Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01883

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4 655 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Б нь 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд надтай амаар тохиролцож, хүүгүй тус тус 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Н.Б  нь 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгах, харин 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөх хугацаа тохироогүй. Хариуцагч Н.Б нь дээрх гэрээний дагуу огт төлөлт хийхгүй байсан учир бид нар харилцан тохиролцож амаар байгуулсан 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээ 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бичгийн хэлбэртэй болгож, 2 000 000 төгрөгийг 2 жил 4 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасантай нийцэж байгаа. Энэ гэрээний дагуу хариуцагч нь 4 800 000 төгрөг төлөх ёстойгоос 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10 сарын хүүнд 1 000 000 төгрөг өгснийг хасахаар 3 800 000 төгрөг үлдэж байна. Гэтэл Н.Б  нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 19 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөг өгнө гэж хугацаа сунгуулах тухай баталгаажуулалт гэх гарын үсэгтэй баримтыг гараар бичиж өгснөөр 3 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ 19 сар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл болж байгаа боловч мөнгөө төлж дуусаагүй. Тэрээр 2015 оны 6 дугаар сард 200 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 120 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 50 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 100 000 төгрөг нийт 470 000 төгрөг төлснийг 3 800 000 төгрөгөөс хасахаар 3 330 000 төгрөгөө өгөөгүй. Ингээд Н.Б нь дахин хугацаа сунгаж өгөөч гэснээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 3 330 000 төгрөг дээрээ дахин зээлийн гэрээ байгуулж, 16 сарын хугацаатай, хүү тооцохгүйгээр алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусаад мөнгөө шаардахад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 10 000 төгрөг гээд сар бүр 10 000 төгрөг өгснөөр нийт 190 000 төгрөг өгсөн байна. Одоо зээлийн үлдэгдэл 3 330 000 төгрөг, 0.5%-ийн алданги нь хоногийн 16 650 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу нийт 754 хоногт үржүүлэхээр 14 326 000 төгрөг болж байна. Гэвч алданги нь 50%-иас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтаар 3 330 000 төгрөгийн 50% буюу 1 665 000 төгрөгийг алдангид тооцож, нийт 4 995 000 төгрөг болж байгаа боловч 1 665 000 төгрөгөөс өгсөн 190 000, 100 000 төгрөгийг хасаад 1 325 000 төгрөг болж байна. Ингээд үндсэн зээлийн 3 330 000 төгрөг, алданги 1 325 000 төгрөг, нийт 4 655 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг хүлээн авсанд талууд маргахгүй байна. Харин мөнгөө төлөхгүй байсан учраас 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тал ярилаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд хүү тогтоох, 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж байдаг. Тэгэхээр 2011 оны 11 дүгээр сарын 20, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд мөнгө авсантай маргахгүй ч бичгээр гэрээ байгуулаагүй. Г.Г нь сар бүр тогтмол хүүгээ авч байсан ба 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхний 1 000 000 төгрөгийн 10%-ийн хүү 100 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 сарын хүү 200 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 200 000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 200 000 төгрөг нийт 1 500 000 төгрөг өгсөн. Тиймээс 2012 оны зээлийн гэрээний дагуу Г.Г  нь хариуцагч Н.Б-д зээлийн мөнгийг бодит байдлаар хүлээлгэн өгөөгүй, энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тиймээс гэрээг бичгээр байгуулахаас өмнө хариуцагч Н.Б 1 500 000 төгрөг төлсөн учир, үлдэх 500 000 төгрөгөөс хүү тооцох эсэх асуудал дээр шүүх анхаарна гэж бодож байна. Мөн хариуцагч Н.Б нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн гэхээр, өмнө өгсөн 1 500 000 төгрөгтэй нийлээд 2 500 000 төгрөг төлсөн байна. Үүнээс гадна 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны дансаар 170 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 120 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 100 000 төгрөг лангуу сунгуулах гэсэн утгатайгаар, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 50 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 40 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 40 000 төгрөг, 19 удаа 10 000 төгрөгөөр буюу 190 000 төгрөг нийт 3 330 000 төгрөг төлсөн. Ер нь сүүлийн баталгаажуулалт гэсэн баримт, 2015 оны 3 330 000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Б-г айлгаж, дарамталж хийлгэсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр анхны зээлийн гэрээ хуульд нийцээгүй тул түүнээс хойш хийгдсэн зээлийн гэрээнд хүү, алданги тооцсоныг шүүх харгалзан үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэндээ үндсэн зээлийг 50% нугалж авснаар нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учраагүй, зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй учир нэхэмжлэгч Г.Г нь мөнгө шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-гаас 3 040 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 615 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Б гаас 63 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэж заасан байтал хариуцагч өөрөө 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээн дэх гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргаж байхад шүүх шинжээч томилох учиртай. Гэтэл шүүгч би харсан чинь гарын үсэг нь мөн байна гэсэн утга агуулга бүхий захирамж гаргаж, нэхэмжлэгчийн гарган өгсөн баримт нь туйлын үнэн гээд хуулиар олгогдсон эрх болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дах хэсэгт заасан шинжээч томилуулах эрхийг хязгаарласан нь талууд шүүн таслах ажиллагаанд тэгш эрхтэй оролцох зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүн таслах ажиллагааг удирдан явуулж буй шүүгч хөндлөнгийн этгээд бөгөөд урьдаас нотлох баримтыг үнэн зөв хэмээн үнэлж байгаа нь нэг талд нь давуу байдал олгосон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл болно. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш хэмээн шинжээч томилуулах хүсэлт гаргахад хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, урьдаас нотлох баримтыг үнэлсэн нь 01508 тоот шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг нотлох учир шинжээч томилж гарын үсэг мөн эсэхийг тогтоох, татгалзлаа нотлох боломж олгож өгнө үү. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 655 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Б-тай 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амаар тохиролцож, 1 000 000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатай, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин 1 000 000 төгрөгийг хугацаагүй, хүүгүй тус тус зээлдүүлсэн байх бөгөөд хариуцагч Н.Б 2 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч Н.Б нь 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учир талууд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх зээлдүүлсэн 2 000 000  төгрөгийг 2,4 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй байхаар, зээлийг төлөөгүй тохиолдолд 1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн баталгаажуулалт гэх баримтаар тус тус тогтоогджээ. /хх-ийн 4-5 дугаар тал/

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасантай нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Тодруулбал, хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүрэг нийт 4 800 000 төгрөг байхаас хариуцагчийн төлсөн 1 760 000 төгрөгийг хасаж, үлдэх 3 040 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 11-18, 90-100 дугаар тал/

Хариуцагч татгалзалдаа хүү тогтоосон гэрээг анх бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэх боловч талууд 2015 оны 5 сарын 12-ны өдөр бичгийн хэлцэл хийхдээ зээлийн гэрээний үүрэг, хүү тогтоосон нөхцөлийг тодорхой тохиролцож, хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо 2012 оны 8 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээн дэх гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх боловч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2012 оны 8 сарын 1-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа тайлбарлажээ. /хх-ийн 24-р тал/ Хариуцагчийн гаргасан дээрх тайлбарыг үндэслэн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 102-103-р тал/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                        ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА                                                                       

                                                                             Г.ДАВААДОРЖ