж өгсөн зурагт явагдаж байгаа ажил, хамт ажиллаж байгаа хүмүүсийнх нь зураг харагдаж байгаа учир бодитой. Доголдолыг хэзээ мэдэх боломжтой болсон бэ гэхээр тухайн бетон үндсэн даацаа авах үед даацаа хангалттай авч чадаагүйн улмаас цууралт үүссэн гэж гэрч Я.Д гуай болон бусад гэрчүүд хэлдэг. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог. Иргэний хуулийн 254.6 дахь хэсэгт заасан баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор, 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл 6 сарын дотор доголдол илрээгүй. Барилгын гүйцэтгэх ажлын явцад 2015 онд илэрсэн. Үүнийг мэдээд А.Ц захиралд шаардлага тавьсан. Нийлүүлэгчийн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй байсан учир 2015 оны 07 дугаар сараас эхлэн гэрээг цуцлах талаар мэдэгдэж дахин зуурмаг аваагүй. Нэхэмжлэгч нь Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан стандартад нийцсэн маркийн дагуу чанартай үйлдвэрлэн, өөрийн тээврийн хэрэгслээр хугацаанд нь хүргэн шахаж өгөх үйлчилгээг үзүүлнэ гэсэн үүргээ зөрчсөн болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд гэрээний 5.1-д заасан хариуцлагыг хүлээлгэж гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх  хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 онд нийлүүлсэн бетоны бат бэхийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Барилга Архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лаборатораар шинжлүүлэхэд нийлүүлсэн бетон нь 350 маркад хүрэхгүй байгаа нь тогтоогдсон гэжээ. Гэтэл барилгын норм ба дүрэмд бетон цутгах, арчлах, бэхжүүлэх талаар зохицуулсан дүрмийг зөрчсөн. ӨЭБЭ ХХК-ийн барилгыг гүйцэтгэж байсан компани нь зориулалтын доргиур ашиглаж зуурмагыг нягтруулаагүй, энд тэндгүй арматур мод хийж арзайлгасан, арчилгаа огт хийгээгүй байдалтай байгаа нь зуурмаг чөлөөтэй урсах нөхцөлийг хангаагүй нь бетоны марк алдахад хүргэдэг. Тухайн марк алдсан ханаас дээж авч шинжлүүлэх нь бодит байдалд нийцээгүй. ЭЭЭР ХХК нь хариуцагч ӨЭБЭ ХХК-нд нийлүүлсэн бетон зуурмаг болгоноос дээж авч Барилга Архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторт шинжлүүлсэн бөгөөд бүгд маркандаа хүрсэн, шинжилгээний дүгнэлтүүдийг шүүхэд баримтаар өгсөн. Хариуцагч талын яриад байгаа Я.Д гуайн тайлангаар нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг маркандаа хүрэхгүй байна гэж дүгнээгүй бөгөөд харин “барилгын 1 давхарын төмөр бетон каркасын баганын хөндлөн огтлолын хэмжээ зураг 70х70 см, бодит байдал дээр 60х60 см-р хийсэн. Дүгнэлтэд барилгын зоорь, 1, 2 дугаар давхаруудын диафрагм ханагүй багануудын арматурчлал нь ажлын зургийн арматурын шаардлагыг хагахааргүй байна гээд 1, 2 давхарын диафрагм ханагүй багануудыг хүчитгэхийг зөвлөмж хэсэгтээ тусгасан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг буруу тайлбарлаад байх шиг байна. Хөрөнгө хүлээж авсан, тухайн үед доголдолгүй байсан гэж хүлээн зөвшөөрч байна. Хэрэв доголдолыг мэдсэн гэж үзвэл мэдсэнээс хойш 6 сарын дотор шүүхэд гомдлын шаардлага гарга гэсэн хуулийн заалт байна. Өөрөө 2015 онд мэдсэн гэж тайлбарлаад байгаа. Нэхэмжлэгч гэрээтэй холбоотой бүх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Бетон зуурмаг марктаа хүрч байгаа гэдгийг бетон шооны дээжүүд нотлоно. Бетоныг хүлээж аваад гүйцэтгэгч компани арчилгаагаа шаардлагын дагуу хийсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Цутгалтын дараах бетон арчилгааг технологийн зааврын дагуу хийгээгүйгээс бетоны марк алдагдах тохиолдол байдаг. Үйлдвэрлэгчид дээж авах үүрэг байдаг. Гүйцэтгэгч нь бетоныг хүлээж авахдаа арчилгаа хийсэн үү, арчилгаа хийгээгүйгээс марк унасан уу гэдэг дээр маргаан үүсээд явж байгаа. Шингэн зуурмаг бүтээгдэхүүнийг яаж чанартай бетон болгох эсэх нь хийж гүйцэтгэж байгаа хүнээс хамаарна. Гэтэл гүйцэтгэгч Барилгын хийц бүтээц, төмөр бетоны норм дүрмийг мөрдөөгүйн улмаас бетоны марк унасан. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 4.7, 5.9-д цутгалтын дараах бетон арчилгааг зааврын дагуу хариуцагч хийх үүрэгтэй бөгөөд Оригакен ХХК-ниар ажил гүйцэтгүүлсэн мөнгөө өөрсдөө төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭЭЭР ХХК нь хариуцагч ӨЭБЭ ХХК-нд холбогдох Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82.679 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ӨЭБЭ ХХК-нд даалгах, хариуцагч ӨЭБЭ ХХК нь нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-нд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хариуцагч ӨЭБЭ ХХК нь /худалдан авагч буюу Б тал/  нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-тай /худалдагч буюу А тал/ 2014 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч захиалгат маркийн дагуу бетон зуурмагийг үйлдвэрлэн өөрийн тээврээр худалдан авагчид нийлүүлэн, шахаж өгөх үйлчилгээ үзүүлэх, худалдан авагч бетон зуурмагийг худалдан авч төлбөрийн 50 хувийг нийлүүлэгчийн банкин дахь дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх, уг барилгад баригдаж буй үйлчилгээний төв болон талбайн хэмжээнээс шалтгаалан жижиг квадраттай бол 2 ширхэг орон сууц, том квадраттай бол 1 ширхэг орон сууцаар нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 50 хувьд нь өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч А тал нь гэрээний 3-т зааснаар бетон зурмагийг Б талын тавьсан шаардлагын хэмжээнд  маркийн дагуу чанартай үйлдвэрлэн, өөрийн тээврээр хугацаанд нь хүргэн шахаж өгөх үйлчилгээг үзүүлж, бүтээгдэхүүний марк, тоо хэмжээ, жолоочийн нэр, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг тэмдэглэл хийсэн баримтыг 3 хувь үйлдэн нэг хувийг Б талд гарын үсгээр баталгаажуулан өгөх, худалдан авагч Б тал нь гэрээний 4-т зааснаар бетон зуурмагийг худалдан авч, төлбөрийг цаг хугацаанд нь хийх, бетон зуурмагийн 50 хувийн төлбөрийг бетон зуурмагийн нийлүүлэлтийн гүйцэтгэлээр шахалт хийснээс хойш 7 хоногийн дотор харилцагч банкны дансанд шилжүүлэх, бетон зуурмагийг тээврийн машины марк, улсын дугаар, жолоочийн нэр, зуурмагийн марк, тоо хэмжээ зэргийг бичсэн падаантай тулган үзэж, гарын үсэг зурж хүлээн авна, Энэхүү баримтыг үндэслэн эцсийг тооцоог А талтай хийнэ. Цутгалтийн дараах бетон арчилгааг зааврын дагуу хийж, бетоны чанарыг алдагдуулахгүй байх  үүргийг тус тус хүлээжээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нь гэрээнд тохирсоноор 2014, 2015 онд бетон зуурмагийг үйлдвэрлэх, нийлүүлэх, шахуулах захиалга өгч, захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эцсийн байдлаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлж худалдагч нь 2014 онд 1.114.465.900, 2015 онд 466.240.000, нийт 1.580.705.900 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс худалдан авагч 2014 онд 599.579.900, 2015 онд 120.788.000 нийт 720.367.900 төгрөгийг бэлнээр өгч 267.480.000 төгрөгийг бартерийн орон сууцаар төлж, үлдэгдэл 592.858.000 төгрөгийг бартераар орон сууц өгч төлбөрийг төлөхөөр тохирсон.

 

Энэхүү тохиролцоогоо баталгаажуулж хариуцагч ӨЭБЭ ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-тай Блуе жем хотхоны  Б блокт байрлах 15 давхарын 81 тоот 117.43 мкв талбайтай орон сууцыг 352.296.000 төгрөгт, 11 давхарын 98 тоот 82.679 мкв талбайтай орон сууцыг 248.037.000 төгрөгт тооцож Орон сууц захиалгаар барих гэрээ тус тус байгуулж, 81 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн төлбөрт тооцон шилжүүлсэн байна.

 

Шүүх  хуралдаанд зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн нөхцөл, гэрээний үүргийн биелэлтэд төлөгдсөн төлбөр, үлдэгдэл төлбөр 592.858.000 төгрөгт бартераар барилгын 81, 98 тоотод байрлах орон сууцыг шилжүүлхээр тохиролцон 81 тоот орон сууцыг нэхэмжлэгчид төлбөрт тооцон шилжүүлсэн болохоо зөвшөөрч тайлбарлан, дээрх үйл баримтад маргаагүй болно.

Хариуцагч тал шүүх хуралдаанд “нэхэмжлэгч нь барилга дээр чанаргүй,  захиалсан марктаа хүрэхгүй бетон нийлүүлсэн. Энэ нь ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, 27.000.000 төгрөгийг хохиролд тооцон хассан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн бетон зуурмаг, төлбөрийг тооцож гэрээг дүгнэн  эцсийн үлдэгдэл 592.858.000 төгрөг төлөхөөр нэг бүрчлэн нийлж харилцан баталж тооцоо нийлсэн, гэрээний үлдэгдэл төлбөр 592.858.000 төгрөгийг бартерийн орон сууцаар төлөхөөр тохирч тухайн барилгаас 81, 98 тоот гэсэн орон сууцаар төлбөр төлөхийг зөвшөөрч Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, 81 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн хүссэнээр 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээг Б.Алтанзултай байгуулж байрыг шилжүүлсэн, 98 тоот орон сууцыг, түлхүүрийн хамт 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Байр хүлээлцэх акт /2 дугаар хавтас 14 хуудас/-аар нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-нд хүлээлгэн өгсөн байна.

 

Хариуцагчийн тайлбарласан 27.000.000 төгрөгийг талууд хохиролд тооцож хассан талаар баримтгүй, энэ талаар тооцоо нийлсэн актад дурдагдаагүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургуулийн барилгын салбар проф.Док Я.Дын гаргасан Барилгын Экспертизийн тайлангаар “барилгын төмөр бетон дам нуруу, баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлагыг хангахгүй, төмөр каркаст үүссэн эвдрэл, согог байхгүй боловч А блокын 1-4 давхарын зарим баганад микро ан цав үүссэн байна, барилгын үндсэн даацын бүтээцийн хотойлт хэв гажилт хэвийн, төмөр бетон каркасын шинээр хийсэн тооцоонд төмөр бетон бүтээцийн бетоны ангийг В2, 1-р давхарын баганын хөндлөн огтлолыг 60х60 см, 2-р давхарын хоосон зайг 1-р давхарт байхаар тус тус авч бусад тооцооны үзүүлэлтийг зураг төсөлд заасны дагуу тооцоо  хийхэд барилгын зоорь, 1 ба 2-р давхаруудын диафрагм ханагүй багануудын арматурчлал нь ажлын зургийн арматурын шаардлагыг хангахааргүй гарч байна гэж дүгнэн барилгын зураг төслийн зохиогчтой зөвшилцөж зоорь, 1, 2-р давхарын диафрагм ханагүй багануудыг хүчитгэхийг, барилгын 1-4 давхарын зарим баганад үүссэн ан цавд ажиглалт хийхийг”  тус тус зөвлөсөн байна. Энэхүү тайланд нэхэмжлэгчийн  нийлүүлсэн бетон зуурмагийн марк, чанар нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, барилгын норм дүрэмд заасан хэмжээнд хүрч байгаа эсэх талаар тусгагдаагүй, Я.Д нь гэрчийн мэдүүлэгтээ “энэ хоёр компани бетон хүлээлцэхдээ шинжилгээ хийх ёстой, бетоны хөдөлгөөнт чанар, бетоны температур, агаарын агууламж, бетоны дээж авч хлорын агууламж үзэх ёстой. Бетоны бат бэх нь 50 хувь нь үйлдвэрлэгчийн бетоны орц найрлагаас, нөгөө 50 хувь нь барилгын гүйцэтгэгчийн арчилгаанаас хамаардаг” гэж тайлбарласан тул уг тайлан зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмаг чанарын шаардлага хангахгүй, захиалсан маркандаа хүрээгүй гэж шууд буруутгах үндэслэл болохгүй байна.

 

Иймд Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82.679 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ЭЭЭР ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч ӨЭБЭ ХХК-нд даалгах тухай нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч ӨЭБЭ ХХК нь нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-нд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэл гаргасан байна.

 

ӨЭБЭ ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЭЭЭР ХХК-нд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх бетон зуурмаг гэрээнд заасан маркандаа хүрэхгүй байгаа талаар, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бетон зуурмаг маркандаа хүрээгүй, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС БАС-ын дүгнэлт гарсан, 1,2 давхарын диафрагм ханагүй багануудыг хүчитгэхийг зөвлөсөн тул ажлын зардлыг нэхэмжлэх, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барилгын бетоны бат бэх байдалд шаардлага хангаагүй дүгнэлт гарсан тохиолдолд бүх хохиролыг нэхэмжлэх, талаар мэдэгдэл тус тус  хүргүүлж байсан боловч худалдагчийн гэрээгээр нийлүүлсэн бетон зуурмаг худалдан авагчийн захиалсан марканд хүрээгүй болон чанарын доголдолтой болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй, худалдагчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн маркандаа хүрээгүй нь Барилга Архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн 2015 оны 05 дугаар сарын 20, 06 дугаар сарын 22, 11 дүгээр сарын 20 /хх-136-139 хуудас/-ны өдрийн шинжилгээний дүнгээр тогтоогдоно гэж тайлбарлан баримтыг ирүүлсэн боловч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн доголдолтой болохыг нотолсон талаарх баримтыг ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэл нь бичгийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, хэрэгт ирүүлсэн баримтууд мөн хуулийн 44 дүгээр зүйүлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчсөн байна.

 

Хариуцагч ӨЭБЭ ХХК-иас нэхэмжлэлийн татгалзал, сөрөг шаардлагын үндэслэлээ нотлохоор хэрэгт ирүүлсэн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар сануулж мэдэгдсэн боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

 

Талуудын хооронд 2014, 2015 онд байгуулагдсан Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээгээр ӨЭБЭ ХХК-нд нийлүүлсэн бүтээгдэхүүний бетон сорьц нь худалдан авагчийн захиалсан маркаар нийлүүлэгдэж байсан болох нь Барилга Архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /2 хавтас 87-108 хуудас/-гээр тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг байлцуулж үйлдвэрлэгч компаний зуурмагийн компьюторт хийсэн үзлэгэр 2014 оны 06 дугаар сарын 28-наас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ӨЭБЭ ХХК-нд захиалгаар нийлүүлсэн бүтээгдэхүүний марк, хэмжээ, компаний нэр, жолоочийн нэр, машины дугаар бүхий бичиглэл хадгалагдсан байлаа.

 

Үзлэгээр туршилтын байдлаар газар дээр нь орц найрлага оруулдаг комюьторт дурын машины дугаар, компани, маркийг сонгож найруулага оруулахад автоматаар зуурагдаж үндсэн компьюторт өгөгдлөө шилжүүлж байсан ба зуурагдсаны дараагаар өгөгдсөн бичиглэлүүд бүгд баталгаажин принтэрлэгдэж, хамгийн сүүлд орц найрлага оруулдаг компьютороос бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт хэвлэгдэн гарч ирсэн болно.

Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний 3.4, 4.3-т зааснаар худалдагч, худалдан авагч нь нийлүүлсэн бетон зуурмагийг Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар хүлээлцэж, энэхүү баримтаа үндэслэн эцсийн тооцоог тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, хариуцагч чанаргүй зуурмаг нийлүүлсэнээс багануудад ан цав үүссэн гэж тайлбарладаг боловч энэ нь гэрээг зөрчиж стандартын шаардлага хангаагүй бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлсэн эсвэл цутгалтын дараах бетон арчилгааг технологийн зааврын дагуу хийгээгүйгээс гарсан үр дагавар аль нь болох нь тогтоогдоогүй байна.

 

Хариуцагчийн сөрөг шаардлага нь баримтаар нотлогдоогүй тул Оригакен ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 26, 29-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр 8, 14 ширхэг баганыг дэвшилтэт технологи болох фибер материалаар хүчитгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Оригакен ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ,  барилгын явцын фото зураг, 12 дугаар сарын 06-ны өдрийн Оригакен ХХК-ийн Ажил гүйцэтгэсэн акт гэсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар доголдолтой холбоотой шууд гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-нд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ӨЭБЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн ирүүлсэн СД-нд үзлэг хийсэн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, Оригакен ХХК-ийн захирал Г.Оргил, Д.О нар ӨЭБЭ ХХК-ийн барьж буй барилгад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн, ӨЭБЭ ХХК-ийн нягтлан Б.Баясгалан тооцоо нийлсэн акт үйлдсэн, 27.000.000 төгрөгийг барилгад хүчитгэл хийсэн ажлын хөлс болгон бэлэн төлснөөр тооцоо нийлсэн гэж мэдүүлсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, гэрч А.Ц бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, төлбөрийн талаар мэдүүлсэн болно.

 

Зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,   хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                              

   ТОГТООХ нь:   

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  Баянгол дүүрэг 6 дугаар хороо Блуе жем-4 цогцолборын Б блок 11 давхар 98 тоот 82.679 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ЭЭЭР ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагч ӨЭБЭ ХХК-нд даалгасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ӨЭБЭ ХХК-наас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-нд олгосугай.

 

           3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-нд холбогдох 2014 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний улмаас учирсан хохиролд 598.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ӨЭБЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ӨЭБЭ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.148.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            5. Шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 102/ШЗ2018/12791 захирамжийн нэхэмжлэгч ЭЭЭР ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжилж зогсоосон 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА