Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 3764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 28/2 дугаар байрны 2-р давхар, Энхсар инвест ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороо, 3 дугаар хороолол, 12-р байрны 20 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ПЭ71121902, Шарнууд овогтой Шагдарын Түвшингэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 73 850 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэнхэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв, хариуцагчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхсар инвест ББСБ нь 2013 оны 8-р сарын 20-ны өдөр иргэн Ш.Түвшингэрэлтай зээлийн шугамын гэрээг 1 сарын 2,5 хувь, жилд 30 хувийн хүү тооцохоор байгуулж, 2013 оны 10-р сарын 01-ний өдөр 50 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Үндсэн зээлээс Ш.Түвшингэрэл нь 2015 оны 6-р сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөгийг төлсөн. 2013 оны 10-р сарын 31-ний өдрөөс 2015 оны 6-р сарын 01-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөө тасралтгүй төлсөн. Харин үүнээс хойш үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг байна. Мөн шугамын зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулж, Ү-2205001568 үл хөдлөх хөрөнгийн улсын дугаартай, Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 11-р байрны 23 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг барьцаалсан. Зээлдэгч Ш.Түвшингэрэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг, 2015 оны 7-р сарын 01-ний өдрөөс 2018 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл буюу 37 сарын хүү 32 375 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 475 000 төгрөг нийт 73 850 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь шугамын гэрээ биш, ердийн зээлийн гэрээ юм. Зээлийн шугамын гэрээ өөр агуулгатай байдаг. Зээлийн гэрээний дагуу төлсөн үнийн дүнд маргаан байхгүй. Хариуцагч Ш.Түвшингэрэл 2 жилийн хугацаанд 41 333 550 төгрөг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 15 833 330 төгрөг, 25 500 020 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Гэрээнд хүүгийн төлбөр, эргэн төлөлтийн хугацаа тохироогүй. Гэрээний 6-р зүйлийн 6.2 дахь хэсэгт зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дараах тохиолдолд Банк бус санхүүгийн байгууллага зээлийн үүрэг, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй гэж заасан, зээлдүүлэгч 2015 оны 11-р сарын 17-ны өдөр гэрээ цуцалж байгаагаа албан ёсоор Ш.Түвшингэрэлд мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулагсан гэрээ нь нэг талын санаачлагаар 2015 онд цуцлагдсан байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 3-4 жилийн турш зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, гэрээний хугацаа дууссан байхад санаатайгаар олон жилийн хүүг шүүхийн журмаар гаргуулах зорилготой байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Ш.Түвшингэрэлийг дуудаж, загнаж, өргөдөл бичүүлсэн боловч гэрээг сунгаагүй, зээлийн хүүг үндэслэлгүйгээр хуримтлуулсан. Хариуцагч Ш.Түвшингэрэл 2015 оны 11-р сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалж, 41 933 793 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Энхсар инвест ББСБ ХХК нь Ш.Түвшингэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 73 850 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 70 348 960 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиролдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангаж, 3 501040 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Энхсар инвест ББСБ ХХК нь Ш.Түвшингэрэлтэй 2013 оны 8-р сарын 20-ны өдөр 02/622-2 тоот Зээлийн шугамын гэрээ, 02/622 тоот барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205001568 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 11-р байрны 23 тоот 2 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр /хх 6-11/ тохирчээ.

 

Талууд гэрээний зорилгыг ..зээлийн шугам нээж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, барьцаатай ...тодорхой зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлүүлэхээр тодорхойлж, зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон үеэс, хугацаа дуусгавар болох хүртэл гэрээний 6-р зүйлд заасан гэрээ дуусгавар болох буюу цуцлах нөхцөл бий болоогүй бол гэрээний 2.1.1-д заасан 50 сая төгрөг хүртэлх хэмжээний зээлийг худалдаа, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглаж болохоор тодорхойлсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Улмаар зээлдэгч нь 2013 оны 10-р сарын 01-ний өдөр хүсэлт гаргаж 50 сая төгрөгийг шилжүүлэн авсан, харин зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 15 000 000 төгрөг, зээлийн хүүнд 26 333 350 төгрөг нийт 41 333 350 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, бусад үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Харин нэхэмжлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад буюу 2015 оны 8-р сарын 20-ны хугацаанд үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 28 333 330 төгрөг нийт 78 333 330 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс 41 333 350 төгрөгийг төлсөн байх тул 36 999 980 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. Үүн дээр 2015 оны 8-р сарын 20-ноос 2018 оны 8-р сарын 20-ныг хүртэлх хугацааны 36 999 980 төгрөгийн хүү 33 299 982 төгрөг нийт 70 299 962 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин талууд 2018 оны 8-р сарын 30-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөгийг /хх 46/ хасч тооцоогүй байх тул үүргээс нь хасч тооцлоо. Хариуцагч Ш.Түвшингэрэлийн төлөх 68 299 962 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 048 998 төгрөг нийт 70 348 960 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, энэ хугацаагаар тооцож 41 933 793 төгрөгийг төлнө гэж маргадаг боловч Энхсар инвест ББСБ ХХК-ний 2015 оны 11-р сарын 19-ний өдрийн мэдэгдлээр гэрээ цуцлах тухай бус, харин гэрээний хугацаа дууссан тул зээлээ төлөхийг мэдэгдсэн, Г.Түвшингэрэл нь зээлийг 2017 оны 7-р сарын 30-ны дотор төлж дуусгахаар мэдэгдэж хүсэлт гаргасан /хх 14-15, 47/ байна.

 

Түүнчлэн зээлдүүлэгч энэ тухай мэдэгдлийг зээлдэгчид 2017 оны 12-р сард хүргүүлсэн, зээлдэгч 2018 оны 3-р сарын 13-ны өдөр тайлбар /хх 16-17/ гаргаж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шагдарын Түшвшингэрэлээс 70 348 960 /далан сая гурван зуун дөчин найман мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж Энхсар инвест ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 501 040 /гурван сая таван зуун нэг мянга дөч/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ш.Түвшингэрэл нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205001568 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 11-р байрны 23 тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Түвшингэрэлээс 509 694 төгрөг гаргуулж Энхсар инвест ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА