Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/00975

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 18 дугаар байрны 61 тоотод оршин суух,эмэгтэй, РД-ЧВ86050862, Төгрөг харууд овогт Батжаргалын Энхцацралын нэхэмжлэлтэй,

 

 хариуцагч- Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп плаза, 420Б дугаар байрны 02 тоотод байрлах, РД-2658011, Тайгам Алтай ХХК,

 

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэлбэ хотхон, Энгельсийн гудамж, 42 дугаар байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УП92031135, Их монгол овогт Наранбатын Тулга,  

 

хариуцагч-Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоотод оршин суух,эмэгтэй, РД-УК93121102, Боржигин овогт Нарангэрэлийн Намуунцэцэг,

 

хариуцагч-Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 6 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧГ72030774, Боржигон овогт Жамъянмядагын Наранмандах нарт холбогдох,  

 

Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Тайгам-Алтай ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгасайхан, хариуцагч бөгөөд хариуцагч Н.Тулга, Н.Намуунцэцэг нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранмандах, гэрч Ц.Сономцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Энхцацрал нь Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг 69 200 000 төгрөгөөр захиалгаар бариулах гэрээг 2010-03-02 өдөр байгуулсан.Мөнгөө бүрэн төлсөн. Гэрээний дагуу байр ашиглалтад орж, 2011-11-29 өдөр дээрх орон сууцыг өмчлөх эрхийг олж авсан. Байранд Ж.Наранмандах гэж хүн байгаа, чөлөөлж өгнө гэсэн. Ж.Наранмандах олдохгүй байсан тул дээрх хаягт хэн амьдарч байгааг тус дүүргийн 1 дүгээр хорооноос тодруулахад Н.Тулга, Н.Намуунцэцэг нар амьдарч байгаа талаар тодорхойлолтыг өгсөн. Эдгээр хүмүүс өнөөдрийг болтол байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү?

 

Хариуцагч Н.Тулга, Н.Намуунцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.Наранмандахын тайлбартаа: Миний бие 2010 онд өөрийн найз,Тайгам алтай ХХК-ийн захирал Ц.Сономцэрэнтэй харилцан тохиролцож түүнд газар өгнө гээд, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м/кв талбай бүхий орон сууц, нэг машиныг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, орон сууцны 1 м/кв-ыг нь 800,000 төгрөгөөр тооцон нийт 55,216,000 төгрөгөөр авахаар тохирсон. Байр ашиглалтад орж, би 2010 оны намар уг байранд орсон. Газар эзэмших эрх дүүргээс гарсан байсан боловч барилга барих эрх олгох газар Нийслэлээс эрх нь гарах шаардлагатай болсон зэрэг асуудал явж байх явцад Ц.Сономцэрэн нь өөр газар авчихсан гээд миний газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны ажлын байранд нь Ц.Сономцэрэнд орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг 2014 онд бэлнээр өгсөн. Би энэ байранд 3 жил амьдраад, ах Ж.Нарангэрэлдээ байрыг шилжүүлсэн. Ахын хүүхдүүд болох Н.Тулга, Н.Намуунцэцэг нар энэ амьдарч байсан, энэ хаягт бүртгэлтэй. Би Ц.Сономцэрэнтэй бичиг баримт үйлдээгүй, гэрээ бичгээр хийгээгүй. Ц.Сономцэрэн миний өгсөн 60 000 000 төгрөгийг машины үнэнд тооцно гэснээс болоод өнөөдрийг хүртэл маргаантай явж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 2 өрөө орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэв.

Хариуцагч Тайгам алтай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12-р байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг Б.Энхцацрал 2010 онд худалдан авсан. Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд гэрч Ц.Сономцэрэнгийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан хаягийн тодорхойлолт, улсын бүртгэлийн архивын лавлагаа, өмчлөх эрхийн талаарх лавлагаа, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, мэдүүлгэд хавсаргасан орон сууц захиалгаар барих гэрээ зэрэг баримтууд, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн газраас гаргуулсан Тайгам алтай ХХК-ийн талаарх лавлагаа, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрэм, орон сууцанд бүртгэлтэй иргэдийн талаарх хорооны тодорхойлолт, орон сууцны ашиглалтын зардлыг 2016 оноос хойш хугацаанд төлсөн хариуцагчийн баримтууд, Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулсан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Энхцацрал нь Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг 69 200 000 төгрөгөөр захиалгаар бариулах гэрээг Тайгам алтай ХХК-тай 2010-03-02 өдөр байгуулсан байх бөгөөд орон сууц захиалан бариулах дээрх гэрээ, орон сууцны үнийг бүрэн төлсөн тухай Тайгам алтай ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган, орон сууцыг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр 2011-11-19 өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн мэдүүлгийг Улсын бүртгэлийн газарт гаргасан байна.

 

Мэдүүлгийг улсын бүртгэл бүртгэж, нэхэмжлэгчид 112 тоот орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Наранмандах нь Тайгам алтай ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Сономцэрэнд Алтай хотхоныг үргэлжлүүлэн барих газар өгөх, Ц.Сономцэрэн газрын төлбөрт тус компани барьж, 2010 оны 08 сард ашиглалтад оруулсан, Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон жип автомашиныг өгөхөөр тохирч, хариуцагч Ж.Наранмандахыг 112 тоот орон сууцанд 2010 оны 9 сард орохыг зөвшөөрсөн, Ж.Наранмандахад амласан автомашинаа шилжүүлэн өгсөн болох нь хариуцагч Ж.Наранмандахын тайлбар, шүүх хуралдаан оролцсон гэрч Ц.Сономцэрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж.Наранмандах нь Ц.Сономцэрэнтэй амаар тохирсон гэрээнийхээ дагуу газар шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд зохигч амаар тохирсон дээрх гэрээнээсээ талууд удалгүй татгалзсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

 

Гэвч хариуцагч Ж.Наранмандах нь 112 тоот орон сууцанд 2010 оноос хойш 3 жил амьдарсан, дараа нь өөрийн ах Ж.Нарангэрэлд уг орон сууцыг шилжүүлсэн, ахынх нь хүүхдүүд болох Н.Тулга, Н.Намуунцэцэг нар тус орон сууцанд амьдарч байсан, уг хаягт бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдлоо.

 

Амаар тохирсон газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан хугацаанаас хойш хариуцагч Ж.Наранмандах нь уг орон сууцыг эзэмших, өмчлөх талаар гэрч Ц.Сономцэрэн болон Тайгам алтай ХХК-тай хийсэн гэрээ болон хэлцлээр тохирсон үндэслэл нотлогдохгүй байна.

 

Хариуцагчийн ирүүлсэн 2016-2018 онуудад орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтууд нь уг орон сууцыг эзэмшиж байгаа түүний эзэмшлийг нотлох боловч тэрээр орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг нотлох баримт болохгүй юм.

Маргаж байгаа орон сууцны үнэд 60 000 000 төгрөгийг Ц.Сономцэрэнд өгсөн тухай хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Сономцэрэн нь үгүйсгэсэн бөгөөд 112 тоот орон сууцны үнэ 60 000 000 төгрөг ч биш, түүнээс орон сууцны үнэнд 60 000 000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлсэн тул 112 тоот орон сууцны үнийг төлсөн тухай хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

Хариуцагч нь газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан хугацаанаас хойш 112 тоот орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, түүнтэй байгуулсан гэрээ болон хэлцлээр тохиролцсон үндэслэлгүйгээр эзэмшиж байсан, эзэмшлээ бусдад шилжүүлсэн нь Иргэний хуульд заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх олж авах зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн 112 тоот орон сууцаа харицагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 434 030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 434 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч Ж.Наранмандах, Н.Намуунцэцэг, Н.Тулга нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй .