Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00888

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03764 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 73 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш.Т-тэй зээлийн шугамын гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн зээл олгосон. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоотод орших 29 ам метр талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Ш.Т- нь үндсэн зээлээс 15 000 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш төлөлт хийгээгүй. ...Хариуцагч Ш.Т-ийн хүсэлтээр үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж байсан. 

Иймд Ш.Т-ээс үндсэн зээлийн үлдэгдэлд 35 000 000 төгрөг, зээлийн хүүд 32 375 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 475 000 төгрөг, нийт 73 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/622-2 тоот зээлийн шугамын гэрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нарийн тохироогүй байх бөгөөд гэрээний 2.2.1 дэх заалтаас харахад зээлдэгч нь сар бүрийн 20-ны өдөр хуримтлагдсан хүүг төлж, гэрээний 2.2.2 дахь заалтаар зээлдэгч нь гэрээний 2.1.9–д заасан хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авсан зээл болох 50 000 000 төгрөгийг бүрэн төлсөн байх үүрэг хүлээжээ. ...Үүнээс 21 сарын хүүд 25 500 020 төгрөг төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл болох 34 166 670 төгрөгийн 3 сарын хүүд 999 990 төгрөг төлөөгүй. ...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн байгууллагад шилжүүлэх тухай мэдэгдлээр зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг албан ёсоор мэдэгдсэн байх тул 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

...Ш.Т- нь зээлийн гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээлд 15 833 330 төгрөг, хүүд 25 500 020 төгрөг нийт 41 333 350 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 34 166 670 төгрөг, хуримтлагдсан хүү 7 767123 төгрөг, нийт 41 933 793 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, шаардлагаас 31 916 207 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03764 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шагдарын Т-ээс 70 348 960 төгрөгийг гаргуулж, “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 501 040 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ш.Т- нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205001568 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 23 тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Т-ээс 509 694 төгрөг гаргуулж Э ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03764 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Түшвшингэрэлээс ... гэснийг, Т-ээс гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...гэрээний хугацаа дуусаад 3 жил болж байхад шүүхэд хандсан ба энэ хугацаанд Т-ийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй. ... Нэхэмжлэгч “Э” ХХК нь банк, эрх бүхий этгээдийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. ... Монгол банкнаас ирүүлсэн албан бичигээс харахад “Э” ХХК нь дотоод хяналтын албаны ажиллах журам"-аа батлаагүй буюу Монгол банкинд ирүүлээгүй байх бөгөөд дээрх журамд хугацаа хэтэрсэн зээлтэй хэрхэн ажиллах, хэдийд гэрээг цуцлах, хэдийд шүүхэд хандах талаар нарийвчлан зохицуулсан байх ёстой ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүү шаардах эрхгүй.

Ш.Т- нь гэрээгээр хүлээсэн хүүний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 36 666 650 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03764 тоот шийдвэрээс 33 682 310 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн техникийн шинжтэй алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Ш.Т-ээс зээлийн гэрээний үүрэгт 73 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Ш.Т- нь шаардлагаас үндсэн зээл болон хүүгийн зарим хэсгийг зөвшөөрсөн, харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээгээ цуцалсан тул үүнээс хойшхи хүүг зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигч нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Э” ХХК нь 50 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хариуцагч Ш.Т-д зээлүүлсэн байна. Хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ.

Хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 28 333 330 төгрөг нийт 78 333 330 төгрөг төлөхөөс 41 333 350 төгрөг төлжээ. Төлбөрийн үлдэгдэлд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг анхан шатны шүүх тооцоолсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар зээлдүүлэгчээс зээлдэгчид сануулсан мэдэгдэл бичгийг гэрээ цуцалсан үйл баримт гэж үзээгүй шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 326 362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН