Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/01719

 

Г.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01678 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МОХНН УБТЗ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганчулуун, Н.Болороо нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2003 онд Хөдөө аж ахуйн их сургууль, 2006 онд Төмөр замын дээд сургууль, 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 2007 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд техникийн ухааны магистрын зэрэг, 2010 онд тус сургуульдаа докторантурт сурч төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн. 2003 оны 6 сараас УБТЗ ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт туслах машинч, засварчин, инженер зэрэг ажлуудыг хийж байгаад 2008 оны 9 сараас УБТЗ ХНН-ийн МСҮТ-д зүтгүүрийн мэргэжлийн багш, ахлах багш, хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа УБТЗ ХНН-ийн даргын мөнгөн шагнал, хүндэт тэмдэг, байгууллагын аварга, УБТЗ-ын Улаанбаатар зангилааны аварга, Монголын залуу багш нарын холбооны шилдэг залуу багш, Зам тээврийн яамны хүндэт жуух бичиг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хүндэт тэмдэг, баярын бичиг зэргээр шагнагдаж байсан. Г.А нь МСҮТ-д үнэнчээр хөдөлмөрлөж, багшийн хувьд болон хамт олныхоо өмнө хүлээсэн сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. 2019 оны 02 сарын 02-ны өдөр түүнд сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны шуурхай зөвлөлийн хурал хуралдсан. 2013 оноос хойш Г.А МСҮТ-д Үйлдвэрчний эвлэлүүдийн хороог анх байгуулж, даргаар нь сонгогдож ажилласан. Үйлдвэрчний эвлэлүүдийн хорооны даргаар 2016 онд дахин сонгогдож, тус хорооны даргын сонгуульт ажлыг үндсэн ажлынхаа зэрэгцээ гүйцэтгэж ирсэн. 2018 оны 02 сарын 02-ны өдөр Г.А-ыг ажилдаа ирэхэд шуурхай хурал хийж, ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/12 дугаартай тушаал гаргасан. Б/12 тушаалын үндэслэх хэсэгт Г.А-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдэг. Гэтэл тухайн үед Г.А баривчлагдсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба ажил олгогч чөлөө олгосон байдаг. Ажил олгогч Г.А-т чөлөө олгосон тушаал гаргачхаад ажил тасалсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Б/12 тушаал Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжуудыг зөрчсөн. Захиргааны санаачлагаар Г.А-ыг ажлаас халахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2-д заасныг зөрчиж, нийт албан хаагч нарт танилцуулахгүйгээр шууд арга хэмжээ авсан. Г.А-т 2018 оны 02 сарын 02-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан мөртлөө ажлыг нь 02 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. Г.А-ын баривчлагдах хугацаандаа захиргаанаас хүүхэд асрах чөлөө авч, ажилдаа орсон нь хөдөлмөрлөх үүргээ үнэнчээр биелүүлэх зарчмыг зөрчөөгүй. Г.А-т хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй хамааралгүй асуудлаар сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Г.А-ын чөлөөтэй хугацаандаа юу хийх нь түүний эрхийн асуудал. Гэтэл ажил олгогч чөлөөтэй хугацаанд юу хийж байгааг нь мөрдөн мөшгөж, 1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамруулахыг заасан. Ажил олгогч үндэслэлгүйгээр Г.А-ын хувийн амьдралд хэт их оролцсон. Г.А гэр бүлийн нууцтай холбоотой асуудлаар ажил олгогчоос чөлөө хүссэн. Хариуцагч тал хариу тайлбартаа Г.А-ыг ээлжийн амралт, захиргааны чөлөө авах боломжтой байсан гэсэн. Г.А захиргааны чөлөө авах боломжтой болоод чөлөө авсан. Хавтаст хэрэгт Г.А-т олгосон захиргааны чөлөө, хүүхдэд олгосон эмнэлгийн магадалгаа зэргийг хүчингүй болгосон баримт байхгүй. Г.А  гэр бүлийн нууц хадгалах эрхээ эдэлж, захиргаанаас чөлөө авсан. Эхнэр 3 хүүхэдтэй, 6 настай хүү нь тархины саажилттай, 3 настай охинтой. Г.А-ыг баривчлагдсаных нь төлөө сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан нь үндэслэлгүй. Г.А-ын хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 43 дугаар зүйл, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг ноцтой зөрчиж байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7 706 664 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургуулийн тэнхимийн эрхлэгч, зүтгүүрийн багшаар ажиллаж байсан Г.А-т 2019 оны 02 сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. 2019 оны 01 сарын 18-ны өдөр хүүхэд өвчтэй гэж худал бичиг бүрдүүлж, чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Бодит байдал дээр Г.А-ыг өөр шалтгаанаар чөлөө авсныг дотоод хяналт шалгалтаар мэдсэн. 2019 оны 01 сарын 25-ны өдөр Г.А мөн чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Бидэнд Г.А-ыг өөр шалтгаанаар чөлөө авсан гэх албан бус мэдээлэл ирсэн тул шалгуулах хүсэлт гаргасан. Асуудлыг манай байгууллага өөрийнхөө шугамаар шалгасан. 2019 оны 02 сарын 01-ний өдөр Г.А-ыг худал бичиг баримт бүрдүүлж, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэх албан тоот ирсэн. Ажил олгогчийн Г.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.2-д хүндэтгэн шалтгаангүй ажлын 3 өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр заасан. УБТЗ ХНН-ийн сахилгын дүрэмд ажилтан 3, 4 өдөр шалтгаангүй ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээ цуцална гэж заасан. Г.А ээлжийн амралт, үнэнээ хэлээд захиргааны чөлөө авах боломжтой байсан. Баянгол дүүргийн цагдаагийн газраас ирсэн албан бичигт бид итгээгүй, Г.А-ын хэлсэнд итгэж чөлөө олгосон. 2019 оныг УБТЗ ХНН сахилга хариуцлагын жил болгосон. 2018-2019 оны хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан. Г.А  худал бичиг баримт бүрдүүлж чөлөө авсан гэдгээ мэдэж байсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд дотоод аудит, хяналтын албаны шалгалтын 610503 дүгнэлтээр Г.А-ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Ажлын дараалсан 3, нийлбэр дүнгээр 6 сард 4 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс манай байгууллагын уур амьсгалыг мэдэхгүй учраас өөр байдлаар тайлбарлаж байна. Байгууллагын хамт олон Г.А-ыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, байгууллагын нэр хүндийг унагаж байна гэж үзээд 2018 оны 5 сарын 28-ны өдөр УБТЗ ХНН-ийн Үйлдвэрчний эвлэлүүдийн хороонд 12 зүйл, гарын үсэгтэй өргөх бичиг барьж байсан. 2018 оны 6 сарын 18-ны өдөр байгууллагын хурал болж, Г.А-ыг ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрэхэд Г.А акт авч ажилдаа ирээгүй байсан. Г.А акт авдаг, хуурамч бичиг баримт бүрдүүлж чөлөө авдаг. Г.А-ыг ямар байдалтай ажиллаж байсныг нотолсон хамт олны хурлын тэмдэглэл Төмөр замын Үйлдвэрчний эвлэлүүдийн хороонд өгсөн өргөх бичиг зэрэг нь хэрэгт байгаа. Г.А 2019 оны 01 сарын 21-ний өдрөөс 02 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй. Нэхэмжлэгч баривчлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг. Хууль тогтоомж зөрчиж, хэрэг зөрчилд холбогдож баривчлах шийтгэл авсан хүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ гэж хаана ч байхгүй. Г.А өөрийн ёс зүйгүйгээс зөрчилд холбогдсоноо хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа нь багшийн ёс зүйд нийцэхгүй байна. ҮЭ-ийн сонгуульт ажилтан гэхээр хууль тогтоомж зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаж болдог юм уу. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж тайлбарласан 33 дугаартай тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаанд юу хамаарахыг тайлбарласан. Тогтоолын 28 дахь хэсэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаантай байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласан. Г.А ёс зүйтэй, хэрэг зөрчилд холбогдоогүй байсан бол баривчлагдахгүй байсан. Г.А-ын баривчлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д сургалтын албаны ажилчид 1 хүртэлх хоногийн чөлөөг сургалтын менежерээс авч, чөлөөний хуудсаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. 7.2-д ажилтан 1-ээс дээш хоногийн чөлөө авахад захирлын тушаал гаргах бөгөөд өргөдлөө бичиж, захирлаар гарын үсэг зуруулж, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. 7.3.3-д захиргааны чөлөө өгөх хугацаа дууссан өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажилтныг ажил тасалсанд тооцож, хөдөлмөрийн гэрээ цуцлана гэж заасан. Г.А хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, гарын үсэг зурсан. Г.А хөдөлмөрийн дотоод журамд заасан тодорхой зөрчил гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж захиргаанаас чөлөө авсан болох нь дотоод аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлж, захиргаанаас чөлөө авсан болохоо хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Г.А-т ҮЭ-ийн сонгуульт ажилтай нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулаагүй. Г.А хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулсан. Г.А-ыг ҮЭ-ийн сонгуульт ажилтай холбогдуулан ажлаас халагдсан эсэхийг шалгуулах эрх нэхэмжлэгч талд байсан. Гэтэл нэхэмжлэгч тал тийм санал хүсэлт тавиагүй. Хавтаст хэрэгт МСҮТ-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2018 оны 02 сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, өргөх бичиг, ҮЭ-ийн дүрмээр жил бүр ҮЭ-ийн сонгуульт ажилтан тайлан тавьж, сонгогчид төлөөлөгчийг хангалттай ажилласан эсэхийг дүгнэж, цаашид ажиллах эсэхийг шийддэг. 2018 оны бүх гишүүдийн хурлаар санал хураалт илээр явуулж, Г.А-ыг ҮЭ-ийн хороон даргын ажлаас огцруулах талаар санал хураахад хуралд оролцсон хүмүүсийн 43 хувь буюу дийлэнх олонхын саналаар ҮЭХ даргын ажлаас огцруулах санал гарсан. Сонгосон хамт олонд нь эрх ашиг хамгаалж чадахгүй, төлөөлж чадахгүй байна, хангалтай ажиллаж чадахгүй байна зэрэг үндэслэлээр хугацаанаас өмнө солиулах эрх байдаг. Дээрх санал хүсэлтийг Төв ҮЭХ-д удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Г.А сонгосон хамт олныхоо эрх ашгийг хангаж ажилласан бол хамт олон 2018 оноос хойш удаа дараа өөр хүнээр эрх ашгаа хамгаалуулахыг хүссэнийг Үйлдвэрчний эвлэлүүдийн хороог хүлээж авдаггүй. Г.А ҮЭ-ийн сонгуульт ажил гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлын үүднээс сонгуульт ажил эрхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан 3 удаагийн хурлын тэмдэглэл, өргөх бичиг зэрэг баримтаар сонгосон хамт олон нь Г.А-ыг ҮЭ даргын ажлаас болиулах хүсэлт удаа дараа гаргаж байсан нь нотлогдож байна. Нэхэмжлэгч хувь хүний нууц, гэр бүлийн нууц нэрийн доор хуурамч бичиг баримт бүрдүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргаж болно гэж үзэж багаа юм уу. Багш хүн өндөр ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой. Тухайн үед Г.А-ыг ажлын байрнаас нь баривчилсан. Цагдаагийн албан хаагчдыг ирэхэд сурагчдынхаа өмнө үлгэр дууриалалгүй, багш хаалгаа түгжээд нэвтрүүлдэггүй. Цагдаагийн албан хаагчид хаалга онгойлгож ороход оюутнуудыг та нар бичлэг хий гэсэн. Энэ ёс зүйтэй үйлдэл юм уу. Нэхэмжлэгч тал эмнэлгийн магадлагаа хүчингүй болгоогүй гэж тайлбарласан. Эмнэлгийн магадлагааг хүчингүй болгох шаардлагагүй, УБТЗ ХНН-ээс эмнэлгийн магадлагаа хүчингүй болгохгүй. Эмнэлгийн магадлагаа хуурамч гэдгийг холбогдох шалгалт, баримтаар нотолсон. Г.А хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд заасан зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ыг МОХНН УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4 769 163 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Г.А-т олгож, үлдэх 2 937 501 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МОХНН УБТЗ-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХНН УБТЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид 161 487 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Г.А нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дугаартай шийтгэврээр 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ШШГЕГ-ын харьяа баривчлах төвд саатуулагдсан болох тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу шүүхийн шийдвэрээр албадлагын арга хэмжээ авагдсаны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажилдаа ирэх боломжгүй байсан байна. Иймд Г.А-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх тул түүнийг Хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй байна гэж үзлээ" гэжээ. Тухайн ажилтны хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг нь, мөн тухайн хууль бус үйлдлийнхээ улмаас албадлагын арга хэмжээ авагдаж баривчлагдсан үйл явдлыг нь Шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй дүгнэлт байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасантай нийцэхгүй байна. Хууль зүйн үүднээс авч үзвэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаан буюу гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдлыг ойлгохоор байна. Гэтэл Г.А-ын өөрийнх нь идэвхтэй, санаатай хууль бус үйлдлийн улмаас албадан саатуулагдсан үйл явдал нь гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаан болох хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Г.А нь хууль бус үйлдлийг гаргахгүй байх, хууль зөрчихгүй байх, шүүхийн шийдвэрээр албадан саатуулагдахгүй байх боломжтой байсан тул харин ч эсрэгээр өөрөөс нь хамаарсан шалтгаан, нөхцөл байдал байсан. Харин шүүх энэхүү дүгнэлтээрээ хууль бус, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж, зөвтгөсөн шинжтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.А нь сонгосон хамт олныхоо итгэлийг биелүүлээгүй болох нь, мөн Г.А-ыг сонгосон хамт олон нь хугацаанаас нь өмнө огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан болох нь, мөн бүх гишүүдийн хурлаа товлож, Г.А-ыг огцруулах, дахин сонгууль явуулах асуудлыг хэлэлцэх гэхээр санаатайгаар бүх гишүүдийн хурлыг хийлгэхгүй хойшлуулж байсан болох нь, хугацаанаас нь өмнө огцруулах талаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбоонд хүртэл хандаж байсан болох нь 2018 оны 02 сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2018 оны 5 сарын 28-ны өдрийн өргөх бичиг, 2018 оны 6 сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, Г.А-ын эмнэлгийн хуудас, ээлжийн амралтын тушаал зэрэг баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх сонгосон хамт олных нь зөвшөөрлийг аваагүй, мэдэгдээгүй Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. "МТЗ-чдын ҮЭ-ийн дүрэм"-ийн 17.8-д "Үйлдвэрчний эвлэлүүдийн хороо бүх гишүүдийн хурлыг хагас жил тутам, тайлангийн хурлыг жил бүр, тайлан сонгуулийн хурлыг 4 жилд нэг удаа явуулна", 17.9-д Үйлдвэрчний эвлэлүүдийн хорооны бүх гишүүдийн олонхийн шаардлагаар буюу Үйлдвэрчний эвлэлүүдийн дээд шатны байгууллагын шийдвэрээр сонгуулийг хугацаанаас өмнө явуулж болно." гэж тус тус заасан байдаг. 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 01 тоот "УБТЗ-ын МСҮТ-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл"-ийн 18 дах талд "Г.А-ыг ҮЭХ-ны даргаас огцруулах талаар санал илээр хураахад хуралд оролцсон 23 гишүүнээс олонхи нь буюу 43 хувь нь огцруулах санал өгсөн байна. МТЗ-чдын ҮЭ-ийн дүрэм"-ийн 15.5-д "Холбооны дарга нь ... Үйлдвэрчний эвлэлүүдийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн, сонгосон хамт олныхоо итгэлийг биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчил гаргасан хорооны даргыг огцруулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ" гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан, МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос нотлох баримтаар гаргаж өгсөн баримт болох МСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн 70 хувь буюу 19 гишүүн гарын үсэг зурсан, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоонд гаргасан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн өргөх бичгийн сүүлийн хуудсанд Т.А-ыг УБТЗ-ын МСҮТ-ийн ҮЭ хорооны даргын сонгуульт ажлаас хугацаанаас нь өмнө огцруулах саналыг тус сургуулийн хамт олон санал нэгдэн хүргүүлж байна. Бидний ийнхүү санал, эсэргүүцэл, анхааруулгыг тус сургууль дээр үүссэн бодит байдалтай уялдуулан ажил хэрэгч байдлаар хүлээн авч, ҮЭХ-ны дарга Г.А-т хариуцлага тооцон, тус сургуулийн ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлж өгнө үү" гэснээр, 2018 оны 6 сарын 11-ний өдөр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа оролцон, бүх гишүүдийн 88 хувь буюу 24 гишүүний ирцтэйгээр хурал хийж, тухайн хурлаас хурлын тэргүүлэгч гишүүдээ сонгон, ҮЭ-ийн хорооны дарга Г.А-ыг хугацаанаас өмнө чөлөөлөх талаар санал хураахад 21 хүн буюу хуралд оролцсон гишүүдийн 80 хувийн олонхийн саналаар огцруулах шийдвэр гаргасан байна. Тухайн хурлын тэргүүлэгчдээс бүх гишүүдийн хурлын товыг 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 14:00 цагт зарлаж, санал хураахад 23 хүн буюу 88 хувийн саналаар дэмжиж, хурлаас гаргасан шийдвэрт Г.А-ыг хугацаанаас өмнө огцруулах, мөн бүх гишүүдийн хурлыг 2018 оны 6 сарын 12-ны 14:00 цагт товлосон шийдвэр гаргасан байгаа зэрэг нь Г.А-ыг сонгосон хамт олон нь удаа дараа хугацаанаас нь өмнө ҮЭ хорооны даргаас огцруулах, сонгуульт үүргээс нь чөлөөлөх санал, санаачлагыг гаргаж байсан болох нь тогтоогдоно. Түүнчлэн нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 6 сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг санаатайгаар хийлгэхээс зайлсхийж, тухайн өдөр өвчтэй гээд ажилдаа ирээгүй бөгөөд 2018 оны 6 сарын 12-ны өдрөөс 2018 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл 4 хоног амбулаториар эмчлүүлж байгаа гэх эмнэлгийн хуудас ирүүлсэн тул 2018 оны 6 сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурал хойшлогдсон. МСҮТ-ийн захирлын 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 34 дугаартай "Ээлжийн амралт олгох тухай" тушаалаар Г.А нь 2018 оны 6 сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 сарын 22-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан тул бүх гишүүдийн хурал хийгдээгүй. Дээр дурдсан үйл баримтууд болон хэрэгт авагдсан баримтуудаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэдэг нь үгүйсгэгддэг. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6 дугаар сарын 04-ны өдрийн 102/ШШ2019/01678 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч МОХНН УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч Г.А нь МОХНН УБТЗ-ын даргын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн Б-1-160 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар, 2017 оны 4 сарын 03-ны өдрийн №28 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд тус тус томилогдсон байна. /хх-ийн 6 дугаар тал/

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, УБТЗ-ын МСҮТ-ийн дүрмийн 3.2.6, хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.3.2, дотоод аудит, хяналтын албаны ХШ-61/05/03 дугаартай шалгалтын дүгнэлт, захиргааны зөвлөлийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгч Г.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь талуудын тайлбар, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагч татгалзлаа нэхэмжлэгч Г.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хуурамч нотлох баримт бүрдүүлж чөлөө авч хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй хэмээн тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн 40 дугаар зүйлийн 40.1.4, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр буюу нийлбэр дүнгээрээ 6 сард 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсныг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна. /хх-ийн 32-33 дугаар тал/

Г.А нь 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 сарын 25, 2019 оны 1 сарын 28-ны өдрөөс 2019 оны 2 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах үндэслэлээр чөлөө авсан боловч тэрээр дээрх хугацаанд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 61 дугаартай шийтгэвэрээр 15 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл эдлэж байсан нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тамгын газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон, уг үйл баримтыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй. /хх-ийн 52-55, 89 дүгээр тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.А-ыг баривчлагдах шийтгэл хүлээснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэсэн нь буруу байна. Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаануудыг ойлгох бөгөөд харин нэхэмжлэгч Г.А нь өөрийн буруутай үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй болно.

Түүнчлэн, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлажээ.

Учир нь Г.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан үндэслэл нь түүнийг үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг гүйцэтгэсэнтэй холбоогүй байна.

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.А-ыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарган, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Г.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс нарт давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр холбогдсон боловч хэрэгт авагдсан утасны дугаарууд ашиглалтад байхгүй, холбогдох боломжгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн болно. /хх-ийн 236-237 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар МОХНН УБТЗ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 487 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                    Г.ДАВААДОРЖ