Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 01678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 105 дугаар байрны 48 тоотод оршин суух, Санжаажамаа овогт Галбаатарын Амар /РД:ЧЗ80092338/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчулуун, Н.Болороо шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Амар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галбаатарын Амар нь 2003 онд Хөдөө аж ахуйн их сургууль, 2006 онд Төмөр замын дээд сургууль, 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 2007 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд техникийн ухааны магистрын зэрэг, 2010 онд тус сургуульдаа докторантурт сурч төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн. 2003 оны 6 сараас УБТЗ ХНН-ийн Улаанбаатар татах хэсэгт туслах машинч, засварчин, инженер зэрэг ажлуудыг хийж байгаад 2008 оны 9 сараас УБТЗ ХНН-ийн МСҮТ-д зүтгүүрийн мэргэжлийн багш, ахлах багш, хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа УБТЗ ХНН-ийн даргын мөнгөн шагнал, хүндэт тэмдэг, байгууллагын аварга, УБТЗ-ын Улаанбаатар зангилааны аварга, Монголын залуу багш нарын холбооны шилдэг залуу багш, Зам тээврийн яамны хүндэт жуух бичиг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүндэт тэмдэг, баярын бичиг зэргээр шагнагдаж байсан. Г.Амар нь МСҮТ-д үнэнчээр хөдөлмөрлөж, багшийн хувьд болон хамт олныхоо өмнө хүлээсэн сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн. 2019 оны 2 сарын 02-ны өдөр түүнд сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны шуурхай зөвлөлийн хурал хуралдсан. 2013 оноос хойш Г.Амар МСҮТ-д үйлдвэрчний эвлэлийн хороог анх байгуулж, даргаар нь сонгогдож ажилласан. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2016 онд дахин сонгогдож, тус хорооны даргын сонгуульт ажлыг үндсэн ажлынхаа зэрэгцээ гүйцэтгэж ирсэн.

2018 оны 02 сарын 02-ны өдөр Г.Амарыг ажилдаа ирэхэд шуурхай хурал хийж, ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/12 дугаартай тушаал гаргасан. Б/12 тушаалын үндэслэх хэсэгт Г.Амарыг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдэг. Гэтэл тухайн үед Г.Амар баривчлагдсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба ажил олгогч  чөлөө олгосон байдаг. Ажил олгогч Г.Амарт чөлөө олгосон тушаал гаргачхаад ажил тасалсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Б/12 тушаал Монгол улсад мөрдөгдөж байгаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжуудыг зөрчсөн. Захиргааны санаачлагаар Г.Амарыг ажлаас халахдаа Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.2-д заасныг зөрчиж, нийт албан хаагч нарт танилцуулахгүйгээр шууд арга хэмжээ авсан. Г.Амарт 2018 оны 2 сарын 02-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан мөртлөө ажлыг нь 2 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. Г.Амарын баривчлагдах хугацаандаа захиргаанаас хүүхэд асрах чөлөө авч, ажилдаа орсон нь хөдөлмөрлөх үүргээ үнэнчээр биелүүлэх зарчмыг зөрчөөгүй. Г.Амарт хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй хамааралгүй асуудлаар сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Г.Амарын чөлөөтэй хугацаандаа юу хийх нь түүний эрхийн асуудал. Гэтэл ажил олгогч чөлөөтэй хугацаанд юу хийж байгааг нь мөрдөн мөшгөж, 1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамруулахыг заасан. Ажил олгогч үндэслэлгүйгээр Г.Амарын хувийн амьдралд хэт их оролцсон. Г.Амар гэр бүлийн нууцтай холбоотой асуудлаар ажил олгогчоос чөлөө хүссэн. Хариуцагч тал хариу тайлбартаа Г.Амарыг ээлжийн амралт, захиргааны чөлөө авах боломжтой байсан гэсэн. Г.Амар захиргааны чөлөө авах боломжтой болоод чөлөө авсан. Хавтаст хэрэгт Г.Амарт олгосон захиргааны чөлөө, хүүхдэд олгосон эмнэлгийн магадалгаа зэргийг хүчингүй болгосон баримт байхгүй. Г.Амар гэр бүлийн нууц хадгалах эрхээ эдэлж, захиргаанаас чөлөө авсан. Эхнэр 3 хүүхэдтэй, 6 настай хүү нь тархины саажилттай, 3 настай охинтой. Г.Амарыг баривчлагдсаных нь төлөө сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Г.Амарын хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 43 дугаар зүйл, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг ноцтой зөрчиж байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7,706,664 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай сургуулийн тэнхимийн эрхлэгч, зүтгүүрийн багшаар ажиллаж байсан Г.Амарт 2019 оны 2 сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. 2019 оны 1 сарын 18-ны өдөр хүүхэд өвчтэй гэж худал бичиг бүрдүүлж, чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Бодит байдал дээр Г.Амарыг өөр шалтгаанаар чөлөө авсныг дотоод хяналт шалгалтаар мэдсэн. 2019 оны 1 сарын 25-ны өдөр Г.Амар мөн чөлөө хүссэн өргөдөл гаргасан. Бидэнд Г.Амарыг өөр шалтгаанаар чөлөө авсан гэх албан бус мэдээлэл ирсэн тул шалгуулах хүсэлт гаргасан. Асуудлыг манай байгууллага өөрийнхөө шугамаар шалгасан. 2019 оны 2 сарын 01-ний өдөр Г.Амарыг худал бичиг баримт бүрдүүлж, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэх албан тоот ирсэн. Ажил олгогчийн Г.Амартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.2-д хүндэтгэн шалтгаангүй ажлын 3 өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр заасан. УБТЗ ХНН-ийн сахилгын дүрэмд ажилтан 3, 4 өдөр шалтгаангүй ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээ цуцална гэж заасан. Г.Амар ээлжийн амралт, үнэнээ хэлээд захиргааны чөлөө авах боломжтой байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн газраас ирсэн албан бичигт бид итгээгүй, Г.Амарын хэлсэнд итгэж чөлөө олгосон. 2019 оныг УБТЗ ХНН сахилга хариуцлагын жил болгосон. 2018-2019 оны хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан. Г.Амар худал бичиг баримт бүрдүүлж чөлөө авсан гэдгээ мэдэж байсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд Дотоод аудит, хяналтын албаны шалгалтын 610503 дүгнэлтээр Г.Амарыг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Ажлын дараалсан 3, нийлбэр дүнгээр 6 сард 4 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс манай байгууллагын уур амьсгалыг мэдэхгүй учраас өөр байдлаар тайлбарлаж байна. Байгууллагын хамт олон Г.Амарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, байгууллагын нэр хүндийг унагаж байна гэж үзээд 2018 оны 5 сарын 28-ны өдөр УБТЗ ХНН-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд 12 зүйл, гарын үсэгтэй өргөх бичиг барьж байсан. 2018 оны 6 сарын 18-ны өдөр байгууллагын хурал болж, Г.Амарыг ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрэхэд Г.Амар акт авч ажилдаа ирээгүй байсан. Г.Амар акт авдаг, хуурамч бичиг баримт бүрдүүлж чөлөө авдаг. Г.Амарыг ямар байдалтай ажиллаж байсныг нотолсон хамт олны хурлын тэмдэглэл Төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хороонд өгсөн өргөх бичиг зэрэг нь хэрэгт байгаа.

Г.Амар 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс 2 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй. Нэхэмжлэгч баривчлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг. Хууль тогтоомж зөрчиж, хэрэг зөрчилд холбогдож баривчлах шийтгэл авсан хүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ гэж хаана ч байхгүй. Г.Амар өөрийн ёс зүйгүйгээс зөрчилд холбогдсоноо хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байгаа нь багшийн ёс зүйд нийцэхгүй байна. ҮЭ-ийн сонгуульт ажилтан гэхээр хууль тогтоомж зөрчиж, ёсзүйгүй үйлдэл гаргаж болдог юм уу. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж тайлбарласан 33 дугаартай тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаанд юу хамаарахыг тайлбарласан. Тогтоолын 28 дахь хэсэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаантай байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласан. Г.Амар ёс зүйтэй, хэрэг зөрчилд холбогдоогүй байсан бол баривчлагдахгүй байсан. Г.Амарын баривчлагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д сургалтын албаны ажилчид 1 хүртэлх хоногийн чөлөөг сургалтын менежерээс авч, чөлөөний хуудсаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. 7.2-д ажилтан 1-ээс дээш хоногийн чөлөө авахад захирлын тушаал гаргах бөгөөд өргөдлөө бичиж, захирлаар гарын үсэг зуруулж, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. 7.3.3-д захиргааны чөлөө өгөх хугацаа дууссан өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажилтныг ажил тасалсанд тооцож, хөдөлмөрийн гэрээ цуцлана гэж заасан. Г.Амар хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, гарын үсэг зурсан. Г.Амар хөдөлмөрийн дотоод журамд заасан тодорхой зөрчил гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж захиргаанаас чөлөө авсан болох нь дотоод аудитын хяналт шалчадахүй

галтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлж, захиргаанаас чөлөө авсан болохоо хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Г.Амарт ҮЭ-ийн сонгуульт ажилтай нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулаагүй. Г.Амар хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулсан. Г.Амарыг ҮЭ-ийн сонгуульт ажилтай холбогдуулан ажлаас халагдсан эсэхийг шалгуулах эрх нэхэмжлэгч талд байсан. Гэтэл нэхэмжлэгч тал тийм санал хүсэлт тавиагүй. Хавтаст хэрэгт МСҮТ-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2018 оны 2 сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, өргөх бичиг, ҮЭ-ийн дүрмээр жил бүр ҮЭ-ийн сонгуульт ажилтан тайлан тавьж, сонгогчид төлөөлөгчийг хангалттай ажилласан эсэхийг дүгнэж, цаашид ажиллах эсэхийг шийддэг. 2018 оны бүх гишүүдийн хурлаар санал хураалт илээр явуулж, Г.Амарыг ҮЭ-ийн хороон даргын ажлаас огцруулах талаар санал хураахад хуралд оролцсон хүмүүсийн 43 хувь буюу дийлэнх олонхын саналаар ҮЭХ даргын ажлаас огцруулах санал гарсан. Сонгосон хамт олонд нь эрх ашиг хамгаалж чадахгүй, төлөөлж чадахгүй байна, хангалтай ажиллаж чадахгүй байна зэрэг үндэслэлээр хугацаанаас өмнө солиулах эрх байдаг. Дээрх санал хүсэлтийг Төв ҮЭХ-д удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Г.Амар сонгосон хамт олныхоо эрх ашгийг хангаж ажилласан бол хамт олон 2018 оноос хойш удаа дараа өөр хүнээр эрх ашгаа хамгаалуулахыг хүссэнийг Үйлдвэрчний эвлэлийн хороог хүлээж авдаггүй. Г.Амар ҮЭ-ийн сонгуульт ажил гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлын үүднээс сонгуульт ажил эрхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан 3 удаагийн хурлын тэмдэглэл, өргөх бичиг зэрэг баримтаар сонгосон хамт олон нь Г.Амарыг ҮЭ даргын ажлаас болиулах хүсэлт удаа дараа гаргаж байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч хувь хүний нууц, гэр бүлийн нууц нэрийн доор хуурамч бичиг баримт бүрдүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргаж болно гэж үзэж багаа юм уу. Багш хүн өндөр ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой. Тухайн үед Г.Амарыг ажлын байрнаас нь баривчилсан. Цагдаагийн албан хаагчдыг ирэхэд сурагчдынхаа өмнө үлгэр дууриалалгүй, багш хаалгаа түгжээд нэвтрүүлдэггүй. Цагдаагийн албан хаагчид хаалга онгойлгож ороход оюутнуудыг та нар бичлэг хий гэсэн. Энэ ёс зүйтэй үйлдэл юм уу. Нэхэмжлэгч тал эмнэлгийн магадлагаа хүчингүй болгоогүй гэж тайлбарласан. Эмнэлгийн магадлагааг хүчингүй болгох шаардлагагүй, УБТЗ ХНН-ээс эмнэлгийн магадлагаа хүчингүй болгохгүй. Эмнэлгийн магадлагаа хуурамч гэдгийг холбогдох шалгалт, баримтаар нотолсон. Г.Амар Хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд заасан зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд ажил хүлээлцэх хугацааг тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Амар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7,706,664 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Амар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчийн ажлын байранд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус төвийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-12 дугаартай тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрх Б-12 дугаартай тушаалд зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.АмарыгХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний 5.3.2 дахь хэсэгт заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 9 өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... Г.Амар нь хүүхэд өвчтэй тул асран хамгаалах шаардлагатай гэсэн хуурамч өргөдөл, эмнэлгийн магадлагаа ирүүлж чөлөө хүссэний дагуу захирлын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б-07 дугаартай тушаал гарч чөлөө олгосон боловч УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүгнэлтээр Г.Амар нь худал өргөдөл болон эмнэлгийн магадлагаа ирүүлж чөлөө авсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоног ажил тасалсан болох нь тогтоогдсон... гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Г.Амар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дугаартай шийтгэвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ШШГЕГ-ын харъяа баривчлах төвд саатуулагдсан байх ба тэрээр энэ хугацаандаа ажилдаа явах боломжгүй болсон учраас өөрийн эхнэрээр дамжуулан эмчээс хүүхэд өвчтэй гэх эмнэлгийн магадлагаа авч, улмаар хүүхдээ асрах шаардлагатай гэх үндэслэлээр чөлөө хүссэний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай Чөлөө олгох тухай тушаалаар Г.Амарт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдөр хүртэлх хугацааны чөлөө олгосон байна.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанаас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хүний нөөцийн албаны даргад болон Дотоод аудит, хяналт шалгалтиын албанд Г.Амарын ажилдаа ирэхгүй байгаа бодит байдлыг тогтоож өгөхийг хүссэн хүсэлт явуулж, улмаар Улаанбаатар төмөр замын дотоод аудит,хяналтын албаны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24/33 дугаартай албан бичгээр ...Г.Амар нь хүүхдээ асрамжилна гэж худал өргөдөл, эмчийн магадлагаа зэргийг ашиглан чөлөө авсан, дахин үргэлжлүүлэн авахыг оролдсон байх бөгөөд тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 10 хоног ажил тасалсан нь тогтоогдсон гэсэн хариу ирсэн байна.

Энэхүү хариуг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын өрөөнд шуурхай хурлыг хийж, уг хурлаар Г.Амарт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Г.Амартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр буюу нийлбэр дүнгээрээ 6 сард 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсныг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.

 

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт ...хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Г.Амар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дугаартай шийтгэвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ШШГЕГ-ын харъяа баривчлах төвд саатуулагдсан болох тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу шүүхийн шийдвэрээр албадлагын арга хэмжээ авагдсаны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажилдаа ирэх боломжгүй байсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.Амарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх тул түүнийг Хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн, Нэхэмжлэгч Г.Амар нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлаар тус Үйлдвэрчний хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Үйлдвэрчиний эвлэлийн даргын ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Амарт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үед буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ажил олгогчийн санаачлагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халж байгаа талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдэд буюу хамт олонд нь мэдэгдсэн, тэдний зөвшөөрөл авсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд ажил олгогч нь Г.Амарт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-12 дугаартай тушаалыг гаргахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Амарыг ажлаас халсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-12 дугаартай тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Г.Амарын Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь Г.Амар нь ажилгүй байсан хугацааны цалинд 7,706,664 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож үзэхэд 1 өдрийн цалин 78,183 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч Г.Амар нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт ажлын 61 хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинд 4,769,163 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Г.Амарт олгож, үлдэх 2,937,501 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгч Г.Амарыг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбгдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Г.Амарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Амарыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,769,163 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Г.Амарт олгож, үлдэх 2,937,501 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Амарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас улсын тэмдэгтийн хураамжид 161,487 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА