Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 546

 

Ш.У, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч С.Давааравдан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 862 дугаар магадлалтай, Ш.У-, М.Б- нарт холбогдох 1803000010114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.У-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-, хохирогч Ш.М- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, О б овгийн Ш-н У.

2. Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт М-н Б.

Ш.У- нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд “Тоёота Приус” загварын *** УБС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 2.36-д заасныг тус тус зөрчин М.Б-ы жолоодож явсан “Киа Бонго Фронтер” загварын *** УНН дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Л.У-, Ш.М-, жолооч М.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Н-гийн амь нас хохирсон,

М.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд Б.З-н эзэмшлийн “Киа Бонго Фронтер” загварын *** УНН дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Ш.У-гийн жолоодож явсан “Тоёота Приус” загварын *** УБС дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс зорчигч Л.У-, Ш.М-, жолооч Ш.У- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Л.Н-гийн амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.У-, М.Б- нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-, М.Б- нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 14,857,259 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М-д 1,026,987 төгрөг, хохирогч Л.У-д 108,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 5,223,875 төгрөг, хохирогч Ш.У-д 4,075,397 төгрөг, хохирогч М.Б-д 4,423,000 төгрөг, шүүгдэгч Ш.У-гаас 13,857,259 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М-д 26,987 төгрөг, хохирогч Л.У-д 108,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 5,223,875 төгрөг, хохирогч Ш.У-д 4,075,397 төгрөг, хохирогч М.Б-д 4,423,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.М-, Л.У- нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-, М.Б- нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-, М.Б- нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 14,857,259 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.М-д 1,026,987 төгрөг, хохирогч Л.У-д 108,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 5,223,875 төгрөг, хохирогч Ш.У-д 4,075,397 төгрөг, хохирогч М.Б-д 4,423,000 төгрөг, шүүгдэгч Ш.У-гаас 13,857,259 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М-д 26,987 төгрөг, хохирогч Л.У-д 108,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 5,223,875 төгрөг, хохирогч Ш.У-д 4,075,397 төгрөг, хохирогч М.Б-д 4,423,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.М-, Л.У- нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 10,434,259 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.М-д 1,026,987 төгрөг, хохирогч Л.У-д 108,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 5,223,875 төгрөг, хохирогч Ш.У-д 4,075,397 төгрөг, шүүгдэгч Ш.У-гаас 9,781,862 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М-д 26,987 төгрөг, хохирогч Л.У-д 108,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 5,223,875 төгрөг, хохирогч М.Б-д 4,423,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.М-, Л.У- нар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч С.Давааравдан, хохирогч Ш.М-, Л.У-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралд Ш.У- болон миний бие нь гэм буруугүй гэж мэтгэлцсэн. Шүүх хурлын явцаас Ш.У- нь сүүлийн үг хэлэхдээ “ би өөрийгөө гэм буруугүй гэж үзсэн гэвч шүүх хурлаар ингэж байгаа бол яахав дээ гэсэн үг хэлсэн нь” өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн утга санааг илэрхийлсэн гэж үзэж байна. Ш.У- нь өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлд хамаарч хорих ялаар шийтгүүлэх үндэслэл болсон.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаан дээр прокуророос Ш.У-гийн эсрэг урсгалд орсон гэдгийг яаж нотолж байна вэ гэж асуухад машины гуперний хойд талын булан 15 см эсрэг урсгалд орсон байсан учраас эсрэг урсгалд орсон гэж үзэхээр байна гэж тайлбарласан. Шинжээч нар мөн ямар зайд эсрэг урсгал туулсан, ямар зайд өөрийн урсгалдаа орсон зэргийг тогтоох боломжгүй талаар дүгнэлт гаргасан, шүүх хуралдаан дээр ч хэлсэн. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д учруулсан хохирлоо төлсөн бол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тэнсэх зохицуулалтыг заасан.

Иймд ослын улмаас хүүхдүүдийн хамт өрх толгойлж үлдсэн гэр бүлийн нөхцөл байдал, ослын улмаас хөл дээрээ одоог болтол зогсож чадахгүй байгаа биеийн эрүүл мэндийн байдал, бусдад учирсан хохирлыг барагдуулсан нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Ш.У- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн *** УБС дугаартай приус маркийн машиныг жолоодон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт Улаанбаатар хот руу чиглэлтэй өөрийн эгнээгээрээ явж байхад эсрэг урсгалаас *** УНН улсын дугаартай фронтер маркийн машин урсгал сөрж ирээд мөргөлдөн осол гарсан.

2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн ...гэм буруугийн хурал дуусах гэж байхад шүүх хурал завсарласан…миний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ надад хандан ...гэм буруугаа хүлээн зөвшөөр тэгвэл тэнсэн харгалзах ялаар шийтгүүлэх боломжтой талаар зөвлөсөн...шүүх хурал даргалагчаас намайг хэлэх үг байна уу гэхэд миний бие үг хэл муутай учир шүүх хуралд хандан хэлэхдээ уг нь би өөрийгөө гэм буруугүй гэж бодож байсан одоо ингэж байгаа бол яахав дээ гэж хэлсэн. Энэ нь би өөрийгөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж өөрөө ойлгож хэлсэн үг юм энэ хэлсэн үг маань шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Эрүүгийн хариуцлагын хурлын үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусдад учирсан хохирлыг төлөх хугацаа өгөх талаар хүсэлт гаргахад шүүхээр заавал хугацаа өгнө гэсэн заалт байхгүй гээд шийдвэрээ гаргасан.

Миний бие шүүх хурлын үеэр гэм буруугаа өөрийн хэмжээнд хүлээсэн гэж ойлгож байгаа боловч өөрийгөө илэрхийлж чадаагүй дутуу ойлгуулсны улмаас ийм байдалд хүрлээ гэж ойлгож байна. Миний бие бусдад учирсан хохирлоо бүрэн барагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон ослын улмаас одоо болтол хөл дээрээ бүрэн зогсож чадахгүй байгаа, өрх толгойлон үлдсэн зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г- гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зам тээврийн осол болсон тухай сонсоод тус газар очсон. Осол болсон газарт *** УНН дугаартай фронтер маркийн машин урсгал сөрөөд эсрэг урсгалд ороод уначихсан ***УБС дугаартай приус маркийн машин өөрийн урсгалдаа байсан. Ямар ч хүн энэ осол хэргийг хараад фронтер машин урсгал сөрж орж ирсэн гэдгийг хараад мэдэхээр байсан. Хэргийн газарт приус маркийн машинд сууж явсан хүмүүс бүгд гэмтээд эмнэлэг явсан. Тус газарт ганцаараа үлдсэн жолооч М.Б- нь үзлэг хийхээр ирсэн цагдаагийн ажилтнуудад бодит байдлыг өөрт ашигтайгаар тайлбарлан буруу ойлголт төрүүлсэн гэж бодож байна.

Хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьсан гэхээр өөрийн эрхгүй бодохоор зүйлүүд энгийн бидэнд илт мэдрэгдэж байсан. Цагдаагийн ажилтнууд зам дээр дугуйны хээ байсан тэр хээ нь фронтер машины хээтэй адилхан байсан талаар мэдүүлэг өгчээ. Гэтэл тухайн осол болсон зам дээр ямар ч дугуй хээ гарсан зүйл байгаагүй харин нилээд хэдэн машины мөрнүүд байсан. Сул шороон дээр машин тоормос гишгэхгүй явахад нь дугуйны хээ шороон дээр үлддэг шүү дээ. Ослын улмаас гэмтээд өвчиндөө шаналж байсан жолооч Ш.У-г согтууруулах ундаа уусан эсэхийг багаж үлээлгэж шалгасан байдаг. Гэтэл М.Б- гэдэг хүний согтууруулах ундаа уусан эсэхийг шалгаагүй байсан. Хэргийн материалтай танилцаад жолооч М.Б-ыг согтуу эсэхийг шалгаагүй энэ хүн согтуу байсныг нуун дарагдуулсан байна гээд гомдол гаргахад хэргийн газарт очсон цагдаагийн ажилтнуудын мэдүүлэгт зүгээр үнэртүүлж үзээд эрүүл гэдгийг тогтоосон гэдэг. Хуулийн байгууллагыг согтуу эсэхийг шалгахдаа багажаар, эсвэл цусыг нь авч шалгадаг гэж ойлгодог гэтэл хүний амь нас хохирсон ноцтой хэрэгт нэгийг нь багаж үлээлгээд нөгөө хүнийг нь амаар үлээлгэж үзсэн гэхэд үнэхээр гайхаж эргэлзэхэд хүргэж байна. Эдгээр байдлуудаас харахад цагдаагийн ажилтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байна уу эсвэл өөрийн хийх ёстой зүйлийг хийгээгүйгээс хариуцлагаас айгаад хийгээгүй зүйлүүдээ хийсэн мэтээр яриад байна. Эдгээр хүмүүсийн хайхрамжгүй үйлдлээс хүний хувь заяа өөрчлөгдөж шийдэгдэж байна гэдгийг ойлгохгүй байгаа бололтой.

Жолооч М.Б- нь *** УБС дугаартай приус загварын машины жолооч Ш.У-г буруутан болгох гэж гэрлээрээ дохиод байхад эгнээндээ орохгүй байсан зам нь тойрог зам байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн зам нь ямар ч тойрог байхгүй шулуун тал газар байсан. Үнэхээр М.Б-ы хэлдгээр Ш.У- урсгал сөрсөн эгнээндээ ороогүй юм бол яагаад аюул саад бий болж байхад зогсоох арга хэмжээ аваагүй юм бэ? гэдэг асуулт гарна. Машин 1 секундэд 10 орчим метр газар зайг туулж явдаг гэдэг гэтэл жолооч гэрлээрээ хамгийн багадаа 4-5 удаа дохьсон гэж үзвэл нэг удаа 1,5 секунд гэвэл ямар зай гарах нь харагдах бөгөөд энэ хооронд ямар зайг туулах нь харагдахаар байна.

М.Б- нь биднийг басамжлан үл тоосон байдалтай өнөөдрийг хүрлээ. Ослын улмаас миний ээжийн амь нас хохирч бид бүхнийг өнчрүүлж асар их гарз учруулсан. Осол болсноос хойш бараг бүтэн жил болж байна. Бидний зүгээс жолооч М.Б-аас нэг ч төгрөг нэхээгүй ямар нэгэн зүйлээр дарамтлаагүй бүх зүйлийг хуулийн байгууллагад даатгаж байсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрүүд бодит байдалд нийцээгүй үнэнээс зөрүүтэй шийдвэрүүд гарсан гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх хуралд прокурор С.Оюунжаргал нь шүүхэд шүүгч Н.Батсайханы Ш.У-г урсгал сөрж явсныг яаж тогтоосон талаар асуусан асуултад прокурор хариулахдаа Ш.У-г яаж урсгал сөрснийг тогтоогоогүй гэж тайлбарлаж байсан. Энэ нь шүүх хурлын бичлэгт үлдсэн байгаа. М.Б- болон тэдний ар гэрээс жил гаран болж байхад нэг ч удаа бидэнд эмгэнэл илэрхийлээгүй сэтгэлийн дэм хайрлаж нэг ч удаа уулзаагүй нь үнэхээр хүн чанар муутай хүн гэдэг нь харагдаж байна. Үүгээр барахгүй анхан шатны шүүх хурлын дараа М.Б-ы ар гэрийнхэн нь манай гэр бүлийг хараалган удам угсаагаар чинь байхгүй болгоно гэж бид бүгдийг байж боломгүй үгээр хараан доромжилж хохирогч Ш.М-ийг үхчихгүй яасан юм гэж айлган сүрдүүлж байгаа нь эдгээр хүмүүс юу ч хийж болзошгүйг харуулж байна. Миний бие Ш.У-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно.

М.Б- нь хууль зөрчин удаа дараа өөрийгөө буруугүй мэтээр дүгнэлт гаргуулж байсан. Бид нарын зүгээс өөрсдийн эрхийг хамгаалах гэж чадлаараа хичээж гомдол гаргасны дүнд хуулийн дагуу шинжээч томилуулж М.Б-ыг эсрэг урсгалд орсон гэдгийг тогтоолгосон. Уг нь ямар ч дүрмийн мэдлэггүй хүн хараад ослын талаар дүгнэлт хийхээр хэнд ч ойлгогдохоор байна гэж миний зүгээс дүгнэж байгаа юм. М.Б-ы дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас миний ээж нас бараад 3 хүн гэмтсэн нь тодорхой юм. Миний бие осол болоход байгаагүй хэрэв 2 жолоочийг дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа бол ослын улмаас үүсэх хор уршиг хохиролд их бага гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна.

Иймд шударга шүүх гэж байдаг бол хэргийн үнэн зөвийг бодитойгоор тунгаан тогтоож бидэнд үлдсэн ганц аавыг минь цагаатгаж өгнө үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэж энэ гомдлыг гаргаж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Ш.М- гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие энэ осол болох үед 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр унтаагүй сэрүүн урагшаа замаа хараад явж байсан. 51-94 УБС улсын дугаартай приус загварын машин эсрэг урсгалд ороогүй өөрийн эгнээндээ явж байсан нь хэргийн газрын үзлэгээр уг машин өөрийн урсгалдаа байсан нь тогтоогддог. Хохирогч Ш.М- миний бие нь худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэж өөрийн хариуцлагыг ухамсарлан болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Бүх болсон явдлыг нүдээр харсан би өнөөдөр амьд байгаад хамаг гол нь байгаа юм. Гэтэл амьд байгаа надаас илүү миний сууж явсан машиныг эсрэг урсгалд орсон гэж тогтоогоод байгаа шинжээч нар нь миний зорчиж явсан машины зүүн хойд буланг эсрэг урсгалд 15 см орсон нь эсрэг урсгалд байгааг харуулж байна гэсэн. Гэвч шинжээч нар хүнд жинтэй тээврийн хэрэгсэл хөнгөн жинтэй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үед хөнгөн жинтэй тээврийн хэрэгслийг хойш нь түрж байрлалыг нь өөрчлөх боломжтой талаар дүгнэлтдээ тусгасан. Үүнээс харахад хүнд жинтэй фронтер хөнгөн жинтэй приус машиныг мөргөж хойш нь түрж байрлалыг өөрчилж эсрэг урсгалд зүүн хойд буланг нь оруулсан байгааг нотолж байна. Мөн аль тээврийн хэрэгсэл эхэлж урсгал сөрснийг тогтоох боломжгүй, миний сууж явсан 51-94 УБС дугаартай приус загварын тээврийн хэрэгслийн ямар зайд эсрэг урсгалд орсон, ямар зайнаас эсрэг урсгалаас өөрийн урсгалдаа орсныг тогтоох боломжгүй талаар мөн мэдүүлэг өгсөн байж урсгал сөрсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн прокурор С.Оюунжаргал нь давж заалдах шатны шүүхэд өөрийн нотолж чадаагүй зүйлийг ярьсан. Давж заалдах шатны шүүхийн шүүгч Батсайхан прокуророос хэн нь урсгал сөрсөн юм бэ гэж асуухад Ш.У- урсгал сөрөөд явж байсан осол болохын өмнө өөрийн эгнээндээ орсон гэж хариулсан. Урсгал сөрөөд явж байсныг юугаар тогтоосон юм бэ гэж асуухад тогтоож чадаагүй гэж хариулж байгаа нь нотолж, тогтоож чадаагүй байж Ш.У-г буруутгаад байгаа нь харагдаж байна. Осол хэргийн газар М.Б-ы жолоодон явсан машин бүтнээрээ эсрэг урсгалдаа ороод унасан 2 автомашин анх мөргөлдсөн цэг нь миний зорчиж явсан машины урсгалд байгаа нь юугаар ч өөрчилж болохгүй үнэн гэж бодож байна.

Осол хэрэг болсноос хойш 1 жил гаран хугацаа өнгөрч байхад бид нарын зүгээс жолооч М.Б-аас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоох байх гэсэн байр суурьнаас хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл М.Б- нь хүн чанар гаргаж нэг удаа миний биеийг асууж байгаагүй харин ч анхан шатны шүүх хурлын дараа ар гэрийнхэн нь чамаас болоод Б ял авлаа чи үхчихгүй яасан юм бэ гэж хөл дээрээ бүрэн зогсож чадахгүй таягаа тулаад арай гэж явж байсан над руу дайрч давшилж байсанд маш их гомдож байна. Бүтэн жил гаран болоод байхад өнөөдрийг хүртэл хөл дээрээ бүтэн зогсож чадахгүй байна. М.Б- нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эмчилгээний зардлыг барагдуулаагүй. Би ...цаашид хөлөө бүрэн эмчлүүлээд хөл дээрээ босохын тулд эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилж байгаа юм. Миний зүгээс болон хохирогч нар Ш.У-г хорих талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Ш.У- нь тэнсэн харгалзах ялын шалгуур болох гэм буруугаа эхнээсээ хүлээсэн хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч С.Давааравдан хэлсэн саналдаа “Миний бие давж заалдах шатнаас М.Б-ы өмгөөлөгчөөр оролцсон. Ш.У-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан гомдол ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн талаар гомдол гаргаагүй, Ш.У-г тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргадаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр эхэлж урсгал сөрж орсон нь Ш.У- бөгөөд тус үйлдэл нь уг осол гарахад нөлөөлжээ гэсэн байдаг. Хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас нэг зүйл хэлье. Сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт дээр 2017 оны 5 сар, 2018 оны 5 сар гэсэн он сарын зөрүүтэй байдал харагддаг. М.Б-д хохирол төлөгдөөгүй байхад түүний өмгөөлөгч нь тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 4 дэх нь нэмэлт дүгнэлт байдаг. Эхний 3 дүгнэлтүүд Ш.У-гийн буруугаас болж осол гарсан гэж дүгнэсэн, харин сүүлийн дүгнэлтэд осол гарахад Ш.У-гаас гадна М.Б-ы буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ш.У- нь эсрэг урсгалд орж явсан бөгөөд үүнийг харсан урдаас нь чиглэж явсан фронтер машины жолооч М.Б- эсрэг тал руугаа жолооны хүрдээ дарснаар эсрэг урсгалд орж улмаар осол гарсан байдаг. Хэрвээ М.Б- ийм үйлдэл хийгээгүй бол осол гаргахгүй байсан талаар шинжээч мэдүүлжээ. Мөн осол гарсан А цэг приус машины чиглэлд байсан зэргээс дүгнэлт хийхэд 2 жолооч хоёулаа буруутай болох нь тогтоогдож байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.У-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-, хохирогч Ш.М- нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.У-, М.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.У- нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 175 дугаар км дэх тэмдэгтэй замд тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б заалт болон 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, мөн М.Б- нь тухайн орон зай, цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчиж  зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Н-гийн амь нас хохирсон, зорчигч Л.У-, Ш.М-, мөн жолооч Ш.У-, М.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогдон прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн үйл баримт, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг  зөв тогтоож чадалгүй, тухайн осол болоход тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ш.У-, М.Б- нарын хэн аль нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч  нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, осол гаргасан гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор техникийн тусгай мэдлэгийн хүрээнд нийт 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулахад 3 удаагийн дүгнэлтээр жолооч Ш.У- замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн бол 1 удаагийн дүгнэлтээр тухайн зам тээврийн осолд Ш.У- болон М.Б- нарын гаргасан зөрчил нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, шинжээчийн 73, 112, 154 дүгээр дүгнэлтүүдийг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.У- нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байна. ...Хэргийн газрын үзлэгээр илэрсэн А цэгээс баруун хойшоогоо “Киа Бонго Фронтер” загварын *** УНН дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн шарвалтын мөр, бага зэргийн баруунаас зүүн тийш дугуйрч 9.0 м зайд үүссэн, ... 2 тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрсөн гэх үйлдэл нь тодорхой цаг хугацааны дараалалтай байх ба Замын хөдөлгөөний тээврийн хэрэгслүүдийн байрлан явах журмаар тогтоосон хэм хэмжээг “Тоёота приус” загварын *** УБС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эхэлж зөрчсөнөөс уг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлтэй байна. ...М.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй ба нэгэнт эсрэг урсгалаар тээврийн хэрэгсэл сөрж ирэхэд тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг эсрэг урсгал руу дарсан байх үндэслэлтэй байна. ...Харин зам дээрх аюул нь хөдөлгөөнтэй, тухайн хөдөлгөөнд оролцогчийн зорчиж байгаа эгнээнд нь чиглээд ирсэн тохиолдолд аюулаас зайлж чигээ өөрчлөх нь гарцаагүй юм. Иймд жолооч аюул гэнэт бий болсон үед чиглэн ирсэн тээврийн хэрэгслээс зайлуулж, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор замын аюулгүй тал руу чиглэлээ өөрчлөх явдал түгээмэл тохиолддог гэх дүгнэлт хийжээ.

Харин техникийн шинжээчийн 214 дүгээр дүгнэлтээр өмнөх дүгнэлтүүдийг гаргахад ашигласан ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргийг үндэслэн хэргийн материалд тулгуурлан дүгнэлт гаргахдаа жолооч Ш.У- болон М.Б- нар аль аль нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзсэн байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно. Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Гэтэл анхан шатны шүүх ослын талаар гаргасан дээрх 4 дүгнэлтээс зөвхөн 214 дүгээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэн шүүгдэгч нарыг хоёуланг нь гэм буруутай талаар дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх хоорондоо агуулгын хувьд харилцан зөрүүтэй дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалсан мэтээр бүгдийг нь дурдаад Ш.У- болон М.Б- нарын гэм буруу нотлогдсон гэж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүүтэй байдлыг орхигдуулан хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.            

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг бөгөөд хүний субъектив хүчин зүйл болон техникийн хүчин зүйлийн нөлөөллийг зөв тооцоолсны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийгдэх ёстой.

Шинжээчийн бүх дүгнэлтүүдээр Ш.У- замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгалд явж байсан, М.Б-ы хувьд өөрийн эгнээнд зорчиж явсан болохыг ямар нэгэн зөрүүгүй дүгнэсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ослын газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургуудад дүрслэгдсэн тээврийн хэрэгслийн дугуйны мөр зэргээр хангалттай нотлогдсон байна. Улмаар осол болох эгшинд буюу мөргөлдөх цаг мөчид М.Б-г аюулаас зайлсхийх зайлшгүй үйлдэл хийсэн гэж 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд дурдаж түүнийг тухайн осолд гэм буруугүй гэж үзсэн байна. Ердийн боломжит түвшинд самбаачлах хугацаанаас хэтэрсэн, маш богино хугацаанд тодорхой осол тулгарах үед түүнээс зайлахын тулд аливаа хүний хийж буй үйлдэл нь ухамсарт хөтлөгддөг гэхээсээ илүүтэй хүний төрөлхийн зөн совин буюу инстиктэд тулгуурлаж хийгддэг тул ийм нөхцөлд субъектив хүчин зүйл буюу гэм буруу үгүйсгэгддэг.           

Жолооч Ш.У- эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцон энэ үйлдлээ үргэлжлүүлэн хийж явсаар гэмт хэрэг гарах урьдчилсан нөхцөлийг бий болгосон байдал нь тухайн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл М.Б-ы тухайд өөрийн зорчих эгнээнд зорчиж яваад урсгал сөрж буй тээврийн хэрэгсэлд анхааруулах дохио өгч, хурдаа хасаж, улмаар тоормос гишгэсээр байтал тулж ирсэн тул жолоо зүүн тийш дарсан гэх түүний мэдүүлэг хэргийн жинхэнэ байдалд нийцэж байгааг нотолж байна.

Давж заалдах шатны шүүх зам тээврийн осол гарахад Ш.У-гийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, түүнчлэн М.Б- тулгарсан аюулаас зайлах хөдөлгөөн хийсэн талаар зөв дүгнэсэн атлаа М.Б-ы уг үйлдлийг хийхдээ ямар нөхцөлд үйлдсэн талаар дүгнэлгүй орхигдуулж түүний жолоодож автомашины тоормосны мөрний талаар хэрэгт авагдсан баримтыг шууд үгүйсгэн түүнийг автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутган гэм буруутайд тооцсон нь гэмт хэргийн шинжгүй үйлдлийг дан ганц объектив байдлаар дүгнэсэн шийдвэр болжээ.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд М.Б-ы үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ингэж шийдвэрлэж буйтай холбогдуулан гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт учирсан хохирол, гэм хорын хохиролтой холбоотой зардлыг шүүгдэгч Ш.У-гаас гаргуулах тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд шүүгдэгч Ш.У-гийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байх бөгөөд түүний үйлдэлд хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.   

Харин Ш.У-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг бүрэн нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнчлэн уг хэргийн улмаас амь нас хохирсон хүн нь түүний гэр бүл байсан, мөн өөрийнх биед хүнд хохирол учирсан зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзвэл анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 862 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Прокуророос М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай”,  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй”,

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас гэснийг шүүгдэгч Ш.У-гаас 16,140,724 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.М-д 1,053,974 төгрөг, хохирогч Л.У-д 216,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ад 10,447,750 төгрөг, хохирогч М.Б-д 4,423,000 төгрөг тус тус олгосугай”,

“Ш.У-, М.Б- нарыг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН