Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/01008

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00975 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТА” ХХК, Н.Т, Н.Н, Ж.Н нарт холбогдох

Орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

Хариуцагч Ж.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “ТА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг 69 200 000 төгрөгөөр захиалгаар бариулах гэрээг 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан, мөнгөө бүрэн төлсөн. Гэрээний дагуу байр ашиглалтад орж, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дээрх орон сууцыг өмчлөх эрхийг олж авсан. Байранд Ж.Н гэж хүн байгаа, чөлөөлж өгнө гэсэн. Ж.Нолдохгүй байсан тул дээрх хаягт хэн амьдарч байгааг тус дүүргийн 1 дүгээр хорооноос тодруулахад Н.Т, Н.Н нар амьдарч байгаа талаар тодорхойлолтыг өгсөн. Эдгээр хүмүүс өнөөдрийг болтол байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг Б.Э 2010 онд худалдан авсан. Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа гэжээ.

Хариуцагч Н.Т, Н.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд өөрийн найз, “ТА” ХХК-ийн захирал Ц.Сономцэрэнтэй харилцан тохиролцож түүнд газар өгнө гээд, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69,02 м/кв талбай бүхий орон сууц, нэг машиныг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, орон сууцны 1 м/кв-ыг нь 800 000 төгрөгөөр тооцон нийт 55 216 000 төгрөгөөр авахаар тохирсон. Байр ашиглалтад орж, би 2010 оны намар уг байранд орсон. Газар эзэмших эрх дүүргээс гарсан байсан боловч барилга барих эрх олгох газар Нийслэлээс эрх нь гарах шаардлагатай болсон зэрэг асуудал явж байх явцад Ц.Сономцэрэн нь өөр газар авчихсан гээд миний газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны ажлын байранд нь Ц.Сономцэрэнд орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг 2014 онд бэлнээр өгсөн. Би энэ байранд 3 жил амьдраад, ах Ж.Нарангэрэлдээ байрыг шилжүүлсэн. Ахын хүүхдүүд болох Н.Т, Н.Н нар байранд амьдарч байсан, энэ хаягт бүртгэлтэй. Би Ц.Сономцэрэнтэй бичиг баримт үйлдээгүй, гэрээ бичгээр хийгээгүй. Ц.Сономцэрэн миний өгсөн 60 000 000 төгрөгийг машины үнэнд тооцно гэснээс болоод өнөөдрийг хүртэл маргаантай явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 2 өрөө орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч Ж.Н, Н.Н, Н.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 434 030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 434 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Ж.Н нь “ТА” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Сономцэрэнд Алтай хотхоныг үргэлжлүүлэн барих газар өгөх, Ц.Сономцэрэн газрын төлбөрт тус компани барьж 2010 оны 8 дугаар сард ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууц болон жип машин өгөхөөр тохирч Ж.Н-д машинаа шалгуулж өгсөн. "ТА" ХХК 2010 оны 9 дүгээр сард Ж.Н-аас 60 000 000 төгрөг аваад Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцанд оруулснаар нэхэмжлэгч Б.Э болон "ТА" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болж уг байр Ж.Н-ын эзэмшилд шилжиж өнөөдрийг хүртэл эзэмшиж амьдарч байгаа. Энэ 9 жилийн хугацаанд Ц.Сономцэрэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн учраас амьдарсаар ирсэн. “ТА” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Сономцэрэн нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоотод Ж.Н-ыг орохыг 2010 оны 9 дүгээр сард зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны үед тогтоогдсон. Ц.Сономцэрэн болон Ж.Н-ын хооронд байрны төлбөрийн асуудал дууссан байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “ТА” ХХК, Н.Т, Н.Н, Ж.Н нарт холбогдуулан орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “ТА” ХХК зөвшөөрч, хариуцагч Н.Т, Н.Н, Ж.Ннар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “ТА” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ТА” ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 112 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь нийт 69 200 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээгээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 176-178 дугаар тал/

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Э нь 69 200 000 төгрөгийг хариуцагч “ТА” ХХК-д шилжүүлэн өгч, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205041170 дугаарт нэхэмжлэгч Б.Э-ыг өмчлөгчөөр бүртгэсэн байна. /1 дүгээр хх-ийн 183 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Э нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо уг байрны төлбөрт 60 000 000 төгрөгийг “ТА” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Сономцэрэнд бэлнээр өгсөн гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.Сономцэрэн нь 60 000 000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлсэн байна. /2-р хх-н 119-р тал/

Ийнхүү хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд маргаж буй орон сууцанд хариуцагч нар 2010 оноос хойш амьдарсан нь тэднийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин хариуцагч “ТА” ХХК нь нэхэмжлэгч Б.Э-ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “ТА” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ж.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00975 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... чөлөөлсүгэй.” гэснийг, “чөлөөлж, хариуцагч “ТА” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                          Г.ДАВААДОРЖ