Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00682

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00410 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “З” СӨХ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чинбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О миний бие 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “З” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл гэрээг сунгаж, шинэчлэн байгуулсан. Гэтэл “З” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01 дугаар тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. “З” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга 01 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь ямар буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдохгүй байхад дээрх тушаалыг гаргасан нь үндэслэлгүй байна. Миний бие ажиллах хугацаандаа үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, сахилгын зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” СӨХ-ны 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэг болон захиралтай байгуулсан гэрээг үндэслэсэн бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан нь “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Гүйцэтгэх захиралд холбогдох, санхүүгийн зөрчилтэй гэх 43 баримтаар 10 879 350 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байдаг. Холбооны захирлын үйл ажиллагаа нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон зэрэгцэн хэрэглэгдэх бусад хууль, холбооны дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх үүргээр тодорхойлогддог бөгөөд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь захиралд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон юм. Түүнчлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.О нь өөртөө урамшуулал бодож олгосон, өөр байгууллагатай байгуулсан гэрээг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн, нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчиж нягтлангийн хяналтгүйгээр, бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн зэрэг зөрчил дутагдлыг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “З” СӨХ-ноос 7 795 344 төгрөгийг гаргуулан Н.О-т олгож, нэхэмжлэлээс өмнө эрхэлж байсан “З” СӨХ ны гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар, Н.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд, зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “З” СӨХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Н.О-ийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “З” СӨХ ноос 139 675 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 0410 дугаар шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ажил олгогч ажлаас халсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан гаргасан байхад үндэслэл тодорхой заагаагүй гэж дүгнэн хуульд заасан үндэслэлээр цуцлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дах хэсэгт заасан контрактын гэрээ байгуулсан гэж дүгнэж нэхэмжлэгчид 7 795 344 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул цалин хөлс, нөхөн олговрыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “З” СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.О нь “З” СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 4 дүгээр тал/

Хариуцагч татгалзалдаа “Их монгол хөлөг аудит” ХХК-иас 2017 оны 10 дугаар сард “З” СӨХ ны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар гүйцэтгэх захиралд холбогдох, санхүүгийн зөрчилтэй гэх 43 баримтаар 10 879 350 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн тул Н.О-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй хэмээн тайлбарлажээ. /1 дүгээр хх-ийн 104-168 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “ажилтан нь дотоод журамд заагдсан эрхийн хүрээнд 4 000 000 төгрөгөөс дээш хэмжээний үнийн дүнтэй гэрээт ажил бүхий төсвийг удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ба хариуцлагын, сахилгын буюу эд хөрөнгийн зөрчил гаргахад хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж хариуцлага тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.О нь “З” СӨХ-ны мөнгийг захиран зарцуулах эрхтэй, байгууллагын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд “Их монгол хөлөг аудит” ХХК-иас “З” СӨХ-ны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын тайланд “...Н.О  нь 2016, 2017 онуудад өөрийн цалинг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, нийт ажилчдын цалингийн нэмэгдлийн 48,6 хувийг Н.О-ийн авсан цалин эзэлсэн, сар бүр үндсэн ажлын хоногоо нэмэгдүүлэн сарын үндсэн цалинг 92 308 - 430 768 төгрөгөөр нэмэгдүүлж, үүн дээр хоол унааны мөнгө 420 000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэлд 1 346 462 төгрөг, баярын нэмэгдэлд 131 111 төгрөгийг нэмэгдүүлж сард 996 154 - 1 300 469 төгрөгийн цалин авсан байна. Энэхүү нэмэгдлүүдийг олгох тухай ТУЗ-ийн шийдвэргүй, холбогдох тооцооллыг хийсэн баримт, тушаал шийдвэргүйгээр авсан” гэж дүгнэсэн, уг аудитын дүгнэлт хүчин төгөлдөр байна. /хх-ийн 116-117 дугаар тал/

Дээрх аудитын дүгнэлтээр ажилтан Н.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх тул “З” СӨХ ны 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаал нь хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Хэдийгээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалаар Н.О-ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас түдгэлзүүлсүгэй гэсэн байх боловч хөдөлмөрийн харилцааг талууд дуусгавар болгосон нь тэдний тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 4 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж заасан. Гэвч СӨХ ны гүйцэтгэх захирлын ажлыг хийхэд иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадвар шаардагдахгүй тул талуудыг контрактын гэрээ байгуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. /1 дүгээр хх-ийн 22-28 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “З” СӨХ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Н.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “З” СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 680 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                     Г.ДАВААДОРЖ