Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00881

 

Т.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00201 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.А-д холбогдох

Газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Н-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ариунболд,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Шаравнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н  би 2010 оны 8 дугаар сард өөрийн танил хүнээс Д.А Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэй 14-474 тоот хашааны газрын 355 м.кв газраас 235 м.кв газрыг хувааж зарна гэсний дагуу Д.А-тай уулзаж, 235 м.кв газрыг худалдаж авахаар харилцан тохиролцсон бөгөөд мөн оны 8 дугаар сард бэлнээр 3 500 000 төгрөгийг Д.А-д төлсний үндсэн дээр түүний эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэй 14-474 тоот хашаанд нүүж очин өдийг хүртэл 8 жил амьдарч байна. Үүнээс хойш Д.А нь газрын эзэмших эрхийг шилжүүлэхгүй, гэрчилгээгээ хайгаад олохгүй байна гэх шалтаг, шалтгаан хэлсээр хойшлуулаад байсан тул шахаж шаардсаар байгаад 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар батлуулсан бөгөөд үүнээс хойш газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул арга буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс нэхэмжлэлээ татаж аваач дахин нэмж 1 500 000 төгрөг өгчихвөл газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж өгье гэж удаа дараа гуйгаад байхаар нь 1 500 000 төгрөгийг нэмж төлөн урьд төлсөн 3 500 000 төгрөг дээр нийлээд нийт 5 000 000 төгрөгийг өгсөн. Ингээд шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 35433 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Д.А газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг биелүүлэхгүй, харилцан тохиролцсон үгнээс удаа дараа буцаж миний газар эзэмших эрх болон өмчийн халдашгүй байдалд хууль зөрчин халдаж, Чингэлтэй 14-474 тоот хашааны газрын 355 м.кв газрыг “Бармун гэр хороолол төлөвлөлт”-ийн компанитай 2017 оны 1 улиралд барилга барихад газар чөлөөлөх 3 талт гэрээ байгуулан миний 235 м.кв газрын мөн адил энэ компанид зарахаар болсныг 2017 оны 5 дугаар сард мэдсэн билээ. Үүнээс хойш хариуцагч Д.А-д шаардлага тавьсан боловч заргалдаад аваарай гэж миний эзэмших эрхийг зөрчин өдийг хүрээд байна. Нэхэмжлэгч би хариуцагч Д.А-ны хууль бус үйлдлээс газар эзэмших эрхээ хамгаалах гэж Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж хүсэлт гаргаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4955 дугаартай шүүгчийн захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу газар эзэмших талаар иргэдийн хооронд үүссэн маргааныг тухайн шатны засаг дарга шийдвэрлэнэ гэсний дагуу шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 3/1056 дугаартай албан тоотоор миний өргөдлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул харьяалах шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 235 м.кв газрыг худалдан авсан тул Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-474 тоотод байрлах 235 м.кв газрын эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч 2 талт хариу төлбөрийн нөхцөлтэй байсан. Нэхэмжлэгч эрх шилжүүлэх гэрээний үүрэг буюу төлбөрийг огт төлөөгүй, хариуцагч бол мөнгө огт аваагүй ба түүнд эрхийн гэрчилгээ нь байдаг. Т.Н  нь мөнгөө өгч, харин Д.А эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас газрын эрх шилжээгүй. Гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан, нэхэмжлэгч шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлээ татан авсан захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүний нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х овогт Т.Н-ийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 94 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Н-т олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана..." гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2150 дугаартай магадлалын хянавал хэсэгт тусгаж анхан шатны шүүхэд буцаасан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг шаардсан тул шүүхээс нэг удаа хурлыг хойшлуулсан боловч нэхэмжлэгч тал 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөн адил нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан. Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж зааснаар хойшлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, хэрэгт нотлох баримт хэрэгтэй болохоос биш нэхэмжлэлийн шаардлагын дахин тодруулахын тулд тус хуулийн зүйл заалтыг барьж хойшлуулсан нь хэт нэг талыг баримталж хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт "Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигч худалдах худалдах авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.А-д 235 м.кв газрын эзэмших эрхийг худалдан авсны төлбөрийг 2010 оны 8 дугаар сард 3 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-нд 1 500 000 төгрөгийг төлсөн, мөнгө хүлээн авсан тухай баримтаар тогтоогдсон" гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-д зааснаар тайлбарлавал худалдагч Д.А үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Т.Н-т шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан бичмэл баримтаар худалдаж авсан хөрөнгийн үнийг төлсөн болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Н  нь 3 500 000 төгрөгийг хариуцагч Д.А-д өгсөн гэх баримт байхгүй мөн хавтаст хэргийн 11 талд хэн нь бичсэн үл мэдэгдэх цаасан дээр хэн гэдэг хүн бичсэн тодорхой бус бичгэн баримтыг шүүхээс үнэлж нотлох баримт гэж үзсэн нь хууль үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй байгаа нь тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчмыг мөн адил зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн "Хариуцагч Д.А нь хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1 500 000 төгрөгийг хүлээн авсан тухай баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, миний гарын үсэг биш гэж тайлбарлах боловч түүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй болно" гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, өөрийнхөө бичгийг биш гэж шүүхэд хэлсэн атал анхан шатны шүүх Д.А-ны бичгийн хэв гэж үзэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 "Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй" тус хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно" гэж заасан. Гэвч талууд эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3/1056 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байхад тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь ямар ч хуулийн хүрээнд биш байна. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 35433 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Тус захирамжийн агуулгаас үзвэл газар эзэмшигч болохыг тогтоож, нэр шилжүүлэхийг даалгах тухай гэж ерөнхий агуулгатай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчид хандаж, ямар гэрээний харилцаанд үндэслэн ямар зүйлийг шаардаж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд тусгасан худалдаж авсан гэх эд хөрөнгийн эрхийн талаар заасан агуулгагүй байгааг одоогийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал гэж шууд дүгнэхэд эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хуулийн дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэдгийг анхаарч үзсэнгүй. Мөн тухайн нэхэмжлэл гаргасан үеэс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Т.Н-ийн монгол гэр цахилгаангүй байгааг шүүх хуралдаанд өөрийн биеэр хүлээн зөвшөөрдөг. Цахилгаангүй байгаа шалтгаан бол шүүхэд мөнгөө өгөөгүй атлаа худлаа нэхэмжлэл гаргасан учраас цахилгааныг нь тасалж өөрийн хашаанаас хөөсөн боловч монгол гэрээ аваагүй өнөөдрийг хүрсэн, тухайн гэртээ амьдардаггүй гэдгээ хүртэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримтууд байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож хууль ёсны эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.                                    

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.А-д холбогдуулан, газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.А-тай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.А нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-474 тоот хаягт байрлах, өөрийн эзэмшлийн 355 м.кв газраас 235 м.кв газрын эрхийг нэхэмжлэгч Т.Н-т шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан эрх шилжүүлэх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-12-14 дүгээр тал/

Газар эзэмших эрхийг 5 000 000 төгрөгөөр худалдахаар талууд гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй боловч нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь 5 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тус тус мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр зохицуулсан байна. Мөн хуулийн 260 дугаар зүйлд эрх, шаардлага, бусад хөрөнгийг худалдах, худалдан авах талаар заасан. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдах тохиолдлыг зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Д.А нар газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

Гэвч талууд худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг төлсөн эсэхэд маргаантай байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “... бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ. /хх-ийн 11 дүгээр тал/

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00201 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                                                                    Г.ДАВААДОРЖ