Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 160

 

С.О, М.Э, У.Б, У.С,

“ДХ”, “МТ” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид,

нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Б.Мөнхтуяа

                                                 Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                       Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:         Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг тус тус илт хууль болохыг тогтоолгох, “МТ” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0087 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид,

Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн захирал М.Золбоот,

Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав, Хариуцагч нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл,

Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О, М.Э, У.Б, У.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 5/1082 тоот албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр нь “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа, нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нь “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 2, 4, 5 дугаар зүйлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 5/6972 тоот албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 5/1082 тоот албан бичгүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох, эзэмшил газрын хэмжээг нарийвчлан тогтоож, захирамжид өөрчлөлт оруулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаараа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дэх хэсгийн “а”, 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ”МТ” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгч “МТ” ХХК, “ДХ” ХХК-иудаас гаргасан “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.О, М.Э, У.Б, У.С нарын “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар тогтоолын 2.3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0087 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а, 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДХ” ХХК, “МТ” ХХК-ийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/980 дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, “МТ” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй 0231097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0087 дугаар магадлалыг дараах шалтгаанаар эс зөвшөөрч байна. Учир нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0835 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан нь учир дутагдалтай байна.

4 “МТ“ ХХК нийслэлийн Засаг даргын 2000 оны 270 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 7800 м.кв газрыг эзэмших болсон. Гэтэл 2006 онд газар эзэмших гэрээ сунгах, кадастрын нэгдсэн системд ороход манай компанийн эзэмшил газрын хэмжээ 10471,4 м.кв гэж тогтоогдсон, /18649312652439 талбар 2,751,3 м.кв, 18649312621401 талбар 5,137,9 м.кв, 18649312740527 талбар 2,582,2 м.кв/. Энэ газар нь гурван тусдаа байршилтай юм. 2000 онд манай эзэмшил газрыг бүдүүвчээр 7800 м.кв гэж тогтоосон нь алдаатай болжээ.

5. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл “МТ“ ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, газар дээр байгаа хашаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 100 айлын орон сууц, авто плазагийн барилга, агуулах, Цахилгааны ТП болон цэвэр бохир усны шугамын байршил өөрчлөгдөөгүй юм. Манай эзэмшил газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 512 дугаар захирамж, 2011 оны 257 дугаар захирамжаар 7800 м.кв гэсэн хэмжээгээр 2 удаа сунгасан байдаг.

6. 2016 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар “МТ“ ХХК-ийн удирдлага болон хил залгаа “Дахүрээ трейд“ ХХК, “Дөрвөн Өлзий” ХХК-ийн төлөөллийг байлцуулан газрын хяналтын хэмжилтийг үндэслэн хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Өмчийн Харилцааны газарт илгээсэн 02-03/1502 тоот албан бичигт “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжаар “МТ“ ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар 7,800 м.кв газрыг эзэмшүүлж газрын кадастрын мэдээллийн санд 18649312652439, 18649312621401, 18649312740527 дугаараар бүртгэгдсэн байна. “МТ“ ХХК нь 2000 оны 270 дугаар захирамжаар олгосон газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсгийг үндэслэн газрын мэдээллийн санд нэгж талбаруудыг бүртгэх холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ.

7. 2009 онд кадастрын зураглал хийх явцад ажил хариуцаж байсан мэргэжилтнүүд олон цэгийн холболт хийгээгүй, мөн газрын кадастрын санд зохих өөрчлөлт оруулаагүйгээс манай эзэмшил газрын хэмжилтэд 2.671.3 м.кв-ийн зөрүү гарсан. Энэ тухай нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт үнэлгээ мониторингийн газрын дүгнэлтэд тухайн ажлыг хариуцаж байсан ажилтны буруугаас кадастрын мэдээллийн санд залруулга хийгээгүй байна гэсэн.

8. Манай компани 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “МТ“ ХХК-ийн эзэмшил 7800 м.кв газрын хэмжээг нарийвчлан тогтоолгох, захирамжид өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээж аваагүй болно.

9. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0835 дугаар шийдвэр хуулийн зөв үндэслэлтэй байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн, хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “магадлалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. 

11. “МТ” ХХК нь 2000 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт 7800 м.кв газрыг эзэмшиж байгаа, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 512, 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгасан, эдгээр захирамжуудад эзэмших газрын хэмжээ өөрчлөгдөөгүй 7800 м.кв хэвээр байгаа, газар эзэмших гэрчилгээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусах болсон үйл баримтын тухайд маргаангүй болно.

12. Харин нэхэмжлэгч нь бодитоор дээрх захирамжид зааснаас илүү буюу нийт 10471 м.кв газар эзэмшиж байгаа нь тогтоогдсон, “...2000 оноос өгсөн газарт нь хашаагаа татсан хэвээр байгаа, гэтэл 7800 м.кв гэж бичсэн нь ойлгомжгүй...” хэмээн тайлбарлаж, одоогийн байгаа хэмжээгээр газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ гаргаснаас маргаан үүсчээ.

13. Нэхэмжлэгч ийнхүү захирамжид зааснаас илүү газар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ...гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

14. Аж ахуйн нэгж, байгууллага нь “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын ...хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ыг газар эзэмших хүсэлтдээ хавсаргаж ирүүлэхийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасан бөгөөд, анх өөрийнх нь хүсэлтэд дурдсан хэмжээгээр 7800 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн, газрын хэмжээний тухайд нэхэмжлэгч нь маргаагүй байх тул “...анх хашсан хэмжээгээр эзэмших эрхтэй...” гэх түүний тайлбар үндэслэлгүй.

15. Учир нь, газар эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх нь газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхээ баталгаажуулах нэг үндэслэл болохыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан бөгөөд “хашсан хэмжээ”-гээр биш, “эрх бүхий этгээдийн шийдвэрт заасан хэмжээ”-гээр газрыг эзэмших нь хуулийн шаардлага болно. 

16. Иймээс “...зөрчлөө арилгаагүй...” гэх шалтгаанаар “МТ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ...эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасныг зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

17. Нэхэмжлэгч нь дурдсан зөрчлийг арилгаснаар газар эзэмших эрхээ сунгуулах эрхтэй, хариуцагчийн зүгээс үүнийг үгүйсгэж маргаагүйг шүүхийн шийдвэрт тодорхой заажээ. 

18. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн “...эзэмшил газрын хэмжээг нарийвчлан тогтоолгох, захирамжид өөрчлөлт оруулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй байна.  

19. Энэ хэргийн бусад нэхэмжлэгчид болох иргэн С.О, М.Э, У.Байгалмаа, У.С  болон “ДХ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

20. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0087 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-оршихын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ