Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/01006

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00964 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БХЯХ ЦТЭ, Д.О, Р.О нарт холбогдох

Гэм хорын хохиролд 88 813 408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449 393 төгрөгийг сар бүр гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч ЦТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сэндмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Алтанзаяа,

Хариуцагч ЦТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тамжид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.Баатархүү нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харьяа ЦТЭ-ийн хордлогын тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эмчилгээ хийгдэж байгаад дотрын тасгийн жижүүр эмч Д.О, сувилагч Р.О нар нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүр эмч, сувилагчаар ажиллаж байх хугацаанд эмчилгээ сувилгааг зохих стандартын дагуу хийж чадаагүй, эмнэлэг нь шаардлагатай үед багаар ажиллах ямар ч арга хэмжээ аваагүйн улмаас нас барсан гэж үзэж байна. Эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн очихдоо шил арчигч шингэн уусан гэдгээ хэлсэн боловч жижүүр эмч Д.О нь өвчтөний биед бодит үзлэгийг хийгээгүй, эмч өвчтэй учир өвчтөнийг үзэх боломжгүй гэдгийг сувилагч Р.О мэдэгдээд эмч бус сувилагч өөрөө истори нээж, эмчийн зааваргүйгээр ходоодыг нь угаасан. Р.О ходоодыг нь бүлээн усаар угаасан гэж байгаа боловч уг усных нь температур хэд байсныг хэн ч мэдэхгүй, хэн ч шалгаж үзээгүй. Гэтэл эмч өвчтөний ходоодыг угаах үед нь хажууд байлцаж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй юм. Эмнэлгийн зүгээс энэ хүн гайгүй байна, эмнэлэгт хэвтүүлэхгүй гэж байхад нь манай ээж хэвтүүлнэ гэсээр байж хэвтүүлсэн, сувилагч нь талийгаачийн биеийн байдлын талаар үнэн бодитой мэдээлэл хэлж байгаагүй. Эмч сувилагчийн харилцаа хандлага маш муу, ганцхан та нарт үйлчилдэггүй гэж муухай харьцаж, өвчтөний биеийн байдлын талаар тайлбарлах биш загнаж харьцаж байсан. Сувилагч нь утсаар зөвлөгөө авч эмчилгээ хийж байсан. Эрүүл мэндийн стандартад заасан өвчтөний дэргэд байнга байж 2-4 цаг тутамд үзлэг хийх, биеийн дулааныг тогтмол үзэх ёстой байтал үзээгүй, хэрэв биеийн дулааныг тогтмол үзсэн бол хүйтэн усаар ходоодыг угааснаас даарч чичрээд байгааг нь мэдэх боломжтой байсан, гэтэл шууд тасалгааны температурт байгаа усаар ходоодыг угааж дуусангуут шууд дусал хийсэн зэрэг алдаануудыг сувилагч Р.О гаргасан. Эмч хүлээн авах дээр байгаагүй, ходоод угаахад байгаагүй, өвчтөнд бодит үзлэг хийгээгүй, үзлэг хийгээгүй хирнээ үзсэн мэтээр өвчтөний түүх дээр бичилт хийсэн, истори болон яаралтай тусламжийн хуудсыг зассан, нэмэлт бичилт хийсэн байсан. Истори зассан гэдгийг криминалистикийн шинжилгээгээр 250 мл гэдгийг 750 мл гэж хоёр удаа, Мөн шөнийн 01:50 цагаас өглөөний 05:50 цагийн хооронд огт үзлэг хийгээгүй мөртлөө үзлэг хийсэн мэтээр бичсэн байгааг тогтоосон. Энэ нь сувилагчийн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно. Эмч Д.О нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш дотрын тасгийн эрхлэгч хүн байсан учраас өвчтөнийг зөв эрэмбэлж чадаагүй, яг юунд хордсоныг тодорхойлоогүй, юугаар хорыг саармагжуулахыг мэдэхгүй байсан. Энэ алдаагаа засахын тулд дараа нь историд засвар хийсэн байсан. Мөн дуслыг ар араас нь залгуулж хийсэн. ЦТЭ нь Монгол Улсын хэмжээнд байдаг ганц хордлогын төв хирнээ хордлогын нарийн мэргэжлийн эмч байхгүй, дотрын эмчийг ажиллуулж байснаараа буруутай юм. Мэргэжлийн эмч биш учраас хордлогын нарийн шалтгааныг тогтоогоогүй, зүгээр энгийн эмчилгээ хийсэн, ямар хүндрэл үүсэхийг мэдэхгүйгээс гадна тухайн үед жижүүр эмч өвчтэй байсан бол дараагийн ажиллах боломжтой эмчийг томилж ажиллуулах байсан ч тийм арга хэмжээ аваагүй. Өвчтөн хүндрэхэд жижүүр эмч н.Янжмааг дуудах боломжтой байсан ч энэ талаар эмнэлгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. 22 цагийн үед Б.Баатархүү өөрийн ухаантай эмнэлэг рүү алхаад орсон ч шөнийн 01:50 цагт хүндрэл өгөхөд шаардлагатай арга хэмжээ авч, багаар ажиллах ямар ч ажил хийгдсэнгүй. Бидний гаргасан гомдлын дагуу Жанжин штабын генерал н.Доржсүрэн нь тус эмнэлэгт шалгалт явуулж, нарийн мэргэжлийн эмч томилоогүйгээс хүний амь нас хохирсон, үүнд эмч Д.О буруутай гэж үзсэн бөгөөд 2017 оны 12 сард Батлан хамгаалах яамны хяналт шалгалтын үнэлгээний хэлтсээс сахилгын шийтгэл ногдуулах үүрэг өгсөн байдаг. Хэрвээ нарийн мэргэжлийн эмч эмчилгээг зөв хийсэн бол өөр хэрэг, тэгээд ч бид ухаангүй хүн авч очоод эмчилгээ хийлгээд нэмэргүй байсан бол бидний зүгээс гомдох зүйл алга. Гэтэл зүгээр өөрийн ухаантай, хөлөөрөө алхаж орсон хүн байтал эдгээр хүмүүс, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүний амь нас хохирсон тул үнэхээр их гомдолтой байна. Дээрх хүмүүс, эмнэлэг мэргэжлийн үйл ажиллагаагаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж амь нас нь хохирсон үйл баримтыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Гэсэн ч цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзсэнийг хяналт тавьж буй прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон гэж шийдвэрлэсэн. Бидний гомдлыг Баянзүрх дүүргийн прокурор хянан үзэж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/465 дугаар хариу мэдэгдэх хуудсанд ... хохирогчид учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болно гэсэн. Үүнээс болж манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан. Түүнчлэн бид Төрийн банкнаас орон сууцны 8 хувийн зээлтэй байсан бөгөөд уг зээлийн төлбөрийг миний нөхөр Б.Баатархүү нь цалингаараа төлдөг байсан ба нас барах үедээ амь насны даатгалаа сунгуулж амжаагүй байсан учраас орон сууцны зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй. “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар талийгаач Б.Баатархүүгийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгож, эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайланг гаргаж, нотлох баримтаар шүүхэд өгсөн. Уг үнэлгээний тайлангаар талийгаачийн хохирлын үнэлгээг 322 561 920 төгрөг гэж үнэлсэн. Миний бие бага насны 3 хүүхэдтэй, сарын цалин маань дээр дурдсан зээлийг төлөхөд хүрэлцэхгүй нөхцөл байдалд орсон. Ж.Б нь Б.Баатархүүтэй 2002 онд гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Лутбаяр, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Агиймаа, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Маралмаа нар төрсөн. Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхэд тус тус авах эрхтэй тул миний хүү Б.Лутбаяр, охин Б.Агиймаа, охин Б.Маралмаа нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлснөөс тооцож сар тутам гаргуулах шаардлага гаргасан. Талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлсийг тооцоолохдоо Б.Баатархүүгийн сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар буюу 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх 12 сарын дундаж цалин 1 140 839 төгрөг болж байгаа тул үүнээс сард Нийгмийн даатгалын сангаас авч буй Тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 541 648 төгрөгийг хасч тооцоход зөрүү 599 191 төгрөг болно. 3 хүүхдэд нийт 449 393 төгрөг. Сард нэг хүүхэд тус бүрт 149 797 төгрөг болж байна. Иймд ажлын хариуцлага алдаж миний нөхрийн амь насыг хохироосон эмч Ж.Оюунжаргал, сувилагч Р.О болон Батлан хамгаалах яамны харьяа ЦТЭ-ээс оршуулгын зардалд 9 787 564 төгрөг, гэм хорын хохиролд 79 025 844 төгрөг, нийт 88 813 408 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 449 393 төгрөгийг сар бүр гаргуулахаар тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЦТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БХЯХ ЦТЭ-т 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Б.Баатархүү нь хордлогын байдалтай хүргэгдэн ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэн улмаар нас барсан. Тухайн үед жижүүр эмчээр Ж.Оюунжаргал, сувилагчаар Р.О нар ажиллаж байсан бөгөөд ажлын байранд хэрхэн ажиллах хууль, журмын хүрээнд ажилласан болно. Нэхэмжлэгч нь өвчтөнг хүйтэн усаар ходоодыг угаасан, мөн өвчтөний түүхийг засварласан, эмчилгээ сувилгааг стандартын дагуу хийгээгүйгээс болж өвчтөн нас барсан гэж тайлбарлаж байна. Ходоодыг хүйтэн усаар угаасан тухайд манай байгууллагад зохих ариун цэврийн стандартын шаардлага хангасан халуун болон хүйтэн ус тус тусдаа савлагаатай байдаг бөгөөд сувилагч уснаас сэлбэж тохирох температурт хүргэн эмчлүүлэгчийн ходоодыг угаадаг болно. Тухайн үед сувилагч Р.О энэ журмаар ходоодыг угаасан байдаг бөгөөд тэр үед талийгаачийн ээж н.Цэрмаа, асрагч З.Энхзаяа нар хажууд нь байсан, энэ талаар асрагч З.Энхзаяа эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн өвчтөний түүхийг засварласан байдаг бөгөөд энэ нь 1. 250 мг-ийг 750 болгон засварласан, 2. ээж Цэрмаагаас болгон өөрчилсөн байдаг. Энэхүү завсарласан байдал нь өвчтөнийг үхэлд хүргэхэд ямар нэгэн шалтгаант холбоогүй юм. ЦТЭ-т холбогдох хууль, дүрэм, журмууд хэрэгжиж эмч, сувилагч нар тэрхүү хууль, журмын дагуу өдөр тутмын ажил, үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь ч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаас харагддаг. Талийгаач Б.Баатархүүд зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн боловч түүний үхлийн шалтгаан нь олон атомт этиленгликоль буюу шил арчигч шингэнээс шууд хамааралтай болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнээс гадна Монгол Улсад хордлогын стандарт байхгүй бөгөөд 1995 онд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв нээгдэн үйл ажиллагаа явуулснаас хойш дотрын эмч ажиллаж байгаа болно. Үүнийг шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хор судлалын үндэсний зөвлөлөөс ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 207 тоот албан бичгийн хариунд дурдсан байдаг. Талийгаач нь эмнэлэгт зүгээр өөрийн хөлөөр алхаж орж ирсэн гэдэгт дараах тайлбарыг хийж байна. ЦТЭ нь эмчилгээ, үйлчилгээг стандартын дагуу үзүүлж ажилласан гэдгийг шинжээчийн 339 дүгээр дүгнэлтэд тодорхойлсон. Этиленгликоль гэх бодисыг ууснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрөхөд шинж тэмдэг илэрдэг, 1-р шат нь 30-12 цагт, 2-р шат нь 12-36 цагт, 3-р шат нь 24-72 цагт шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс өвчтөн эмнэлэгт ирэхдээ ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, зүгээр мэт харагдаж байсан боловч хэдэн цагийн дараа шинж тэмдэг нь илэрч хүндэрсэн гэж үзэж байна. Эмнэлгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/117 тоот тушаалаар жижүүр эмчийн ажиллах журам батлагдсан ба уг журамд хордлогын тасгийн жижүүр эмчийн үүрэг, жижүүр эмчийн баг бүрэлдэхүүнд ямар эмч ажиллах вэ гэдгийг тодорхойлсон ба дотрын мэргэжлийн эмчээс гадна нөхөн сэргээх эмч, мэдрэлийн эмч, уламжлалтын эмч зэрэг эмч нар ажиллана гэж зохицуулсан байна. Халуун хүйтэн усыг зориулалтын саванд хадгалдаг, тэндээс хэмжигчээр авч ходоодыг угаадаг, MNS 4621:2008 эмчилгээний стандартад ходоодыг хүйтэн усаар угаана, бүлээн усаар угаана гэсэн зүйл, заалт байхгүй учраас ходоодыг угаахдаа тасалгааны температурт байгаа бэлдсэн усыг ашигладаг. Дотрын эмч Д.О нь хордлогын нарийн мэргэжлийн эмч биш боловч Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв 1995 онд байгуулагдсанаас хойш дотрын эмч нар ажилласаар ирсэн. Монголд одоогоор хордлогын чиглэлээр дагнан бэлтгэхэд анагаахын сургууль, дамжаа байхгүй, дотрын эмч 6 сарын хугацаатай хор судлаачийн курст суралцдаг. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/117 тоот тушаалаар батлагдсан жижүүр эмч нарын ажиллах журмыг ЦТЭ-т ажиллаж байгаа ажилтан дагаж мөрддөг. Байгууллагын зүгээс журмын хэрэгжилтийн хүрээнд байнгын хяналт тавьж, сургалт явуулдаг. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хордлогоор мэргэшсэн 2-3 эмч л байдаг ба тэр хүмүүс байнгын 24 цагаар ажиллаж чадахгүй учраас дотрын эмч нарыг хордлогын эмчээр ажиллуулахаар тус журамд заасан байдаг. Өөрөөр хэлбэл дотрын эмчээр мэргэшсэн хүн хордлогын эмчилгээг хийж болно. Өвчтөний истори угаасаа нөхөж бичих зориулалттай учир яг тэр үед нөхөж бичсэн үү дараа нь нөхөж бичсэн үү гэдгийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед эрчимт эмчилгээний тасагт ажиллах жижүүр эмч нь Д.О байгаагүй, н.Янжмаа эмч ажиллах хуваарьтай байсан. Д.О эмч дотрын тасгийн жижүүр эмч байсан бөгөөд өвчтөн хэдийгээр эрчимт эмчилгээний тасагт ирсэн ч гэсэн хордлогын талаарх оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг үзүүлэх үүрэгтэй байсан юм. Тус эмнэлэгт эмч Д.О нь офицерын алба хаах гэрээний дагуу, сувилагч Р.О нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан. ЦТЭ болон тухайн өдөрт жижүүрт ажилласан эмч Д.О, сувилагч Р.О нар тусламж үйлчилгээг зохих журмын дагуу өвчтөнд үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд талийгаач Б.Баатархүү нас барахад хариуцагч нар буруугүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Батлан хамгаалах яамны харьяа ЦТЭ-ийн хордлогын тасагт Б.Баатархүү спиртийн төрлийн шингэн ууж, хордсон байдалтайгаар ирсэн. Ингээд тус хэрэгт Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйл 106.2 дахь хэсэгт зааснаар Л.Оюунжаргалд холбогдох эрүүгийн 201626021162 дугаар хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэргийг шалгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд талийгаачийн үхлийн шалтгаан болон гадны нөлөөтэй эсэхийг нарийвчлан шалгаж тогтоосон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар прокурорын зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ... мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан гэрч Д.Цэндмаагийн мэдүүлэгт ... цааш эргээд буцаад ирэхэд хүү маань машины шил арчигч савтай шингэн барьчихсан би үүнээс жаахан уучихсан юм гэж түргэний эмчид хэлсэн чинь түргэний эмч хүүг маань цэргийн госпиталийн хордлогын төврүү хүргэе гээд 103-аар госпиталын хордлогын төврүү явсан ... гэх мэдүүлэг /хх 69-70 дугаар хуудас/, Гэрч Б.Отгонжаргалын 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрийн ээлжинд гарч байхад орой 21 цагийн орчим дуудлага ирсний дагуу очиход ... ээж нь гэх хүн Б.Баатархүүг 5 хоног дараалан архи уусан гэж хэлсэн ... би Баатархүүгээс өөрөөс нь юу болсон юм бэ гэж асуухад Б.Баатархүү машины шил арчигч шингэнээс 200-250 мл уусан байх гэхээр нь би тэрийгээ аваад ир гэхэд дүү нь гэх эрэгтэй 1,8 литрийн хуванцар савтай савныхаа талаар үлдсэн цэнхэр өнгийн шингэн авч ирэхээр нь Б.Баатархүүгээс ямар хэмжээтэй байсан юм бэ гэхэд дүүрэн байсан би уугаад тал болгосон гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /хх 82 дугаар хуудаст/... гэж гэрчийн мэдүүлгүүдийг тусгажээ. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 409 дугаар дүгнэлтээр талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй, үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй, талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас баржээ гэх дүгнэлт /хх 95 дугаар хуудас/, шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1717 дугаар дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Б.Баатархүүгийн гэх цусанд 5,5 хувь, шээсэнд 5.9 хувийн спиртийн агууламж илэрч байна гэж тогтоогдсон нь мөн тус прокурорын тогтоолд тусгагдсан байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн химийн лабораторийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS 40 бичигтэй 1.8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этинленгликоль /олон атомт спирт/ илэрч байна. Этинленгликоль нь үхэлд хүргэх химийн бодис юм. 150 гр болон түүнээс дээш этинленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ гэж /хх-ийн 98 дугаар хуудас/ дүгнэсэн. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтээр БХХСАХНЭ-ийн оношийг зөв тавьж эмчилгээг зохих ёсоор хийгдсэн байна. Одоогоор хордлогын онош эмчилгээний Монгол Улсын стандарт үгүй байна гэж /хх-ийн 112 хуудас/, мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1579 дугаартай дүгнэлтээр ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Ганболдын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 409, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 939 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна ...холбогдох материалуудыг үндэслэн Б.Баатархүү нь химийн бодисын цочмог хордлогын 2 дугаар шат, түүний хүндрэл зүрх, тархи метаболизмын хямралаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өвчний түүхэнд бичигдсэн оношлогоо эмчилгээний заалтууд, хийгдсэн шинжилгээ, авсан арга хэмжээ нь эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд МNS 4621:2009 стандартын дагуу хийгдсэн байна гэж дүгнэснийг үндэслэн Д.О-д холбогдох хэсгийг дээрх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-нь өдрийн 60 дугаар прокурорын 330 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын тогтоолоор Ц.Оюунжаргалд холбогдуулан шалгаж, гэм буруугүй болохыг тогтоосон бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл 14 дэх хэсэгт ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... гэх, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, мөн хуулийн 24 дүгээр зүйл 24.1, мөн хуулийн 25 дугаар зүйл 25.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.О нь буруутай үйлдэл хийсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нотолгоо нь тогтоогдохгүй байгаа мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй үнийн дүнг хариуцагч Д.О хариуцан төлөх хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хохирогч өөрөө 5 хоног дараалан архи уусан, шингэнээс 600 гр уусан гэж хэлсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр уг шингэнээс хэдий хэмжээ уусан нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, 150 мл уухад шууд үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Хохирогч нас барахад Д.О-ын ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлөөгүй. Үүгээр түүний үхлийн шалтгаан нь тогтоогддог. Эмч тухайн үед өөр хүнд үзлэг хийж байсан учраас үзлэгийг 25-30 минутын дараа үзлэг хийсэн, мөн үзлэг хийх, эмчилгээ хийх хооронд жижүүр эмч хүн амарч болно. Түүнээс гадна дотрын эмч хүн хордлогын эмчээр ажиллахыг хориглосон стандарт байхгүй. Гомдлын дагуу ЗХЖШтабаас шалгалт хийж, чиглэл өгсний дагуу эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 тоот тушаалаар Д.О-д сахилгын арга хэмжээ авсан боловч Батлан хамгаалах яамны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1в/534 тоот албан бичгээр дээрх тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж хариу мэдэгдэхийг даалгасны дагуу уг тушаалыг хүчингүй болгосон. Уг албан бичигт талийгаач гадны нөлөөгүй нас барсан, үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоосон, удирдах байгууллагаас тухайн эмч буруутай үйл ажиллагаа явуулаагүй болохыг нь тогтоосон байдаг. Өвчтөний ходоодыг хүйтэн усаар угаасан зүйл байхгүй, эмнэлэгт байнгын халуун горимд ус байдаг учраас бүлээн усаар угаасан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлангаар 322 561 920 төгрөг гэх үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хийсвэр байдлаар хүний амьдрах нас, ирээдүйд олох орлого, нас барсны дараа гарах шууд бус зардал зэргээр хүний амь насны суурь үнэлгээг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан байдлаас үзэхэд Б.Баатархүү нас барж, гэм хорын хохирол учрахад хариуцагч Д.О-ын санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрт, жижүүр эмч Ж.Оюунжаргалын хамт ажилласан. Энэхүү үүрэг гүйцэтгэж байх хугацаанд талийгаач Б.Баатархүү хүргэгдэн ирж улмаар нас нөгчсөн. Эрдэнэт хүний амь эрсэдсэнд харамсаж байгаа ч эмнэлэг болон миний буруутай үйл ажиллагаанаас болж өвчтөн нас барсан гэж үзэж байгаад сэтгэл эмзэглэж байна. Би сувилагчаар нийт 34 жил ажиллах хугацаандаа янз бүрийн шалтгаан, өвчин зовиуртай олон өвчтөн хүлээн авч ажиллаж байсан. Тэр бүрд би ажил үүргийн дагуу ажиллахыг хичээж өдийг хүрсэн. Иргэний хэрэгт авагдсан н.Цэрмаагийн цагдаад өгсөн тайлбараас харахад намайг их муухай харьцсан, хүйтэн усаар ходоодыг угаасан гэх мэт тайлбарласан байна. Тухайн өвчтөний ходоодыг угаахад бүлээн буюу 36-37 градусын усаар угаадаг ба халуун хүйтэн усыг сэлбэж тухайн температурт хүргэж угаадаг, Цэрмаагийн хэлсэн шиг хүйтэн усаар угаасан зүйл байхгүй. Үүнийг тухайн үед асрагчаар ажиллаж байсан н.Энхзаяа хэлэх байх. Жижүүрт гарсан өдөр талийгаачаас өөр 2 хүнд өвчтөнтэй, бусад өвчтөнг нийлүүлээд нийт 30 эмчлүүлэгчтэй тул тэр бүгдэд хүрч ажиллахын тулд шөнөжин явж ажиллах шаардлагатай байдаг. Тийм учраас жижүүрт гарч байгаа эмч ч тэр, би ч тэр ачаалал өндөртэй ажилладаг. Анх талийгаачийг хүлээн авч эмчид мэдэгдсэн ба эмч ходоодыг нь угааж бай гэж мэдэгдсэн учир шаардлага хангасан усаар угаасан бөгөөд эмч ирж үзлэг хийсэн. Миний үүрэг бол эмчийн зааврын дагуу өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах байдаг. Би тэр л журмаар ажилласан. Ажил үүргийг удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу л явуулсан. Дээр нь талийгаач Б.Баатархүү дараалан 5 хоног архи уусан байсан бөгөөд нэмж шил арчигч шингэн уусан байдалтай ирсэн. Өмнөх өдөр нь ч гэсэн түргэний эмч дуудаж үзүүлсэн асуудал байдаг. Мөн баримт бичиг засварласан асуудал бас яригддаг бөгөөд миний бие баримт бичиг хөтлөх тодорхой ажилтай тэр баримтыг л хөтөлсөн. Иймд талийгаачийн нас барсан үйлдэлд миний бие буруугүй гэж үзэж байна. Би ажлаа зохих журмын дагуу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд явуулсан. Энэ асуудлаас болж би мэргэжлийн хяналтын байгууллагад 2 удаа, Батлан хамгаалах яамны хяналт шалгалтаар 2 удаа, мөн цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж 2 жилийн хугацаанд хэрэг хийсэн ялтан шиг байнга дуудагдаж, байцаагдаж сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байдалтай байсан. Одоо ч гэсэн сэтгэл санаа тогтворгүй болж заримдаа унтаж чадахгүй байдалтай байна. Цагдаагийн байгууллагаар маш удаан явж үнэн мөнийг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дахиад шүүхийн байгууллагаар ямар хугацаанд дуудагдаж явахыг мэдэхгүй байна. Шүүх байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Би өөрийгөө талийгаачийн нас нөгчсөн явдалд буруугүй гэж үзэж байгаа ч гэсэн талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Р.Онь одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, биеийн эрүүл мэндийн хувьд хүндхэн байгаа бөгөөд тэрээр сувилагчийн албан тушаалд ажилладгийн хувьд бие даан шийдвэр гаргаж, хүнийг эмчлэх эрхгүй. Ходоодыг хүйтэн усаар угаагаагүй. Түүний мэдүүлэгт ч энэ талаар тайлбарласан байдаг. Өвчтөний ходоод угаахад баримтлах стандартын дагуу заавал их эмч хамт байхыг шаардахгүйгээс гадна ходоодыг халуун, хүйтэн усаар угаах стандартгүй бөгөөд усны температур хэмждэг багаж байхгүй. Тухайн үед талийгаачийн гэрт түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч болох н.Отгонжаргалын гэрчийн мэдүүлэгт: Ээж нь талийгаачийг 5 хоног архи уусан гэж хэлж байсан. Шил арчигчийн талыг уусан гэж хэлсэн, Б.Баатархүүгийн эхнэрийг ээж нь хүүг минь ийм байдалтай байлгалаа гэж загнаж байсан зэргээс харж болно. Тиймээс цаг хугацааны байдлаас харахад тухайн шингэн биед нь шингэсэн үү, эсхүл биеэс гадагшилсан уу гэдгийг талийгаачийн нас барсан байдлаас өмнөх цаг хугацаатай нь холбон үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Талийгаач Б.Баатархүүгийн ходоодыг угаахаас өмнө 19 цагийн үед өөр нэг өвчтөний ходоодыг угааж байсан гэдгээ хэлсэн байдаг. Иймд Р.О-гийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын амь нас хохироогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д тус тус зааснаар хариуцагч ЦТЭ-ээс 9 765 999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 047 109 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.О, Р.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дүгээр зүйлийн 508.4.1-д тус тус зааснаар хариуцагч Цэргийн төв эмнэлгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 2005 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Лутбаяр, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Агиймаа, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Маралмаа нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 143 047 төгрөг, нийт 429 141 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 20 252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Цэргийн төв эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 178 072 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ЦТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... БХЯХ ЦТЭ-т 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Б.Баатархүү нь шил арчигч шингэн ууж, хордлогын байдалтай хүргэгдэн ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэн улмаар нас барсан. Тухайн үед тус эмнэлгийн жижүүр эмчээр батлагдсан хуваариар офицерын алба хаах гэрээний дагуу Д.О, хөдөлмөрийн гэрээний дагуу сувилагчаар Р.О нар ажиллаж байсан бөгөөд ажлын байранд хэрхэн ажиллах хууль, журмын хүрээнд ажилласан болно. Гэвч шүүхийн шийдвэрт болон нэхэмжлэгчийн тайлбарт Хордлогын яаралтай тусламжийн тасагт жижүүрийн томилолт буруу хийж, хордлогын тасагт мэргэжлийн бус эмч жижүүрт гаргаснаас өвчтөнд үзүүлэх анхны тусламж, өвчнийг эрэмбэлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзсэн үүнтэй санал нийлэхгүй байна. Байгууллагын дарга ерөнхий эмчийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/117 тоот тушаалаар батлагдсан жижүүр эмч нарын ажиллах журмыг ЦТЭ-т ажиллаж байгаа ажилтан дагаж мөрддөг. Тус журамд хордлогын тасгийн жижүүр эмчийн үүрэг, жижүүр эмчийн баг бүрэлдэхүүнд ямар, ямар эмч ажиллах талаар тодорхойлсон ба хордлогын төвийн эмчээр дотрын их эмч ажиллана гэж тусгаж өгсөн. Байгууллагын зүгээс журмын хэрэгжилтийн хүрээнд хяналт тавьж, сургалт явуулдаг болно. Тус эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв нь 1995 онд байгуулагдсанаас хойш дотрын их эмч нар ажилласаар ирсэн. Монгол Улсын хэмжээнд хордлогын чиглэлээр мэргэшсэн эмч болон анагаахын сургууль дамжаа хомс, дотрын эмч нар нь 6 сарын хугацаатай хор судлаачийн курст суралцаж төгссөн байдаг. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд одоогоор 2-3 эмч л байдаг ба тэдгээр ажилтан алба хаагч нь 24 цагаар ажиллах боломжгүй учраас дотрын эмч нарыг хордлогын төвд эмчээр ажиллуулахаар ЦТЭ-ийн жижүүр эмч нарын ажиллах журамд заасан юм. Иймд манай байгууллага нь жижүүрийн томилолтыг буруу хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл тус хордлогын төвд хордлогын мэргэжлийн эмч /хордлогын мэргэжлийн эмч гэж улсын хэмжээнд байхгүй бөгөөд манай эмч нар энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байдаг/ ажиллах талаар тогтоосон стандарт, хэм хэмжээ байхгүй ба ямар нэг тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй байгаа нь эрх зүйн хувьд объектын зөрчлийн шинжгүй буюу хууль бус гэх шинжгүй. Талийгаач Б.Баатархүүд эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн ба энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №409 тоот, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1717 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны №1718 тоот 2016 оны 3 дугаар сарын 25-ны №2309 тоот, 2016 оны 7 дугаар сарын 25-ны №939 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны №1579 тоот дүгнэлтүүдэд "... талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нар барсан, ... оношилгооны, эмчилгээний заалтууд, хийгдсэн шинжилгээ, авсан арга хэмжээ нь эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд МNS 4621:2008 стандартын дагуу хийгдсэн байна" гэсэн дүгнэлтүүдээр нотлогддог. Шүүхийн шийдвэрт хариуцагч Д.О нь ажлын ачаалал ихтэй байснаас эмчлүүлэгчийг эмнэлэгт хүлээн авсан даруйд үзлэг хийсэн холбогдох эмчилгээг стандартын дагуу шуурхай авч хэрэгжүүлсэн гэх байдлаа баримтаар няцаагаагүй нотлох баримтаар хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Нотолгооны хувьд нэхэмжлэгч тал эхэлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох хуваарьтай ба Д.О нь мөн ямар хэм хэмжээ, стандарт, тушаал шийдвэрийг зөрчсөн талаар тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Д.О нь 2016 оны 02 дугаар сарын сүүлийн 15 хоногийн эргүүл, жижүүрийн томилгооны дагуу тус өдөр дотрын жижүүр, галт тогооны жижүүр, хордлогын жижүүр эмчээр томилогдон ажиллаж байсан ба ажлын ачаалалтай ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа мэдээний дэвтэр дээрх дотрын тасгийн болон хордлогын тасагт эмчлүүлэгчдийн тооноос харагдаж байгаа болно. Эдгээр өвчтөнүүдэд хяналт тавьж ажилласан. Үүнийг шүүх нотлох баримтын хэлбэрээр үнэлээгүй. Нэхэмжлэгч нь өвчтөнг хүйтэн усаар ходоодыг угаасан, мөн өвчтөний түүхийг завсарласан, эмчилгээ сувилгааг стандартын дагуу хийгээгүйгээс болж өвчтөн нас барсан гэж тайлбарладаг. Ходоодыг хүйтэн усаар угаасан тухайд манай байгууллагад зохих ариун цэврийн стандартын шаардлага хангасан халуун болон хүйтэн ус тус тусдаа савлагаатай байдаг бөгөөд сувилагч уснаас сэлбэж тохирох температурт хүргэн эмчлүүлэгчийн ходоодыг угаадаг болно. Тухайн үед сувилагч Р.Онь энэ журмаар ходоодыг угаасан байдаг бөгөөд тэр үед талийгаачийн ээж н.Цэрмаа, асрагч З.Энхзаяа нар хажууд нь байсан, энэ талаар асрагч З.Энхзаяа эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Монгол Улсад мөрдөгдөж буй МNS 4621:2008 эмчилгээний стандартад ходоодыг хүйтэн усаар угаана, бүлээн усаар угаана гэсэн температур заагаагүй. Нөгөө талаар хүйтэн усаар угаасан гэх байдал нь үйл баримтын хувьд ч, шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдоогүй. Хэдийгээр иргэн хүн энгийн ухамсрын түвшинд хардах эрхтэй ч шүүх эрх зүйн үүднээс нотолгооны байдлаар нь авч үзэж үнэлэлт өгөх ёстой байсан боловч хэт нэг талын тайлбарт хөтлөгдөн шийдвэрлэсэн. Өвчтөний түүхийг засварласан гэдэг бөгөөд энэ нь 1. "250 мг-ийг 750" болгон засварласан, 2 "Ээж Цэрмаагаас болгон өөрчилсөн. Засварласан байдал өвчтөнийг үхэлд хүргэх ямар нэгэн шалтгаант холбоогүй. Эмч Д.О-ын эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт "...2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жижүүрийн ээлжид гарч байхад орой 21 цагийн орчим дуудлага ирсний дагуу очиход ээж нь гэх хүн Б.Баатархүүг 5 хоног дараалан архи уусан гэж хэлсэн, ... би Баатархүүгээс өөрөөс нь юу болсон бэ гэж асуухад Б.Баатархүү машины шил арчигч шингэнээс 200-250 мл уусан байх гэхээр нь би тэрийгээ аваад ир гэхэд дүү нь гэх эрэгтэй 1,8 литрийн хуванцар савтай савныхаа талаар үлдсэн цэнхэр өнгийн шингэн авч ирэхээр нь Б.Баатархүүгээс ямар хэмжээтэй байсан юм бэ гэхэд дүүрэн байсан би уугаад тал болгосон гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг гэрчийн мэдүүлэгт тусгагдсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн химийн лабораторийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2309 дугаартай дүгнэлтээр "шинжилгээнд ирүүлсэн WASH PLUS 40 бичигтэй 1,8 литрийн хуванцар савтай цэнхэр өнгийн шингэнд этинленгликоль илэрч байна. Этинленгликоль нь үхэлд хүргэх химийн бодис юм 150 гр болон түүнээс дээш этинленгликоль хэрэглэсэн хүн шууд үхэлд хүрнэ гэж дүгнэсэн. Иймээс тун нь хэтэрсэн бөгөөд мэргэжлийн чадвартай алтан гартай эмч байгаад ч амь насыг нь аврах боломжгүй. Нэхэмжлэгч тал ухаангүй хүн бид авчраагүй хөлөөрөө явж эмнэлэгт орсон гэдэг. Талийгаач Б.Баатархүүг шинжээчийн дүгнэлтээр химийн бодисын цочмог хордлогын 2-р шат гэж оношилсон бөгөөд этингликоль гэх бодисыг ууснаас хойш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж байгаад тодорхой цаг хугацаа өнгөрөхөд хүний биед өөрчлөлт ордог химийн бодисын цочмог хордлогын 2-р шат нь 12-36 цагийн хугацаанд илэрч хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Р.Оюунчимэгийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд хариуцагч Д.О нь цэргийн алба хаагчийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан гэх байдал тогтоогдож байх тул талийгаачийг оршуулахтай холбогдсон зардал болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагч ЦТЭ хариуцан арилгах үүрэгтэй байна гэж үзсэн. Гэтэл 2016 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Д.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Б.Баатархүү нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас тархи хавагнан нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Д.О-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №60 тоот тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №330 тоот тогтоолоор 201626021162 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдсон Д.О-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байтал иргэний шүүх Д.Оыг гэм буруутай байна гэж үзсэн. Шүүх дүгнэлт хийхдээ талийгаачийн ээжийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлжээ. Нотлох баримтын хувьд уг гэрчийн мэдүүлэг нь субьектив хандлагатай байхаар байхад бусад тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт зэрэгтэй харьцуулан үнэлээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг харьцуулан үзэх, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасан байна. Байгууллагын хурлын тэмдэглэлийн хувьд хүмүүсийн бодол дүгнэлтийг тусгасан байгууллагын хэмжээний баримт бичиг бөгөөд энэ нь зарим талаар шинжээчийн дүгнэлттэй зөрж байгаа тохиолдолд хуулийн дагуу томилогдон тодорхой эрх, үүрэг хүлээсэн, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэж үнэлээгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл нь гэм хор учруулагч нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан байх нөхцөлийг хуульчилжээ. Энэ хэргийн хувьд дээрх хуулийн нөхцөл хангагдсан байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал тус эмнэлгийн хордлогын төвийн эмч, эмнэлгийн ажилтны хууль зөрчсөн гэм буруутай байдал эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Тодруулбал талийгаач этинленгликоль буюу үхэлд хүргэх химийн бодис хэрэглэсэн мөн хордлогын төвд үйлчлүүлэхээр ирэхэд нь эмч эмнэлгийн байгууллагын ажилтан нар эс үйлдэхүйгээр өвчтөнөө үзээгүй буцаасан эмчлэх үүргээ огт биелүүлээгүй, эсхүл буруу эмчилгээ хийсэн гэх гэм буруу болон шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Д.О-ын санаатай болон санамсаргүй, үйлдэл эс үйлдэхүй нь талийгаачийг үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй тул үүнээс үүдэн гарсан хохирол, гэм хорыг ЦТЭ нь хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч БХЯХ ЦТЭ, эмч Д.О, сувилагч Р.О нарт холбогдуулан оршуулгын зардалд 9 787 564 төгрөг, бусдад төлөх зээлийн үүргийг гэм хорын хохиролд тооцож 79 025 844 төгрөг, нийт 88 813 408 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 449 393 төгрөгийг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Б-ийн нөхөр Б.Баатархүү нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр спиртийн төрлийн шингэн ууж хордсон байдалтайгаар БХЯХ ЦТЭ хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 91 дүгээр тал/

Дээрх үйл баримттай холбогдуулж Б.Баатархүү нас барсан шалтгааны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд нь MNS 4621:2008 стандартын дагуу хийгдсэн байна” гэжээ. Уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хх-ийн 187, 192-205, 208-211 дүгээр тал/

Хэдийгээр хариуцагч Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хариуцагч Д.О нь талийгаач Б.Баатархүүд эмнэлгийн шуурхай үзлэг, тусламж, эмчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг шалгасан тухай нотломж, гэрчийн мэдүүлгүүд, ЦТЭ-ийн дарга, ерөнхий эмчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай №Б/193 тоот тушаал зэргээр тогтоогдсон гэж үзнэ. /1 дүгээр хх-ийн 21, 25-31, 2 дугаар хх-ийн 53-54, 113, 128-129, 130, 153, 158-160 дугаар тал/

Анхан шатны шүүх хариуцагч Д.О-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон нь эмч Д.О-ыг хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч Р.О-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч Д.О-ын хувьд цэргийн алба хаагчийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан тул хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэх үндэслэлээр хариуцагч ЦТЭ-гээс оршуулгын зардалд 9 765 999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 21 565 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, /1 дүгээр хх-ийн 60-65 дугаар тал/

Хүү Б.Лутбаяр, охин Б.Агиймаа, Б.Маралмаа нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд сар бүр нийт 429 141 төгрөгийг хариуцагч ЦТЭ-гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 20 252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /1 дүгээр хх-ийн 82, 85-86 дугаар тал/

Харин нэхэмжлэгч Ж.Б нь “Төрийн банк” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 79 025 844 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн боловч уг шаардлага нь гэм хорын хохиролтой шалтгаант холбоогүй тул анхан шатны шүүхээс 79 025 844 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЦТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00964 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЦТЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                                         ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                          Г.ДАВААДОРЖ