Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00316

 

 

“... петролеум” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

           Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1849 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: “... петролеум” ХХК

          Хариуцагч: Н.Д.

 

          44,278,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Н.Д.тэй 2017-10-23-ны өдөр №2017/165 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 52,865,600 төгрөгийн үнэ бүхий 35,720 литр дизель түлшийг 2017-10-23-ны өдөр ачилт хийж хүлээлгэн өгсөн болно. Гэрээний 6.5-д зааснаар худалдан авагч тал ачилт хийгдсэнээс хойш 15 хоногийн дотор буюу 2017-11-07-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах, энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар тооцон худалдагч талд худалдан авагч алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Худалдан авагч тал 2017-12-05-с 2019-03-06-г хүртэл \11 удаа\ нийт 35,020,000 төгрөг төлсөн үлдэх 17,845,600 төгрөгийг  төлөөгүй. Үндсэн төлбөрөөс төлөлт хийгдэх хүртэлх хугацаа бүрт төлөгдөөгүй үнийн дүнгийн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нь тооцоолсон хоногийн 0,5 хувийн алдангийн нийт хэмжээ нь 79,229,728 төгрөг болж байгаа ба үүнийг ИХ-н 232.4-т нийцүүлэн тооцоход 26,432,800 төгрөг болж байгаа. Иймд дизель түлш худалдсаны үлдэгдэл төлбөр 17,845,600 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 26,432,800 төгрөг нийт  44,278,400 төгрөгийг Н.Д.ээс гаргуулж өгнө үү. 2019-05-21-ний өдөр 5,790,000 төгрөгийн дизель түлш өгсөн тул нийт 38,488,400 төгрөгийг гаргуулна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2017-10-23-ны өдөр “... петролеум” ХХК болон Н.Д. нарын хооронд газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдсан. Гэрээгээр түлш худалдан авагч нь Н.Д. мэт харагдаж байгаа боловч үнэндээ түлш худалдан авагч нь “Өнөр-Амьдрал” ХХК байсан бөгөөд захирал Ж.Баяржаргал нь гарын үсэг зурах боломжгүй байсан учир Н.Д. “Өнөр-Амьдрал” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан байдаг.  “... петролеум” ХХК нь Н.Д.ээр зуучлуулаад “Өнөр-Амьдрал” ХХК-д зарж байгаа гэдгийг ойлгож байсан. Тийм ч учраас түлшний төлбөрийг “Өнөр-Амьдрал” ХХК болон захирал Ж.Баяржаргалаас “Баяраа түлшний үнэ-ӨА”, Өнөр-амьдралын өмнөөс Н.Д. гэх утгатайгаар шилжүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хэрэв түлш худалдан авагч нь Н.Д. гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн үндсэн төлбөрт ногдуулсан алдангийн хэмжээ буруу байна. Иргэний хуульд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Тэгэхээр гүйцэтгээгүй үүрэг болох 12,055,600 төгрөгөөс алданги тооцох ёстой байсан. Гэтэл анх нийлүүлсэн 52,865,600 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоод байгаа нь буруу юм гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 183/ШШ2019/01345 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан   Н.Д.ээс 20,978,400 төгрөг гаргуулан “... петролеум” ХХК-д олгох, нэхэмжлэлээс үлдэх 17,510,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 379,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,842 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1849 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гэрээгээр түлш худалдан авагч нь Н.Д. мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ түлш худалдан авагч нь “Өнөр-Амьдрал” ХХК байсан бөгөөд захирал Ж.Баяржаргал нь гарын үсэг зурах боломжгүй байсан учир Н.Д. “Өнөр-Амьдрап” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч “... петролеум” ХХК нь Н.Д.ээр зуучлуулан “Өнөр-Амьдрал” ХХК-д зарсан бөгөөд үүнийгээ ч нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа билээ. Түлшний төлбөрийг “Өнөр-Амьдрал” ХХК болон захирал Ж.Баяржаргалаас “Баяраа түлшний үнэ ӨА”, “Өнөр-Амьдралын өмнөөс Д.” гэх утгатайгаар шилжүүлж байсан нь төлбөр төлж байсан баримтуудаар нотлогдож байхад Д.ээс 20,978,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотолж чадаагүй нотлох баримтууд өөрөө энэ гэрээ хэдийгээр Д.ийн нэрээр хийгдсэн ч Д. тухайн түлшийг хүлээн авсан баримт байхгүй, түлшний эргэн төлөлтүүдийн утга нь өөр хүний нэрээр төлөгдсөн, мөн гэрч мэдүүлэг өгөхдөө “Өнөр-Амьдрал” гэдэг компани авсан гэж сонсож байсан гэх зэрэг олон эргэлзээтэй баримтууд байхад хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хангалттай нотлогдож чадаагүй гэж үзэхээр байгаа юм. Анх тухайн гэрээг хийх худалдан авагч олж өгөөч гэсэн саналыг нэхэмжлэгч тал тавьсан бөгөөд муу бензин дээр керосин хийсэн тул хямд үнээр авах хүн хайж өгөөч гэсний дагуу худалдан авагч олж өгснөөрөө өнөөдөр хохироод байгаа юм. 2017-12-15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018-03-02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018-09-05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018-09-12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018-09-20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018-09-27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018-10-08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018-10-29-ний өдөр 2,500,000 төгрөг, 2018-12-03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019-03-05-ны 1,000,000 төгрөг, 2018.02.07-ны өдөр 5,520,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлш, 2019-05-21-ны өдөр 5,790,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлшийг тус тус нэхэмжлэгчид төлж байсан ба үлдэгдэл 12,055,600 төгрөг үлдээд байгаа юм. Хэрэв гэрээний нэг тал Д. байгаа учир мөнгө төлөх ёстой гэж үзсэн ч шүүхийн шийдвэрээр гарсан дүн буруу байгаа юм. Үндсэн төлбөр 12,055,600 төгрөг байхад алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 6,027,800 төгрөг байх ёстой байтал 8,922,800 төгрөг гэж үзэн хариуцагчаас 20,978,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодорхой баримтууд байсаар байхад нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн байх тул ИХШХШТХ-н 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “... петролеум” ХХК 2019-03-29-ний өдөр шүүхэд хандаж 38,488,400 төгрөг шаардахдаа “...Н.Д.тэй 2017-10-23-ны өдөр гэрээ байгуулсан... гэрээний дагуу 52,865,600 төгрөгийн үнэ бүхий 35,720 литр дизель түлш хүлээлгэн өгсөн...төлбөрөөс 17,845,600 төгрөг төлөөгүй тул уг мөнгийг алданги 26,432,800 төгрөгийн хамт нийт 44,278,400 төгрөг шаардаж байна... 2019-05-21-ний өдөр 5,790,000 төгрөгийн дизель түлш өгсөн тул үлдэх мөнгийг гаргуулна..” гэсэн үндэслэл заасан байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Өнөр-Амьдрал ХХК-ийн өмнөөс Н.Д. гэрээ байгуулсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан.. гүйцэтгээгүй үүрэг болох 12,055,600 төгрөгөөс алданги 50 хувиар тооцох ёстой..” гэжээ.

        Анхан шатны шүүх хариуцагчаас 20,978,400 төгрөг гаргуулах шийдвэр гаргахдаа “...Н.Д. “Өнөр-Амьдрал” ХХК-ийн захирлын өмнөөс гэрээ байгуулсан гэх боловч  энэ талаар гэрээнд тусгасан зүйлгүй... Н.Д. гэрээний дагуу түлшийг хүлээн авсан гэдгээ үгүйсгэхгүй байна... талууд нийт 52,865,600 төгрөгийн буюу 35,720 дизель түлшийг худалдах-худалдан авахаар тохиролцсон байна... нэхэмжлэгч гэрээнд заасан  түлшийг нийлүүлсэн байна...2019-03-25-ны өдрийн байдлаар 17,845,600 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан... 2017-11-09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангийг хуульд зааснаар 50 хувиар хязгаарлаж 8,922,800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ... үндсэн төлбөрөөс 2019-03- 25-ны өдрөөс хойш төлөгдсөн хэсгийг хасаж үлдэх 12,055,600 төгрөг, алданги 8,922,800 төгрөгийн хамт гаргуулна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...гэрээний нэг тал нь хариуцагч биш гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа... нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй ....Н.Д. тухайн түлшийг хүлээн авсан баримт байхгүй, түлшний эргэн төлөлтүүдийн утга нь өөр хүний нэрээр төлөгдсөн... муу бензин дээр керосин хийсэн тул хямд үнээр авах хүн хайж өгөөч гэсний дагуу худалдан авагч олж өгсөн... үлдэгдэл нь 12,055,600 төгрөг байгаа бөгөөд үүнээс алданги тооцвол 6,027,800 төгрөг болж байна..” гэжээ.

 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

       “... петролеум” ХХК, Н.Д.тэй 2017-10-23-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь, мөн гэрээ зохигч нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т нийцсэн байна.

 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

       “... петролеум” ХХК нь нийт 52,865,600 төгрөгийн 35,720 дизель түлш хүлээлгэн өгсөн байх тул худалдагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 

 

       Н.Д. нь түлшний үнэ үлдэгдэл 12,055,600 төгрөгийг төлөөгүй нь нотлогдож байх тул  шүүх уг мөнгийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэрээний тохиролцоо болон Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус нийцжээ.

 

       Нэхэмжлэгч нь хариуцагчтай бус, харин “Өнөр-Амьдрал” ХХК-тай гэрээ байгуулж түлш нийлүүлсэн гэх гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй байна.  Хэрэгт “... петролеум” ХХК нь “Өнөр-Амьдрал” ХХК-тай гэрээ байгуулсан гэх баримт байхгүй тул тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39,1, 40 дүгээр зүйлийн 40.1-н зохицуулалтыг зөрчинө.     

 

       Түлшний үнийг худалдан авагчийн өмнөөс өөр этгээд шилжүүлж байсан гэх үйл баримт нэхэмжлэлд заасан гэрээг болон худалдагчид үлдэгдэл төлбөр төлөхийг үгүйсгэх  үндэслэл болохгүйгээс гадна Иргэний хуулийн 211,243 дугаар зүйлд нийцэхгүй юм.

 

       Н.Д. нь “... петролеум” ХХК-тай 2017-10- 23-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдсон  тул гэрээний заалтыг хариуцагч биелүүлэх үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж гэж үзнэ.

 

      Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёстой зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1849 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 264,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                Б.УНДРАХ

                                                                                        Х.СОНИНБАЯР

                                                                                           Г.ЦАГААНЦООЖ