Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 117/2017/0013/з |
Дугаар | 224 |
Огноо | 2018-05-14 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 224
Б.Ө, Б.Э, Л.Б нарын нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/48 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах”
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0089 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б, нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нарын өмгөөлөгч С.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж,
Гуравдагч этгээд А.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.3.2, 33-р зүйлийн 33.1, 33.1.2, 60-р зүйлийн 60.2, 61-р зүйлийн 61.1, Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө, Б.Э, Л.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2-р сарын 2-ны өдрийн А/48 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0089 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нараас “Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Монгол өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Т би Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нараас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA2018/0089 тоот магадлалыг эс зөвшөөрч түүнийг хүчингүй болгуулж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA2018/0089 тоот магадлалын “Хянавал” хэсэгт: Нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нар Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрхийг зөрчсөн, оршин суугчдын орц гарцыг хаасан, хүүхдийн тоглоомын талбай дээр газар олгосон, Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй...” хэмээн тайлбарласан байна гэж буруу ташаа дүгнэсэн байна.
5. Нэхэмжлэгч нарын зүгээс 1-рт: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай” заалтын хүрээнд Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар маргаан бүхий иргэн А.Т-т олгосон /одоо байгаа Х б ХХК-ны урд/ байршилтай 65 м.кв газрын талаар нэг ч хэлэлцээгүй, энэ нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл болон Аймгийн ГХБХБГ-аас гаргаж өгсөн схем зургууд дээр ч уг маргаан бүхий газрын талаарх зураг байхгүй, тэрч байтугай Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтыг ирүүлэх тухай албан тоотын хариуд ирүүлсэн бичгийн баримтуудад, тухайлбал: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолын хавсралтад иргэн А.Т-т олгосон гэх газрын талаар нэг ч баримт байхгүй байсан, энэ талаар шүүх хурлын тэмдэглэлд тодорхой дурдагдсан байгаа.
6. Энэ маргаан бүхий газрын талаар Аймгийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариагүй байхад хариуцагч ГХБХБГ-ын мэргэжилтэн Р дээрхи хуралд Аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс уг газрын хэлэлцүүлэхээр оруулсан байна гэж тайлбарласан шүүхийн дүгнэлт нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “... тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай” заасаар байтал газрын албаны мэргэжилтэн өргөн барьж байгаа нь буруу гэж нэхэмжлэгч тал маргасан болно.
7. Мөн хариуцагч талаас шүүх хурал болох өдөр гэнэт А.Т-т олгосон газрыг “14 дүгээр байрны хойд талд” олгохоор 2015 оны 27 дугаар тогтоолын хавсралтад тусгасан мэт бичгийн баримтыг гаргаж өгсөн боловч энэ бичгийн баримт нь эргэлзээтэй гэж маргасан Учир нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын материалуудыг компьютерт суулгахад дээрхи тогтоолын хавсралтыг дугаарласан дугаар минийх биш, өөр хүний бичгийн хэлбэр байна гэж гэрч Б.Г мэдүүлснээр нотлогддог.
8. 2-рт: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолоор 2015 оны сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байтал Аймгийн Засаг дарга А/48 тоот захирамжаараа иргэн А.Т-т дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрыг “үйлчилгээ, худалдааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна” гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа. Харин нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй байна гэдэг талаар маргахгүй. Үнэлгээ хийлгэсэн баримт хавтаст хэрэгт байгаа болно.
9. 3-рт: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж хуульчилсан бөгөөд иргэн А.Т-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын талаар сумын Засаг даргаас санал аваагүй, мөн санал авсан эсэх талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сайнцагаан сумын Засаг дарга М-д албан бичиг хүргүүлсэн боловч тэрээр албан бичигт хариу ч өгөөгүй, бичгийн баримт ч ирүүлээгүй, мөн шүүх хуралд ирээгүй нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх Аймгийн Засаг дарга Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолын заалттай нийцүүлж Сумын Засаг даргаас санал авсан байна гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
10. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...Нэхэмжлэгч нарын амьдардаг 14 дүгээр байрны хойд талд байршилтай байх ба уг газар дээр 5x13 м-ийн хэмжээтэй 2 давхар үйлчилгээний зориулалттай байшин баригдсан, уг байшин нь нэхэмжлэгч нарын амьдарч буй хэсгийг нар болон гэрлийн тусгалаас халхалсан, нөхцөл байдал болоогүй, уг газар нь бодит байдал дээрээ ямар нэг тоглоомын талбай, ногоон байгууламж, тохижуулсан зам, талбай байгаагүй байсан, байрны иргэдийн орцыг хаагаагүй, мөн бусдын эзэмших эрхийг зөрчөөгүй” байна. Нэхэмжлэгч нараас явган хүний замыг хаасан, замгүй болгосон гэж маргах боловч хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийсэн, фото зураг, ...зориулалтын явган хүний зам тавьж 24 цагийн гэрэлтүүлэгтэй камер байрлуулж, харуул хамгаалалттай болгож орчин нөхцөл илт сайжирсан гэсэн тайлбараар үгүйсгэгдсэн” гэж дүгнэх боловч бодит байдал дээр А.Т нь явган хүний зориулалтын зам тавиагүй, 24 цагийн гэрэлтүүлэг болон камер ч тавиагүй, зөвхөн дэлгүүрийнхээ үүдэнд дэлгүүр лүү харсан хэсэгт гэрэлтүүлэгч тавьсан, харин камер тавиагүй байсан.
11. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д “...орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан, ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгохоор хуульчилсан” бөгөөд дээрхээс үзэхэд орчны газарт газар эзэмшүүлсэн гэж дүгнэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нарын оршин суудаг 14 дүгээр байрны хойд тал, “Х б” ХХК-ны байшин 2-ын хооронд 10-15 метрийн зайтай газар байсан бөгөөд энэ газарт хүүхдүүд тоглож, хөгшид нарладаг, хүмүүс аймгийн төв рүүгээ гарч ажил, сургууль, цэцэрлэгтээ явдаг ганц явган гарц, орц нь байсан. Гэтэл одоо А.Т-ийн барьсан байшингийн булан доогуур 80 см зайтай өргөнтэй, 1 метр гарангийн өндөртэй газрыг явган хүний гарц болгож тохижуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь буруу, тэгээд ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас “газар хөдлөлт, ус, үер, галын аюул” болоход энэ явган гарц гэх нүхэнд хэдэн хүний амь нас үрэгдэхийг таах боломжгүй гэж үзэж байгаа учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
13. Нэхэмжлэгч нараас “Дундговь аймгийн Засаг дарга байсан С.О 2016 оны 02 дугаар сарын 02-ны өрийн А/48 дугаар захирамжаар А.Т-т Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах одоо байгаа “Х б” ХХК-ийн урд талд байршилтай 65 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан нь уг газрын урд байрлах ...14 дүгээр байр буюу 48 айлын оршин суугчдын эрх ашгийг хөндсөн” гэж, хариуцагч “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд ... 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны хойд талд иргэн А.Т-т 65 м.кв газрыг эзэмшүүлсэн” гэж тус тус маргажээ.
14. Гуравдагч этгээд А.Т-т Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/48 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжаар Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт /Одоо байгаа “Х б” ХХК-ний урд талд/ байршилтай 65 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна.
15. Маргаж буй 65 м.кв газар нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 14 дүгээр байрны хойд талд үйлчилгээний зориулалтаар 65 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан, энэхүү газрыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасантай нийцсэнээс гадна Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны актаар олгогдсон газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох хэмжээнийх биш байх тул дуудлага худалдаа зарлаагүй, хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүүлсний дараа гэрээ байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах хуулийн үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
16. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий 65 м.кв газарт барьсан 2 давхар, 5х13 метрийн хэмжээ бүхий үйлчилгээний зориулалттай барилга нь нэхэмжлэгч нарын амьдарч буй 14 дүгээр байрны хойд талд байрших бөгөөд “...энэ газарт хүүхдүүд тоглож, хөгшид нарладаг, хүмүүс аймгийн төв рүүгээ гарч ажил, сургууль, цэцэрлэгтээ явдаг ганц явган гарц, орц нь байсан” гэсэн гомдол нь шүүхийн үзлэгээр үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
17. Мөн хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө батлах тухай” 27 дугаар тогтоолоор “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар маргаан бүхий иргэн А.Т-т олгосон байршилтай 65 м.кв газрын талаар нэг ч хэлэлцээгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолоор 2015 оны сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ...Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын гомдол үгүйсгэгдэж байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
18. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0089 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН