Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00756

 

Б.Энхцацралын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05663 дугаар шийдвэр,                          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 591 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Б.Энхцацрал,

Хариуцагч : Н.Тулга,

Хариуцагч : Н.Намуунцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага : Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай

Хариуцагч нарын төлөөлөгч Ж.Наранмандахын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэмөнх, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тайгам Алтай ХХК нь Ж.Нармандахтай тохиролцож Баянгол дүүргийн 01 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв 2 өрөө байрыг м.кв-ыг нь 800.000 төгрөг нийт 55.216.000 төгрөгөөр бодож өмчлөлд нь шилжүүлэх, Ж.Нармандах нь Тайгам Алтай ХХК-д газрын эрхийг шилжүүлэхээр арилжааны тохиролцоо хийгдсэн. Гэтэл 2010 онд тус байр ашиглалтад орж Ж.Нармандах нь тус байрны 112 тоотод нүүн орсон боловч бартерт өгөх газраа Тайгам Алтай ХХК-ийн өмчлөл эзэмшилд шилжүүлээгүй. Газраа Тайгам Алтай ХХК-ийн өмчлөл эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд Б.Энхцацрал нь тус байрны өмчлөх эрхийг Ж.Нармандахад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан. Ж.Нармандахаас байр чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч олдоогүй тул 2016.4.14-ний өдрийн 102/Ш32016/13458 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар тус хаягт хэн амьдарч байгааг хорооноос лавлахад Н.Тулга, Н.Намуунцэцэг нар амьдарч байгаа тухай тодорхойлолт өгсөн. Иймд, Алтай-хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв 2 өрөө байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд өөрийн найз Тайгам Алтай ХХК-ийн захирал Сономцэрэнтэй харилцан тохиролцож маргаан бүхий байрыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийж, уг байрыг 1 м.кв-ыг 800.000 төгрөгөөр тооцон нийт 55.216.000 төгрөгт авахаар наймаа хийсэн. Явцын дунд бартерт өгөх газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны оффисийн байранд очиж 60 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд, байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд Б.Энхцацрал гэдэг хүний нэр бичигдсэн байгаа боловч уг байр нь Тайгам Алтай ХХК-ийн байр юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05663 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, Алтай хотхон 12 дугаар байр, 112 тоот орон сууцыг Н.Туул, Н.Намуунцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхцацралаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434.030 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 363.830 төгрөг, Н.Тулга, Н.Намуунцэцэг нараас 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 591 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Ж.Наранмандах хэд, хэдэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан. Тухайлбал: Хариуцагч талаас 2016.11.08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй хамт оролцох хүсэлт гаргасан. Гэтэл шүүх өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь өмнөх шүүх хуралдаанаар хангасан гэж дүгнээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Манай өмгөөлөгч эрүүл мэндийн улмаас Солонгос Улсад эмчилгээ хийлгэхээр явсан тул хойшлуулахыг  хүссэн боловч  хүлээж аваагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад  орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх гэсэн шаардлага бөгөөд үндэслэл нь хариуцагч байрны төлбөрт ногдох өмчлөлийн газраа компанид өгөөгүй гэсэн. Гэтэл газрыг нэхэмжлэгч нар авахаас татгалзсан тул бид  60 сая төгрөгийг бэлнээр төлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагч талын төлсөн 60 сая төгрөг дээр мараагүй. Тэгсэн мөртлөө байрны төлбөрт шилжүүлэх бартерийн газраа шилжүүлээгүй гэж нэхэмжлэл гаргасан нь  ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, Тайгам Алтай ХХК-ийн захирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Хариуцагч байрад 2010 оноос хойш амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд уг байрны төлбөр мөнгөтэй холбоотой Тайгам Алтай ХХК-иас нэг ч удаа нэхэмжлэл гаргаж байгаагүй. Гэтэл гэнэт байрны өмчлөгч гэх Б.Энхцацрал гэдэг хүн гарч ирэн шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Б.Энхцацралыг төлөөлж Б.Эрдэнэмөнх шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 12-р байр, 112 тоот 69.02 кв.м 2 өрөө орон сууцыг Н.Тулга, Н.Намуунцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Зохигчид хариуцагч нарын төлөөлөгчийн нэрийг “Ж.Наранмандах” гэж /хх 17, 21, 25, 40, 50, 55, 66, 83, 91/ мөн “Ж.Нармандах” гэж /хх 1, 18, 29, 32, 33, 35/ өөр өөр байдлаар бичиж байгааг шүүх тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

2. Б.Энхцацралыг төлөөлж Б.Эрдэнэмөнх Н.Тулга, Н.Намуунцэцэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...Тайгам Алтай ХХК Нармандахтай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 12-р байр, 112 тоот орон сууцыг 55.216.000 төгрөгөөр Нармандахад шилжүүлэх, Нармандах газар шилжүүлэхээр тохирсон... 2010 онд Нармандах байрандаа орсон боловч газраа өгөөгүй... газраа Тайгам Алтай ХХК-д өгсөн тохиолдолд байрны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзахгүй... одоо энэ байранд Нармандах дүү нараа оруулсан байгаа тул 2 өрөө байрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан...” гэсэн үндэслэл заажээ.

112 тоот орон сууцыг Тайгам Алтай ХХК Ж.Наранмандах /Ж.Нармандах/ харилцан тохиролцсоны дагуу 2010 онд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүйгээс гадна Ж.Наранмандах /Ж.Нармандах/ нь Тайгам Алтай ХХК –д газар өгсөн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууцыг түүний өмчлөлд Б.Энхцацрал шилжүүлэхийг зөвшөөрсөн /хх 1/ -с үзвэл Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 12-р байр, 112 тоот орон сууц нь Тайгам Алтай ХХК болон Ж.Наранмандах /Ж.Нармандах/ нарын хооронд үүссэн маргааны зүйл байна.

Ж.Наранмандах /Ж.Нармандах/ 2 өрөө орон сууцыг 2010 онд /хх 1, 43/  Тайгам Алтай ХХК-тай харилцан тохиролцон эзэмшилдээ авснаас хойш орон сууцыг чөлөөлөхийг Тайгам Алтай ХХК шаардаж байсныг мөн орон сууцыг Б.Энхцацрал 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөлдөө шилжүүлэн авах үед үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Наранмандах /Ж.Нармандах/ эзэмшиж байгаагүйг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх Б.Энхцацралын нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 106-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна мөн хуулийн 250 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаараагүй нь дутагдалтай болжээ.    

 3. 112 тоот орон сууцыг хариуцагч нар бус, харин тэдгээрийн төлөөлөгч өмчлөх эрхтэй эсэх талаар маргаан үүсэж буйгаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Наранмандахыг /Ж.Нармандахыг/ хариуцагчаар оролцуулах эсэхийг нэхэмжлэгчээс, гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг зохигчдоос тодруулах, зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-29, 116-р зүйлийг зөрчихгүй юм.

4. Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 12-р байр, 112 тоот  орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой гаргасан хүсэлтийг шүүх хангаж 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 102/ШЗ2016/25540 дугаар захирамж гаргасан /хх 44/ боловч захирамжийн заалт биелэгдээгүй байна. Тодруулбал, шүүх бүртгэлийн байгууллагаас 112 тоот орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг /хувийн хэргийн хуулбар/ шаардсан байхад өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг /хх 47-48/ ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т нийцээгүй байна.   

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн  хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 591 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Ж.Наранмандахад захирамжаар буцааж олгосугай. 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ