Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 964

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, О.Даваажаргал,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Б-д холбогдох 2017 2400 0355 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Б, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Голден Хаммер” ХХК-д бульдозерын операторч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НШ67031494/;

Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 24 дүгээр гудамжны замд “Юниверсал трейдинг корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Вокси” загварын 41-73 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Д-ыг /1 нас 6 сартай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 688.940 төгрөгийг шүүгдэгч Б.Баас 2 сарын хугацаанд гаргуулан хохирогчийн төлөөлөгч Н.Ж-т олгож, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ны BCD ангиллын 249439 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, шүүгдэгч Б.Б-ыг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гэмт хэргийн улмаас бусдад төлөгдөх хохирол болон гэм буруугийн хэлбэр дээр ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

Миний бие өдгөө 50 гаран жил насалж, маш олон жил тээврийн хэрэгсэл жолоодчихоод маш том алдаа гаргаж, санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж бага насны хүүхдийг гэмтээж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна.

Миний бие тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэгэн санаатай үйлдэл байгаагүй, мөн согтуурах болон мансуурах бодис хэрэглээгүй байсан ба цэвэр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа маш том алдаа, эндэгдэл гаргасан.

Иймд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учирсан бодит хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан ба цаашид ч хохирогчийн зүгээс холбогдох материалаа бүрдүүлэн иргэний журмаар ямар нэгэн хохирол нэхэмжилбэл сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Мөн дээрх нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ны өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс Б.Б-ыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хавтас хэрэгт авагдсан баримтын дагуу шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн.

Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ зөвхөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг дүгнэснээс биш бусад нөхцөл байдлууд болох “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэгт дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгч Б.Б-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалт, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэргийн нөхцөл байдлын хувьд Б.Б нь хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэл бөгөөд тухайн үед 1 нас 6 сартай Б.Дыг өөрийн автомашинаасаа буулгаад хууль ёсны төлөөлөгч Н.Ж-т хүлээлгэн өгсөн байдаг. Үүний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж нь автомашинд үлдсэн бусад хүүхдүүдэд хандаж үдэлт хийснийх нь дараа Б.Б өөрөө автомашиныхаа хойд хаалгыг гадна талаас нь хааж, автомашиндаа суугаад хөдөлсөн байдаг болох нь хавтас хэрэгт авагдсан Б.Бы яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жанчивын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байдаг.

Товчхондоо бол Б.Б нь “Б.Д-ыг асран хамгаалагч болох Н.Ж-т хүлээлгэн өглөө, Н.Ж нь Б.Д-ыг ахынх нь хамтаар дагуулан автомашиных нь араар тойрч гэртээ орж байна” хэмээн ойлгоод тээврийн хэрэгслээ асааж, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн гэж ойлгохоор байна. Энэ нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсан гэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд энэ талаараа мэдүүлсэн мэдүүлгээр нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

Мөн Б.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жанчиваас уучлалт гуйн 480.000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Б.Б-аас нэмж нэхэмжилсэн зардлыг анхан шатны шүүхээс 688.940 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Н.Жанчивийн дансанд 700.000 төгрөг төлсөн байдаг.

Нэмж хэлэхэд Б.Б нь осол гарсан гэдгийг сонссон даруй хэргийн газар даруй очин, хохирогч Б.Д-ыг өөрийн автомашинаараа гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэн эмнэлгийн туслалцааг цаг алдалгүй авах бололцоог бүрдүүлсэн байдаг юм. Эдгээр нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бүрэн дүүрэн харагдаж байна. Мөн хохирогчид цаашид гарах зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жанчивийн хүүхдээ асран ажилгүй байсан хугацааны цалин зэргээ баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжилбэл нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа юм.

Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд болох Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Харин эсрэгээрээ буюу Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал огтоос тогтоогдохгүй байдаг.

Шүүгдэгч Б.Б нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хувь хүний зан байдлыг хувьд нийгэмд аюулгүй, өөрийн хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, нийгэм болон улс орондоо тодорхой үүрэг гүйцэтгэсэн, хүний сайн эцэг, хань бөгөөд нас тогтож буй 51 настай Монгол Улсын эгэл жирийн нэгэн иргэн байдаг бөгөөд ийм хүнийг заавал нийгмээс тусгаарлан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б-ны үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн төрлийн гэмт хэрэг буюу хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл хугацаагаар тогтоосон байдаг бөгөөд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хууль зүйн бүрэн боломжтой билээ.

2. Энэхүү осол хэрэг нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна. Мөн тухайн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулах хорих ялыг тэнсэх боломж байдаг. Харин Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял шийтгэл нь зөвхөн 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа нь Б.Б-ны эрх зүйн байдлыг оногдуулж болох ял шийтгэлийн төрлөөрөө дордуулсан гэж ч үзэж болохоор байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасан үндэслэлээр өөрчлөлт оруулан, Б.Б-ыг хорих ялаас чөлөөлж, эсхүл түүнд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ны өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Б.Б-д оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 24 дүгээр гудамжны замд “Юниверсал трейдинг корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Вокси” загварын 41-73 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Дыг /1 нас 6 сартай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж /1-р хх 21-23/, гэрч Х.Э /1-р хх 39/, Э.У /1-р хх 115-116/, Г.Б /1-р хх 118-119/, Ж.Э /1-р хх 125-126/, иргэний хариуцагч Э.Бүжлхам /1-р хх 43-44/, шинжээч эмч С.О /1-р хх 70, 128-129/, Э.М /1-р хх 123-124/ нарын мэдүүлгүүд,

Автотээврийн үндэсний төв, ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1-р хх 53-62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6293, 6528 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 63-66, 67-69/, Замын Цагдаагийн албаны шинжээчийн  301 дугаартай дүгнэлт /1-р хх 71-73/,

зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 10, 14/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1-р хх 15-16/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх 30-38/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 130-131, 132-134/, зам тээврийн осол, хэргийн газрын ойр орчимд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 139/, хохирлын баримтууд /1-р хх 172-174, 234-238/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Быг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б-ны өмгөөлөгч О.Даваажаргал “... Б.Б-д холбогдох хэрэг нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна. ...” гэж тус тус зааснаас үзэхэд хорих ялын доод хэмжээг 1 жилээр тогтоожээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хорих ялын доод хэмжээг “зургаан сараас гурван жил хүртэл” хугацаагаар гэж хорих ялын доод хэмжээг багасгаж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч Б.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд дурдсан 688.940 төгрөгийг /2 хх-24/ төлсөн хэдий ч хохирогч Б.Д-т учирсан хүнд хохирол, хор уршиг арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн үзэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шийтгэх тогтоолд заасан 688.940 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр /700.000 төгрөг,  2-р хх 24/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-т төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                            

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЧМАНДАХ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ