Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00290

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03741 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б, Д.Б , Д.О, С.Ү нарт холбогдох,

53 430 831 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 29 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ын, 14 500 000 төгрөг гаргуулах тухай Д.Б-гийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагч Д.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гантөмөр,

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баярсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С  хариуцагч Б.Б  тай найз нөхдийн харилцаатай бөгөөд намайг 2015 оны 7 дугаар сард Япон Улс руу явах гэж байхад найз Б.Б   ирээд найзаа машинаа барьцаалаад зээл аваад өгөөч, чамайг японоос ирэхэд зээлийн мөнгийг төлөөд машиныг чинь барьцаанаас чөлөөлөөд аваад өгье, найз нь тендерийн ажил авах гээд мөнгө хэрэг болоод байна гэж гуйхаар нь өөрийн өмчлөлийн “Лексус-570” маркын авто машинаа “Скай ворлд финанс ББСБ” ХХК-д барьцаалж 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд Н.С  би гарын үсэг зурж, мөнгийг Б.Б  ын данс руу шилжүүлсэн. Ингээд намайг Япон Улсаас ирэхэд зээл төлж, миний машиныг барьцаанаас чөлөөлөөгүй байсан ба үүнээс хойш 6 сар өнгөрсөн боловч машиныг авч өгөөгүй. Ингээд би зээлээ төлж машин авч өгөхийг шаардахад Б.Б  нь уг 90 000 000 төгрөгийг Д.Б-д, Д.Б нь Д.О-т, Д.О нь С.Ү гэгчид дамжуулан шилжүүлсэн байсан. Улмаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруй хугацаанд шалгаад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү эрүүгийн хэргийг шалгах явцад хохирогч Н.С надаас болон яллагдагч нараас нийт 143 413 660 төгрөгийг “Скай ворлд финанс ББСБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлж, миний автомашиныг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд үүнээс 119 500 000 төгрөгийг яллагдагч нар төлсөн болохыг тогтоосон. Иймд Н.С миний бие зөрүү 23 913 000 төгрөгийг “Скай ворлд финанс ББСБ” ХХК-д төлсөн байх тул хариуцагч нараас нэхэмжилж байна. Мөн би зээлийн гэрээний барьцаанд байсан “Лексус 570” маркын машинаа барьцаанаас чөлөөлөхдөө “Хас банк” ХХК-иас 80 000 000 төгрөгийн, жилийн 23.40 хувийн хүүтэй зээл авч барьцаалагч “Скай ворлд финанс ББСБ” ХХК-д 72 082 660 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлж барьцаанд байсан машинаа авсан бөгөөд “Хас” банкны зээлийн хүүнд өнгөрсөн хугацаанд 29 517 831 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нараас нийт 53 430 831 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татсан С.Ү-ын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул С.Ү-ыг хамтран хариуцагчаар татахаас татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 53 430 831 төгрөгийг хариуцагч Б.Б, Д.Б, Д.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 7 сард иргэн Н.С-гаас 90 000 000 төгрөгийг барилгын ажилын баталгаанд байршуулна гэж авсан нь үнэн бөгөөд уг 90 000 000 төгрөгийг иргэн Д.Б-д шилжүүлэн өгсөн. Д.Б нь Д.О-т өгсөн, Д.О нь С.Ү-д өгсөн. Иймд Н.С-ийн нэхэмжилж буй мөнгийг би хариуцагч үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны хавар Д.Б сургууль, цэцэрлэгийн тендерийн ажилд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Энэ талаар Н.С д хэлж түүнээс мөнгө авахаар болсон. Олсон ашгаа Н.С  бид хоёр 70/30 хувиар хувааж авахаар тохирсон. Н.С-гаас авсан мөнгө миний дансанд 2 хоносон. Тэгээд л Д.Б-н дансанд мөнгө шилжүүлсэн. Н.С-гаас мөнгө зээлж аваагүй учраас төлөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх хариуцагч Д.О компанидаа тендер авсан. Тендерийн ажилд урьдчилгаа 150 000 000 төгрөг байршуулах шаардлагатай болсон. Энэ ажлаас 100 000 000 төгрөгийн ашиг олох боломжтой гэж Б.Б-тай уулзсан. Б.Б нь Н.С-г танилцуулж, Н.С гаас 90 000 000 төгрөг авахаар болсон. Ашиг сонирхолгүйгээр хүн өөрийнхөө машиныг 100 000 000 төгрөгийн барьцаанд барьцаалуулна гэж байхгүй. Өөрт нь ашигтай байж, бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ажил бүтэхгүй болж, Д.О-ын үйлдэл залилангийн гэмт хэргийн шинжтэй болсон. Н.С-ийн машины хүү, алдангийн төлбөрөөс би тухайн үед төлөлцөж байсан. Би Н.С-тай гэрээ байгуулаагүй, мөнгө өгч, авалцаагүй, зээлийн харилцаанд ороогүй. Иймд надаас зээлийн төлбөр нэхэх үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.С нь Д.О надад холбогдуулан 53 430 831 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд дараах тайлбарыг гаргаж байна. Д.О би Н.С-тай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй ба ямар ч өр төлбөр байхгүй. Н.С-гаас нэг ч төгрөг зээлж болон өөр бусад хэлбэрээр авч байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж намайг шалгасан боловч прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Иргэний хуулийн ямар үндэслэлээр надаас 53 430 831 төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 онд Д.Б надтай ирж уулзаад “Ричголден бүүлс” ХХК нь улсаас концессын гэрээгээр авсан ажлуудаас морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбум төгрөгийн ажлыг нь авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90 000 000 төгрөгийн хэрэг байна. Чи энэ мөнгийг гаргаад хоёулаа хамтарч ажиллаад ажлаа авсны дараа чиний оруулсан мөнгийг эхэлж өгөөд цаашид олсон ашгаа хувааж авъя гэж санал тавьсан. Ингээд надад мөнгө байхгүй байсан болохоор би Д.Б-г өөрийн найз Н.С-тай танилцуулж өгснөөс өөр зүйлгүй билээ. Ингээд Н.С, Д.Б нар харилцан тохиролцсон. Сүүлд нөгөө ажил нь бүтэлгүйтэж Н.С намайг болон Д.Б нарыг цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүссэн юм. Ингээд би цагдаад өдөр шөнөгүй дуудагдаж, хорино энэ тэр гэхээр нь цагдаагийн дарамтаас айсандаа огт аваагүй мөнгөний төлөө, Н.С, Д.Б нарыг танилцуулсныхаа төлөө 15 000 000 төгрөг өгсөн. Иймд энэхүү 15 000 000 төгрөгийг Н.С-гаас нэхэмжилж байна. Мөн Н.С-ийн эгч нь 2015 оны 5 дугаар сард надаас 5 000 000 төгрөг зээлсэн. 2015 оны 9 дүгээр сард Н.С  надаас 9 000 000 төгрөг тус тус зээлсэн. Иймд нийт 29 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.С-гаас гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Б-аас 9 000 000 төгрөг авсан гэдгээ санахгүй байна. Хэрэв Б.Б-аас 9 000 000 төгрөг би авсан бол баримтаа гаргах хэрэгтэй. Мөн Н.С-ийн эгч надаас 5 000 000 төгрөг зээлсэн гэлээ. Уг мөнгийг Н.С-гаас биш, эгчээс нь нэхэмжлэх хэрэгтэй. Н.С  эгчийнхээ зээлсэн мөнгөний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Б.Б нь өөрийн дансанд 90 000 000 төгрөг хүлээж авснаараа зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээх ёстой. Энэ үүргийнхээ дагуу 15 000 000 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Н.С-тай Б.Б-аар дамжуулан танилцсан бөгөөд “Ричголден бүүлс” ХХК нь улсаас концессын гэрээгээр авсан ажлуудаас морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбум төгрөгийн ажлыг авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90 000 000 төгрөгийг “Ричголден бүүлс” ХХК-ийн дансанд байршуулах шаардлага гарсан. Ингээд тус ажилд Н.С бид хоёр хамтран ажиллахаар тохиролцож 90 000 000 төгрөгийг Н.С гаргаж дээрх ажлын урьдчилгаа болох 70 хувийн хөрөнгө орж ирэхээр эхний ээлжинд Н.С-ийн гаргасан 90 000 000 төгрөгийг өгч, ажлаа дууссаны дараа олсон ашгийг хувааж авахаар Н.С-тай тохиролцсон. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхад хорино, барина гээд байхаар нь айсандаа илүү дутуу хүү, алдангид 14 500 000 төгрөгийг төлсөн. Нэгэнт хамтран ажиллахаар тохиролцсон байж ашиг олвол хувааж аваад эрсдэл гарвал би бүгдийг нь төлнө гэдэг нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд илүү төлсөн 14 500 000 төгрөгийг иргэн Н.С- гаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар Н.С-ийн авто машиныг “Скай ворлд финанс ББСБ” ХХК ХХК-иас авч өгөх үүрэгтэй. Хариуцагч Д.Б энэ төлбөрт 14 500 000 төгрөг төлсөн. Хэрэв Н.С-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл түүний хөрөнгө нэмэгдсэн байх ёстой. Гэтэл Н.С-ийн хөрөнгө 14 500 000 төгрөгөөр нэмэгдээгүй. Машин дээр нэмэх нь 14 500 000 төгрөг гэж байхгүй. Хариуцагч Д.Б  Б.Б-аас 90 000 000 төгрөг авч, захиран зарцуулсан. Д.Б нь 90 000 000 төгрөг захиран зарцуулсныхаа хариуцлагыг хүлээж, 14 500 000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар хариуцагч Д.Б-н зээлийн төлбөрт 14 500 000 төгрөг шилжүүлсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд нийцсэн үйлдэл. Хариуцагч нар бизнес хийхээр Н.С-гаас мөнгө зээлсэн. Мөнгөө алдчихаараа зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж ярьж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж цагдаа, прокурор төлбөр төлөхгүй бол хорино гэж айлгаж сүрдүүлсэн учраас би мөнгө төлсөн гэж ярьж болохгүй. Хариуцагч нарыг Эрүүгийн хэрэгт хохирлоо төл гэсэн учраас эдгээр хүмүүс хохирлоо төлсөн. Хариуцагч нарын Н.С-тай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Н.С Д.Б-гаас авсан 14 500 000 төгрөгийг “Скай ворлд финанс ББСБ” ХХК-д тушааж, зээлийн төлбөрөөс хасуулсан. Иймд хариуцагч Д.Б  14 500 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 23 913 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 517 831 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Б нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Ү-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583 060 төгрөг болон хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 000 төгрөгийг, хариуцагч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 277 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нь хариуцагч Д.Б-гийн Н.С-д холбогдуулан гаргасан 14 500 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн тухайд Д.Б-гийн Н.С-д шилжүүлсэн мөнгөний баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд, нэхэмжлэгч Н.С нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа мөнгө хүлээн авснаа үгүйсгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгч Н.С, Д.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид мөнгө өгсөн нь үнэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нь надаас авах ёсгүй мөнгө авсан, нэхэмжлэгч бид хоёрын дунд ямар нэгэн эрх үүрэг үүсээгүй учир би сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч нь надаас авсан 14 500 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03741 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.Б, Д.Б, Д.О нарт холбогдуулан 53 430 831 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч, хариуцагч Б.Б  нь 29 000 000 төгрөг, хариуцагч Д.Б нь 14 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.С гаас гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх-127 дугаар тал/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, мөн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид гардуулжээ. /хх-137 дугаар тал/

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-гийн сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа 14 500 000 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Н.С-гаас 14 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байсан гэж үзэхийн тулд хариуцагч Д.Б нь 14 500 000 төгрөгийг Н.С-д шилжүүлсэн, эсхүл “Скай ворлд финанс ББСБ” ХХК-д Н.С-ийн зээлийн үлдэгдлийг шилжүүлсэн эсэх тодорхой байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримтууд болон прокурорын тогтоол, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Н.С-гаас 14 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байсан эсэх үйл баримт нь прокурорын тогтоолд болон талуудын үйлдсэн тооцоонд 143 413 660 төгрөгт уг 14 500 000 төгрөг орж тооцогдсон эсэх нь тодорхой бус, маргааны үйл баримт тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03741 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

               

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                                                          

                                                                                                Г.ДАВААДОРЖ