Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 726

 

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            улсын яллагч Н.Уранбайгаль,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б овогт Б Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2400 0355 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны 18:10 цагийн орчимд Тоуоtа Vоху маркийн 41-73  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх. хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнийн улмаас /1 нас 6 сартай, эрэгтэй/ Б.Д-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэргийн газарт очиход шороон, шулуун тэгш, уруу, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэр хорооллын гудамжтай, хүүхэд мөргүүлсэн эсэхийг ээж нь хараагүй, жолооч мэдээгүй гэх, хүүхэд хэвтэж байсан гэх газрыг ээж Ж-аар заалгаж хэмжилт хийв. Автомашины доод хэсгийг жолооч Б болон ээж Ж нарыг байлцуулан үзлэг хийхэд зүүн урд талын тэнхлэгийн гар дээр арчигдсан  мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх /хх-10-16/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын ойр орчимд үзлэг хийсэн тэмдэглэл:“...хэрэг учрал гарах үед жолооч Б-ы явсан гэх газраар тухайн 41-73  дугаартай автомашиныг нь жолоодуулан явж үзэхэд замын бартаа  саад байхгүй, автомашины доод тэнхлэг тулах, зурагдах, огцом эргэлтгүй байсан, гар утсаар бичлэг хийв.../х-139/,        

Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан магадлагаа /хх-17/,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байдаг “Мөнхдүүрэн” нэртэй цэцэрлэгээс тус дүүргийн 24 дүгээр хороонд амьдардаг айлуудын бага насны 6 хүүхэд, өөрийн бага насны 2 хүүхдийн хамт тус цэцэрлэгийн хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгч, авдаг. Т.VОКҮ маркийн 41-73 улсын дугаартай автомашинтай жолооч Б.Б, жолоочийн хажуу суудалд 2 бага насны хүүхэд хойд суудалд зургаан бага насны хүүхэдтэй би өөрөө хойд суудалд суугаад явсан...Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 34 гудамж 10/Б тоотод ирсэн...Тэгээд би өөрийн 4 настай хүү Д-г автомашинаас буулгасан. Дараа нь мөн бага хүү 1 нас 5 сартай Д-ыг өргөөд буулгах гэтэл жолооч Б.Б ах хажууд зогсож байсан болохоор түүнд хүүхдээ өгсөн. Дараа нь би өөрөө автомашинаас буусан. Би автомашинаас буугаад буцаж хараад автомашинаас нөөтбүүк, хавтастай бичиг баримтуудыг аваад автомашинд үлдсэн хүүхдүүдэд баяртай өглөө уулзъя гэж хэлсэн.Тэр үед жолооч Б миний буусан талын автомашины хаалгыг хаасан...Би автомашины хойд талаар хашаа руугаа орсон. Тухайн үед манай бага хүүхэд Д хажууд байхгүй болохоор нь хашааны үүд рүү хартал хашааны хаалга нээлттэй байсан учраас хүүхдээ хашаа руугаа орсон байна гэж бодсон....Хашаа руу ортол хүүхэд ороогүй байсан. Тэгээд би буцаад хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн гар тийш хартал хүүхэд автомашин зогсож байсан газраас ертөнцийн зүгээр зүүн 1 метр орчим зайд автамашин хөдөлсөн газрын зүүн гар талд хүүхэд минь хэвтэж байсан. Тэр үед жолооч Б ах дөнгөж манай хашааны өнцгөөр эргээд явж байгаа харагдсан. Тэгээд би сандраад хүүхэд дээрээ гүйгээд очсон. Би тэр үед хүүхдээ гэр лүүгээ яаж авч орсноо сайн санахгүй байгаа. Би тэр үед маш их айсан шоокын байдалтай болсон. Миний хүүхдийн нүүр, духны хэсэг зулгараад хавдсан. Ам, хамар, нүд ер нь бол нүүр хэсэг, хувцас нь тэр чигтээ шороогоор булагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-22-23/,

            - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 5 дугаар сарын 12-ны оройны 22 цаг 18 минутад би ажлаа тараад цэцэрлэгийн унаагаар 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ хүргүүлсэн. Нэг зүгт явдаг хүүхдүүдээ хамт авч яваад би гэрийнхээ үүдэнд буугаар Б үлдсэн хүүхдүүдээ цааш гэрт нь хүргэж өгдөг. Тухайн үед би гэрийнхээ үүдэнд буух гэтэл машины хаалга онгойхгүй байсан тул Б хаалгыг онгойлгож өгсөн. Б-д би эхлээд том хүүхдээ дараа нь бага хүүхдээ өгөөд өөрөө бичиг баримт нөүтбүүкээ аваад машинд үлдэж байгаа хүүхдүүдтэй оройны үдэлтээ хийсэн. Тэр зуур Б ирээд хаалга хаагдаж амжаагүй байхад хөдөлгөөнд оролцоод явсан. Надад миний бага хүүхдийг гарт минь хариуцуулж өгөөгүй, хаана тавьсан нь тодорхойгүй шууд хөдөлгөөнөө эхэлсэн. Б-ыг хөдлөөд явсаны дараа хүүхэд ойр хавьд байгаагүй. Тэр үед манай хашааны хаалга онгорхой байсан тул би хүүхдээ хашаа руу орчихсон юм байна гэж бодсон. Манай том хүү “дүү хаана байна вэ” гэж асуухаар нь би хашаа руу орсон гэж хариулаад хашаа руугаа ортол бага хүүхэд байгаагүй. Эргээд гараад ирэхэд манай хүүхэд зам дээр хувцас, нүүр, ам нь шороо тоосонд холигдсон, нүүрний арьс нь зулгарсан байдалтай ухаангүй байсан. Манайх булангийн эхний айл учир бүх зүйл ил харагддаг ба Б-ы машин эргээд явж байгаа нь нүдэнд харагдсан. Би хүүхдээ хараад гүн шоконд орсон, хүүхдээ тэврээд гэр рүүгээ гүйж ороход хадам аав, ээж хоёр байсан. Тэгээд хүүхдээ тэдэнд өгөөд Б руу залгаад “та хүүхдийг минь дайрчихлаа” гэж хэлсэн. Дараа нь түргэн тусламж дуудсан, Б ч удалгүй эргэж ирсэн. Түргэний машиныг хүлээж чадалгүй Бтай хамт гэмтлийн эмнэлэг явсан. Замд түргэний машинтай таараад шилжин суусан. Гэмтлийн эмнэлэгт хүүхэд ухаангүй байх үед Б надтай хамт байсан. Хохирлын хувьд Б миний данс руу 480,000 төгрөгийг өмнөх шүүх хуралдааны үеэр хийсэн. Ингэхдээ хэл ам, заналхийлэлтэй өгсөн. Одоо 8,328,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Б миний ар гэр, хамт ажилладаг хүмүүсийг судлаад нөхрийг маань хүртэл “надаар оролдохоор яадгийг хараарай” гэж заналхийлж байна, би бие давхар хүн айж байна... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

            Б.Д-ын өвчний түүх №-05066 /хх-30-37/, гэрэл зураг /хх-38/,

            “Автотээврийн  үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-55-62/,  

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6293 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн 41-73 улсын дугаартай цагаан өнгийн T.VOXY маркийн автомашин дээр цус илрээгүй...гэх дүгнэлт /хх-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3623 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн 41-73  улсын дугаартай цагаан өнгийн T.VOXY маркийн автомашины гадна болон доод хэсгүүдээс хувцасны тасархай, өөдөс, утаслаг ширхэгт илрэхгүй байна... гэх дүгнэлт /хх-64/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6528:...Б.Д-ын биед зулай дагз ясыг хамарсан шугаман хугарал, тархины эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт гэмтлүүд оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...гэх дүгнэлт /хх-69/,

           Шинжээч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн : ...Д-ын биед үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд автоослын үед үүсэх боломжтой. Д-ын биед учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. ...Уг гэмтэл нь ямар ч байрлалд үүсэх боломжтой... гэх мэдүүлгүүд /хх-70, 129/,

Замын Цагдаагийн албаны шинжээчийн №301: ...Toyota Voxy маркийн 41-73 улсын дугаартай автомашины жолооч Б-н Б нь МУ-ын ЗХД-ийн 7.6 “...Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэгийн зураг №5, 6, 15, хх-ийн 38 дугаар тал, ШШҮХ-ийн шинжээчийг байцаасан тэмдэглэл/, 01 нас 05 сартай Баяржаргалын Д-ын /Асран хамгаалагч Н-ийн Ж нь/ МУ-ын ЗХД-ийн 3.3. “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-72-73/,

        ЦЕГ-ын мэдээлдэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-106/,

            Гэрч Э.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...Осол хэрэг гардаг өглөө 08 цаг өнгөрч байхад би ажил дээрээ ирсэн байсан, өдөртөө би хүүхдүүдээ хараад  байж байхад Б.Д-т ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан. Д нь ер нь бол шүлсээ нэг их гоожуулаад байдаг хүүхэд биш. Энгэрт зүүсэн байсан шүлсэвчийг нь би орой болгон угаадаг учраас нэг их хир буртаг гээд байх зүйл байхгүй байсан. Орой Д-ын ээж Б ахын хамт Баруунсалааны хүүхдүүдийг аваад хамт гарсан. Маргаашнаас нь Б.Д цэцэрлэгтээ дахиж ирээгүй. Ер нь гэрээсээ нилээд заваан, бохир ирдэг хүүхэд байсан ба одоо тухайн өдөр өмссөн хувцсыг нь нэг их сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-115-116/,

            Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед байх манай бэр Ж хүүхдээ тэврээд гэрийн хаалгаар орж ирээд манай нөхрийн өвөр дээр бага хүү Д-ыг тавихаар нь хартал хүүхдийн нүүр нь цус нөж гоожчихсон, цусан дээр нь нил шороо болчихсон үхчихсэн хүн шиг харагдсан. Тэгтэл өвөө нь гэнэтхэн хашгираад хүүхдээ аваад гараад гүйхээр нь араас нь дагаад гартал хүүхэд маань гэнэтхэн амьсгаа аваад бүдэгхэн дуугарсан. Тэгэхээр нь би түргэн дуудья гэж орилоод эргээд гэр лүүгээ гүйж ороод утсаа аваад түргэн дуудсан байсан. Уг үйл явдал болж байх үед манай бэр Б ах манай хүүг дайрчихлаа шүү дээ гээд л орилоод байсан. Тэгээд түргэн одоо очлоо гэж байхад нөгөө машины жолооч буцаад ирсэн байсан ба хүүхдээ аваад ээж бид хоёр нь аваад машинд суугаад хот руу хөдөлсөн. Тухайн үед хаалга цоожтой байсан эсэхийг санахгүй байна. Намайг хүүдээ орилоод  гарахад  л лав онгорхой байсан. Хүүхэд онгойлгох боломжгүй, том хүн л онгойлгоно. Хаалганы үүд хэсэгт  нэг цемент  байдаг ба бусад газарт ямар нэг хүүхэд унаад бэртээд байх газар байхгүй. Одоо хүртэл хашааны хаалганаас доош нэг газар тос даасан шороотой  газар байдаг юм. Осол гарсан дараа манай  хүргэн Э  хамт яваад нөгөө жолоочийн  машинд үзлэг хийхэд хүүхэд дайрсан  ул мөр буюу  тоостой хэсэг нь арчигдсан мөр гарсан байсан гэсэн.. гэх мэдүүлэг /хх-118-119/,

            Гэрч Ж.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед хадам аав О залгаад Б-н хүү Д машинд мөргүүлчихээд гэмтэл рүү аваад явчихлаа гэсэн. Тэгээд би шууд гэмтэл дээр эхнэрийнхээ хамтаар явж очиход хүүхдийн бие тааруу сэхээнд байна гэсэн. Тэгээд тэндээ байж байхад цагдаа нар ирээд хүүхдийг дайрсан гэх машиныг аваад замын хойд талд байрлах нэг засварын газар очиж өргөдөг төхөөрөмж дээр нь авч очоод  нөгөө машиныг өргөхөд доод хэсэгт нь зөөлөн зүйлээр шороог нь нидрээд  гараад явчихсан байдалтай тод цэвэр, тоосгүй ул мөр гарсан байсан. Тэгээд түүнээс хойш шулуун хэсэгт  мөр арчигдсан мөр гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-125-126/,   

        Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт :...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 84 дүгээр гудамж 10Б тоот хашааны үүдэнд автомашин хүүхэд буулгах үедээ зогсож байсан гэх газарт буюу автомашины ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш харсан байдалтай байрлуулах жолооч болон хохирогч Д-ын ээж Ж нараар осол хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг дүрсжүүлэн үйлдүүлж автомашины урд буферээс газрын түвшин хүртэл төмөр шугамаар хэмжихэд буферийн хойд хэсгээс газрын түвшин хүртэл 20 см, дунд хэсгээс 24 см, урд хэсгээс 20 см байв. Хохирогч Д-ын биеийн өндөр 87 см, хувцастай үеийн цээжний өргөн 28 см байлаа. Осол хэрэг гарсан газраас Б.Б-ыг явж засмал замд нийлсэн хүртэл 1,1 км ба замын зорчих хэсэг шороон гааргуутай, энхэл донхол зам байв. Замаар явах үед автомашины доод эд ангид тулах хэмжээний саад байхгүй байсан...” гэжээ. /хх-130-131, 132-134/,

        Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цаг 10 минутын орчимд - 8 бага насны хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөхөөр багш Ж-ын хамт Т.\/ОКҮ маркийн 41-73 улсын дугаартай автомашиныг жолоодон явсан...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамж 10/Б тоот Ж багшийн гэрт ирсэн. Ж багшийн гэрийн гадаа ирээд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү хараад зогссон. Би автомашинаас бууж ирээд автомашины баруун гар талын хойд хаалга нээж өгсөн. Тэр үед Ж багш надад том хүүгээ эхэлж өгсөн. Дараа нь бага хүүгээ надад өгсөн. Би хоёр хүүхдийг автомашины нээж өгсөн хаалганы хажууд газар буулгаад гарнаас нь хөтлөөд зогсож байсан. Ж автомашинд үлдсэн хүүхдүүдийг үнсээд бууж ирсэн. Тэгээд би түүнд 2 хүүхдийг өгсөн. Би автомашиныхаа хойд хаалгыг хаагаад урд хаалгаараа автомашиндаа суусан. Тэр үед Ж хоёр хүүхдээ хөтлөөд автомашины араар тойроод явсан. Би автомашинаа асаагаад явсан. Би 2 гудамж бүтэн тойроод засмал зам руу орох үед багш Ж над руу утсаар яриад “та манай хүүхдийг дайрчихаад яваад өгсөн” байна гэж хэлсэн. Би түүнд “яалаа гэж дайрдаг юм” гэж хэлээд шууд яваад очсон. Буцаад очтол Ж багш хашаан дотроо хүүхдээ тэврээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-85-86, 88-89/,    

- шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-95/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-99/, Б.Дын амбулаторын карт зэрэг болно.    

 

            Шүүгдэгч Б.Б 2017 оны 05 дугаар сарын 12-ны 18:10 цагийн орчимд Тоуоtа Vоху маркийн 41-73 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгана” гэсэн заалтыг зөрчсөнийн улмаас 1 нас 6 сартай Б.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:   

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-ын...Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байх үед “Мөнхдүүрэн” нэртэй цэцэрлэгээс тус дүүргийн 24 дүгээр хороонд амьдардаг айлуудын бага насны 6 хүүхэд, өөрийн бага насны 2 хүүхдийн хамт аваад жолооч Б-ы 41-73 улсын дугаартай автомашины жолоочийн хажуу суудалд 2 бага насны хүүхэд,  хойд суудалд бага насны 6 хүүхэдтэй би өөрөө суугаад явсан...Манай гэрийн гадаа ирээд...би өөрийн 4 настай хүү Д-г автомашинаас буулгасан, бага хүү Д-ыг өргөөд буулгах гэтэл жолооч Б.Б ах хажууд зогсож байсан болохоор түүнд хүүхдээ өгсөн…дараа нь би автомашинаас буусан ба буцаж хараад автомашинаас нөөтбүүк, бичиг баримтуудыг аваад автомашинд үлдсэн хүүхдүүдэд баяртай, өглөө уулзъя гэж хэлсэн. Тэр үед жолооч Б миний буусан талын автомашины хаалгыг хаасан...Би автомашины хойд талаар хашаа руугаа орсон. Тухайн үед манай бага хүүхэд Д хажууд байхгүй болохоор нь хашааны үүд рүү хартал хашааны хаалга нээлттэй байсан учраас хүүхдээ хашаа руугаа орсон байна гэж бодсон...Хашаа руу ортол хүүхэд ороогүй байсан. Тэгээд би буцаад хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн гар тийш хартал хүүхэд автомашин зогсож байсан газраас ертөнцийн зүгээр зүүн 1 метр орчим зайд автамашин хөдөлсөн газрын зүүн гар талд хүүхэд минь хэвтэж байсан. Тэр үед жолооч Б ах дөнгөж манай хашааны өнцгөөр эргээд явж байгаа харагдсан…Би тэр үед маш их айсан шокын байдалтай болсон. Миний хүүхдийн нүүр, духны хэсэг зулгараад хавдсан, ам, хамар, нүд ер нь бол нүүр хэсэг, хувцас нь тэр чигтээ шороогоор булагдсан байсан...Жолооч автомашинаас намайг буусны дараа надад хүүхдийг хүлээлгэж өгөөгүй, хаана буулгаж тавьсныг би мэдэхгүй...хашааны хаалга онгорхой байсан болохоор хашаанд орсон гэж бодсон.../х-22-23/,    

- шинжээчийн дүгнэлт :...Б.Д-ын биед зулай дагз ясыг хамарсан шугаман хугарал, тархины эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт гэмтлүүд оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.../х-69/,

           - шинжээчийн мэдүүлэг :...Д-ын биед үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд автоослын үед үүсэх боломжтой. Д-ын биед учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй...Уг гэмтэл нь ямар ч байрлалд үүсэх боломжтой.../х-70, 129/,

- Замын Цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт :...Toyota Voxy маркийн 41-73 улсын дугаартай автомашины жолооч Б-н Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй /х-72-73/,   

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл :“...хэргийн газарт очиход шороон, шулуун тэгш, уруу, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэр хорооллын гудамжтай, хүүхэд мөргүүлсэн эсэхийг ээж нь хараагүй, жолооч мэдээгүй гэх, хүүхэд хэвтэж байсан гэх газрыг ээж Ж-аар заалгаж хэмжилт хийв. Автомашины доод хэсгийг жолооч Б болон ээж Ж нарыг байлцуулан үзлэг хийхэд зүүн урд талын тэнхлэгийн гар дээр арчигдсан  мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” /хх-10-16/, гэрэл зургийн үзүүлэлтүүд :Зураг № 5-с зураг №10 хүртэлх /х-12-13/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын ойр орчимд үзлэг хийсэн тэмдэглэл:“...хэрэг учрал гарах үед жолооч Б-ы явсан гэх газраар тухайн 41-73 дугаартай автомашиныг нь жолоодуулан явж үзэхэд замын бартаа  саад байхгүй, автомашины доод тэнхлэг тулах, зурагдах, огцом эргэлтгүй байсан, гар утсаар бичлэг хийв.../х-139/,       

            - гэрч Ж.Э-ы : “...2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед хадам аав О залгаад Д машинд мөргүүлчихээд гэмтэл рүү аваад явчихлаа гэсэн...очиход хүүхэд сэхээнд байна гэсэн...цагдаа нар ирээд хүүхдийг дайрсан гэх машиныг аваад замын хойд талд байрлах нэг засварын газар очиж өргөдөг төхөөрөмж дээр өргөхөд доод хэсэгт нь зөөлөн зүйлээр шороог нь нидрээд гараад явчихсан байдалтай тод цэвэр, тоосгүй ул мөр гарсан байсан. Тэгээд түүнээс хойш шулуун хэсэгт  мөр арчигдсан мөр гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-125-126/,  

            - гэрч Г.Болормаагийн :...2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр..осол гарсны  дараа манай  хүргэн Э  хамт яваад нөгөө жолоочийн  машинд үзлэг хийхэд хүүхэд дайрсан  ул мөр буюу  тоостой хэсэг нь арчигдсан мөр гарсан байсан гэсэн гэх мэдүүлэг /хх-118-119/,   

            - шүүгдэгч Б.Б-ы:...Би 2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цаг 10 минутын орчимд Мөнхдүүрэн нэртэй цэцэрлэгээс бага насны 8 хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөхөөр багш Ж-ын хамт 41-73 улсын дугаартай автомашиныг жолоодон явсан...Ж багшийн гэрийн гадаа ирээд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү хараад зогссон. Би автомашинаас бууж ирээд автомашины баруун гар талын хойд хаалга нээж өгсөн. Тэр үед Ж багш надад том хүүгээ эхэлж өгсөн. Дараа нь бага хүүгээ надад өгсөн…Ж автомашинд үлдсэн хүүхдүүдийг үнсээд бууж ирсэн...Би автомашиныхаа хойд хаалгыг хаагаад урд хаалгаараа автомашиндаа суусан, асаагаад явсан…Ж над руу утсаар яриад “та манай хүүхдийг дайрчихаад яваад өгсөн” байна гэж хэлсэн.../х-85-89/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, хохирогч, гэрч, шинжээч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Шүүгдэгчээс мэдүүлэг авахад түүний хуулиар баталгаажсан эрхийг зөрчөөгүй байх ба шүүгдэгч нь...би Жын хүүхдийг хөтөлж зогсож байгаад Жыг бууж ирэхэд түүнд өгсөн, Ж нь 2 хүүхдээ хөтлөөд машины араар тойроод гарч байсан тухай мөрдөн байцаалт /хх-85-88/, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн байх боловч тус мэдүүлэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйгэгдэн няцаагдсан, тодруулбал, хэрэв Ж нь 2 хүүхдээ хөтлөөд автомашины араар тойрч гарсан бол тухайн 1 нас 6 сартай хүүхэд тухайн автомашины урд хэсэгт очин авто осолд орох бодит үндэслэлгүй, шалтгаант холбоогүй гэж үзнэ.      

            Мөн автотээврийн осол гарсан нөхцөл байдал болон шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдснийг нотолж буй нотлох баримтуудаас үзэхэд “механикжсан тээврийн хэрэгсэл”-ийг замын хөдөлгөөнд оруулах, түүнээс үүдэн гарч болох зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг чанд биелүүлэх үүрэг нь тухайн тохиолдолд гагцхүү тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.Бд шууд хамааралтай болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Б-ы хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил ба 1 нас 6 сартай Б.Д-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсныг үгүйсгэх үндэслэл, баримтгүй болно.     

            Түүнчлэн хохирогчийн төлөөлөгч М.Ж тухайн тохиолдолд өөрийн 1 нас 6 сартай хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан гэж үзэх үндэслэл, нотолгоо хангалтгүйгээс гадна тэрээр автомашинаас буухдаа араар нь тойрч явсан, мөн өөрийн 1 нас 6 сартай хүүхдийг машинаас буулгахдаа жолоочид өгснөөр хүүхдээ хашаандаа орсон буюу оруулсан байх гэж бодсон гэх асуудал нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.         

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, харин шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэх түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэв.    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.      

            Бусад асуудал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж нь өмнө нь нотлох баримт бүхий хохирлын 480,000 төгрөгөө /х-172-174/ шүүгдэгчээс авсан байна.

 Хохирогчийн төлөөлөгч тус шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт нийт 8.328.940 төгрөгийг нэмж нэхэмжилснээс /х-234-239/ хүүхдээ сахин эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд гарсан хүнсний зардал 182.900 төгрөг, эм тариа, тархины зураг авахуулахад гарсан 506.040 төгрөг нийт 688.940 төгрөгийг холбогдох нотлох баримт /х-236-238/, мөн эдгээр хохирлын мөнгийг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн мэдүүлгийн хүрээнд хангаж шийдвэрлэв.   

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажлаас гарсан үеийн цалингийн зөрүү 4.640.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч өөрийн ажлаас чөлөө авсан эсэх, чөлөө нь ямар хугацаатай, цалинтай чөлөө эсэх, цалин хөлсний хэмжээ, зөрүү зэрэгт хамаарах нотлох баримтгүй, мөн 2017-2018 оны хооронд хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нийт 3.000.000 төгрөгийн эм тариа авсан гэх боловч холбогдох нотлох баримт байхгүй байх тул тус тус хангах боломжгүй, харин хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.        

            Тус хэрэгт Э.Б иргэний хариуцагчаар тогтоогдсон байх боловч шүүгдэгч нь: би Э.Б-н нөхөр, анх “Тоуоtа Vоху маркийн 41-73 улсын дугаартай тээврийн хэрэгслийг” Э.Б нэр дээр зээлээр авсан, зээлээр авснаас хойш тухайн тээврийн хэрэгслийг би өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тул хохирогчид учирсан хохирлыг өөрөө хариуцан төлнө гэж мэдүүлсэн тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшин, ашиглаж байсан шүүгдэгчээс хохирлыг гаргуулах нь  зүйтэй гэж үзсэн болно.  

            Шүүгдэгч Б.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний BCD ангиллын 249439 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 688.940 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулж, хохир

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Шүүгдэгч Б.Бы BCD ангиллын 249439 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.     

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.