Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00384

 

“ЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03764 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 73 850 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэндпүрэв,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭИ” ББСБ нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш.Т-тай зээлийн шугамын гэрээг, 1 сарын 2,5 хувь, жилд 30 хувийн хүү тооцохоор байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Үндсэн зээлээс Ш.Т нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөгийг төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөө тасралтгүй төлсөн. Харин үүнээс хойш үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг байна. Мөн шугамын зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулж, Ү-2205001568 үл хөдлөх хөрөнгийн улсын дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 23 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг барьцаалсан. Зээлдэгч Ш.Т-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 37 сарын хүү 32 375 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 475 000 төгрөг нийт 73 850 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь шугамын гэрээ биш, ердийн зээлийн гэрээ юм. Зээлийн шугамын гэрээ өөр агуулгатай байдаг. Зээлийн гэрээний дагуу төлсөн үнийн дүнд маргаан байхгүй. Хариуцагч Ш.Т 2 жилийн хугацаанд 41 333 550 төгрөг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 15 833 330 төгрөг, 25 500 020 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Гэрээнд хүүгийн төлбөр, эргэн төлөлтийн хугацаа тохироогүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дараах тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага зээлийн үүрэг, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй гэж заасан, зээлдүүлэгч 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ цуцалж байгаагаа албан ёсоор Ш.Т-д мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэг талын санаачлагаар 2015 онд цуцлагдсан байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 3-4 жилийн турш зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, гэрээний хугацаа дууссан байхад санаатайгаар олон жилийн хүүг шүүхийн журмаар гаргуулах зорилготой байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Ш.Т ийг дуудаж, загнаж, өргөдөл бичүүлсэн боловч гэрээг сунгаагүй, зээлийн хүүг үндэслэлгүйгээр хуримтлуулсан. Хариуцагч Ш.Т  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалж, 41 933 793 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Т-ээс 70 348 960 төгрөгийг гаргуулж “ЭИ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 501 040 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ш.Т нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205001568 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 23 тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Т-ээс 509 694 төгрөг гаргуулж “ЭИ ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь “ЭИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Ш.Т-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03764 тоот шүүхийн шийдвэр гаргасан. Иргэн Ш.Т  нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1-т “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй” хэмээн заасныг үндэслэн, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03764 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны 36 999 980 төгрөгийн хүү, 33 299 982 төгрөгийн зээл, нийт 70 299 962 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. ..." хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэхэд нийт 41 333 350 төгрөг төлсөн бөгөөд, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлөгдсөн 2 000 000 төгрөг нь дээрх төлөлтөд ороогүй тул нийтдээ 43 333 350 төгрөг төлсөн байна. 50 000 000 төгрөгийн зээл олголт болон Ш.Т-ээс эргэн төлсөн 43 333 350 төгрөгийн дүн дээр талуудын хооронд тооцооллын маргаан гараагүй болно. Иргэн Ш.Т, “ЭИ ББСБ” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/622-2 тоот зээлийн гэрээнд талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нарийн тохироогүй байх бөгөөд гэрээний 2.2.1 дэх заалтаас харахад зээлдэгч нь сар бүрийн 20-ны өдөр хуримтлагдсан хүүг төлж, гэрээний 2.2.2 дахь заалтаар зээлдэгч нь гэрээний 2.1.9-д заасан хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авсан зээлээ бүрэн төлсөн байх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Т нь зээлийн гэрээний дагуу 24 сарын турш хүүнд 1 250 000 х 24 сар = 30 000 000 төгрөг, хугацааны эцэст 50 000 000 төгрөгийн зээлийг, нийт 80 000 000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх бөгөөд зээлийн хөрөнгө болох 50 000 000 сая төгрөгийг Ш.Т нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан тул зээлийн гэрээний хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Өнгөрсөн хугацаанд Ш.Т нь хүүнд гэрээний дагуу 30 000 000 төгрөг, үндсэн зээлд 13 333 350 төгрөг, нийт 43 333 350 төгрөг төлж, 36 666 650 төгрөгийн үндсэн үүрэгтэй үлджээ. “ЭИ ББСБ” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/622-2 тоот зээлийн шугамын гэрээний 1.2-т зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй гэж заасан эрхийнхээ дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-нд "Шүүхийн байгууллагад шилжүүлэх тухай мэдэгдэл"-ээрээ зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгаагаа зээлдэгч Ш.Т-д албан ёсоор мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "... зээлдэгч Түвшингэрэлийн хүсэлтийн дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж ирсэн ..." хэмээн дурдсантай санал нийлэхгүй. Учир нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/622-2 тоот зээлийн гэрээг талууд албан ёсоор сунгасан баримт байхгүй, зөвхөн зээлдүүлэгчээс гаргасан зээл төлөх шаардлагууд, гэрээ цуцалсан тухай мэдэгдэл, тухайн шаардлагад зээлдэгчээс өгч байсан тайлбарууд байдаг. Иймд Ш.Т, “ЭИББСБ” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/622-2 тоот зээлийн гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр нэг талын санаачлагаар цуцлагдсан байх тул “ЭИ ББСБ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хүү болон, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Түүнчлэн “ЭИ ББСБ” ХХК нь зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээ цуцлагдах хангалттай хугацаа өнгөрөөд байхад шүүхэд хандаагүй олон жил болсон, цаг тухайд нь шүүхэд хандаж нэхэмжлэл гарган шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь санаатайгаар олон жилийн хүүг шүүхийн журмаар гаргуулах гэсэн башир арга буюу үлэмж их хэмжээний мөнгө санаатайгаар хүүлсэн хэмээн үзэж байна. Банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл "Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 221.1.4-д "Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно, 284 дүгээр зүйлийн 284.1-т "Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй, 284.4.2-т "Энэ хуулийн 284.1-д заасан нөхцөл байдал зээлийн гэрээ байгуулахаас өмнө бий болсон бөгөөд зээлдэгч энэ тухай гэрээ байгуулсны дараа мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрх үүснэ" хэмээн тус тус хуульчилж өгсөн байна. Нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон эрхээ санаатайгаар хэрэгжүүлээгүй, 02/622-2 тоот зээлийн гэрээний 6.2-т зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад ББСБ нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй гэж заасан арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс болж нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, ийнхүү үргэлжлүүлэн хүү тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна. 02/622-2 тоот зээлийн гэрээ нь зөвхөн зээл олгогчийн эрх ашгийг хамгаалсан, гэрээ цуцлах, шаардах эрхийг зөвхөн зээл олгогч эдлэх эрхтэй байгаа нь гэрээний тэгш бус байдлыг бий болгосон байна. Нэхэмжлэгч нь шугамын зээлийн гэрээ гэх хуульд байхгүй нэрээр зээлийн гэрээгээ нэрлэсэн хэдий ч дотоод агуулгын хувьд энгийн зээлийн гэрээ байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн хүүний үүргээ биелүүлсэн боловч үндсэн үүргээ төлөх үед санхүүгийн хямралд орж үндсэн зээлээсээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон юм. Зээлдэгч Ш.Т нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/622-2 тоот зээлийн гэрээний хугацаа дуусах үед нийт 43 333 350 төгрөгийг “ЭИ ББСБ” ХХК-д нэгэнт төлсөн байсныг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. “ЭИ ББСБ” ХХК нь банк, эрх бүхий этгээдийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд, цэвэр барьцаалан зээлдүүлэх /ломбард/ үйл ажиллагаа явуулсан байна. Зээлийн ашиглалтын талаар санаа тавьдаггүй, зөвхөн барьцаа түшиглэж зээл олгодог, зээлдэгчээ судалдаггүй, зээл төлүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авдаггүй, хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах дотоод дүрэм журам байхгүй, харилцагчийн зээл ашигласан хоног нь их байх тусам зөвхөн зээлдүүлэгчид ашигтай байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Ш.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл 36 666 650 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэ тохиолдолд 50 000 000 төгрөгийн зээл аваад өмнө нь төлсөн 43 333 350 одоо төлөх 36 666 650 төгрөг, нийт 80 000 000 төгрөг төлөгдөнө. Өөрөөр хэлбэл Ш.Т нь зөвхөн зээлийн хүүнд 30 000 000 төгрөг төлөхөөр байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03764 тоот шийдвэрээс 33 682 310 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЭИ ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч “ЭИ ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Т-тэй 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 02/622-2 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “ЭИ ББСБ” ХХК нь 50 000 000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Ш.Т-д зээлдүүлж, хариуцагч нь зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-6-11 дүгээр тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

Хариуцагч татгалзал болон давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгч нь 2015 оны 11 сарын 19-ний өдрийн мэдэгдлээр 2015 оны 12 сарын 15-ны өдрөөр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн тул түүнээс хойш шаардсан хүүг төлөхгүй гэх боловч нэхэмжлэгч “ЭИ ББСБ” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдлээр  хариуцагч Ш.Т-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардснаар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж үзэхгүй. /хх-14 дүгээр тал/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг төлөх үүрэгтэй байх тул нийт 70 348 960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 Харин анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт Баянгол дүүргийн шүүх гэж шүүхийн нэрийг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй бөгөөд мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Ш.Т-ийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03764 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Т-ээс ...” гэснийг, “Т-ээс” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                              

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                                                                    Г.ДАВААДОРЖ