| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2018/02136/и |
| Дугаар | 210/МА2019/01782 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2019/01782
А.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Я” ХХК, Г.Б, Ө.Н нарт холбогдох,
Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Мөнхсайхан,
Хариуцагч Г.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Баясгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г нь 2002-2006 онд “Я” ХХК-д инженер, төслийн удирдагчаар үр бүтээлтэй ажилласан тул 2003 онд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29,95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг “Я” ХХК-ийн зүгээс түүнд бэлэглэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. 2013 онд компанийн удирдлагаас А.Г-д бэлэглэсэн байрны нөхцөлийг сайжруулахаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж, харин өмнө бэлэглэсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29,95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг “Я” ХХК-ийн ажилтан А.Сүхтөмөрт А.Г нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. А.Г нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Бумба гранд” хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцанд 2010 оноос хойш эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Иймд А.Г нь дээрх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг “Я” ХХК-иас ажиллах явцдаа бэлэглэлийн журмаар авсан. Хариуцагч Ө.Н болон хариуцагч Г.Б нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээг хуурамчаар үйлдсэн, зөвхөн Ө.Н гэж хүний байгууллагын өр ширний хооронд өр төлөхөөр гэрээ байгуулсан болгосон. “Я” ХХК-ийн зүгээс барилга байгууламжийг ашиглалтад өгсөн комиссын акт, түүнд А.Г гэх нэрийг баллаж Ө.Н гэж оруулсан. 2010 онд ашиглалтад оруулсан байрны захиалгын гэрээг 2016 оноор хийж 2017 онд ашиглалтад орно гэх нэрийдлээр хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Учир нь, тэдэнд орон сууцыг худалдах, худалдан авах зорилго байгаагүй. Харин нэхэмжлэгч орон сууцыг шаардах боломжгүй болгох зорилготой хэлцэл. Түүнчлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид байрыг бэлэглэсэн хэлцлийг үгүйсгэх зорилгоор халхавчлан хийсэн хэлцэл. Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Г-ийг тогтоож, Ө.Н болон Г.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Я” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Бумба гранд” хотхоны 32-16 тоот орон сууцыг захиалж төлбөрийг төлж барагдуулж байсан. Уг орон сууц нь 2008 оноос баригдаж эхэлсэн бөгөөд 2010 онд ашиглалтад орсон. Ажилтнуудтай ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй. А.Г манай байгууллагад ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан буюу архи ууж, ажил тасалж, улсын төсвөөр санхүүжүүлэгдэж байсан хугацаатай ажлыг тасалдуулсан тул ажлаас халагдсан. А.Г нь компанитай ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй. Манай байгууллагын зүгээс түүнийг тухайн орон сууцанд түр суулгаж байсан. Улсын комиссын актад түүний нэр анх бичигдсэн учир нь тэрээр тухайн үед уг байранд түр оршин сууж байсан. Уг орон сууцны үнийг бид төлсөн. Одоо манай байгууллага тухайн орон сууцны өмчлөгч биш болсон тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад бид хамааралгүй. Түүнчлэн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг манай байгууллага хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Бумба гранд” хотхон, 32-16 тоот орон сууцны өмчлөх эрхийг Ө.Н-ний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүссэн тул уг орон сууцыг Ө.Н-ний нэр дээр шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууцны байр захиалан бариулах гэрээ бөгөөд орон сууц өмчлөлийн гэрээ биш. Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа. Г.Б болон Ө.Н нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцыг хуулийн дагуу гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Анх гэрээ хэлцэл байгуулан, тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахад хэн нэгний нэр дээр буюу А.Г гэх хүний нэр дээр огт байгаагүй бөгөөд орон сууцыг ашиглалтад оруулсан компани болох “Бумба гранд” ХХК-иас шууд миний нэр дээр “Я” ХХК-ийн хүсэлтийн дагуу анхны эзэмшигчээр миний нэр дээр шилжин ирсэн байр. Нэхэмжлэгч одоог хүртэл тус байрны өмчлөгч байсан мэтээр нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл хууль ёсны өмчлөгч мөн бол өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахгүй өдийг хүрсэн нь ойлгомжгүй байна. Зөвхөн тус орон сууцанд амьдарснаар өмчлөгч болдог гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Миний бие хуулийн дагуу тус орон сууцыг өмчлөлдөө авсан. Мөн Ө.Н болон хариуцагч Г.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Я” ХХК, Г.Б, Ө.Н нарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2206057032 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумбагранд Туул гол гудамж, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Г.Б, Ө.Н нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууцны байр захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“Я” ХХК-ийн захирал Л.Санжаадорж нь нэхэмжлэгч А.Г-д 2010 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, “Бумба гранд” хотхон, 32-16 тоот 88 м.кв, 3 өрөө байрыг 2010 онд буюу байр ашиглалтад орж байх үед уг байрыг өгсөн нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, захиалан бариулсан орон сууцны жагсаалтаар нотлогдоно. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 дүгээр байрны 50, 64 м.кв байрыг өмчилж, байснаа "Я" ХХК-ийн бульдозорчин А.Сүхтөмөрт бэлэглэлийн гэрээ, гэрч А.Сүхтөмөрийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, мөн шүүх хуралдааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн бэлэглэсэн 1 өрөө байрыг өмчилж, эзэмшин оршин сууж байсан, хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд уг 1 өрөө байрыг А.Сүхтөмөрт шилжүүлэх, үүний оронд нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 3 өрөө байрыг хариуцагч нэхэмжлэгчид үнэ төлбөргүй бэлэглэх хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч уг хэлцлийн дагуу үүргээ биелүүлж хариуцагчийн хүсэл зоригийн дагуу дээр дурдсан өөрийн өмчлөлийн 1 өрөө байрыг "Я" ХХК-ийн ажилтан А.Сүхтөмөрт үнэ төлбөргүй шилжүүлсэн. Нэхэмжлэгч болон А.Сүхтөмөр нарын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр А.Сүхтөмөр уг 1 өрөө байрыг өмчлөх гэрчилгээ гарсан болох нь нотлогдож байна. Ийм байтал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан хариуцлагын тухай сануулсны үндсэн дээр үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч А.Сүхтөмөрийн мэдүүлэг болон түүний гаргаж өгсөн нотлох баримт болох тодорхойлолт, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байр 9 жил гаруй хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа нь нэхэмжлэгч хууль ёсны эзэмшигч гэдгийг давхар нотолж байгаа. Ямар учраас 2010 онд ашиглалтад орсон, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан орон сууцыг хариуцагч Г.Б хариуцагч Ө.Н-д өгөхөөр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан зэрэгт эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Хариуцагчийн зүгээс 2010 онд нэхэмжлэгчийн байрыг өөр хүний нэр дээр шилжүүлж өгүүлчхээд З өрөө байрныхаа түлхүүрийг өгч өнөөдрийг хүртэлх хугацаанд А.Г нь уг байранд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа явдал нь 3 өрөө байр бэлгэнд авч өгөлцсөн хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэдгийг харуулж байгаа. Хариуцагчийн зүгээс өгсөн бэлэглэгч гомдсон тухай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хариуцагч маш их хэмжээний хохирол амссан тухай тайлбар нь ч дээрх байдлыг давхар нотолдог. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 өрөө байрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээний хэлцэл явагдсан, талууд хэн аль нь уг хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ хүлээж хариуцагч 3 өрөө байраа нэхэмжлэгчийн эзэмшилд бүрэн шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч уг байрны хууль ёсны өмчлөгч байсан нь уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд буюу 8 жилийн хугацаанд уг байрыг ямар нэг үнэ төлбөргүйгээр эзэмшиж байсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахын тухайд хариуцагч бүрэн зөвшөөрч байсан, улсын комисс хүлээн авах акт баримт дээр уг байр нэхэмжлэгчийн нэр дээр бичигдсэн байсан зэргээр давхар нотлогдож байхад шүүх энэ байдалд зохих дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадсангүй гээд эсрэгээр нь хариуцагч Ө.Н болон хариуцагч Г.Б нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнээд, үүнийгээ хөндлөнгийн дүгнэлт мэтээр үнэлэн нэхэмжлэлийг хангахаас татгалзсан нь буруу. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандан гаргасан хариуцагч Г.Б Ө.Н нарын зүгээс иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад 2016 оны 12 сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээ гэх хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх гомдолд дурдсан асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад дүгнэлт хийж уг асуудлыг эцэслэн шалгаж дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалтыг журамлалгүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнээд, үүнийгээ үндэслэн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Зүй нь шүүх энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлүүлэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх илт хуурамч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Шүүхэд иргэний хэрэг үүсэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Я" ХХК болон гуравдагч этгээдийн хийсэн хуурамч нотлох баримтууд хавсаргуулсан нь "Я" ХХК-ийн зүгээс барилга байгууламжийг ашиглалтад өгсөн комиссын акт, түүнд А.Г гэх нэрийг баллаж Ө.Н гэж оруулсан байдал, мөн гуравдагч этгээдийн зүгээс 2016 оны 12 сарын 30-ны өдөр Ө.Н гэж хүний нэрээр орон сууцны байр захиалан бариулах гэрээг хуурамчаар байгуулсан, 2010 онд ашиглалтад оруулсан байрны захиалгын гэрээг 2016 оноор хийж 2017 онд ашиглалтад орно гэх нэрийдлээр хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн. Мөн Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулсан татвар төлсөн талаар баримт нь ямар байрны ямар татварыг төлсөн нь тодорхой бус нотлох баримтын шаардлага хангаагүй баримт шүүхэд цуглуулж өгсөн зэргээр нотлогдож байсан. Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэргийн материалд авагдсан хууль ёсны нотлох баримтууд, хариуцагч нар шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эцэслэн шалгагдаж дуусаагүй байгаа, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болоод 8 жил өнгөрсөн зэрэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй нь нотлогдож байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаартай шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг иргэний хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч “Я” ХХК, Г.Б, Ө.Н нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А.Г нь 2002 онд хариуцагч “Я” ХХК-д инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад түүний үр бүтээлтэй ажилсныг байгууллагаас шагнан урамшуулж, түүнд 2003 онд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29,95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн бөгөөд дахин 2010 онд ажилчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор хариуцагч “Я” ХХК нь түүнд хариуцагч Г.Б-ны захиалан бариулсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Бумба гранд” хотхон, 32 дугаар байрны 16 тоот орон сууцыг бэлэглэсэн тул уг орон сууцны өмчлөгч нь А.Г гэж тодорхойлж, Г.Б, Ө.Н нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар шаарджээ.
Хариуцагч “Я” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч А.Г-д Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Бумба гранд” хотхон, 32 дугаар байр, 16 тоот орон сууцыг бэлэглээгүй, бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, А.Г-ийг уг байранд түр амьдруулж байсан хэмээн тайлбарласан байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276 дугаар зүйлийн 276.3 дах хэсэгт “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж заажээ.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх гэрээний хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан байх бөгөөд нэхэмжлэгч А.Г нь хариуцагч “Я” ХХК-тай хуулийн дээрх шаардлагад нийцсэн бэлэглэлийн гэрээ байгуулсан нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүй, хуурамч нотлох баримт дээр тулгуурлаж, эрүүгийн журмаар шалгагдаж байхад хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд 8 жил амьдарсан” гэсэн үндэслэл заасан бөгөөд уг үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Сүхтөмөр, Б.Цэрэнбат нар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч дээрх гэрчийн мэдүүлэгт байгаа үйл баримт нь нотлох баримтын өөр эх сурвалжаар давхар нотлогдоогүй, нэхэмжлэгч А.Г нь тухайн орон сууцанд 8 жил амьдарсан байдал нь түүнийг өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байна.
2016 оны 12 сарын 30-ны өдөр хариуцагч Г.Б, Ө.Н нарын байгуулсан орон сууцны байр захиалан бариулах тухай гэрээгээр хариуцагч Ө.Н нь хариуцагч Г.Б-аас Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот 3 өрөө орон сууцыг, 108 680 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ