Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00406

 

 Г.Галпүрэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1883 дугаар магадлалтай,

Г.Галпүрэвийн нэхэмжлэлтэй,

Н.Баярмагнайд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Хариуцагч Н.Баярмагнай нь 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болон 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд надтай амаар тохиролцож, хүүгүй тус тус 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Н.Баярмагнай нь 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгах, харин 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөх хугацаа тохироогүй. Хариуцагч Н.Баярмагнай нь дээрх гэрээний дагуу огт төлөлт хийхгүй байсан учир бид нар харилцан тохиролцож амаар байгуулсан 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээ 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичгийн хэлбэртэй болгож, 2,000,000 төгрөгийг 2 жил 4 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасантай нийцэж байгаа. Энэ гэрээний дагуу хариуцагч нь 4,800,000 төгрөг төлөх ёстойгоос 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 сарын хүүнд 1,000,000 төгрөг өгснийг хасахаар 3,800,000 төгрөг үлдэж байна. Гэтэл Н.Баярмагнай нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 19 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг өгнө гэж хугацаа сунгуулах тухай баталгаажуулалт гэх гарын үсэгтэй баримтыг гараар бичиж өгснөөр 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ 19 сар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл болж байгаа боловч мөнгөө төлж дуусаагүй. Тэрээр 2015 оны 06 дугаар сард 200,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 120,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сард 50,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сард 100,000 төгрөг, нийт 470,000 төгрөг төлснийг 3,800,000 төгрөгөөс хасахаар 3,330,000 төгрөгөө өгөөгүй. Ингээд Н.Баярмагнай нь дахин хугацаа сунгаж өгөөч гэснээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 3,330,000 төгрөг дээрээ дахин зээлийн гэрээ байгуулж, 16 сарын хугацаатай, хүү тооцохгүйгээр алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусаад мөнгөө шаардахад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 10,000 төгрөг гээд сар бүр 10,000 төгрөг өгснөөр нийт 190,000 төгрөг өгсөн байна. Одоо зээлийн үлдэгдэл 3,330,000 төгрөг, 0.5 хувийн алданги нь хоногийн 16,650 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу нийт 754 хоногт үржүүлэхээр 14,326,000 төгрөг болж байна. Гэвч алданги нь 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтаар 3,330,000 төгрөгийн 50 хувь буюу 1,665,000 төгрөгийг алдангид тооцож, нийт 4,995,000 төгрөг болж байгаа боловч 1,665,000 төгрөгөөс өгсөн 190,000, 100,000 төгрөгийг хасаад 1,325,000 төгрөг болж байна. Ингээд үндсэн зээлийн 3,330,000 төгрөг, алданги 1,325,000 төгрөг, нийт 4,655,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Н.Баярмагнай нь 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг хүлээн авсанд талууд маргахгүй байна. Харин мөнгөө төлөхгүй байсан учраас 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тал ярилаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд хүү тогтоох, 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж байдаг. Тэгэхээр 2011 оны 11 дүгээр сарын 20, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд мөнгө авсантай маргахгүй ч бичгээр гэрээ байгуулаагүй. Г.Галпүрэв нь сар бүр тогтмол хүүгээ авч байсан ба 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхний 1,000,000 төгрөгийн 10 хувийн хүү 100,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 сарын хүү 200,000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг өгсөн. Тиймээс 2012 оны зээлийн гэрээний дагуу Г.Галпүрэв нь хариуцагч Н.Баярмагнайд зээлийн мөнгийг бодит байдлаар хүлээлгэн өгөөгүй, энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тиймээс гэрээг бичгээр байгуулахаас өмнө хариуцагч Н.Баярмагнай 1,500,000 төгрөг төлсөн учир, үлдэх 500,000 төгрөгөөс хүү тооцох эсэх асуудал дээр шүүх анхаарна гэж бодож байна. Мөн хариуцагч Н.Баярмагнай нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн гэхээр өмнө өгсөн 1,500,000 төгрөгтэй нийлээд 2,500,000 төгрөг төлсөн байна. Үүнээс гадна 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны дансаар 170,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 120,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 100,000 төгрөг лангуу сунгуулах гэсэн утгатайгаар, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 40,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 40,000 төгрөг, 19 удаа 10,000 төгрөгөөр буюу 190,000 төгрөг, нийт 3,330,000 төгрөг төлсөн. Ер нь сүүлийн баталгаажуулалт гэсэн баримт, 2015 оны 3,330,000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Г.Галпүрэв нь хариуцагч Н.Баярмагнайг айлгаж, дарамталж хийлгэсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр анхны зээлийн гэрээ хуульд нийцээгүй тул түүнээс хойш хийгдсэн зээлийн гэрээнд хүү, алданги тооцсоныг шүүх харгалзан үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэндээ үндсэн зээлийг 50 хувь нугалж авснаар нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учраагүй, зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй учир нэхэмжлэгч Г.Галпүрэв нь мөнгө шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Баярмагнайгаас 3,040,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Галпүрэвт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,615,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Галпүрэвээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярмагнайгаас 63,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Галпүрэвт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1883 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 182/ШШ2019/01508 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 1883 тоот магадлалыг ИХШХШТХ-ийн 172.2.1, 172.2.2-ийг үндэслэн доорх гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 25.1.3-т заагдсан шинжээч томилуулах эрхийг хязгаарласан. Г.Галпүрэв, Н.Баярмагнай нарын хооронд 2012.08.01-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээн дээр Н.Баярмагнай гарын үсэг зураагүй, гэрээнд огт оролцоогүй. Гэтэл шүүх нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлт шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40.3-т заагдсаныг зөрчиж, мэтгэлцэх шат эхлээгүй байхад нотлох баримтыг урьдчилан үнэлж, худал хуурамч нотлох баримт болох 2012.08.01-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээг шалгахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн тэгш эрхийн зарчим алдагдсан болохыг нотлоно. Мөн ИХШХШТХ-ийн 26.3-т хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах... эрхтэй болохыг тодорхой зааж өгсөн байтал мөн л ИХШХШТХ-ийн 40.3-т заасныг зөрчиж, нотлох баримтыг урьдаас үнэлж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн маргаанд хэргийн оролцогчийн тэгш эрхийн зарчим алдагдсан болохыг нотлоно. Энэ нь ИХШХШТХ-ийн 172.2.2-т заагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчлүүд гэж үзэж байна. Хариуцагч Н.Баярмагнайгийн хувьд Нарантуул зах дээр комиссын бараа зардаг иргэн бөгөөд Г.Галпүрэвээс 2 сая төгрөг цувуулж аваад 1.5 сая төгрөгийг буцаан төлсөн байдаг. /гэрч нотолсон болно/ Гэрээ нь талуудын чөлөөт байдал /ИХ-ийн 189/ аливаа дарамт шахалтгүй, хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн байвап зохино. Н.Баярмагнай нь 2.4 жил буюу 28 сарын турш 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй байтал шүүх Иргэний хуулийн 199.1-ийг баримталж Н.Баярмагнайг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу ИХШХШТХ-ийн 172.2.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Н.Баярмагнай нь 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй. Хэрэв зээлийн гэрээг байгуулсан бол өөртөө илтэд хохиролтой 28 сар буюу 2.4 жилийн урт хугацаатай гэрээ болон маш өндөр хүү болох 5 хувийн /28 сар х 100,000-2,800,000/ хүүг зөвшөөрөхгүй байсан гэдгийг шүүх анхаарна гэдэгт итгэж байна. Хэрэв 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээг Н.Баярмагнай гарын үсэг зурсан хүчинтэй гэрээ гэж үзвэл Иргэний хуулийн 282.2-т заагдснаар хариуцагч Н.Баярмагнай нь өөрт илт хохиролтой, урт хугацаатай 5 хувийн хүүг доош буулгаж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргах байсан гэдгийг анхаарч үзнэ үү. Н.Баярмагнайгийн хувьд Г.Галпүрэвт нийт 1,500,000+ 1,760,000=3,260,000 төгрөг төлсөн байна. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчигдсөн эрх болон хуулийг буруу тайлбарласан гэх гомдлыг ИХШХШТХ-ийн 166.4-т заагдсаны дагуу гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж чадаагүй тул анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 182/ШШ2019/01508 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 1883 тоот магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Галпүрэв нь хариуцагч Н.Баярмагнайд холбогдуулан үндсэн зээлийн үүрэгт 3,330,000 төгрөг, алданги 1,325,000 төгрөг, нийт 4,655,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Баярмагнайгаас 3,040,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Галпүрэвт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,615,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг ... 2011 онд зээлүүлсэн мөнгийг төлөхгүй байсан тул гэрээг 2012 онд бичгийн хэлбэртэй болгосон, хариуцагч нь 2015 онд зээл төлөх талаар Баталгаажуулалт үйлдэж надад өгсөн, 2016 онд зээл, хүүний үлдэгдэл 3,300,000 төгрөгийг нэгтгэж дахин гэрээ хийсний дагуу зээл, алданги шаардах эрхтэй гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь ...Г.Галпүрэвээс 2011 онд 2 сая төгрөг зээлсэн, гэрээг 2012 онд бичгээр байгуулах хүртэл 1,500,000 төгрөгийг төлсөн, харин үлдэх 500,000 төгрөгөөс хүү, алданги тооцох эсэх нь эргэлзээтэй, ...нийт 3,330,000 төгрөгийг төлсөн, 2016 оны зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Галпүрэв нь хариуцагч Н.Баярмагнайтай 2011.11.20-ны өдөр амаар тохиролцож, 1,000,000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатай, 2011.12.20-ны өдөр дахин 1,000,000 төгрөгийг хугацаагүй, хүүгүй тус тус зээлдүүлсэн гэх бөгөөд хариуцагч нь 2,000,000 төгрөг авсан тухайд маргаагүй байна.

Талууд 2,000,000 төгрөг зээлсэн гэрээг нэгтгэж, гэрээний нөхцөлийг 2,4 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, зээлийг төлөөгүй тохиолдолд 1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож 2012.08.01-ний өдөр гэрээг бичгээр хийсэн тухай болон 2015.05.12-ны өдрийн баталгаажуулалт гэсэн баримт хэрэгт авагджээ. Түүнчлэн 2016.12.15-ны өдөр зээлийн үлдэгдэл 3,330,000 төгрөг дээр дахин байгуулсан гэрээнд хариуцагч нь 3,300,000 төгрөгийг 2018.04.15-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай, хүүгүй зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5%-ийн алдангийг нэхэмжлэгчид төлнө гэжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хийгдсэн 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д нийцсэн гэж дүгнэсэн нь зөв, харин алдангийн тохиролцоог хуульд нийцээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн үйлдсэн Баталгаажуулалт болон 2016.12.15-ны өдрийн 3,330,000 төгрөгийн зээлийн гэрээ гэсэн баримтаар 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй, хэргийн баримтаар хариуцагч нь зээлийн төлбөрөөс хамгийн сүүлд 2018.08.29-ний өдөр төлөлт хийсэн байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй буюу хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д нийцсэн гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэрээний дагуу үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 2,800,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, үүнээс түүний төлсөн 1,760,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,040,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 28 сарын хугацаатай зээлийн гэрээнд нэг сарын хүүг 5 хувиар тогтоосныг урт хугацаатай гэрээнд өндрөөр тогтоосон гэж үзэх бөгөөд шүүхээс хүүгийн хэмжээг 2,5 хувь бууруулан тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т нийцнэ.

Иймээс хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,400,000 төгрөг, нийт 3,400,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, түүний төлсөн 1,760,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1883 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Баярмагнайгаас 1,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Галпүрэвт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,015,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын 63,950 гэснийг 41,190 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 64,000.00 /жаран дөрвөн мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН