Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/01849

 

“ТЭТП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ТЭТП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 488 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн Н.Д-тэй 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2017/165 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 52 865 600 төгрөгийн үнэ бүхий 35720 литр дизель түлшийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ачилт хийж хүлээлгэн өгсөн болно. Гэрээний 6.5-д зааснаар худалдан авагч тал ачилт хийгдсэнээс хойш 15 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар тооцон худалдагч талд худалдан авагч алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Худалдан авагч тал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр 35 020 000 төгрөг төлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5 790 000 төгрөгийн дизель түлшийг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал үндсэн төлбөрөөс төлөлт хийгдэх хүртэлх хугацаа бүрт төлөгдөөгүй үнийн дүнгийн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нь тооцоолсон хоногийн 0,5 хувийн алдангийн нийт хэмжээ нь 79 229 728 төгрөг болж байгаа ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлэн тооцоход 26 432 800 төгрөг болж байгаа болно. Иймд дизель түлш худалдсаны үлдэгдэл төлбөр 12 055 600 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 26 432 800 төгрөг, нийт 38 488 400 төгрөгийг хариуцагч Н.Д-ээс гаргуулж өгнө үү. Н.Д нь өөрөө шатахууны агуулахад ажилладаг тул түлш, шатахуун хямд үнээр аваад өөр компанид арай үнэтэй борлуулдаг. Энэ маягаараа манайхаас түлш аваад “Өнөр-Амьдрал” ХХК-д түлш худалдаж, дундаас нь мөнгө олох бодолтой авсан юм шиг байгаа юм. Түүнээс манай компани нь “Өнөр-Амьдрал” ХХК-тай холбогдож ямар нэгэн гэрээ байгуулсан түүх байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “ТЭТП” ХХК болон Н.Д нарын хооронд газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдсан байдаг. Гэрээгээр түлш худалдан авагч нь Н.Д мэт харагдаж байгаа боловч үнэндээ түлш худалдан авагч нь “Өнөр-Амьдрал” ХХК байсан бөгөөд захирал Ж.Баяржаргал нь гарын үсэг зурах боломжгүй байсан учир Н.Д  “Өнөр-Амьдрал” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч “ТЭТП” ХХК нь Н.Д-ээр зуучлуулаад “Өнөр-Амьдрал” ХХК-д зарж байгаа гэдгийг ойлгож байсан. Тийм ч учраас түлшний төлбөрийг “Өнөр-Амьдрал” ХХК болон захирал Ж.Баяржаргалаас Баяраа түлшний үнэ-ӨА, Өнөр-амьдралын өмнөөс Дашдэмбэрэл гэх утгатайгаар шилжүүлж байсан. Иймд хариуцагч Н.Д  нь “Өнөр-Амьдрал” ХХК-ийн захирал Ж.Баяржаргалын өмнөөс хариуцлага хүлээх болоод байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв түлш худалдан авагч нь Н.Д гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн үндсэн төлбөрт ногдуулсан алдангийн хэмжээ буруу байна. Иргэний хуульд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Тэгэхээр гүйцэтгээгүй үүрэг болох 12 055 600 төгрөгөөс алданги тооцох ёстой байсан. Гэтэл анх нийлүүлсэн 52 865 600 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоод байгаа нь буруу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д-ээс 20 978 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТЭТП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 510 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 262 842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТЭТП” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын байгуулсан гэрээгээр түлш худалдан авагч нь Н.Д мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ түлш худалдан авагч нь "Өнөр-Амьдрал" ХХК байсан бөгөөд захирал Ж.Баяржаргал нь гарын үсэг зурах боломжгүй байсан учир Н.Д "Өнөр-Амьдрал" ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "ТЭТП" ХХК нь Н.Д-ээр зуучлуулан "Өнөр-Амьдрал" ХХК-д зарсан. Түлшний төлбөрийг "Өнөр-Амьдрал" ХХК болон захирал Ж.Баяржаргалаас "Баяраа түлшний үнэ ӨА”, "Өнөр-Амьдралын өмнөөс Дашдэмбэрэл" гэх утгатайгаар шилжүүлж байсан нь төлбөр төлж байсан баримтуудаар нотлогдож байхад хариуцагч Д-ээс 20 978 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотолж чадаагүй нотлох баримтууд өөрөө энэ гэрээ хэдийгээр Д-ийн нэрээр хийгдсэн ч Д тухайн түлшийг хүлээн авсан баримт байхгүй, түлшний эргэн төлөлтүүдийн утга нь өөр хүний нэрээр төлөгдсөн, мөн гэрч мэдүүлэг өгөхдөө Өнөр-Амьдрал гэдэг компани авсан гэж сонсож байсан гэх зэрэг олон эргэлзээтэй баримтууд байхад хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хангалттай нотлогдож чадаагүй гэж үзэхээр байгаа юм. Анх тухайн гэрээг хийх худалдан авагч олж өгөөч гэсэн саналыг нэхэмжлэгч тал тавьсан бөгөөд муу бензин дээр киросин хийсэн тул хямд үнээр авах хүн хайж өгөөч гэсний дагуу худалдан авагч олж өгснөөрөө өнөөдөр хохироод байгаа. Гэрээний үүргийн үлдэгдэлд 12 055 600 төгрөг байгаа. Хэрэв гэрээний нэг тал Дашдэмбэрэл мөнгө төлөх ёстой гэж үзсэн ч шүүхийн шийдвэрээр гарсан дүн буруу. Үндсэн төлбөр 12 055 600 төгрөг байхад алдангийг буруу бодож тооцон алданги 6 027 800 байхад 8 922 800 төгрөг гэж үзэн хариуцагчаас 20 978 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ТЭТП” ХХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 488 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ТЭТП” ХХК нь хариуцагч Н.Д-тэй 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 литр дизель түлшийг 1480 төгрөгт тооцон нийт 52 865 600 төгрөгийн үнэ бүхий 35 270 литр дизель түлш худалдсан бөгөөд худалдан авагч төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлөхөөр үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Н.Д нь нийт 35 020 000 төгрөгийн дизель түлш болон бэлэн мөнгийг нэхэмжлэгч “ТЭТП” ХХК-д төлж, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 17 845 600 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 5 790 000 төгрөгийн дизель түлшийг нэхэмжлэгчид төлж, гэрээний үүрэгт 12 055 600 төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. /хх-ийн 7 дугаар тал/

Иймд хариуцагч Н.Д-ээс гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 12 055 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Талуудын байгуулсан гэрээний 4.2, 6.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТЭТП” ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дууссан өдрөөс хойш алдангийг хариуцагч Н.Д-ээс шаардах эрхтэй. Алданги нэхэмжилсэн тооцоог дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч “ТЭТП” ХХК нь “Өнөр-Амьдрал” ХХК-д маргаан бүхий түлшийг худалдсан бөгөөд “Өнөр-Амьдрал” ХХК-иас түлшний үнийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан, нэхэмжлэгч нар алдангийг буруу тооцсон гэх боловч уг гомдол нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ТЭТП” ХХК “Өнөр-Амьдрал” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд түлшний үнийг өөр хэн нэгэн этгээд төлж байсан нь хариуцагч Н.Д-ийг гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                   

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                    Г.ДАВААДОРЖ