Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01669

 

П.Н, А.Н, Б.С, Б.Са, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.О, Ц.О,

 Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01508 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Н , А.Н , Б.С, Б.Са, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.О, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох,

Мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 109 644 267 төгрөг гаргуулах, Б.П-ыг ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч Б.П, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан, С.Түмэн-Ундраа нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗТН-ээс 73 хүний мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан автотээврийн салбарын хэлэлцээрийн 2.1.12-т заасныг үндэслэн, ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2-т заасныг үндсэн, удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын 5.3.3-д заасныг үндэслэн, үр дүнгийн цалинг хамтын гэрээний 4.7-д заасныг үндэслэн, цомхтголын тэтгэмжийг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасныг үндэслэн, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4-т заасныг үндэслэн тус тус нэхэмжилж байна. Мөн Б.П-ыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байна. ЗТН-ийн даргын 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хүснэгтэд заасан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Тэмдэгтийн хураамж төлөгдсөн байгаа. ЗТН өнөөдрийг хүртэл хамтын хэлэлцээр оролцоогүй гэж маргадаг. Нийслэлийн тээврийн газрын дарга Энхбат ажил олгогч эздийн том оврын автобусны холбоо төлөөлж гарын үсэг зурсан байгаа. 2015 оны 6 сарын 05-нд ажил хаялт болсны дараа ЗТН-ийн захиргаатай тохиролцсон, ямар нэгэн ажил хаялт шүүхийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэж, авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн гээд байнга ажилчдаа хуураад явж байгаа. Кондукторыг мэргэшүүлж ажилд авдаг. Мэргэшсэн зэргийн үнэмлэх, жолооны үнэмлэх, эрх бүхий байгууллагын ажилтан нарт үүнийг өгөх ёстой. Ур чадварын нөхцөлийн нэмэгдэл нь цалин хөлсний журамд заасан ажилчдад олгох ёстой боловч манайх олгохгүй гэдэг. Хамтын гэрээнд 2014 оны 01 сарын 22-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хамтын гэрээний 4.2 дугаар заалтыг төсөв мөнгөтэй байсан бол хэрэгжүүлнэ гэж ЗТН-ийн захиргаа хэлдэг, төсөв мөнгө нь хүрэхгүй бол хасаад хэрэгжүүлж болох юм. Үр дүнгийн шагналт цалинг хамтын гэрээний 4.7-д нэг сарын дундаж цалингаас бодож 2015 оны үр дүнг 2016 оны 01 сарын 27-нд олгодог. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтаар нотлогдоно. Гэтэл 2015 оны 12 сарын 27-нд өгөхгүй байгаа тул 2016 оны 01 сард шүүхэд гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа ур чадвар дээр яригдахгүй. Б.П-ыг ажилд оруулах тухай ярихад хүлээн авахгүй, үйлдвэрчний хорооны даргын эхнэр гээд ажлаас нь чөлөөлсөн тул 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 1618 тоот тушаалыг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжилж байна. Кондуктор гэдгээр нь ажлаас халаагүй даргын эхнэр гэдгээр нь ажлаас халдаг. Энэ тушаал шийдвэрийг 2016 оны 3 сарын 01-ний өдөр тэтгэврийн нас хүрэхэд гардуулж өгсөн. Ажлаа хийе гэхээр ямар ч ажил хийлгэдэггүй, ажлаас халсан гэж хэлдэг. Автобус 1-р баазын, 2-р баазын хүний нөөц гэж байдаг. 1-р баазын хүний нөөцийг шилжүүлчихээд ажлаас халж байгаа нь хууль бус юм. ЗТН-ийн бүтэц орон тоог Нийслэлийн Засаг дарга 2011 оны А1054 тоот захирамжаар баталсан байдаг. Үүнд хяналт зөвлөгөөний ажилтан, угаалга цэвэрлэгээний ажилтан гэсэн нэр байдаггүй. 2014 оны А290 тоот захирамжид хяналт, зөвлөгөө өгөх ажилтан гэж байгаа бөгөөд угаалга цэвэрлэгээний ажилтан гэдгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд батлуулаагүй бөгөөд хяналт зөвлөгөөний ажилтан гэдгээр нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгээ хийж халсан. Өргөдлүүдийг ЗТН-ийн хороогоор дамжуулж өгсөн, зорчигч тээврийн захиргаанд ч гэсэн байгаа. Цомхтголын хувьд кондуктор 3 хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээр цомхотгож ажлаас халсан байдаг. Энэ нь кондуктор гэдэг албан тушаалыг цомхтгож байна гэдэг. Хамтын гэрээндээ заасан цомхтголын тэтгэмжээ авья гэхээр тэтгэмжийг нь өгдөггүй, цомхтголын тэтгэмжийг яагаад дараагийн ажилчид нь мэдээгүй вэ гэхээр 2016 оны 4 сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цомхотгол явуулаад байгаа юмуу гэхэд үгүй гэсэн хариу хэлсэн. Тиймээс бүх шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй. Мөн бидэнд мэргэшсэн зэргийн нэмэгдлийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж төөрөгдүүлээд байсан учраас шүүхэд хандаагүй байсан. Б.П-аас олгосон итгэмжлэл байхгүй, Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахад ямар нэгэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нараас олгосон хэрэгт авагдсан итгэмжлэлүүд шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үйлдвэрчний эвлэлийн тамгатай нэхэмжлэл, үйлдвэрчний эвлэл ажилчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулдаг эсэх нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд зохих хэмжээний тэмдэгтийн хураамж төлсөн баримт байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, тодорхой бус, үнийн дүн, ямар үндэслэлээр цалингаа аваагүй, байгууллага өгөөгүй гэдэг нь хэрэгт хамааралгүй тул хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. П.Н нь 2018 оны 7 сарын 02-ны өдрийн Б540 тоот тушаалаар ажлаас халагдсан, А.Н нь 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б1800 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.С нь 2016 оны 01 сарын 13-ны өдрийн Б64 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.Са нь 1-р баазад ажиллаж байгаа, Г.С нь 2017 оны 8 сарын 23-ны өдрийн Б708 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. П нь 2-р баазад ажиллаж байгаа, н.П нь 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Өрнөхбаяр 1-р баазад ажиллаж байгаа, н.О 1-р баазад ажиллаж байгаа. н.О 2017 оны 01 сарын 27-ны өдрийн Б82 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. О 2016 оны 7 сарын 07-ны өдрийн Б663 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, н.О 2-р баазад ажиллаж байгаа, н.Н нь 2017 оны 8 сарын 30-ны өдрийн Б728 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, н.Н нь 2015 оны 9 сарын 18-ны өдрийн Б1343 тоот тушаалаар харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаасаа гарсан, н.О 1-р баазад ажиллаж байна. Хөдөлмөрийн харилцааны хувьд нийт 15 шалгагчаас өөрийн хүсэлтээр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 9 шалгагчийн хөдөлмөрийн харилцаа дууссан байна. Мэргэшсэн зэргийн нэмэгдлийн тухайд хамтын хэлэлцээрийн 2.1.12-т заасныг үндэслэн шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд цалин хөлсний бүрдлийг заасан. Үүнд үндсэн цалин хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж хуулиар зохицуулсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн 8.7-р зүйлд аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгийн бололцоо, жолооч засварчдын мэргэжлийн ур чадвар ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харгалзан автомашины жолоочид нэмэгдэл цалин хөлс олгож болно гээд нэмэгдэл хөлсийг олгох журмыг байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээгээр шийдвэрлэхээр заасан. Хамгийн сүүлд хамтын гэрээнд 2014 оны 01 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа кондуктор нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тохиролцоогүй, 2013 оны хамтын гэрээнд мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгаагүй. “ЗТН” ОНӨААТҮГ болон автобус 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2013 оны 7 сарын 09-ний өдөр бүртгүүлсэн авто тээврийн хэлэлцээрт оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Иймд мэргэшсэн зэргийн нэмэгдлийн шаардах эрхгүй гэж үзэж байгаа. Ур чадварын нэмэгдэл цалинг 2013 оны 02 сарын 5-нд байгуулсан хамтын гэрээний 4.2-т заасныг үндэслэдэг бөгөөд энд байгууллагын дотор мөрдөгдөж байгаа дүрэм журмыг мөрдлөгө болгохоор урьдчилан заасан. 2013 оны 5 сарын 23-ны автобус нэгдүгээр баазын цалин хөлсний журмын 5.5.1-д хамаарах ур чадварын нэмэгдлийг засвар үйлчилгээний станц, тоног төхөөрөмжийн засварчдад олгохоор заасан. Илүү цагийн хөлс олгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 15 шалгагч дээр 1 110 000 төгрөгийн 0,5 хувийн зөрүү гардаг. Шалгагч нарын хамгийн сүүлийн илүү цаг нь 2015 оны 7 сарынх байдаг бөгөөд үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 27-нд буюу жил хагасын дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа. Үр дүнгийн цалингийн тухайд 2015 онд байгууллага үрд дүн, удаан жилийн нэмэгдлийг олоогүй. Яагаад гэвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 220 дугаар тогтоолоор Нийслэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үр дүнгийн шагнал урамшуулах журмыг батлаад 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. 2015 онд байгууллага алдагдалтай ажилласан болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байгаа, Энд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Анх 2016 оны 01 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 61 ажилчдын тэтгэмж гэж шаардсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн байдаг. Үр дүнгийн цалин болон удаан жилийн нэмэгдлийн шаардлагыг 2016 оны 10 сарын 27-ны өдрийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Цомхтголын тэтгэмжийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар эдгээр хүмүүсийг цомхтгосон гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан ажлын байрны орон тоо цөөрсөн, татан буугдсан гэдэг үйл баримт байхгүй. Бид эдгээр ажилчдыг цомхотгоогүй ажлын байрыг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хэрэгт кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчилсөн тушаал авагдсан, мөн ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаар бичилт хийгдсэн байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Пүрэвдуламтай холбоотой ажлаас үндэслэлгүй халагдсан ажилд эргүүлэн тогтоолгоно гэдэг шаардлагыг өнөөдөр анх удаа сонсож байна. Хэрэв ийм шаардлага гаргаж байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны уг шаардлагыг хариуцагч талд гардуулах, шаардлагын бүрдүүлбэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг шалгаж процесс ажиллагаанууд хийгдэх ёстой. Хариуцагчийн зүгээс Пүрэвдуламыг ажлаас нь халаагүй, 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байгаа. Нэхэмжлэгч талаас 2017 оны 01 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ хэргээс тусгаарлан өмнө нь шийдвэрлэсэн Алтанцэцэг, Сэрсмаа, Уранбат гэсэн 3 хэргийн шаардлагад ногдох хураамжийг хасаж тооцсон тул одоо үлдэгдэл хураамжийн дүн хүрэхгүй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн эсэх талаарх баримт ерөөсөө байхгүй учир тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Харьяа байгууллагын хувьд нийтийн тээврийн газар гэж байна, үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан шиг яг манай байгууллагыг төлөөлж хэлэлцээрт оролцоно гэсэн ойлголт байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд хэрхэн ажиллах, хуулийг яаж хэрэглэх талаар захиргаа заахгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-с удаан жилийн нэмэгдэлд нийт 1 130 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н-д 110 000 төгрөг, Б.С-д 100 000 төгрөг, Г.С-д 100 000 төгрөг, Я.П-д 100 000 төгрөг, Б.П-д 100 000 төгрөг, Д.Ө-т 90 000 төгрөг, Д.От 140 000 төгрөг, Ц.О-д 130 000 төгрөг, Ш.О-т 70 000 төгрөг, А.О-д 50 000 төгрөг, И.Н-т 80 000 төгрөг, Д.Н-д 60 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “ЗТН” ОНӨААТҮГ-ын хяналт зөвлөгөө өгөх ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Б.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас 565 663 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 31 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Б.П нь 2005 оны 5 сарын 26-ны өдөр № 26 тоот тушаалаар Автобус нэгдүгээр баазад мөнгө хураагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж тохиролцож ажилласан 2013 онд Автобус нэг ОНӨҮГын сонсголон бригадын үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг үндсэн ажлааасаа чөлөөлөгдөхгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хийсэн. Б.П нь Автобус нэгдүгээр баазад /кондуктор/ мөнгө хураагчаар ажилтнаар ажиллах 2005 оны 5 сарын 26-ны өдөр № 26 тоот тушаал мөн сүүлд нь өөрчлөн байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2011, 2013 оны З дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу өөрчлөлт оруулаагүй. Б.П намайг үйлдвэрчний эвлэлийн хорооны сонсголон бригадын сонгуульт ажлыг хийснээр надад дарамт үзүүлж өөр баазруу шилжүүлж, ажлаас чөлөөлсөн гээд ажил хийлгэхгүй байна. Б.П намайг Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүн байна 2-р баазруу очиж ажил хийхгүй бол ажил тасалснаар тооцно гэж тулган шаардаад 2-р баазын ажилтан болгон явуулаад араас нь 2015 оны 10 сарын 25-ны өдөр Б/1518 тоот хяналт зөвлөгөө өгөх угаалга цэвэрлэгээний ажилтан гэсэн тушаалыг надад мэдэгдэлгүй захиргаанаас өөрсдийн санаачилгаар хууль бус тушаал гаргаж миний нийгмийн даатгалын дэвтрийг нягтлангаас хүний нөөц аваад ард нь энэхүү тушаалыг бичээд 2-р баазын хүний нөөцөд өгсөн байсан Б.П надтай энэхүү тушаалаар хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, “ЗТН” ОНӨААТҮГ-н 1 дүгээр баазын хүний нөөц 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б/1618 тоот тушаалыг захиргааны санаачилгаар хүчингүй болгож намайг хяналт зөвлөгөө өгөх угаалга цэвэрлэгээний ажлаас халсан гэсэн тушаал гаргаж намайг ажил хийлгэхгүй байна. Би хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх мэргэшсэн зэргийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалт цалингийн талаар нэхэмжлэгч нар Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбитрын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 2015 оны үр дүнгийн цалингийн нэмэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцэхгүй. Цомхотголын тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд “ЗТН” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1053 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийг хариуцагч байгууллагаас шүүхэд 2016 оны 4 сарын 26-ны өдөр нотариатаар батлуулж ирүүлэн, кондуктор нарыг ажлын байрнаас чөлөөлж, шалгагчийн ажилд томилж бүтэц орон тоог батлуулсан болохыг хариуцагч байгууллага үйлдвэрчний эвлэлийн хороонд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн тул цомхотголын тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нар нийт 109 644 267 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ч шүүх 706 171 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нийт 15 кондукторын цалинд 61 141 364 төгрөг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамжид 463 656,82 төгрөг төлсөн. Харин 48 502 903,67 төгрөгийг тэтгэмжид нэхэмжилсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар чөлөөлөгдөнө. Иймд А.Н-ын цомхотголын тэтгэмжид 4 664 692 төгрөг, Б.С-гийн цомхотголын тэтгэмжид 3 511 400 төгрөг, Д.Н-ийн цомхотголын тэтгэмжид 2 690 154 төгрөг, Б.П-ын цалинд 3 890 672,18 төгрөг, Г.Сгийн цалинд 4 563 820,36 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 511 400 төгрөг, Я.Пгийн цалинд 4 697 007,07 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 673 400 төгрөг, Д.Ө-ын цалинд 4 765 012,61 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 511 821,66 төгрөг, Д.О-ын цалинд 5 068 947,02 төгрөг, цомхотголын тэтгэмжид 6 148 375 төгрөг, Ш.О-ийн цалинд 4 275 603,71 төгрөг, цомхотголын тэтгэмжид 5 514 470 төгрөг, П.О-ийн цалинд 4 824 029,28 төгрөг, цомхотголын тэтгэмжид 1 224 466,67 төгрөг, И.Н-ийн цалинд 4 561 606,45 төгрөг, цомхотголын тэтгэмжид 2 449 502 төгрөг, нийт цомхотголын тэтгэмжид 2 690 154 төгрөг, цалинд 36 646 698,68 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч П.Н, А.Н , Б.С, Б.Са, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.О, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нар нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 109 644 267 төгрөг гаргуулах, Б.П-ыг ажилд нь эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэр бүхий 73 нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан цомхотголын тэтгэмж гаргуулахаар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2015 оны үр дүнгийн цалин, 2013 оны 8 сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 4 дүгээр сараас хойших хугацааны ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдлийг гаргуулахаар, 2016 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2015 оны илүү цагийн хөлс гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2018/13928 дугаар захирамжаар тусгаарласан байх бөгөөд нэхэмжлэгч П.Н, А.Н , Б.С, Б.Са, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.О, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нар нь мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 109 644 267 төгрөг гаргуулах, Б.Пыг ажилд нь эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудаас мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс болон Б.П-ыг ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай шаардлагуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн хэмээн дүгнэж, дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин гаргуулахаар нэхэмжилсэн боловч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ болон Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журмыг баталж, уг журмын 2.2.1, 2.2.2, 2.2.4, 4.2.2-т тус тус зааснаар хариуцагч байгууллага нь тухайн онд олсон ашиг, өмнөх оны хэмнэлт, нэмэлт санхүүгийн эс үүсвэр зэргийг үндэслэн ажилчдад үр дүнгийн цалин олгохоор зохицуулсан байна. /2 дугаар хх-ийн 169-176 дугаар тал/

Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ нь 2015 онд 82 290 130,95 төгрөгийн алдагдалтай ажилласан нь хэрэгт авагдсан 2015 оны санхүүгийн тайлангаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс 2015 оны үр дүнгийн цалин нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. /3 дугаар хх-ийн 86-90 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгч П.Н, Г.С, Б.П, А.Н , Ш.О, Д.Н, Б.С А.О, И.Н нарын 9 ажилтан өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн, Б.Са, Я.П, Д.Ө, Ц.О, Д.О, П.О нарын 6 ажилтан шилжин ажилласан болох нь хэрэгт авагдсан ажлаас чөлөөлөх тушаал, тодорхойлолтоор тогтоогдож байх тул цомхотголын тэтгэмж гаргуулах боломжгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /4 дүгээр хх-ийн 70-79, 86-87 дугаар тал/

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 12 ажилтны удаан жилийн нэмэгдэлд нийт 1 130 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь цалин хөлс тооцох журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.П, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01508 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 183 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                               

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО    

                                      ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

                                                                                                Г.ДАВААДОРЖ