Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2019/00238

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Г-ийн нэхэмжлэлтэй,

Засгийн газрын нөөц сангаас эд хөрөнгийн хохиролд 240.737.769 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, прокурор Ш.Насанжаргал, иргэдийн төлөөлөгч Л.Оюунхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ч.Г нь “Тээвэр Ачлал” ХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компанийн эзэмшилд бүртгэгдсэн өөрийн өмч болох 57-75 улсын дугаар бүхий Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий автобусаар Улаанбаатар Багануур хоорондын зорчигч тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг болно. Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр автобусны жолоодлого алдагдаж замын хажуу руу хажуулдан осол гарч, нэлээд хэдэн иргэнд хүнд хөнгөн гэмтэл учирсан.

Үүний улмаас жолооч намайг осол гарсан асуудалд буруутгаж, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдаа, прокурор, шүүхийн тогтоолоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тооцон, шалгагдсаны эцэст 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн прокурорын 502 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болсон.

Ийнхүү шалгагдах хугацаанд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот тогтоолоор эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар намайг гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, тогтоол гарсан өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Эрүүгийн Хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, надад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд гаргасан.

Дээрх байдлаар надад холбогдох эрүүгийн хэргийг нэгэнт хэрэгсэхгүй болгосон, би гэм буруугүй тул миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 382, 389 дүгээр зүйлийн 389.2, 389.2.3-т заасныг үндэслэн хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна.

Миний бие осол болохоос өмнө “Тээвэр Ачлал” компанид жолоочоор ажиллаж байсан, осол болсон өдрөөс эхлэн хуулийн байгууллагад шалгагдан, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж, өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засгийн хувьд асар их хохирч, 3 жил орлогогүй, ажилгүй, банкны өртэй гэр бүлээ тэжээхэд асар хүнд нөхцөлд байлаа.

2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 2 жил 6 сарын ажилгүй байсан хугацааны хохирлыг хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж дараах байдлаар тооцон нэхэмжилж байна.

Осол болсон өдрөөс эхлэн миний өмчлөлийн 57-75 дугаар бүхий автобусыг битүүмжилж, үүний улмаас тухайн автобус 3 жилийн хугацаанд битүүмжлэлд байж, дахин үйлчилгээнд гарах хугацаа, насжилт норм дууссан болно. Автобусыг битүүмжлээгүй бол засвар үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж, үйлчилгээнд гаргах боломжтой байсан.

Би өөрийн мөнгөөр автобусыг жолооч Эрдэнэ-Оргилоос 20.000.000 төгрөгийг бэлнээр, 30.000.000 төгрөгийг банкнаас зээлж төлсөн. 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээгээр өөрийн орон сууцаа 3 жилийн хугацаатай банкинд тавин 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 60.000.000 төгрөг болгон төлсөн. Банкны зээл хүүтэйгээр 60.000.000, бэлнээр 20.000.000 нийт 80.000.000 төгрөг болсныг нэхэмжилж байна.

Авто тээврийн үндэсний төвийн захирлын Үйлчилгээний үнэ хөлсний хэмжээг тогтоох тухай 2013 оны 104 тоот тушаалаар батлагдсан үйлчилгээний төлбөр болох Улаанбаатар Багануур, Багануур-Улаанбаатарын нэг зорчигчийн үнэ нэг талдаа 6000 төгрөг. Гэрээний дагуу “Тээвэр Ачлал” ХК-ийн захирлын тушаалаар графикт хуваарийн дагуу сард 15-16 удаа буюу өнжөөд нэг  45 хүний суудалтай автобус явдаг тул 1 сарын орлогыг тодорхойлвол: 2014 оны 4 сард нийт 997 зорчигч тээвэрлэсэн. Нэг тээвэрлэгчийн үнэ 6000 төгрөг. Нийт орлого 5.982.000 төгрөг үүнээс зорчигчийн амь даатгалын 194.400 төгрөгийг суутган сарын нийт орлого 5.787.600 төгрөг болно. Нийт 1 сарын орлого 5.787.600 төгрөг үүнээс орлого буюу татварт 463.008 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 5.324.592 төгрөгний орлоготой ажилласан байна.

Сард жолооч буюу тээвэрлэгч нь 5.324.592 төгрөгний орлогыг олох байсан тул ажилгүй байсан 30 сард тооцвол 159.737.760 төгрөгний ажилтай, орлоготой байх байсан.

Осол болсны дараагаас сонсгол муудан комиссын хурлаар орон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгон тахир дутуугийн группэд орж эрүүл мэндээр хохирсон. Ослын улмаас хохирсон иргэдийн эмчилгээнд 7.880.000 төгрөг хувиасаа төлсөн ч үүнийг нэхэмжлээгүй.

Иймд өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, автобусны үнэ 80.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 159.737.769 төгрөг, нийт 240.737.769 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, гуравдагч этгээд прокурор Ш.Насанжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг зорчигч тээврийн автобус осолдсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт шалгасан. Цагдаа, прокурорын байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан. Түүнийг гэм буруугүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй харин хангалттай тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа өмгөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Төв аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж буй хэрэгсэхгүй болгосон хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гарган үзлэг хийхэд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ мөнгө төлсөн баримт хэрэгт байгаагүй.

Автобусыг хуульд заасан эрх хэмжээний дагуу битүүмжилсэнээс хохирол учирсан гэх үндэслэлгүй. Олох ёстой байсан орлого нь тодорхой биш, бодит бус байна.  Мөн автобусыг битүүмжлэлээс чөлөөлж Ч.Гийн хадгалалтанд өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ :

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Ч.Г Засгийн газрын нөөц сангаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 240.737.769 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

      Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар зохицуулжээ.

Ч.Г нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны   дугаар сарын 13-ны өдөр “Тээвэр ачлал” ХК-ийн эзэмшлийн хот хоорондын зорчигч тээврийн 57-75 УБГ улсын дугаартай Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий автобусаар Улаанбаатараас Багануурын чиглэлд явахдаа зам тээврийн осол гаргасан үндэслэлээр 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор, түүнийг гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулжээ.  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар магадлалаар Ч.Г нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх арга хэмжээ авчээ. /1хх 9-32, 211/

Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татагдсан Ч.Гт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /1хх 7-8/

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1.2, 2.1 дэх хэсэгт “иргэн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, “таслан сэргийлэх арга хэмжээ авсан”, “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ” гэж, түүнчлэн мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6-д “хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвар болж байсан хөдөдмөрийн бусад орлого”, “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” нь нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарахаар тус тус заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Ч.Гийн өмгөөлөгчөөр Д.Цэндсүрэн оролцсон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээ, төлбөр төлсөн тухай баримтыг ирүүлээгүй. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эрүүгийн хэрэгт энэ тухай баримт авагдаагүй гэж тайлбарласныг дурдав.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлийг худалдан авахад анх бусдад бэлнээр 20.000.000 төгрөг, Хас банкнаас зээл авч 30.000.000 төгрөг тус тус төлсөн байсан, энэ хугацаанд банкинд зээл, хүүнд 60.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр автобусны үнэд 80.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч нэхэмжлэлийн энэ шаардлага тодорхойгүйгээс гадна эрүүгийн хэргийн явцад 57-75 УБГ улсын дугаартай дээрх автобусыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжилсэн ч Ч.Гийн хүсэлтийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 тоот прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 28-нд тээврийн хэрэгслийг Ч.Гт өөрт нь итгэмжлэн хариуцуулж, хүлээлгэн өгсөн байна. Иймд автобусны үнэ нь эрүүгийн хэрэгт шалгагдсны улмаас нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй. /1хх 218-227/

Мөн осол болсон өдрөөс эхлэн миний өмчлөлийн автобусыг битүүмжилсэнээс болж олох ёстой байсан орлогоо алдсан гэж Багануураас Улаанбаатар, Улаанбаатараас Багануур орох хот хоорондын үйлчилгээний хөлсөнд нэг зорчигч 6000 төгрөг төлдөг, жолооч буюу тээвэрлэгч нэг сард 5.324.592 төгрөгийн орлого олдог, үүнийг 30 сараар тооцоход 159.737.769 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд тэрээр дээрх хэмжээний орлого бодитоор олох байсныг нотлох баримтгүй, хэрэгт шалгагдах бүх хугацаанд түүний ажил хөдөлмөр эрхлэхийг эрх бүхий этгээдүүдээс хориглосон зүйлгүйгээс гадна хот хооронд нэг өдөрт хэдэн удаа зорчигч тээвэрлэх боломжтой, автобусны суудал дүүрдэг эсэх, үүнээс гарах зардал хэд болох зэргийг нотлох баримтгүй.

Харин хэрэгт шалгагдах хугацаанд ажилгүй, орлогогүй байсан, цагдан хоригдсон хоногийг олох ёстой байсан орлогод шингээж тооцсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул шүүх түүний цагдан хоригдсон 35 хоногт ногдох хохирлыг тооцон олгох нь зүйтэй.

Хохирлыг тооцохдоо тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “...цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж тооцно” гэж заасантай дүйцүүлэн нийт 6.720.000 /35 хоног *192.000 төгрөг (тухайн үеийн хөдөлмөрийн хөлс)/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус  удирдлага болгон                                                                                               

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 6.720.000 /зургаан сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 234.017.769 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг  дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       О.ОДГЭРЭЛ

 

 

                                        ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

 

 

                                                         Б.УУГАНБАЯР