Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00445

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01678 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1719 дүгээр магадлалтай,

Г.Аын нэхэмжлэлтэй

УБТЗд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчулуун, Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2003 онд Хөдөө аж ахуйн их сургууль, 2006 онд Төмөр замын дээд сургууль, 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 2007 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд техникийн ухааны магистрын зэрэг, 2010 онд тус сургуульдаа докторантурт сурч төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн. 2003 оны 6 сараас УБТЗ ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт туслах машинч, засварчин, инженер зэрэг ажлуудыг хийж байгаад 2008 оны 9 сараас УБТЗ ХНН-ийн МСҮТ-д зүтгүүрийн мэргэжлийн багш, ахлах багш, хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа УБТЗ ХНН-ийн даргын мөнгөн шагнал, хүндэт тэмдэг, байгууллагын аварга, УБТЗ-ын Улаанбаатар зангилааны аварга, Монголын залуу багш нарын холбооны шилдэг залуу багш, Зам тээврийн яамны хүндэт жуух бичиг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хүндэт тэмдэг, баярын бичиг зэргээр шагнагдаж байсан. Г.А нь МСҮТ-д үнэнчээр хөдөлмөрлөж, багшийн хувьд болон хамт олныхоо өмнө хүлээсэн сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. 2019 оны 02 сарын 02-ны өдөр түүнд сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны шуурхай зөвлөлийн хурал хуралдсан. 2013 оноос хойш Г.А МСҮТ-д Үйлдвэрчний эвлэлүүдийн хороог анх байгуулж, даргаар нь сонгогдож ажилласан. Үйлдвэрчний эвлэлүүдийн хорооны даргаар 2016 онд дахин сонгогдож, тус хорооны даргын сонгуульт ажлыг үндсэн ажлынхаа зэрэгцээ гүйцэтгэж ирсэн. 2018 оны 02 сарын 02-ны өдөр Г.Аыг ажилдаа ирэхэд шуурхай хурал хийж, ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/12 дугаартай тушаал гаргасан. Б/12 тушаалын үндэслэх хэсэгт Г.Аыг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдэг. Гэтэл тухайн үед Г.А баривчлагдсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба ажил олгогч чөлөө олгосон байдаг. Ажил олгогч Г.Ат чөлөө олгосон тушаал гаргачхаад ажил тасалсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Б/12 тушаал Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжуудыг зөрчсөн. Захиргааны санаачлагаар Г.Аыг ажлаас халахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.2-д заасныг зөрчиж, нийт албан хаагч нарт танилцуулахгүйгээр шууд арга хэмжээ авсан. Г.Ат 2018 оны 02 сарын 02-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан мөртлөө ажлыг нь 02 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. Г.Аын баривчлагдах хугацаандаа захиргаанаас хүүхэд асрах чөлөө авч, ажилдаа орсон нь хөдөлмөрлөх үүргээ үнэнчээр биелүүлэх зарчмыг зөрчөөгүй. Г.Ат хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй хамааралгүй асуудлаар сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Г.Аын чөлөөтэй хугацаандаа юу хийх нь түүний эрхийн асуудал. Гэтэл ажил олгогч чөлөөтэй хугацаанд юу хийж байгааг нь мөрдөн мөшгөж, 1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамруулахыг заасан. Ажил олгогч үндэслэлгүйгээр Г.Аын хувийн амьдралд хэт их оролцсон. Г.А гэр бүлийн нууцтай холбоотой асуудлаар ажил олгогчоос чөлөө хүссэн. Хариуцагч тал хариу тайлбартаа Г.Аыг ээлжийн амралт, захиргааны чөлөө авах боломжтой байсан гэсэн. Г.А захиргааны чөлөө авах боломжтой болоод чөлөө авсан. Хавтаст хэрэгт Г.Ат олгосон захиргааны чөлөө, хүүхдэд олгосон эмнэлгийн магадалгаа зэргийг хүчингүй болгосон баримт байхгүй. Г.А гэр бүлийн нууц хадгалах эрхээ эдэлж, захиргаанаас чөлөө авсан. Эхнэр 3 хүүхэдтэй, 6 настай хүү нь тархины саажилттай, 3 настай охинтой. Г.Аыг баривчлагдсаных нь төлөө сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан нь үндэслэлгүй. Г.Аын хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 43 дугаар зүйл, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг ноцтой зөрчиж байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7 706 664 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургуулийн тэнхимийн эрхлэгч, зүтгүүрийн багшаар ажиллаж байсан Г.Ат 2019 оны 02 сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. 2019 оны 01 сарын 18-ны өдөр хүүхэд өвчтэй гэж худал бичиг бүрдүүлж, чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Бодит байдал дээр Г.Аыг өөр шалтгаанаар чөлөө авсныг дотоод хяналт шалгалтаар мэдсэн. 2019 оны 01 сарын 25-ны өдөр Г.А мөн чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Бидэнд Г.Аыг өөр шалтгаанаар чөлөө авсан гэх албан бус мэдээлэл ирсэн тул шалгуулах хүсэлт гаргасан. Асуудлыг манай байгууллага өөрийнхөө шугамаар шалгасан. 2019 оны 02 сарын 01-ний өдөр Г.Аыг худал бичиг баримт бүрдүүлж, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэх албан тоот ирсэн. Ажил олгогчийн Г.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.2-д хүндэтгэн шалтгаангүй ажлын 3 өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр заасан. УБТЗ ХНН-ийн сахилгын дүрэмд ажилтан 3, 4 өдөр шалтгаангүй ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээ цуцална гэж заасан. Г.А ээлжийн амралт, үнэнээ хэлээд захиргааны чөлөө авах боломжтой байсан. Баянгол дүүргийн цагдаагийн газраас ирсэн албан бичигт бид итгээгүй, Г.Аын хэлсэнд итгэж чөлөө олгосон. 2019 оныг УБТЗ ХНН сахилга хариуцлагын жил болгосон. 2018-2019 оны хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан. Г.А худал бичиг баримт бүрдүүлж чөлөө авсан гэдгээ мэдэж байсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд дотоод аудит, хяналтын албаны шалгалтын 610503 дүгнэлтээр Г.Аыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Ажлын дараалсан 3, нийлбэр дүнгээр 6 сард 4 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс манай байгууллагын уур амьсгалыг мэдэхгүй учраас өөр байдлаар тайлбарлаж байна. Байгууллагын хамт олон Г.Аыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, байгууллагын нэр хүндийг унагаж байна гэж үзээд 2018 оны 5 сарын 28-ны өдөр УБТЗ ХНН-ийн Үйлдвэрчний эвлэлүүдийн хороонд 12 зүйл, гарын үсэгтэй өргөх бичиг барьж байсан. 2018 оны 6 сарын 18-ны өдөр байгууллагын хурал болж, Г.Аыг ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрэхэд Г.А акт авч ажилдаа ирээгүй байсан. Г.А акт авдаг, хуурамч бичиг баримт бүрдүүлж чөлөө авдаг. Г.Аыг ямар байдалтай ажиллаж байсныг нотолсон хамт олны хурлын тэмдэглэл Төмөр замын Үйлдвэрчний эвлэлүүдийн хороонд өгсөн өргөх бичиг зэрэг нь хэрэгт байгаа. Г.А 2019 оны 01 сарын 21-ний өдрөөс 02 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй. Нэхэмжлэгч баривчлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг. Хууль тогтоомж зөрчиж, хэрэг зөрчилд холбогдож баривчлах шийтгэл авсан хүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ гэж хаана ч байхгүй. Г.А өөрийн ёс зүйгүйгээс зөрчилд холбогдсоноо хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа нь багшийн ёс зүйд нийцэхгүй байна. ҮЭ-ийн сонгуульт ажилтан гэхээр хууль тогтоомж зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаж болдог юм уу. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж тайлбарласан 33 дугаартай тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаанд юу хамаарахыг тайлбарласан. Тогтоолын 28 дахь хэсэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон байгалийн болон нийтийг хГ.Асан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаантай байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласан. Г.А ёс зүйтэй, хэрэг зөрчилд холбогдоогүй байсан бол баривчлагдахгүй байсан. Г.Аын баривчлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д сургалтын албаны ажилчид 1 хүртэлх хоногийн чөлөөг сургалтын менежерээс авч, чөлөөний хуудсаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. 7.2-д ажилтан 1-ээс дээш хоногийн чөлөө авахад захирлын тушаал гаргах бөгөөд өргөдлөө бичиж, захирлаар гарын үсэг зуруулж, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. 7.3.3-д захиргааны чөлөө өгөх хугацаа дууссан өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажилтныг ажил тасалсанд тооцож, хөдөлмөрийн гэрээ цуцлана гэж заасан. Г.А хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, гарын үсэг зурсан. Г.А хөдөлмөрийн дотоод журамд заасан тодорхой зөрчил гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж захиргаанаас чөлөө авсан болох нь дотоод аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлж, захиргаанаас чөлөө авсан болохоо хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Г.Ат ҮЭ-ийн сонгуульт ажилтай нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулаагүй. Г.А хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулсан. Г.Аыг ҮЭ-ийн сонгуульт ажилтай холбогдуулан ажлаас халагдсан эсэхийг шалгуулах эрх нэхэмжлэгч талд байсан. Гэтэл нэхэмжлэгч тал тийм санал хүсэлт тавиагүй. Хавтаст хэрэгт МСҮТ-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2018 оны 02 сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, өргөх бичиг, ҮЭ-ийн дүрмээр жил бүр ҮЭ-ийн сонгуульт ажилтан тайлан тавьж, сонгогчид төлөөлөгчийг хангалттай ажилласан эсэхийг дүгнэж, цаашид ажиллах эсэхийг шийддэг. 2018 оны бүх гишүүдийн хурлаар санал хураалт илээр явуулж, Г.Аыг ҮЭ-ийн хороон даргын ажлаас огцруулах талаар санал хураахад хуралд оролцсон хүмүүсийн 43 хувь буюу дийлэнх олонхын саналаар ҮЭХ даргын ажлаас огцруулах санал гарсан. Сонгосон хамт олонд нь эрх ашиг хамгаалж чадахгүй, төлөөлж чадахгүй байна, хангалтай ажиллаж чадахгүй байна зэрэг үндэслэлээр хугацаанаас өмнө солиулах эрх байдаг. Дээрх санал хүсэлтийг Төв ҮЭХ-д удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Г.А сонгосон хамт олныхоо эрх ашгийг хангаж ажилласан бол хамт олон 2018 оноос хойш удаа дараа өөр хүнээр эрх ашгаа хамгаалуулахыг хүссэнийг Үйлдвэрчний эвлэлүүдийн хороог хүлээж авдаггүй. Г.А ҮЭ-ийн сонгуульт ажил гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлын үүднээс сонгуульт ажил эрхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан 3 удаагийн хурлын тэмдэглэл, өргөх бичиг зэрэг баримтаар сонгосон хамт олон нь Г.Аыг ҮЭ даргын ажлаас болиулах хүсэлт удаа дараа гаргаж байсан нь нотлогдож байна. Нэхэмжлэгч хувь хүний нууц, гэр бүлийн нууц нэрийн доор хуурамч бичиг баримт бүрдүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргаж болно гэж үзэж багаа юм уу. Багш хүн өндөр ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой. Тухайн үед Г.Аыг ажлын байрнаас нь баривчилсан. Цагдаагийн албан хаагчдыг ирэхэд сурагчдынхаа өмнө үлгэр дууриалалгүй, багш хаалгаа түгжээд нэвтрүүлдэггүй. Цагдаагийн албан хаагчид хаалга онгойлгож ороход оюутнуудыг та нар бичлэг хий гэсэн. Энэ ёс зүйтэй үйлдэл юм уу. Нэхэмжлэгч тал эмнэлгийн магадлагаа хүчингүй болгоогүй гэж тайлбарласан. Эмнэлгийн магадлагааг хүчингүй болгох шаардлагагүй, УБТЗ ХНН-ээс эмнэлгийн магадлагаа хүчингүй болгохгүй. Эмнэлгийн магадлагаа хуурамч гэдгийг холбогдох шалгалт, баримтаар нотолсон. Г.А хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд заасан зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01678 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аыг УБТЗын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4 769 163 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Г.Ат олгож, үлдэх 2 937 501 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг УБТЗд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч УБТЗаас улсын тэмдэгтийн хураамжид 161 487 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1719 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар УБТЗд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 487 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрөн ИХШХИТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг тус үндэслэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргалаа. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасантай нийцээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй боллоо. Үүнд: Нэг. Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэх зөрчлийн талаар магадлалын үндэслэх хэсэгт “Г.А нъ 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 сарын 25, 2019 оны 1 сарын 28-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах үндэслэлээр чөлөө авсан боловч тэрээр дээрх хугацаанд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 61 дугаартай шийтгэвэрээр 15 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл эдлэж байсан нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тамгын газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон, уг үйл баримтыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Аыг баривчлагдах сахилгын шийтгэл хүлээснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэсэн нь буруу байна. Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хГ.Асан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаануудыг ойлгох бөгөөд харин нэхэмжлэгч Г.А нь өөрийн буруутай үйлдлийн улмаас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй болно” гэжээ. Г.А нь ажил олгогчоос дотоод журамд заасан үндэслэлийн дагуу чөлөөг хүсэн өргөдөл ирүүлж, энэ талаар өргөдөлд ажил олгогч захиргааны чөлөө олгожээ. Нэхэмжлэгч энэхүү чөлөөтэй байх хугацаанд захиргааны хариуцлага хүлээж байсан бодит байдалтай. Ажил олгогч хариу тайлбартаа: өөрт тохиолдсон асуудлыг үнэн бодитоор хэлэх бүрэн боломж байсаар байтал хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэсэн нь түүний охинд олгосон эмнэлэгийн магадлагаа хуурамч байсныг ажил олгогч тогтоодоггүй болохыг анхаарч үзсэнгүй. Г.А хувийн амьдралтай холбоотой асуудлаар нууцлах эрхтэй атал ажил олгогч Г.Аын гэр бүлийн нууцад хууль бусаар халдаж, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод материалын нормчлолын техникчээр ажилладаг түүний эхнэр Б.Тэгшжаргалыг албан өрөөнд нь 2019 оны 01 дугаар сарын 29-ний өдөр 3 цаг гаруй Дотоод, аудит хяналтын апбаны байцаагч Энхсайхан нөхөр чинь хаана байна гэх зэргээр байцааж, ажлын байрны дарамтыг үзүүлсэн байдаг. Гэр бүлийн нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг” гэжээ. Гэтэл түүний гэр бүлд энэ мэт дарамтыг үзүүлж байжээ. Нөгөөтэйгүүр Г.Аын захиргааны хариуцлага хүлээсэн явдал нь түүний хөдөлмөрлөх үүрэгтэй хамааралгүй. Түүнд захиргаа чөлөө олгосон, чөлөөг эдэлж дууссаны дараа чөлөө олгосон тушаал хүчингүй болгож байгаа нь түүнийг ажил тасалсан гэж үзэх бодит үндэслэл болохгүй. Түүний гаргасан зөрчлийг ажил олгогч зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна. Тодруулбал Г.А нь захиргааны чөлөөг зориулалтын дагуу ашиглаагүй буруутай үйлдэлтэй боловч түүнийг ажил тасалсан гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй юм. Анхан шатны шүүх: Г.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр шийтгэвэрээр албадлагын арга хэмжээ авагдсны улмаас ажилдаа ирэх боломжгүй байсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь хүнлэг ёс, шудрага ёс, хууль ёсны зарчимтай нийцсэн шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт “Г.А баривчлагдах шийтгэл хүлээснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэсэн нь буруу байна. Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хГ.Асан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаануудыг ойлгох” гэжээ. Улсын дээд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан гомдол гаргах хүндэтгэн үзэх шалтгааны талаар дурьдсан болохыг шүүх анхаарч ажил олгогчийн дотоод хэм хэмжээ болох хөдөлмөрийн дотоод журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай адилтган үзсэн нь магадлал үндэслэлгүй болоход нөлөөллөө. Г.А нь ажил үүргээ гүйцэтгэх хүсэлтэй боловч захиргааны албадлагын арга хэмжээний улмаас ажлаа гүйцэтгэж чадахгүй 9 өдөр хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ биечлэн гүйцэтгэж чадахгүй болсон нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн болохыг Анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Хоёр. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дугаар зүйлийн буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Магадлалын хянавал хэсэгт: “Г.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан үндэслэл нь түүнийг үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг гүйцэтгэсэнтэй холбоогүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөллөө. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад дурьдсан диспозицод шүүх бүхэлд нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөллөө. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Г.А нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлаар тус Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаад 2019 оны 04 сарын 08-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн даргын ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэжээ. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгох бололцооны тухай 1971 оны конвенци”-ийг Монгол Улс 1996 онд соёрхон баталсан. Уг конвенцийн 2-р зүйлийн 2.1-д “Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчид ажил үүргээ шуурхай, ашигтай гүйцэтгэх бололцоогоор хангагдана” 3-р зүйлд “Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайлбал үйлдвэрчний эвлэл буюу түүний гишүүдээс сонгогдсон буюу томилогдсон төлөөлөгчид” гэжээ. Мөн конвенцийн 6 дугаар зүйлд “Энэхүү конвенцийг үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээ буюу үндэсний дадал болсон зүйлд нийцсэн бусад арга замаар хэрэгжүүлж болно” гэж тус тус заажээ. Энэхүү конвенцийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай 143 дугаар зөвлөмжийн 2 зүйлийн 2.3 дахь заалтад “Үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээ, арбитрын болон шүүхийн шийдвэр нь энэ зөвлөмжид заасан аюулгүй байдлаа хамгаалуулах, ажлын байраар хангагдах эрхийг эдлэх ажилчдын төлөөлөгчдийн тодорхойлж өгнө” гэжээ. Харин Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заажээ. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид 3.5-д Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахыг хуулиар хориглосон тул хуулийн дээрх шаардлагыг ажил олгогч биелүүлсэн эсэхийг шүүх заавал дүгнэсэн байх ёстой” гэсэн зөвлөмжийг гаргасан байна. Г.А тус сургуулийн захирал нар хувийн болоод ажил хэргийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд түүнийг ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлаас огцруулах талаар хурлыг сургуулийн захиргаа зохион байгуулж, ҮЭ-ийн үйл ажиллагаанд ажил олгогч оролцож байсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэж заасныг зөрчин тус байгууллагын дарга Ч.Ганчулуун хурал зохион байгуулан Г.Аыг огцруулах талаар санал гаргаж байсныг Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хариуцагчийн татгалзлыг нотлох баримт болохгүй гэж үзэн үнэлээгүй юм. Энэ талаар Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцийн 4 дүгээр зүйлд “Ажилчид, ажил олгогчдын байгууллагыг захиргааны журмаар тараах буюу үйл ажиллагааг нь түр ч хориглож үл болно” гэж мөн зохицуулсныг зөрчсөн үйлдэл төдийгүй Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-д заасан “сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”, “...олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг зөрчжээ. Дээрхээс үзэхэд Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг ажлаас халсан гэдэг хуулийн болоод бодит үндэслэл нь тогтоогдож байгаад хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн талаар: Г.Аын нэхэмжлэлтэй хэрэгт давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүх болох хүлээн авч танилцсны дараа давж заалдах шатны шүүхээс гомдлыг буцаасан байдаг. Энэхүү буцаасан гомдолд хариуцагчийн гомдол гаргах хугацаа хэтэрсэн зэрэг нөхцөл байдалтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан. Дээрх хугацаанд нэхэмжлэгч шүүх хуралдааны товын талаар хэд хэдэн удаа асууж, өөрийн биеэр давж заалдах шатны шүүхэд очиж шүүгчийн туслахтай уулзаж байсан. Харин 2019.09.20-ны өдөр давж заалдах шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр хуралдуулан хийж, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчлөө. Шүүх хуралдааны товыг мэдэгдэх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуудсыг Монгол шуудангийн ажилтан 2019 оны 09 дүгээр сарын 21-нд нэхэмжлэгчийн гэрийн хаалганд наагаад явах гэж байхад нь нэхэмжлэгч таарч, хурлын товыг гардан авсан байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч УБТЗд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Г.А нь УБТЗд  2008 оны 9 сарын 19-ний өдрөөс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар, 2017 оны 4 сарын 03-наас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан ба 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил олгогчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-12 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, УБТЗ-ын МСҮТ-ийн дүрмийн 3.2.6, хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.3.2, дотоод аудит, хяналтын албаны ХШ-61/05/03 дугаар шалгалтын дүгнэлт, захиргааны зөвлөлийн шуурхай хурлын шийдвэрийг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 өдөр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Г.Аыг ажлаас нь халжээ.

Г.А нь 2019 оны 1 сарын 18, 25-ны өдөр хүүхэд асрах чөлөө олгохыг хүсч, өргөдөл гаргасан, ажил олгогч 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 сарын 25 хүртэл чөлөө олгосон, нэхэмжлэгч нь 2019 оны 1 сарын 18-наас 2 сарын 1 хүртэл ажилдаа ирээгүй, энэ хугацаанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 61 дүгээр шийтгэвэрээр 15 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл эдэлж байсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. /хх-ийн 52-55, 59, 89 дүгээр тал/

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр буюу нийлбэр дүнгээрээ 6 сард 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсныг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохыг заасан ба Г.Аын ажил тасалсан шалтгаан нь захиргааны арга хэмжээ авагдаж,баривчлах ял эдэлсэнтэй холбоотой байна.

Анхан шатны шүүх баривчлагдах шийтгэл хүлээснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хөдөлмөрлөх үүрэгтэй холбоогүй, өөрөөс хамаарахгүй шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд ажил олгогч, ажилтан нар тохиролцож, захиргааны чөлөө олгох, ээлжийн амралтаас хасч тооцох зэргээр зохицуулах боломжтой юм. Ажил олгогч ажилтныг худал хэлж, чөлөө авсан болохыг буруутгаж, хуралдаан дээр энэ талаар өөрт нь хэлж байжээ.

Нэхэмжлэгч Г.А нь энэ байдлыг ажил олгогчид мэдэгдэх ёстой байхад хүүхэд асрах чөлөө авах, эмнэлгийн магадлагаа хуурамчаар авах зэргээр хандсан нь ёс зүйн зөрчлийн шинжтэй, энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон талаар талууд маргаснаас үзэхэд ажил олгогч нь ёс зүйн бодитой зөрчлийг бус өөр үндэслэл буюу ажил тасалсан зөрчлийг тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байна. Ажилтны хөдөлмөрлөх үүрэгтэй холбоогүй, ажилтан захиргааны шийтгэл хүлээснээс шалтгаалан ажилдаа ирээгүй явдлыг хөдөлмөрийн харилцаанд ажилтныг шууд буруутгах үндэслэлд хамааруулахад учир дутагдалтай юм.   Нөгөө талаар Г.А нь 2003 оноос хойш Улаанбаатар төмөр замд туслах машинч, засварчин, инженер, 2008 оноос хойш Мэргэжил сургалтын төвд багш, ахлах багш, хөдлөх бүрэлдхүүний тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа сахилгын шийтгэл авагдаж байгаагүй байна.

Иймд ажил олгогчийн тушаалын үндэслэл зөрчилтэй, зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ. Энэ зохицуулалт нь ажилтны сонгуульт үүрэгтэй хамааралтай болохоос гадна үндсэн ажил, үүргээ зөрчсөн сонгуульт ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах ажил олгогчийн эрхийг хязгаарлаагүй юм.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1719 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай. 

                            ТАНХИМЫГ ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА