Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/01891

 

О.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон цалин 602 196 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Н, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Бадрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хүсэлт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н би нисэхийн салбартай амьдралаа холбоод 39 жил болж байна. Намайг 2014 оны 6 дугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлаар томилогдон ажиллаж байхад ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/198 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/01377 дугаартай шийдвэрээр намайг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын ажилд намайг 2015 оны 5 сарын 08-ны өдрийн Б/93 тоот тушаалаар авч, 2015 оны 5 сарын 08-ны өдрийн Б/94 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлсэн тул би дахин шүүхэд хандсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6791 дүгээр шийдвэрээр намайг мөн л “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 19 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. ИНЕГ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр миний докторын сургалтын төлбөрөөр барьцаалж, аргагүй байдалд намайг оруулж байгаад 2017 оны 01 сарын 23-нд шүүхийн шийдвэрийг өөр агуулгаар хэрэгжүүлэх эвлэрлийн гэрээ надтай байгуулсан. Эвлэрлийн гэрээний 2 дах хэсэгт О.Н ыг ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах ба өмнөх цалин хөлсний сүлжлээр 6 сарын хугацаанд олгохоор талууд харилцан тохиролцов гэж заасны дагуу ИНЕГ-ын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр томилсон. Үүнийхээ дараа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийсэн нэрээр ИНЕГ-ын даргын 2018 оны 7 сарын 23-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар уг ажлаас чөлөөлж, 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс буюу намайг ээлжийн амралттай байхад цалин хөлсийг минь бууруулан ИНЕГ-ын салбар болох Нисэх буудлуудын удирдах газарт Нисэх буудлуудын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт, бичиг боловсруулалтын мэргэжилтнээр шилжүүлэн томилсон. О.Н  би Иргэний нисэхийн хяналт НҮ-ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаал нь хууль бус байх тул хүчингүй болгуулах, мөн ИНЕГ-ын даргын хууль бус  үйл ажиллагааг шүүмжлэн дарга Л.Бямбасүрэнг ажлаас халуулах гомдлыг ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2018 оны 11 дүгээр сарын 12 болон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд уг ТББ-ын тэргүүний хувьд хүргүүлсэн. Үүний хариуд надад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг  хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн шалтгаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар миний цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргасан гомдлын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ИНЕГ-т шалгалт хийж, 2019 оны 01 сарын 22-ны өдөр ИНЕГ-ын даргад шалгалтын дагуу зөвлөмж хүргүүлсэн байдаг. Үүний хариуд дахиад надад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн шалтгаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 01 сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар миний цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл өгсөн. Түүнээс хойш би ямар нэг зөрчил гаргаагүй байхад Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажлаас халсан байна. Намайг ажлаас халсан тушаалыг би хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд гомдлыг гаргаж байна. Нисэх буудлуудын удирдах газар нь ИНЕГ-ын салбар байгууллага бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан тул салбарыг нь биш, Иргэний нисэхийн ерөнхий газрыг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна. Миний нэг сарын дундаж цалин хөлсийг 2 003 000 төгрөг гэж байгууллагаас тогтоосон болно. Иймд намайг Нисэх буудлуудыг удирдах газрын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 212 783 төгрөг гаргуулж, Нисэх буудлуудын удирдах газраас надад үндэслэлгүй ногдуулсан сахилгын арга хэмжээнүүд болох Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, энэхүү тушаалуудаар надад учруулсан цалин хөлсний хохирлыг тооцон нөхөн олговрыг олгуулах, миний 2018 оны 9, 10-р саруудын цалин хөлснөөс үндэслэлгүй хассан нийт 602 196 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нисэх буудлуудын удирдах газар нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2018 оны 7 сарын 04-ний өдрийн 151 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, ИНЕГ-ын даргын 2018 оны 9 сарын 05-ны өдрийн А/560 дугаартай зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар тус тус шинээр байгуулагдсан. Ийнхүү Нисэх буудлуудын удирдах газар нь шинээр байгуулагдаж бүтэц, орон тоо нь батлагдсан хэдий ч дээрх тушаалуудаар Нисэх буудлуудын удирдах газрын даргад харьяа алба, нэгжүүдийн ажилтнуудын томилох, чөлөөлөх эрх олгогдоогүй ба энэхүү эрх нь ИНЕГ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/565 дугаартай дүрэм батлах тухай тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийг баталж, уг дүрмээр харьяа алба, нэгжүүдийн ажилтныг томилох, чөлөөлөх эрх олгогдсон. Иймд О.Н-ын нэхэмжлэлд дурдсан “Нисэх буудлуудын удирдах газар нь ИНЕГ-ын салбар байгууллага бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан тул салбарыг нь биш, Иргэний нисэхийн ерөнхий газрыг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн нь үндэслэлгүй юм. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00201 тоот тогтоолыг биелүүлэхээр О.Н тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №04/17 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний 2 дах хэсэгт О.Н-ыг ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах ба хөдөлмөрийн дотоод журмын 3.3.5 дах хэсэгт заасны дагуу өмнөх цалин хөлсний сүлжлээр 6 сарын хугацаанд олгохоор талууд харилцан тохиролцов гэжээ. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ИНЕГ-ын даргын Б/24 дүгээр тушаалаар О.Н-ыг Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр ажилд авсан байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалин хөлсийг минь бууруулан тасгийн мэргэжилтнээр томилсон гэдэг нь үндэслэлгүй юм. Нисэх буудлуудын удирдах газрын дарга нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус тус Нисэх буудлуудын төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтэн О.Н-д сахилгын шийтгэл тушаалаар ногдуулсан. Улмаар Нисэх буудлуудын удирдах газрын дарга 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б/133 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр О.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан. Нисэх буудлуудын удирдах газрын дарга О.Н-д хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тушаалаар 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тусдаа тогтоогдсон зөрчлүүд гаргасан тул энэ дээр  дурдсан Улсын Дээд шүүхийн тогтоолд “зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. О.Н нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан  нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул Б/35 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. ИНЕГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.1 дэх заалтад заасны дагуу ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлсэн. ИНЕГ-ын ажилтан, албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй гэж ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэвлэлийн 3.6.1.6, 10  дах хэвлэлийн 3.4.1, 3.4.3-т заасан. Мөн ажилтан, албан хаагч нь үйл ажиллагаандаа захирах, захирагдах ёсыг сахин биелүүлж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байх нийтлэг ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох үүрэгтэй /Хөдөлмөрийн дотоод журам – 9 дэх хэвлэлийн 3.6.1.6, 10 дах хэвлэлийн 3.4.10/. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Мөн тогтоолын 15.4.1-т давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараар хэтрээгүй байна гэж тайлбарласан. Энэ тайлбар нь давтан гаргасан зөрчилд тооцогдох, мөн уг зөрчлүүдийн хоорондох хугацаанаас хамаарч давтан гаргасан гэдэг үндэслэлд хамаарахыг тайлбарласан тайлбар юм. Иймд нэхэмжлэгчийн “Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 363 дугаар тогтоолын 15.4-т заасан үндэслэлийг зөрчсөн байгаа тул намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг гэрчлэх бас нэг нотлох баримт болж байна гэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн нь дээр үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Нэхэмжлэгчийн дурдсан хууль тогтоомж, иргэний нисэхийн багц дүрмийг, холбогдох үйл ажиллагааны заавар, журмуудыг болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичгүүдийг, стандарт зөвлөмжүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүд дагаж мөрдөн ажилладаг. Гэхдээ энэхүү байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн актуудаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулахгүй. Нэхэмжлэгчийн тайлбарт “...ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д..., 3.4.3-д ... заасан байдаг” гэж ээ. ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дүрэм, журам, заавруудыг гаргаж мөрдүүлнэ” гэж заасан нь ажил олгогчийн эдлэх эрх юм. Харин 3.4.3-д байгууллагад мөрдөгддөг дүрэм, журам, зааврыг баримталж ажиллана” гэсэн нь ажилтны хүлээх үүрэг юм. Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Нисэх буудлуудын удирдах газрын баримт бичгийн хяналтын журам батлах тухай А/14 дугаартай тушаалаар баримт бичгийн хяналтын журмыг баталж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар /баталгаажсан хуулбарыг хавсаргав/-ын 2-т ажилтнуудын ажлын цаг бүртгэлд газар дээр нь биечлэн очиж шалгах, хяналт тавин ажиллах гэсэн үүрэг даалгаврыг ИНЕГ болон түүний алба салбаруудад өгсөн. Энэ дагуу Нисэх буудлуудын удирдах газрын нэр бүхий ажилтны ажлын цаг ашиглалтад хийсэн үзлэгээр Нэхэмжлэгч О.Н ажлын байрандаа байгаагүй нь тогтоогддог. Нэхэмжлэгч талаас үүрэг даалгаврын хуудас болон тодорхойлолтыг хууль эрх зүйн хувьд шаардлага хангаагүй гэж тайлбарт дурдсан байна. Эдгээр баримтыг журамласан, дагаж мөрдөх шинжтэй, маягт болгон баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр байдаггүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүд Монгол Улсын баримт бичгийн стандартыг баримтлан үйлддэг. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.5-д хуралдааны тэмдэглэл хөтлөхдөө техник хэрэгсэл ашиглаж болно. Хэрэв хуралдааны тэмдэглэлийг эх бичлэгтэй тулгаж нягтална гэж заасны дагуу хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд авагдсан Нисэх буудлуудын удирдах газрын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн бичлэгийг хийж тэмдэглэлтэй тулгаж, үйлдсэн байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын бусад үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хооронд үүсэх харилцаанд бусад төрлийн харилцааг хамаатуулж, тайлбар гаргасан нь үндэслэл муутай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э овогт О.Н-ыг ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазрын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 50-д зааснаар ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазраас О.Н-ын урьд авч байсан дундаж цалин хөлсний олговор, нэмэгдэл хөлсөнд нийт 7 695 738 төгрөг /7 093 548 +602 190/-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч О.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНЕГ Төрийн өмчит ААТҮГазарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 716 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18 716 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал болон 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 8 дугаар талд "... зэрэг ажлыг зохион байгуулж заавар, журмыг боловсруулан төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн даргадаа танилцуулах атал саналаа өгөв гэж ажлаа тайлагнасан нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул" гэсэн дүгнэлт хийж, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Ажил олгогч 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаалдаа нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан нь үүрэг даалгаврын хуудас, хурлын тэмдэглэлүүд, удирдлагын тодорхойлолтоор нотлогдсон гэж тодорхой бичсэн байхад шүүх талуудын маргаж байгаа зөрчилд нь хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь алдаа болсон. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс уг тушаалд бичигдсэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үүрэг, даалгаврын хуудас нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох учиргүй талаар хариуцагчийн төлөөлөгчтэй мэтгэлцсэн. Уг үүрэг, даалгаврын хуудас нь хариуцагч байгууллагад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журам болон албан хэрэг хөтлөлтийн заавар, журамд тухайн байгууллагад хэрэглэгдэхээр заагдаагүй, албан ёсны баримт бичиг биш байсан. Уг үүрэг, даалгаврын хуудсаар нэхэмжлэгчийг 2018 оны 9 дүгээр сарын 11, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлангаа 3 цагийн дотор бичиж өгөхийг шаардсан нь мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл болсон. Хөдөлмөрийн дотоод журмын 2.9.3.1-т "ажилтан нь ажлаа жилээр төлөвлөнө. Ажилтны төлөвлөгөөг нэгжийн дарга батална", 2.9.3.2-т "ажилтны гүйцэтгэсэн ажил, үр дүнг нэгжийн дарга сар бүр дүгнэж, үр дүнгийн урамшуулал олгоно" гэж заасны дагуу нэгжийн дарга буюу Нисэх буудлуудын удирдах газрын дарга нэхэмжлэгчийн ажлыг сар бүр дүгнэж, тайлан авсан байхад өнгөрсөн 3 сарын хугацаанд хийсэн ажлын тайланг дахин бичиж өөрт нь өгөхийг шаардсанаараа тасгийн дарга нь хөдөлмөрийн дотоод журмын 2.9.3.2-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч уг хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзсан. Мөн дэд даргын удирдсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралд шалтгаангүйгээр оролцохоос татгалзсан тухай тайлбар гаргаж өгөхийг даалгасан нь үндэслэлгүй ба дэд даргын удирдсан гэх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурал огт болоогүй, зарлаагүй, надад мэдэгдээгүй тул түүнд нь тайлбар бичих шаардлагагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх тушаалд бичигдсэн зөрчлийн талаар биш, харин миний хийсэн ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын тайлангаас харахад ажлын анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Н нь гадагш ажлаар явах тухайгаа гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглээгүй болох нь тогтоогдсон тул ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна гэжээ. Уг тушаалд надад сахилгын шийтгэл хүлээлгэхдээ удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан нь жилийн төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, удирдлагын тодорхойлолт, болон гадуур ажлын бүртгэлийн дэвтэр дэх тэмдэглэл, цаг ашиглалтад үзлэг хийсэн нэр бүхий ажилтнуудын тайлангаар тус тус нотлогдсон гэж бичсэн. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.7.2-т хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтан, албан тушаалтанд шууд удирдлагын тодорхойлолт, нотлох баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэлийг ИНЕГ-ын даргын болон салбар нэгжийн даргын тушаалаар ногдуулна гэж заасны дагуу тасгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тодорхойлолт бичсэн боловч уг тодорхойлолтдоо намайг ямар үүрэг, даалгаврыг биелүүлээгүй талаар тодорхой дурдаагүй, мөн намайг гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан талаар юу ч дурдаагүй болно. Ажил олгогч нь ийм зөрчил гаргасан тул танд сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж надад урьдчилан мэдэгдээгүй, надаас тэдгээр зөрчлийн талаар тайлбар аваагүй болно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн, хуулбар үнэн гэдгийг баталгаажуулж хариуцагч өөрийн тамгаа дарсан хуулбар П.Золзаяа гараараа бичсэн гэх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Ц.Цэрмаа бичсэн гэх тодорхойлолт, Б.Саруултуяа бичсэн гэх тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нисэх буудлуудын удирдах газрын ажилтнуудын цаг ашиглалтад хийсэн үзлэг, шалгалтын тайлан зэрэг баримтуудад үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэхдээ 2019 оны 4 дүгээр сарын 11-нээс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 109 хоног байгааг 108 хоног гэж буруу тооцсон байх тул дутуу тооцсон 1 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 65 681 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү. Иймд гомдлыг хангаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг авахуулах тухай" хүсэлтийг /хх-221-222/ хангалгүй шийдвэр гаргасан. Г.Сүх-Очир нь нэхэмжлэгч О.Н-ын хариуцсан тасгийн дарга /шууд харьяалан удирдах албан тушаалтан/ нь бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг гэрчлэх этгээд юм. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хариуцагч ИНЕГ нь нэхэмжлэгч О.Н сахилгын зөрчлийг 2 удаа гаргасан нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус тус нотлогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар цуцалж, ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбарт нэхэмжлэгч О.Н-д 2 удаа тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тухай дурдаж байсан бөгөөд дээрх 2 тушаалыг үндэслэж ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаагүй. Гэтэл шүүх ингэж тайлбарласан гэж шийдвэр гаргасан нь ноцтой алдаа юм. Удирдах газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэг үндэслэлээр гарсан. Гэтэл мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ... Иймд хариуцагчийн тушаалд дурдсан ноцтой зөрчлийг дахин гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй ... байх тул" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл болохоос хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг дахин гаргасан гэсэн үндэслэл биш. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан гэдэг үндэслэл юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох үндэслэл юм. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн аль нэгийг гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно. Ноцтой зөрчлийг давтан гаргасан байхыг шаардахгүй. Тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан 2 тохиолдол байх бөгөөд сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй тухай үндэслэл бүхий тайлбарыг хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан байтал шүүх огт үнэлээгүй шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 43-46 дугаар хуудсанд авагдсан баримт нь нэхэмжлэгч О.Н-ыг сахилгын зөрчил гаргасан болохыг нотлох баримт юм. Энэ нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хх-38-41/ 2.2.8, 2.2.9-д заасныг зөрчсөн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 10 дах хэвлэлийн 3.4.10, 3.4.11-т тус тус заасантай нийцэж байх тул түүний гаргасан энэ зөрчилд ажил олгогч сахилгын шийтгэл тушаалаар ногдуулахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь хууль тогтоомжид заасныг зөрчөөгүй бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх үнэлэхгүй шийдвэр гаргасан. ИНЕГ нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар /хх-27-31, 38-41/ нотлогдсон байтал шүүх хэрэг хянан шийдвэрлээд нэхэмжлэгч О.Н-ын урьд авч байсан дундаж цалин хөлсний олговор, нэмэгдэл хөлсөнд нийт 7 695 738 төгрөгийг, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ИНЕГ ТӨААТҮГ-т тус тус даалгасан нь үндэслэлгүй юм. Мөн ажилд эгүүлэн тогтоосон боловч хэнд даалгаж, үүрэг болгосон нь тодорхойгүй байна. Хэдий Нисэх буудлуудын удирдах газар нь ИНЕГ-ын харьяа салбар мөн ч гэлээ тусдаа санхүүтэй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг дангаараа төлдөг. Нисэх буудлуудын удирдах газрын даргад ажилтан томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, шагнах, урамшуулах зэрэг эрх нь Нисэх буудлуудын удирдах газрын дүрмээр олгогдсон байгууллага мөн. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргиин анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 081.81 /нэг зуун гучин найман мянга, наян нэгэн төгрөг, наян нэгэн мөнгө/-ийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон цалин 602 196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 1  дүгээр хавтаст хэргийн 128-139 дүгээр талд авагдсан 2018-2019 оны гадуур ажлын бүртгэлийн дэвтэр, ИНЕГ-ын ажилтан П.Золзаяагийн тодорхойлолт, Нисэх буудлуудын удирдах газрын ажилтнуудын цаг ашиглалтад үзлэг, шалгалт хийсэн тайлан, үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар, Нисэх буудлуудын удирдах газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цэрмаагийн тодорхойлолт зэрэг баримтыг үнэлсэн байх боловч дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх хуулийн шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан баримтууд нь энэхүү шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтад хариуцагч байгууллага нь хуулбар үнэн тэмдэг даржээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулахаар зохицуулсан боловч энэ нь хэргийн оролцогч талд хамаарахгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байжээ.

 Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 081.81 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                     ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН    

                                                                                        Г.ДАВААДОРЖ