Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/01850

 

Г.М, Ц.А нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02301 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.М, Ц.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “О” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 1 282 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Ц.А-гаас 1 099 200 төгрөг, Г.Маас 3 569 810 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: Л.Батбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М нь 3, 4 дүгээр хороололд байрлах барилгын материалын захад лангуу түрээсэлдэг байсан. 2018 онд тухайн захын барилгыг “Номин” компани худалдан авах болсон, түрээслэгч нарыг гаргана гэсэн яриа гарсан. Гэтэл замын хойд талд байрлах “О” ХХК-ийн “Аривдах” захад лангуу түрээсэлнэ гэхээр нь түрээслэгч нар очиж уулзсан байдаг. “Аривдах” төв нь барилгын материалын лангуу түрээслэхэд бэлэн биш тул засвар хийх шаардлагатай тухайгаа хэлсэн байдаг. Нийт 20 орчим хүн уулзсан бөгөөд зураг төсөл гаргасан энэ зургаас лангуугаа сонго гэсэн байсан. Ингээд “О” ХХК нь Г.М-тай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр В/20 тоот лангууг түрээслэх гэрээ байгуулж, сарын түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг тушаасан. “О” ХХК-иас энэ мөнгөөр захиалга өгсөн, цонх шилэн хаалт хийнэ гэж хэлсэн байдаг. Гэрээ хийснээс хойш 7 хоногийн дараа бүх зүйл бэлэн болно гэсэн боловч 1 сарын дараа гэхэд юу ч хийгээгүй байсан. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 13-нд Г.М бусад түрээслэгчтэй очиж уулзахад хүлээж бай гэсэн байдаг. Ингээд албан ёсны шаардлага хүргүүлсэн байсан. 2019 оны 3 дугаар сарын 15-нд Г.М албан ёсоор лангуу түрээслэхгүй гэдгээ мэдэгдсэн тул үүгээр гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Талбай түрээслэх гэрээний 4.1-д заасны дагуу гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, түрээслэгчид шилжүүлэн өгнө гэж заасан. Иймд 712 500 төгрөгийг “О” ХХК-иас шаардаж байна. Хаалт, цонх зэрэг нь “О” ХХК-д өмч болж үлдэж байгаа. Нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь адилхан. Түүнтэй В/06 дугаартай лангууг түрээслэх гэрээ хийж түрээсийн төлбөр 270 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг нийт 570 000 төгрөгийг хариуцагчид тушаасан. Иймд “О” ХХК-иас 570 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Арвидах” хүнсний зах ажиллуулаад 3 жил болж байна. 2018 оны сүүлээс эдгээр түрээслэгч нар барилгын материалын лангуу түрээслэх хүсэлтэй, лангуу гаргаж өгнө үү гэж уулзах болсон. Ганц нэг хүнд барилгын материалын лангуу гаргах боломжгүй гэхэд 10 гаруй хүн ирсэн, талбай гаргаад өгвөл үйлчлүүлэгчээ өөрсдөө татна гэсэн. Нэхэмжлэгч нар ... манай барилгын материалыг “Номин” авсан, ажлын байргүй болсон, 4 сараас гарах шаардлага ирсэн гэсэн. Тухайн үед манай талбай задгай байсан. Барилгын материалын лангуу задгай байх боломжгүй тул павильон хийж өгөх санал гаргасан. Мөн хүний тооноос хамаараад шийдвэр гаргана гэж ярилцаад тохирсон. Цагаан сарын дараа хүмүүс план зурагтай танилцаад 13-нд гэрээ хийсэн. Гэрээ хийх үед хүнсний зах ажиллаж байсан бөгөөд гэрээ хийсний маргааш орох боломжгүйг талууд мэдэж байсан. 7 хоногийн дараа гэхэд оруулна гэсэн аман тохироо байгаагүй. Эдгээр хүмүүсийн хүсэлтээр павильон хийж өгсөн. 2 талдаа орж гарах гарцтай хаалт хийлгэхээр болж 2 сард гэрээгээ байгуулаад 1 сарын түрээс, барьцаа мөнгө төлүүлсэн. Нэхэмжлэгч нар 10 гаруй жил ажилласан байрандаа хэд хоног ч болтугай ажилламаар байна гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 15-нд орохоор тохирсон. Гэрээний дараа дахин мэдэгдэл хүргүүлсэн. Цонх, хаалт хийлгэх захиалга өгөхөд 10 гаруй сая төгрөг болсон. Үүнээс хойш гэрээ цуцлах юм бол тушаасан мөнгө буцахгүй гэдэг мэдэгдлийг дахин хүргүүлсэн бөгөөд эдгээр хүмүүс бүгд зөвшөөрч гарын үсэг зурсан. Манайхаас үйл ажиллагаагаа татан буулгаж шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа учир ийм нөхцөлтэй гэрээ хийж байгаагаа хэлсэн. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр хуучин газартаа 10 орчим хоног ажиллах сонирхолтой байна гэсэн хүсэлтийг нь харгалзаад хүлээсэн ч ирээгүй. 17-нд дахин мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар болилоо гэж бичгээр хэлээгүй. 20-д гарч байхад “Номин”-той харилцан тохирсон, хуралдаан хийж байгаа танай талбайд орохгүй гэж хэлсэн. Зарим хүмүүс нь орно гэж байсан. Манайхаас 100 хувь үүргээ гүйцэтгээд хүлээсэн. Нэхэмжлэгчийн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-иас 712 500 төгрөг гаргуулж Г.М-д, 570 000 төгрөг гаргуулж Ц.А-д тус тус олгож, Г.М-аас 3 569 810 төгрөг, Ц.А-аас 1 099 200 төгрөг гаргуулахыг хүссэн “О” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 650 төгрөг, Ц.А-аас төлсөн 17 750 төгрөг, “О” ХХК-иас төлсөн 102 996 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 21 650 төгрөг гаргуулж Г.М-д, 17 750 төгрөг гаргуулж Ц.А-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“О" ХХК-ийн "Арвидах" төвийн хүнсний захын чиглэлээр лангуу түрээслүүлдэг байсан талбайг Уранчимэг гэдэг хүн бусад нийт түрээслэгч 19 хүнийг төлөөлөн ирж уулзаж хороолол барилын материалын дэлгүүрийг “Номин” их дэлгүүр худалдан авч байгаа. Бид нарыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр лангуугаа чөлөөлж өг гэсэн. Бид танай "Арвидах" төвийг бүхэлд нь 100 хувь дүүргэж барилгын материалын зах болгон ажиллая гэдэг санал тавьсан. Г.М, Ц.А нь эдгээр 19 хүнд байгаа бөгөөд барилгын материалын чиглэлээр түрээслэхээр тохиролцож түрээслэгч нар нь лангуугаар биш тусдаа вакуум хаалтаар тусгаарлагдаж үйл ажиллагаа явуулах санал гаргаж түрээсийн гэрээг байгуулсан. Вакуум хаалт павилон зэргийг "Ноц" ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж бэлэн болгосон. Гэтэл түрээслэгч Г.М, Ц.А-ын хэн нь ч гэрээгээр тохирсон хугацаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирж түрээслэх талбайгаа хүлээн авч үйл ажиллагаагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй учир шалтгаан нь Г.М, Ц.А-ын өмнө нь түрээсэлдэг байсан хороолол барилын материалын дэлгүүрийг “Номин” их дэлгүүр худалдан авахаа больсноос нэхэмжлэгч Г.М, Ц.А түрээсийн гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа. Г.М нь нэхэмжлэлдээ "Арвидах" худалдааны төв нь барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах павилон байхгүй, 1 сарын дараа павилон бэлэн болгохоор тохиролцсон гэж тайлбарлан барьцааны мөнгө 375 000 төгрөг, түрээсийн төлбөр 337 500 төгрөг нийт 712 500 төгрөг, Ц.А нь нэхэмжлэлдээ "Арвидах" худалдааны төв нь барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах павилон байхгүй,1 сарын дараа павилон бэлэн болгохоор тохиролцсон гэж тайлбарлан барьцааны мөнгө 300 000 төгрөг, түрээсийн төлбөр 270 000 төгрөг нийт 570 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын нэг талыг барьж шийдвэр гаргаж, манай компанийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийн бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.М, Ц.А нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзаж, нийт 1 282 500 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд Ц.А-гаас 1 099 200 төгрөг, Г.М-аас 3 569 810 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч Г.М, Ц.А “О” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжид байрлах “Арвидах” худалдааны төвийн талбайд В/6, В/20 тоот лангууг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Г.М нь сарын түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.А нь сарын түрээсийн төлбөр 270 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөгийг тус тус хариуцагч “О” ХХК-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ, бэлэн мөнгөний орлогын ордер зэргээр тогтоогдож байна. /хх-4-7, 55-58, 3, 54 дүгээр тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, талууд хэдийгээр түрээсийн гэрээг 2019 оны 2 сарын 13-ны өдөр байгуулсан боловч хоёр өдрийн дараа буюу 2019 оны 2 сарын 15-ны өдрийн мэдэгдлээр нийт түрээслэгч нарт түрээсийн гэрээний зүйлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх,

Түрээслэгч нар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээ цуцалсан тохиолдолд түрээслэгч нарын төлсөн барьцаа болон түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй болсныг бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч Г.М, Ц.А уг мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 39, 90 дүгээр тал/

Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдэхээр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нар гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч “О” ХХК-д бичгээр мэдэгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа гэрээ байгуулснаас хойш харилцан тохиролцсоны дагуу хариуцагч байгууллага нь нэг сарын хугацаанд гэрээний зүйлийг хүлээлгэж өгөөгүй тул гэрээг цуцалж, түрээсийн төлбөр болон барьцаанд өгсөн мөнгөө буцаан шаардана гэжээ.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч “О” ХХК нь түрээсийн гэрээний зүйлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгч нартай тохиролцсон гэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагч байгууллагаас түрээслэгч нарт хүргүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 39, 92-р тал/   

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул Г.М, Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “О” ХХК-д холбогдох 712 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.М-ын, 570 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэл болон Г.М-аас 3 569 810 төгрөг, Ц.А-гаас 1 099 200 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 996 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 603 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                                                  

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                    Г.ДАВААДОРЖ