Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 549

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 964 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 201724000355 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Б.

Б.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны оройн 18 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 34 дүгээр гудамжны замд “***” ХХК-ний эзэмшлийн  “Тоёота Вокси” загварын *** УНУ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 нас 6 сартай Б.Д-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 688,940 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас 2 сарын хугацаанд гаргуулж, хохирогчийн төлөөлөгч М.Ж-т олгож, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шийтгэх тогтоолд заасан 688,940 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр /700,000 төгрөг, 2-р хх 24/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жанчивт төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. 2002 оны хууль үйлчилж байсан үед үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Б.Б-ы эрх зүйн байдлыг дордуулсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрсөн гэж үзэж байна. Үүнээс гадна анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн тохиолдолд 1.9 дүгээр зүйлд заасныг заавал журамлах ёстой атал журамлаагүй, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр хэвээр үлдээсэн болохыг дурдаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ зөвхөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дүгнэснээс биш бусад нөхцөл байдлууд болох “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгчид 2 жил хорих оногдуулж, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1, 36.7 дугаар зүйлийн 3.1-т заасныг буюу ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг заавал тогтоох ёстой атал энэхүү байдлыг бүрэн тогтоогоогүй, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад хорих ял оногдуулсан нь Б.Б-ы эрх зүйн байдлыг илтэд дордуулсан бөгөөд энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ /магадлалын 8-р тал/ “...хохирол төлсөн хэдий ч хохирогч Б.Д-т учирсан хохирол, хор уршиг арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн үзэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ хохирогч болон улсын яллагч шүүх хуралдаанд оролцоогүй байтал хохирогчийн биеийн байдлыг мэдэж байгаа мэтээр бодит байдалд нийцээгүй хийсвэр дүгнэлт хийж, Б.Б-ы эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Б.Б- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-с уучлалт гуйн 480,000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан байдаг. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Б.Б-аас нэмж нэхэмжилсэн зардлыг анхан шатны шүүхээс 688,940 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Н.Ж-н дансанд 700,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус төлсөн байдаг.

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой билээ. Иймд Б.Б-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тэнсэн харгалзаж өгнө үү гэж хүсэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар оногдуулахаар заасан бол хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, энэ хуулийн тусгай ангид оногдуулах хорих ялын доод хэмжээг 1 жил, түүнээс дээш 8 жил хүртэл хугацаагаар заасан бол хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж заасан. Б.Б-ы холбогдсон 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Эндээс хуулийн уг зүйл заалтыг хэрэглэхэд эргэлзээ бүхий байдал үүсч байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийднэ гэж заасан. Тийм учраас Б.Б-ы холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Б-д холбогдох хэргийн хувьд хуучин хуулийн үед үйлдэгдсэн байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулж байгаа нь шүүгдэгчийн хувьд ашигтай гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлах нь зүйтэй.  Мөн шийтгэх тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн талаар дүгнэлт хийгээгүйг зөвтгөх шаардлагатай гэж үзэж байна. Б.Б-ы үйлдсэн хэргийн хувьд нотлогдсон, уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Хорих ялын хувьд тусгайлан гаргах саналгүй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваажаргалын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны оройн 18 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 34 дүгээр гудамжны замд “***” ХХК-ний эзэмшлийн  “Тоёота Вокси” загварын *** УНУ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 нас 6 сартай Б.Д-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2. дахь хэсэгт “Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна. ...” гэж  тус тус зааснаас үзэхэд хорих ялын доод хэмжээг 1 жилээр тогтоожээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад хорих ялын доод хэмжээг “зургаан сараас гурван жил хүртэл” хугацаагаар гэж хорих ялын доод хэмжээг багасгаж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнссэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 964 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, түүнийг нэн даруй сулласугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН