Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00294

 

А.Гомбодоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1782 дугаар магадлалтай,

 А.Гомбодоржийн нэхэмжлэлтэй,

Ялгуусан ХХК, Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарт холбогдох

 Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгч А.Гомбодоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гомбодорж нь 2002-2006 онд Ялгуусан ХХК-д инженер, төслийн удирдагчаар үр бүтээлтэй ажилласан тул 2003 онд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29,95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Ялгуусан ХХК-ийн зүгээс түүнд бэлэглэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. 2013 онд компанийн удирдлагаас А.Гомбодоржид бэлэглэсэн байрны нөхцөлийг сайжруулахаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэж, харин өмнө бэлэглэсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 20-А тоотын 29,95 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Ялгуусан ХХК-ийн ажилтан А.Сүхтөмөрт А.Гомбодорж нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. А.Гомбодорж нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцанд 2010 оноос хойш эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Иймд А.Гомбодорж нь дээрх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг Ялгуусан ХХК-иас ажиллах явцдаа бэлэглэлийн журмаар авсан. Хариуцагч Ө.Нямцэвээн болон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээг хуурамчаар үйлдсэн, зөвхөн Ө.Нямцэвээн гэж хүний байгууллагын өр ширний хооронд өр төлөхөөр гэрээ байгуулсан болгосон. Ялгуусан ХХК-ийн зүгээс барилга байгууламжийг ашиглалтад өгсөн комиссын акт, түүнд А.Гомбодорж гэх нэрийг баллаж Ө.Нямцэвээн гэж оруулсан. 2010 онд ашиглалтад оруулсан байрны захиалгын гэрээг 2016 оноор хийж 2017 онд ашиглалтад орно гэх нэрийдлээр хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Учир нь, тэдэнд орон сууцыг худалдах, худалдан авах зорилго байгаагүй. Харин нэхэмжлэгч орон сууцыг шаардах боломжгүй болгох зорилготой хэлцэл. Түүнчлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид байрыг бэлэглэсэн хэлцлийг үгүйсгэх зорилгоор халхавчлан хийсэн хэлцэл. Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 дугаар байр, 16 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Гомбодоржийг тогтоож, Ө.Нямцэвээн болон Г.Батсайхан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ялгуусан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхоны 32-16 тоот орон сууцыг захиалж төлбөрийг төлж барагдуулж байсан. Уг орон сууц нь 2008 оноос баригдаж эхэлсэн бөгөөд 2010 онд ашиглалтад орсон. Ажилтнуудтай ямар нэгэн байдлаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй. А.Гомбодорж манай байгууллагад ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан буюу архи ууж, ажил тасалж, улсын төсвөөр санхүүжүүлэгдэж байсан хугацаатай ажлыг тасалдуулсан тул ажлаас халагдсан. А.Гомбодорж нь компанитай ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй. Манай байгууллагын зүгээс түүнийг тухайн орон сууцанд түр суулгаж байсан. Улсын комиссын актад түүний нэр анх бичигдсэн учир нь тэрээр тухайн үед уг байранд түр оршин сууж байсан. Уг орон сууцны үнийг бид төлсөн. Одоо манай байгууллага тухайн орон сууцны өмчлөгч биш болсон тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад бид хамааралгүй. Түүнчлэн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг манай байгууллага хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялгуусан ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцны өмчлөх эрхийг Ө.Нямцэвээний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүссэн тул уг орон сууцыг Ө.Нямцэвээний нэр дээр шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууцны байр захиалан бариулах гэрээ бөгөөд орон сууц өмчлөлийн гэрээ биш. Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа. Г.Батсайхан болон Ө.Нямцэвээн нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ө.Нямцэвээн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцыг хуулийн дагуу гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Анх гэрээ хэлцэл байгуулан, тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахад хэн нэгний нэр дээр буюу А.Гомбодорж гэх хүний нэр дээр огт байгаагүй бөгөөд орон сууцыг ашиглалтад оруулсан компани болох Бумба гранд ХХК-иас шууд миний нэр дээр Ялгуусан ХХК-ийн хүсэлтийн дагуу анхны эзэмшигчээр миний нэр дээр шилжин ирсэн байр. Нэхэмжлэгч одоог хүртэл тус байрны өмчлөгч байсан мэтээр нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл хууль ёсны өмчлөгч мөн бол өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахгүй өдийг хүрсэн нь ойлгомжгүй байна. Зөвхөн тус орон сууцанд амьдарснаар өмчлөгч болдог гэсэн хуулийн ямар ч заалт байхгүй. Миний бие хуулийн дагуу тус орон сууцыг өмчлөлдөө авсан. Мөн Ө.Нямцэвээн болон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны байр захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ялгуусан ХХК, Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2206057032 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумбагранд Туул гол гудамж, 32 дугаар байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууцны байр захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч А.Гомбодоржийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1782 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч А.Гомбодорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэр хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй. Тухайлбал, 1.1.Ялгуусан ХХК-ийн захирал Л.Санжаадорж нь нэхэмжлэгч А.Гомбодоржид 2010 онд ашиглалтанд орсон Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, Бумба гранд хотхон, 32-16 тоот 88 m2 3 өрөө байрыг 2010 онд буюу байр ашиглалтанд орж байх үед уг байрыг өгсөн нь хавтаст хэргийн 95-99 хуудаст авагдсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комиссын акт, Захиалан бариулсан орон сууцны жагсаалт 1,2-р хавсралт, Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 23/1 дүгээр байрны 50, 64 m2 байрыг өмчилж байснаа Ялгуусан ХХК-ийн бульдозорчин АХүхтөмөрт ХХ-ийн 25, 104 -р хуудаст байгаа Бэлэглэлийн гэрээ, гэрч А.Сүхтөмөрийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, мөн шүүх хуралдааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Нэхэмжлэгч нь Хариуцагчийн бэлэглэсэн 1 өрөө байрыг өмчилж, эзэмшин оршин сууж байсан, хэсэг хугацааны дараа Нэхэмжлэгч Хариуцагч нарын хооронд уг 1 өрөө байрыг А. Сүхтөмөрт шилжүүлэх, үүний оронд Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 3 өрөө байрыг Хариуцагч Нэхэмжлэгчид үнэ төлбөргүй бэлэглэх хэлцэл хийгдсэн, Нэхэмжлэгч уг хэлцлийн дагуу үүргээ биелүүлж, Хариуцагчийн хүсэл зоригийн дагуу дээр дурдсан өөрийн өмчлөлийн 1 өрөө байрыг Ялгуусан ХХК-ийн ажилтан А.Сүхтөмөрт үнэ төлбөргүй шилжүүлсэн, Нэхэмжлэгч болон А. Сүхтөмер нарын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр А. Сүхтөмөр уг 1 өрөө байрыг өмчлөх гэрчилгээ гарсан болох нь нотлогдож байна. Ийм байтал шүүх ИХШХШ тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-д заасан хариуцлагын тухай сануулсны үндсэн дээр үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч А.Сүхтөмөрийн мэдүүлэг болон түүний гаргаж өгсөн нотлох баримт болох тодорхойлолт, мөн Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байр 9 жил гаруй хугацаанд Нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа нь Нэхэмжлэгч хууль ёсны эзэмшигч гэдгийг давхар нотолж байгаа, ямар учраас 2010 онд ашиглалтанд орсон, Нэхэмжлэгчийн эзэмшилд байсан орон сууцыг Хариуцагч Г.Батсайхан Хариуцагч Ө.Нямцэвээнд өгөхөөр 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан зэрэгт эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Хариуцагчийн зүгээс 2010 онд нэхэмжлэгчийн байрыг өөр хүний нэр дээр шилжүүлж өгүүлчхээд Зн өрөө байрныхаа түлхүүрийг өгч өнөөдрийг хүртэлх хугацаанд А.Гомбодорж нь уг байранд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа явдал нь 3 өрөө байр бэлгэнд авч өгөлцсөн хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэдгийг харуулж байгаа юм. Хариуцагчийн зүгээс өгсөн бэлэглэгч гомдсон тухай, өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчийн хариуцлагагүй ажиллагаанаас болж Хариуцагч маш их хэмжээний хохирол амссан тухай тайлбар нь ч дээрх байдлыг давхар нотолдог. Нэхэмжлэгч, Хариуцагч нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 өрөө байрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээний хэлцэл явагдсан, Талууд хэн аль нь уг хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ хүлээж Хариуцагч 3 өрөө байраа Нэхэмжлэгчийн эзэмшилд бүрэн шилжүүлэн өгсен. Нэхэмжлэгч уг байрны хууль ёсны өмчлөгч байсан нь уг байрны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн Гэрчилгээ гарах хүртэл хугацаанд буюу 8 жилийн хугацаанд уг байрыг ямар нэг үнэ төлбөргүйгээр эзэмшиж байсан, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулахын тухайд Хариуцагч бүрэн зөвшөөрч байсан, Улсын комисс хүлээн авах акт баримт дээр уг байр Нэхэмжлэгчийн нэр дээр бичигдсэн байсан зэргээр давхар нотлогдож байхад шүүх энэ байдалд зохих дүгнэлт хийгээгүй байна. Ийм байтлаа Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадсангүй гээд эсрэгээр нь Хариуцагч Нямцэвээн болон хариуцагч Г. Батсайхан нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ -г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнээд, үүнийгээ хөндлөнгийн дүгнэлт мэтээр үнэлэн нэхэмжлэлийг хангахаас татгалзсан нь буруу байна. Нэхэмжлэгч Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан гаргасан Хариуцагч Г. Батсайхан Ө. Нямцэвээн нарын зүгээс иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад 2016 оны 12-р сарын 30-ны өдрийн Орон сууцны байр захиалан бариулах гэрээ гэх хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх гомдолд дурдсан асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад дүгнэлт хийж уг асуудлыг эцэслэн шалгаж дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалтыг журамлалгүй, Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнээд, үүнийгээ үндэслэн Нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Зүй нь шүүх энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлүүлэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх илт хуурамч нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Шүүхэд иргэний хэрэг үүсэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ялгуусан ХХК болон Гуравдагч этгээдийн хийсэн хуурамч нотлох баримтууд хавсаргуулсан нь Ялгуусан ХХК-ийн зүгээс Барилга байгууламжийг ашиглалтанд өгсөн комиссын акт, түүнд А.Гомбодорж гэх нэрийг баллаж Ө.Нямцэвээн гэж оруулсан байдал, мөн Гуравдагч этгээдийн зүгээс 2016 оны 12-р сарын 30-ны өдөр Ө.Нямцэвээн гэж хүний нэрээр Орон сууцны байр захиалан бариулах гэрээ-г хуурамчаар байгуулсан, 2010 онд ашиглалтанд оруулсан байрны захиалгын гэрээг 2016 оноор хийж 2017 онд ашиглалтанд орно гэх нэрийдлээр хуурамч бичиг баримтуудыг үйлдсэн, Мөн Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулсан татвар төлсөн талаар баримт нь ямар байрны ямар татварыг төлсөн нь тодорхой бус нотлох баримтын шаардлага хангаагүй баримт шүүхэд цуглуулж өгсөн зэргээр нотлогдож байсан. Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэргийн материалд авагдсан хууль ёсны нотлох баримтууд, Хариуцагч нар шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх асуудал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эцэслэн шалгагдаж дуусаагүй байгаа, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болоод 8 жил өнгөрсөн зэрэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй нь нотлогдож байхад 2016 оны 12-р сарын 30-ны өдөр хариуцагч Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үндэслэлтэй байна гэж Иргэний хуулийн 234-р зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байх тул талуудын гэрээг хүчин төгөлдөр гэж хууль буруу хэрэглэсэн учир гомдол гаргаж байна гэжээ

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Гомбодорж нь Ялгуусан ХХК, Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарт холбогдуулан Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1.Нэхэмжлэгч А.Гомбодорж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2002-2006 онд Ялгуусан ХХК-д үр бүтээлтэй ажилласан гэж 1 өрөө орон сууц өгсөн, дараа нь орон сууцны нөхцөл сайжруулж 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн бөгөөд 2010 оноос хойш эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно, Ө.Нямцэвээн болон хариуцагч Г.Батсайхан нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт баримтаар Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ авагдсан, уг гэрээнд Г.Батсайхан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот орон сууцыг ашиглалтанд орсноор Ө.Нямцэвээнд хүлээлгэн өгөх, Ө.Нямцэвээн нь орон сууцны үнэ 108 680 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ө.Нямцэвээнд дээрх орон сууцыг өмчлөх эрхийн Ү-2206057032 тоот гэрчилгээ олгогдсон байна .(хх-62)

Орон сууцыг 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 245/2010 тоот актаар ашиглалтанд оруулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд Г.Батсайхан, Ө.Нямцэвээн нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ нь бодит байдалд худалдах-худалдан авах гэрээ гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ. Мөн энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

А.Гомбодорж нь  маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32-16 тоот 3 өрөө орон сууцыг түүнд бэлэглэлийн гэрээгээр өгсөн  гэж тайлбарласан хэдий ч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгчийг  гаргаж буй шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох , гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Ялгуусан ХХКтай байгуулсан А.Гомбодоржийн хөдөлмөрийн гэрээний харилцаа 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон тухайд болон ажиллаж байх үеийн хөдөлмөрийн гэрээнд орон сууц үнэгүй олгох, эсхүл нөхцөл сайжруулах талаар тусгагдаагүй, мөн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумба гранд хотхон, 32 байрны захиалгын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч А.Гомбодоржийг захиалагч гэж тэмдэглэснийг орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлжээ. Иймд орон сууцыг өмчлөх эрхтэй гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Шүүх зохигчийн гаргаж өгсөн, баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлнэ.

Хэрэг өмнө нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шийдвэр, магадлал хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж байсан байх ба нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлийг нотолж чадаагүй байна.

Иймд ...шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй..., гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02171 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1782 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Гомбодоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦОЛМОН

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧ                                               Х.СОНИНБАЯР

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                Г.ЦАГААНЦООЖ