Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2019/01508

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр        Дугаар 182/ШШ2019/01508            Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б -д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,655,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, гэрч П.Г, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Б нь 2011.11.20-ны өдөр болон 2011.12.20-ны өдрүүдэд надтай амаар тохиролцож, хүүгүй тус тус 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Н.Б нь 2011.11.20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг 2012.05.20-ны өдрийн дотор төлж дуусгах, харин 2011.12.20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөх хугацаа тохироогүй. Харин хариуцагч Н.Б нь дээрх гэрээний дагуу огт төлөлт хийхгүй байсан учир бид нар харилцан тохиролцож амаар байгуулсан 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээ 2012.08.01-ний өдөр бичгийн хэлбэртэй болгож, 2,000,000 төгрөгийг 2 жил 4 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан. Иймд энэ гэрээний Иргэний хуулийн 281.1, 282.1, 282.2-т заасантай нийцэж байгаа. Энэ гэрээний дагуу хариуцагч нь 4.800.000 төгрөг төлөх ёстойгоос 2013.03.25-ны өдөр 10 сарын хүүнд 1.000.000 төгрөг өгснийг хасахаар 3.800.000 төгрөг үлдэж байна. Гэтэл Н.Б нь 2015.05.12-ны өдөр 19 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөг өгнө гэж хугацаа сунгуулах тухай баталгаажуулалт гэх гарын үсэгтэй баримтыг гараар бичиж өгснөөр 3.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ 19 сар нь 2016.12.12-ны өдрийг хүртэл болж байгаа боловч мөнгөө төлж дуусаагүй. Тэрээр 2015.06 дугаар сард 200.000, 2016.03 дугаар сард 120.000 төгрөг, 2016.05 дугаар сард 50.000 төгрөг, 2016.06 дугаар сард 100.000 төгрөг гээд нийт 470.000 төгрөг төлснийг 3.800.000 төгрөгөөс хасахаар 3.330.000 төгрөгөө өгөөгүй. Ингээд Н.Б нь дахин хугацаа сунгаж өгөөч гэснээр 2016.12.15-ны өдөр үлдэх 3,330,000 төгрөг дээрээ дахин зээлийн гэрээ байгуулж, 16 сарын хугацаатай, хүү тооцохгүйгээр алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа 2017.04.15-ны өдөр дуусаад мөнгөө шаардахад 2017.01.16-ны өдөр 100.000 төгрөг, 2018.06.06-ны өдөр 10.000 төгрөг, 2019.06.29-ний өдөр 10.000 төгрөг гээд сар бүр 10.000 төгрөг өгснөөр нийт 190.000 төгрөг өгсөн байна. Одоо зээлийн үлдэгдэл 3.330.000 төгрөг, 0.5% алданги нь хоногийн 16.650 төгрөг, нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу нийт 754 хоногт үржүүлэхээр 14.326.000 төгрөг болж байна. Гэвч алданги нь 50%-иас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтаар 3.330.000 төгрөгийн 50% буюу 1.665.000 төгрөгийг алдангид тооцож, нийт 4.995.000 төгрөг болж байгаа боловч 1.665.000 төгрөгөөс өгсөн 190.000, 100,000 төгрөгийг хасаад 1.325.000 болж байна. Ингээд үндсэн зээлийн 3,330,000 төгрөг, алданги 1,325,000 төгрөг, нийт 4,655,000 төгрөгийг Иргэний хуулийн 281.1, 232.6-д зааснаар гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2011.11.20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2011.12.20-ны өдөр 1.000.000 төгрөг хүлээн авсанд талууд маргахгүй байна. Харин мөнгөө төлөхгүй байсан учраас 2012.08.01-ний өдөр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тал ярилаа. Иргэний хуулийн 282.1-д зааснаар талууд хүү тогтоох, 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж байдаг. Тэгэхээр 2011.11.20, 2011.12.20-ны өдрүүдэд мөнгө авсантай маргахгүй ч бичгээр гэрээ байгуулаагүй. Г.Г нь сар бүр тогтмол хүүгээ авч байсан ба 2011.12.20-ны өдөр эхний 1.000.000 төгрөгийн 10%-ийн хүү 100.000 төгрөг, 2012.01.20-ны өдөр 2 сарын хүүү 200.000 төгрөг, 2012.03.20-ны өдөр 200.000 төгрөг, 2012.04.20-ны өдөр 200.000 төгрөг, 2012.05.20-ны өдөр 200.000 төгрөг, 2012.06.20-ны өдөр 200.000 төгрөг, 2012.07.20-ны өдөр 200.000 төгрөг гээд нийт 1.500.000 төгрөг өгсөн. Тиймээс 2012 оны зээлийн гэрээний дагуу Г.Г нь хариуцагч Н.Бд зээлийн мөнгийг бодит байдлаар хүлээлгэн өгөөгүй, энэ нь Иргэний хуулийн 282.4-д заасантай нийцэхгүй байна. Тиймээс гэрээг бичгээр байгуулахаас өмнө хариуцагч Н.Б 1,500,000 төгрөг төлсөн учир, үлдэх 500,000 төгрөгөөс хүүх тооцох эсэх асуудал дээр шүүх анхаарна гэж бодож байна. Мөн хариуцагч Н.Б нь 2014.08.15-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн гэхээр, өмнө өгсөн 1,500,000 төгрөгтэй нийлээд 2.500.000 төгрөг төлсөн байна. Үүнээс гадна 2015.06.17-ны өдөр Хаан банкны дансаар 170.000 төгрөг, 2016.04.17-ны өдөр 120.000 төгрөг, 2016.05.25-ны өдөр бэлнээр 100.000 төгрөг лангуу сунгуулах гэсэн утгатайгаар, 2016.04.20-ны өдөр 50.000 төгрөг, 2016.08.30-ны өдөр 40.000 төгрөг, 2017.09.11-ний өдөр 40.000 төгрөг, тэгээд 19 удаа 10.000 төгрөгөөр буюу 190.000 төгрөг гээд нийт 3.330.000 төгрөг төлсөн. Ер нь сүүлийн баталгаажуулалт гэсэн баримт, 2015 оны 3,330,000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Бг айлгаж, дарамталж хийлгэсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр анхны зээлийн гэрээ хуульд нийцээгүй тул түүнээс хойш хийгдсэн зээлийн гэрээнд хүү, алданги тооцсоныг шүүх харгалзан үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэндээ үндсэн зээлийг 50% нугалж авснаар нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учраагүй, зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй учир нэхэмжлэгч Г.Г нь мөнгө шаардах эрхгүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Бд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,655,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би 2011 онд 2 сая төгрөгийг хариуцагч Н.Бд хоёр хувааж зээлдүүлсэн боловч хариуцагч Н.Б зээлээ төлөхгүй байсан учир 2012 онд зээлийн гэрээг 2 сая төгрөгийн хэмжээнд бичгийн хэлбэртэй болгосон, хариуцагч Н.Б нь 2015 онд зээл төлөх талаар Баталгаажуулалт гэдэг баримт үйлдэж надад өгсөн, 2016 онд зээл, хүүний үлдэгдэл 3,300,000 төгрөгөн дээр дахин зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч хариуцагч Н.Б нь өнөөдрийг хүртэл зээлийг бүрэн төлөөгүй байгаа тул сүүлийн гэрээний дагуу зээл, алдангийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Г.Гээс 2011 онд 2 сая төгрөгийг зээлсэн талаар маргахгүй, зээлийн гэрээг 2012 онд бичгээр байгуулах хүртэл 1,500,000 төгрөгийг төлсөн, харин үлдэх 500,000 төгрөгөөс хүү, тооцох эсэх нь эргэлзээтэй, уг гэрээний дагуу зээлийн мөнгийг бодитоор аваагүй, хариуцагч өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 3,330,000 төгрөгийг төлсөн, тийм учраас нэхэмжлэгчид хохиролтой зүйл байхгүй, 2016 оны зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн.

 

Зохигчид 2011.11.20-ны өдөр амаар тохиролцон нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н.Бд 1 сая төгрөгийг 2012.05.20-ныг өдрийг хүртэл хугацаатай, хүүгүй, 2011.12.20-ны өдөр дахин 1 сая төгрөгийг хугацаагүй, хүүгүй тус тус зээлдүүлсэн байх бөгөөд уг гэрээнүүдийн дагуу хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Г.Гээс 2,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.  

 

Хариуцагч Н.Б нь дээрх гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг огт төлөөгүй учир зохигчид харилцан тохиролцож 2012.08.01-ний өдөр зээлийн аман тохиролцоог бичгийн хэлбэрт оруулж, нэхэмжлэгч Г.Г нь 2,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бд 2012.08.01-ний өдрөөс 2014.12.01-ний өдрийг хүртэл 2,4 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийг төлөөгүй тохиолдолд 1%-ийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасантай тус тус нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Н.Б нь гэрээний дагуу зээлийн төлөлт огт хийгээгүй байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч Г.Гийн шаардлагаар 2015.05.12-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх талаар “Баталгаажуулалт” нэртэй баримтыг үйлдсэн, түүнчлэн зохигчид харилцан тохиролцож 2016.12.15-ны өдөр зээлийн үлдэгдэл 3,330,000 төгрөг дээр дахин гэрээг бичгээр байгуулж, уг гэрээнд хариуцагч Н.Б нь 3,300,000 төгрөгийг 2018.04.15-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай, хүүгүй зээлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5%-ийн алдангийг нэхэмжлэгч Г.Гт төлөхөөр тусгажээ.

 

Шүүх “Баталгаажуулалт” гэсэн нэртэй баримт, 2016.12.15-ны өдрийн 3,330,000 төгрөгийн зээлийн гэрээ гэсэн баримтаар 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй, харин уг баримтаар зээлийн төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн, энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасантай нийцэж байна.

 

Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэлээ. Учир нь 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээг хугацаа дуусах сүүлийн өдөр болох 2014.12.01-ний өдрөөс зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 199.2-т зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлбэрээр сунгах байтал ийм бичгийн баримтгүй байгаа нь уг дүгнэлтэд хүргэлээ.

 

Хариуцагч Н.Б нь 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа буюу 2012.08.01-ний өдрөөс 2014.12.01-ний өдрийг хүртэл 2 жил, 4 сарын хугацаанд үндсэн зээлд 2,000,000 төгрөг, 1 сарын хүүд 100,000 төгрөг /2,000,000 * 5%/, 2 жил 4 сарын хүүд 2,800,000 /28 сар * 100,000/ төгрөг, нийт 4,800,000 /2,000,000+2,800,000/ төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

Гэтэл хариуцагч Н.Б нь дээрх хугацаанд зээлээс огт төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч Г.Г удаа дараа шаардаж байсан, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, хариуцагч Н.Бгийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, ХААН болон Капитал банкны орлогын баримтууд, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл хариуцагч Н.Б нь 2015.06.15-ны өдөр 170,000 төгрөг, 2016.04.17-ны өдөр 120,000 төгрөг, 2016.04.28-ны өдөр 50,000 төгрөг, 2016.08.30-ны өдөр 40,000 төгрөг, 2016.09.11-ний өдөр 40,000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 50,000 төгрөг, 2017.05.09-ний өдөр 100,000 төгрөг, 2018.06.06-ны өдрөөс 2018.06.29-ний өдрийн хооронд 10,000 төгрөгөөр 19 удаа 190,000 төгрөг, нийт 760,000 төгрөг, 2013.08.15-ны өдөр бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 1,760,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Гт төлсөн болох нь нотлогдов.

 

Иймд хариуцагчийн гаргасан “зээлд нийтдээ 3,330,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө 1,500,000 төгрөг төлсөн гэх” тайлбар няцаагдаж байх бөгөөд дээр дурдсан төлбөр төлсөн цаг хугацаанаас үзвэл хариуцагч Н.Б нь зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө огт зээлийн төлөлт хийгээгүй, харин 2013 онд 1 удаа, 2015 оноос зээлийн төлбөр төлж эхэлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Н.Б нь 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Г.Гт зээл, хүүг шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үүссэн, хариуцагч Н.Б нь төлбөр төлөх үүрэгтэй болно.

 

Иймд шүүх хариуцагч Н.Бгийн зээлийн төлбөрт төлсөн 1,760,000 төгрөгийг түүний төлбөл зохих 4,800,000 төгрөгөөс хасч, 3,040,000 төгрөгийг хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Г.Гт төлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч Г.Г нь 2012.08.01-ний өдрийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар хариуцагч Н.Бгаас 1%-ийн алданги шаардах эрхгүй байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байх бөгөөд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй байх ёстой.

 

Тиймээс хариуцагч Н.Бгаас зээл, хүүд нийт 3,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,615,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Гээс гарган өгсөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.13-ны 556 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.03.16-ны өдрийн 555 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016.06.02-ны өдрийн 648 дугаар тогтоол нь энэ хэрэгт хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Бгаас 3,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,615,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 63,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Т.ЭНХТУЯА