Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00486

 

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Г-ийн нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 240 737 769 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь “Тээвэр ачлал” ХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компанийн эзэмшилд бүртгэгдсэн өөрийн өмч болох 57-75 улсын дугаар бүхий “Хьюндай” маркийн 45 хүний суудал бүхий автобусаар Улаанбаатар Багануур хоорондын зорчигч тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг болно. Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр автобусны жолоодлого алдагдаж замын хажуу руу хажуулдан осол гарч, нэлээд хэдэн иргэнд хүнд хөнгөн гэмтэл учирсан. Үүний улмаас жолооч намайг осол гарсан асуудалд буруутгаж, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдаа, прокурор, шүүхийн тогтоолоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тооцон, шалгагдсаны эцэст 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн прокурорын 502 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү шалгагдах хугацаанд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар намайг гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, тогтоол гарсан өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, надад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Дээрх байдлаар надад холбогдох эрүүгийн хэргийг нэгэнт хэрэгсэхгүй болгосон, би гэм буруугүй тул миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 382, 389 дүгээр зүйлийн 389.2, 389.2.3-т заасныг үндэслэн хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 1 000 000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Миний бие осол болохоос өмнө “Тээвэр ачлал” компанид жолоочоор ажиллаж байсан, осол болсон өдрөөс эхлэн хуулийн байгууллагад шалгагдан, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж, өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засгийн хувьд асар их хохирч, 3 жил орлогогүй, ажилгүй, банкны өртэй гэр бүлээ тэжээхэд асар хүнд нөхцөлд байлаа. 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 2 жил 6 сарын ажилгүй байсан хугацааны хохирлыг хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж дараах байдлаар тооцон нэхэмжилж байна. Осол болсон өдрөөс эхлэн миний өмчлөлийн 57-75 дугаар бүхий автобусыг битүүмжилж, үүний улмаас тухайн автобус 3 жилийн хугацаанд битүүмжлэлд байж, дахин үйлчилгээнд гарах хугацаа, насжилт норм дууссан болно. Автобусыг битүүмжлээгүй бол засвар үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж, үйлчилгээнд гаргах боломжтой байсан. Би өөрийн мөнгөөр автобусыг жолооч Эрдэнэ-Оргилоос 20 000 000 төгрөгийг бэлнээр, 30 000 000 төгрөгийг банкнаас зээлж төлсөн. 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Хас” банктай байгуулсан зээлийн гэрээгээр өөрийн орон сууцаа 3 жилийн хугацаатай банканд тавин 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 60 000 000 төгрөг болгон төлсөн. Банкны зээл хүүтэйгээр 60 000 000, бэлнээр 20 000 000 нийт 80 000 000 төгрөг болсныг нэхэмжилж байна. Авто тээврийн үндэсний төвийн захирлын үйлчилгээний үнэ хөлсний хэмжээг тогтоох тухай 2013 оны 104 тоот тушаалаар батлагдсан үйлчилгээний төлбөр болох Улаанбаатар Багануур, Багануур Улаанбаатарын нэг зорчигчийн үнэ нэг талдаа 6000 төгрөг. Гэрээний дагуу “Тээвэр ачлал” ХК-ийн захирлын тушаалаар графикт хуваарийн дагуу сард 15-16 удаа буюу өнжөөд нэг 45 хүний суудалтай автобус явдаг тул 1 сарын орлогыг тодорхойлбол 2014 оны 4 сард нийт 997 зорчигч тээвэрлэсэн. Нэг тээвэрлэгчийн үнэ 6000 төгрөг. Нийт орлого 5 982 000 төгрөг үүнээс зорчигчийн амь даатгалын 194 400 төгрөгийг суутган сарын нийт орлого 5 787 600 төгрөг болно. Нийт 1 сарын орлого 5 787 600 төгрөг үүнээс орлого буюу татварт 463 008 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 5 324 592 төгрөгийн орлоготой ажилласан байна. Сард жолооч буюу тээвэрлэгч нь 5 324 592 төгрөгийн орлогыг олох байсан тул ажилгүй байсан 30 сард тооцвол 159 737 760 төгрөгийн ажилтай, орлоготой байх байсан. Осол болсны дараагаас сонсгол муудан комиссын хурлаар орон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгон тахир дутуугийн группэд орж эрүүл мэндээр хохирсон. Ослын улмаас хохирсон иргэдийн эмчилгээнд 7 880 000 төгрөг хувиасаа төлсөн ч үүнийг нэхэмжлээгүй. Иймд өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, автобусны үнэ 80 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 159 737 769 төгрөг, нийт 240 737 769 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг зорчигч тээврийн автобус осолдсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт шалгасан. Цагдаа, прокурорын байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан. Түүнийг гэм буруугүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй харин хангалттай тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа өмгөөлөгчид 1 000 000 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Төв аймгийн прокурорын газрын архивт хадгалагдаж буй хэрэгсэхгүй болгосон хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гарган үзлэг хийхэд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ мөнгө төлсөн баримт хэрэгт байгаагүй. Автобусыг хуульд заасан эрх хэмжээний дагуу битүүмжилснээс хохирол учирсан гэх үндэслэлгүй. Олох ёстой байсан орлого нь тодорхой биш, бодит бус байна. Мөн автобусыг битүүмжлэлээс чөлөөлж Ч.Г-ийн хадгалалтад өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510 1-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 6 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 234 017 769 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Тус хэргийн шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүхээс өмнөх хуралдаанууд дээр энэхүү хүсэлтийг гаргах боломжтой байсан гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайн нотлох баримт нь "Тээвэр зохицуулалтын алба" ОНӨААТҮГ-аас Улаанбаатар, Багануур чиглэлийн зорчигч тээврийн тооцооны хуудсуудыг нотлох баримтаар гаргаж Ч.Г-ийн олох ёстой байсан орлогыг нотлох нотолгооны ач холбогдол бүхий баримтууд байсан. Төрийн эрх бүхий байгууллагаас нотлох баримтыг гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд шүүхээр дамжуулан тухайн нотлох баримтыг гаргуулах нь нэхэмжлэгчид олгогдсон хууль ёсны эрх бөгөөд энэхүү эрхээ шүүх хуралдаан эхлэхээс өмнө ямар нэгэн хязгаарлалтгүйгээр эдлэх ёстой. Гэтэл энэхүү эрхийг хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байгаа тул 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 238 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00238 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд цагдан хоригдсон 35 хоногт ногдох хохирлыг тооцохдоо нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн /35 х 192 000/ нийт 6 720 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаа тул гуравдагч этгээдийн гомдлыг давж заалдах журмаар хянан хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь хууль бусаар ял шийтгүүлж, цагдан хоригдсон гэм хорын хохиролд нийт 240 737 769 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Г-т 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор, түүнийг гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. /1 дүгээр хх-ийн 20-32 дугаар тал/

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар магадлалаар Ч.Г нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх арга хэмжээ авчээ.

Төв аймгийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ч.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зохигчдын тайлбар, прокурорын тогтоол, шийтгэх тогтоол, магадлалаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 7-19 дүгээр тал/

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1.2, 2.1, 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрүүгийн хэргийн явцад 57-75 УБГ улсын дугаартай автобусыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн, н.Эрдэнэ-Оргилд бэлнээр 20 000 000 төгрөг, “Хас” банкнаас 30 000 000 төгрөгийн зээл авч 60 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул тээврийн хэрэгслийн үнэд 80 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Гэвч нэхэмжлэгч Ч.Г нь Багануур дүүргийн прокурорт хүсэлт гаргасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 тоот прокурорын тогтоолоор тээврийн хэрэгслийг Ч.Г-т өөрт нь хүлээлгэн өгсөн байх тул автобусны үнэ гэх 80 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. /2 дүгээр хх-ийн 225-227 дугаар тал/

Түүнчлэн нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Д.Цэндсүрэнгээс хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг төлсөн, мөн осол болсон өдрөөс эхлэн өөрийн өмчлөлийн автобусыг битүүмжилснээс болж олох ёстой байсан орлого 159 737 769 төгрөг хэмээн нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхээс өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, олох байсан орлого 159 737 769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Г-ийг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 35 хоногийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгт тооцон 6 720 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн ...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 онд нэхэмжлэл гаргаснаас хойш хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, шаардлагатай нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан гэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Гуравдагч этгээд нь давж заалдах гомдолдоо шүүх хуулийг буруу тайлбарласан гэх боловч дээрх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                   ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                                                                                   Г.ДАВААДОРЖ