Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01639

 

“УЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “УЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШШГЕГ-ын БХЗХТБАА-д холбогдох,

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Баттулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Бямбарагчаа, Б.Батмөнх нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШШГЕГ-ын БХЗХТБАА-аас 2014 оны 9 сарын 24-ний өдөр зохион байгуулсан ашигт малтмалыг МБ017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5 сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Баян өндөр инвест компанийн эзэмшлийн Төв аймаг, Заамар сум, Галт нэртэй газар байрлах 28 066 га талбайтай, ашигт малтмалын МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хохирогч нарт тооцон төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийн үнэлгээг 383 031 066 төгрөг 95 мөнгөөр үнэлсэн. ШШГЕГ-ын БХЗХТБАА-аас ашиглалтын МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 9 сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдахаар зарлаж, манай компани 38 604 000 төгрөгийн дэнчин төлж бүртгүүлсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2014 оны 9 сарын 25-ны өдрөө ашигт малтмалын МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийг 383 031 066,95 төгрөгөөс эхлэн дуудаж албадан дуудлага худалдааг явуулсан. Оролцогч “Дэвшилворлд трейд” компани нь 1 711 000 000 төгрөгийн хамгийн өндөр үнэ санал болгосноор ялагч болсон. Ордны нөөцийн тухайд МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийг 2002 онд “Аадгай трейд” ХХК нь нөөцийг 49,9 кг химийн цэвэр алттай гэж тогтоогоод ашигт малтмалын улсын нөөцийн тоо бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Бид дуудлага худалдаанд оролцохдоо уг талбайд тогтоогдсон нөөц нь 49,9 кг дуудлага худалдааны доод үнийг улмаар ашиг олох тооцоо судалгаа хийсний үндсэн дээр дуудаж болох дээд үнийг тогтоохдоо тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр 49,9 кг алт нь 3,5 тэрбум төгрөгийн үнэ хүрэх байсан, үүнээс холбогдох татвар хураамж, зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудлага худалдааны үнэ зэргийг төлөөд ашигтай байж болох үнийг тогтоосон. Дуудлага худалдаанд ялсан “Дэвшилтворлд трейд” компани нь байж боломгүй үнийг хэлж дуудлага худалдаанд манай компанийг ялсан. Гэтэл “Дэвшилворлд трейд” компани нь ордны нөөцийг ноцтойгоор төөрөгдсөний улмаас дуудлага худалдаанд оролцсон юм байна гэдгийг манай компани 2018 оны 5 сард бусдаас олж мэдсэн. Шалтгаан нь “Дэвшилтворлд трейд” компани нь БНХАУ-ын иргэдийн гадаадын хөрөнгө оруулалттай компани. Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Г.Азгэрэл гэдэг хүн дуудлага худалдаанд оролцож байгаа лиценз буюу МV017274 дугаартай 49,9 кг алтны нөөцийн зарим баримт бичгүүдийг хуурамчаар үйлдээд 749,9 кг алтны нөөцтэй гэж буруу ойлголт өгч компанийн удирдлагуудыг төөрөгдүүлсний улмаас байж боломжгүй өндөр үнийг хэлж дуудлага худалдаанд ялсан байсан. Тэгээд ашигт малтмалын газар очоод лицензээ бүртгүүлэх гэхэд нөөцийн асуудал бүртгэгдээгүй байна гээд лиценз шилжүүлэхийг зөвшөөрөөгүй. Ингээд хөрөнгө оруулагчид энэ үед нөөцийн асуудал бичиг баримт хуурамчаар бүртгэгдсэн байна гэдгийг мэдээд 2014 оны 9 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдаа, албадан дуудлага худалдаанаас үүссэн албадан дуудлага худалдааны худалдан худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “Дэвшилтворлд трейд” компани нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Тус шүүхээс 2015 оны 8 сарын 06-ны өдөр энэ хэргийг түдгэлзүүлээд, 2016 оны 9 сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Г.Азгэрэлийн 49,9 кг алтны нөөцийг 749,9 кг гэж бичээд хууран мэхэлсэн үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 5 сарын 16-ны өдөр 213 дугаар тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолд “Аадгай трейд” компанийн 2002 онд явуулсан хайгуулын үр дүнгийн тайланд тусгагдсан 49,9 кг гэдгийн урд 7 гэсэн тоог нэмж, ордны нөөцийг 749,9 кг химийн цэвэр алт гэж өөрчилсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон талаар дурдсан байдаг. ШШГЕГ-ын БХЗХТБАА-аас зохион байгуулсан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197.1-д заасны дагуу үнэ хаялцуулах замаар байгуулж байгаа хэрэг. Тиймээс хуулиар тогтоосон хэлцлийн нийтлэг журам зохицуулалт уг дуудлага худалдаа түүний үр дүнд байгуулагдсан албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээнд хамааралтай гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны гэрээ хэлцлийн гол нь үнэ тогтоох байсан. Энэ ажиллагаа хууль бус явсан гэж үзэж байгаа. Дээр дурдсан мэдээллийг өөрчилсөн нөхцөл байдлыг үндэслэн дуудлага худалдааны ялагч “Дэвшилтворлд трейд” компани нь ШШГЕГ-ын БХЗХТБАА-ны хооронд байгуулсан гэрээг хууль зүйн талаас нь үнэлбэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, “Дэвшилтворлд трейд” ХХК-ийн хувьд 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдөлд орж хийсэн хэлцэл. Г.Азгэрэл 49,9 килограммыг 749,9 кг гэж хөрөнгө оруулагчдаа мэдээлэл өгөөгүй төөрөгдүүлээгүй байсан бол “Дэвшилтворлд трейд” ХХК-ийнхан дуудлага худалдаанд ийм боломжгүй үнийг хэлэхгүй байсан. Энэ дуудлага худалдаанд бид бодитой мэдээллээр орж, тооцоо судалгаа хийж, энэ бүх зүйлийг гаргаж байж оролцсон. Энэ дуудлага худалдаанд бодитой судалгаа хийгээгүй, тооцоо судалгаа хийгээгүй буруу ойлголттой орж ирснээр байж боломгүй өндөр үнийг хэлж манай компанийн хууль эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх байсан. Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэдгээ хэлэх нь зүйтэй байх яагаад гэвэл нэгэнт Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага болох хариуцагчийн зүгээс нээлттэй дуудлага худалдаа зарлаад холбогдох сонирхогч этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа маргаан бүхий дуудлага худалдаанд оролцсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар маргаан бүхий тусгай зөвшөөрлийг өөр дээрээ шилжүүлж аваад 2007 оны шүүхийн шийдвэрийн дагуу эрхийг нь дуусгавар болгоод нэг хүн дээр эрх үүсгэсэн. Иргэний хуулийн 39-д заасан хэлцэл явагддаг. Яагаад гэвэл аль нэг ялагч болсонд нь эрх үүсгээд байгаа ажиллагааны үнэ хаялцуулах ажиллагаа нь өөрөө хууль ёсны үндэслэл бүхий болж чадахгүй байна. 2014 оны 09 сард дуудлага худалдаа явагдсан. “Дэвшилтворлд трейд” компани тухайн үед ашигт малтмалын газрын эзэмших эрхтэй холбоотой бүртгэл хийлгэх гэтэл хөрөнгө оруулагч нар мэдмэгцээ 2015 онд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл тэд жилийн дараа мэдсэн. Тухайн дуудлага худалдааны гэрээнд өөрсдөө оролцоогүй учраас мэдээгүй явж байсан. Мөн тухайн үед залилуулсан гээд цагдаад гомдол гаргасан. Цагдаагаар шалгагдаж байгаад 2018 оны 5 сарын 28-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тэр хэргийг шалгах явцад тогтоогдсон. Тухайн иргэний хэрэг нь 65.1.8-д зааснаар буюу Иргэний хуулийн 117 дугаар зүйлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. 2015 оноос хойш дуудлага худалдааны оролцогч мэдсэн байна. Ингээд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг мэдсэнээс хойш тоолно гэсэн. Гэтэл дуудлага худалдааны оролцогч жилийн дараа мэдээд гомдлоо гаргаад явсан байдаг. Сонирхогч этгээдийн хувьд цагдаа дээр шалгагдаж байх хугацаанд гомдол гаргасан. Иргэний хуулийн 75.1.2 дах хэсэгт зааснаар гэрээтэй холбоотой хэсэг дээр маргаж байгаа гэж үзвэл 3 жилийн хугацаа дуусаагүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Иймд Г.Азгэрэлийн хууран мэхлэх үйлдлийн үр дүнд явагдсан албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 59.4, 57.2, 57.3, 56.4-д заасны дагуу сонирхогч этгээдийн хувиар “УЗ” компани нь нэхэмжлэл гаргасан. Иймд ШШГЕГ-ын БХЗХТБАА-наас 2014 оны 9 сарын 25-ны өдөр зохион байгуулсан ашигт малтмалын ашиглалтын МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай алба нь Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 5 сарын 25-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор “Баян өндөр сан” хадгаламж зээлийн хоршооноос 16 515 115 355 төгрөг гаргуулж, 1416 хохирогчид олгох шийдвэрийн гүйцэтгэх хуудас бичигдсэн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 9-д заасан мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Заамар сумын Галт нэртэй газарт байрлах ашигт малтмалын ашиглалтын МV017274 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 9 сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдсан. Дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хуурамч нөөцийн хэмжээ гэж эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Манайхаас дуудлага худалдааг нээлттэй явуулдаг. Дуудлага худалдааг 14 хоногийн өмнө зарлаад, сонирхогч хуулийн этгээд өөрсдөө ирээд танилцаж болно. Зассан залилуулсан гэдэг үйлдэл тусдаа. Нэхэмжлэл гаргасан компани нь манай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, бас нэхэмжлэлд дурдаад байгаа дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар бидэнд хандаж байгаагүй. Тухайн ажиллагаа нь өнгөрөөд 4,5 жил болсон. Хамгийн гол нь “УЗ” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, тухайн үед 38 сая төгрөгийн дэнчин тавиад оролцсон. Дуудлага худалдаанд ялагч болж чадаагүйн улмаас 38 сая төгрөгөө тухайн өдрөө хүлээж авсан. Албадан дуудлага худалдааны үнэ хаялцуулах журмын гэрээ байгуулдаггүй гэж яриад байна. Дэнчин тавьж оролцож байгаа оролцогч нартай гэрээ байгуулдаггүй зөвхөн ялагчтай гэрээ байгуулдаг. Дуудлага худалдаанд дэнчин төлж оролцох эрхээ олж авдаг. Дуудлага худалдаанд дэнчин тавьсан иргэн хуулийн этгээдтэй гэрээ байгуулаад байдаггүй. “УЗ” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдсөн гэх үндэслэлгүй. Хэрэв тухайн үедээ гомдолтой байсан бол гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан журмаар гомдлоо гаргах учиртай. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ШШГЕГ-ын БХЗХТБАА-наас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус гэж тооцож, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагч ШШГЕГ-ын БХЗХТБАА-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад болон нөхөн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал “УЗ” ХХК-ийн нэхэмжлэл нь дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээнээс шалтгаалж нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн үзэж гаргасан нэхэмжлэл үү, эсвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол уу гэдэг нь тодорхойгүй байхад тодруулах ажиллагаа хийлгүйгээр Иргэний хуулийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Баян-Өндөр сан” ХЗХ-ны хөрөнгө болох ашигт малтмалын МV-017274 дугаартай лицензийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар “Дэвшилтворлд трейд” ХХК-д худалдан борлуулсан. Албадан дуудлага худалдаанд 6 оролцогч оролцож, үнэ хаялцах зарчмаар зохион байгуулагдаж “Дэвшилт ворлд трейд” ХХК хамгийн өндөр үнэ хэлж ялагчаар тодорсон бөгөөд дуудлага худалдааны ялагч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөөцийн талаарх худал мэдээллийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас гадуур олж авсныг тухай үед мэдэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөөц нь 3.5 тэрбум төгрөг хүрэх 49,9 кг гэдгийг дуудлага худалдаанд оролцох үедээ мэдэж байсан, уг мэдээллийн үндсэн дээр 1 688 000 000 төгрөг хүртэл үнийн санал хэлж оролцсон болохыг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Тус алба нь дуудлага худалдааны ялагч “Дэвшилтворлд трейд” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “УЗ” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул “УЗ” ХХК-д дээрх гэрээтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2 этгээдийн хооронд байгуулсан гэрээнд ямар ч хамааралгүй нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн тус албанаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дуудлага худалдааны тэмдэглэлээс "УЗ" ХХК нь 2 дахь өндөр үнийн санал гаргасан оролцогч биш болох нь тодорхой харагдаж байхад шүүх "нэхэмжлэгч “УЗ” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны албадан дуудлага худалдаанд худалдан авагч болохоор үнийн санал гарган, дэнчин төлж 2 дох өндөр үнийн санал гарган оролцсон тул эрх ашиг нь хөндөгдөж байгаа сонирхогч этгээд мөн" гэж нотлох баримтыг буруу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-т заасан "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах" хуулийн шаардлагад нийцээгүй. Тус алба 2002 онд батлагдсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан. Гэтэл шүүх 2014 онд болсон дуудлага худалдаатай холбоотой хэргийг шийдвэрлэхдээ 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэсэн нь дээрх шийдвэр хүчингүй болох бас нэг үндэслэл болно. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “УЗ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “УЗ” ХХК нь хариуцагч ШШГЕГ-ын БХЗХТБАА-д холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин явуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хураагдсан ашигт малтмалын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 9 сарын 25-ны өдөр дуудлага худалдаагаар худалдсан байх бөгөөд нэхэмжлэгч тайлбартаа дээрх тусгай зөвшөөрөл бүхий орд газрын алтны нөөц нь 49,9 кг байхад хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогчдыг тодорхой мэдээллээр хангаагүй, дуудлага худалдааны ялагч болсон “Дэвшилтворлд трейд” ХХК нь алтны нөөцийг 749,9 кг гэж ноцтой төөрөгдсөний улмаас хэт өндөр үнийн санал гаргаж дуудлага худалдаанд ялагч болсон гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй буюу хариуцагч нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн аль заалтыг зөрчсөн эсэх, түүнчлэн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага худалдааг явуулсан талаарх нотлох баримтууд, дуудлага худалдаагаар худалдан авч буй гэрээний зүйлийн мэдээлэл хэрэгт хангалттай авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01277 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                             ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

                                                                                                        Г.ДАВААДОРЖ