Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/01893

 

О.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01500 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГ-т холбогдох,

Гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 22 843 347 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Н, 

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн,

Прокурор: Ч.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ-ын  даргын 2014 оны 9 сарын 22-ны өдрийн А/481 тоот тушаалыг үндэслэн 2014 оны 8 сарын 04-ний өдөр Москвагийн Иргэний нисэхийн улсын их сургууль, ИНЕГ, О.Н нарын хооронд 14С1-996/И дугаартай гурвалсан гэрээ байгуулсан. Би энэ гэрээг нэр төртэй биелүүлж, Нисэхийн техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр амжилттай хамгаалж улмаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Оросын Холбооны Улсын Москва хотын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд ажиллаж техникийн ухааны докторын диплом авах ажлыг гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасныг үндэслэн, ИНЕГ-ын  дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3, 3.7.4 дэх заалтуудыг баримтлан Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг хамгаалуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх 26 хоногийн бүх зардал болох 15 539 339 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-нийг дуусталх 13 хоногийн техникийн ухааны доктор дипломын сургалтын албан томилолтын зардал болох 7 304 008 төгрөг, нийтдээ 22 843 347 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эрдмийн цол, зэрэг хамгаалахаар явсан 39 хоногийн томилолтын бүх зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас надад олгох үндэслэл нь 14С1-996/и тоот гэрээний 4, 6 дугаар заалтыг буюу эрдмийн цол, зэрэг горилогчийн хүлээх үүргээ би 100 хувь биелүүлж, техникийн ухааны доктор Ph.D цолыг Оросын Холбооны Улсаас хүртсэн тул ИНЕГ  нь энэхүү гэрээний 3 дугаарт заасан намайг суралцахад бүхий л нөхцөл боломжоор хангах, бүхий л шаардлагуудыг горилогч хангахад баталгаа гаргаж, хариуцах үүргээ биелүүлэн А/481 тоот тушаалд байгууллагын зардлаар сургана гэж заасны дагуу надад томилолтын бүх зардлыг олгох ёстой. ИНЕГ-ын  2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/481 тоот тушаалыг хүчингүй болгоогүй, 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 14С1-996/и дугаартай гурвалсан гэрээнээс татгалзаагүй, ИНЕГ-ын  дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3.3, 3.7.4 дүгээр заалтуудыг үндэслэн надад томилолтын бүх зардлыг олгох ёстой. Нисэхийн салбартаа 15 жилийн дараа гадаад улсын иргэний нисэхийн үндсэн мэргэжил болох агаарын хөлгийн ашиглалтын инженерийн мэргэшлээр техникийн ухааны доктор цолыг хамгаалахад надад төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 1.2.5, 8.1.1 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэн, бүхий л талаар дэмжлэг үзүүлж, надад энэхүү зардлыг олгох ёстой гэж үзэж байна. Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 842 тоот тогтоолоор батлагдсан эрдмийн цол, зэрэг олгох журмын дагуу тухайн аспирантурын сургалтын жилд хоёроос доошгүй нийтдээ 6 удаа МГТУГА-д очин суралцах ёстой байсан боловч ИНЕГ нь 2016 оноос хойш сургалтын төлбөрийг хийхгүй саатуулж гурвалсан гэрээг цуцлуулах, хэмжээнд хүргэсэн ба дипломоо хамгаалах, докторын цолны болзлыг хангуулах гэж хувийнхаа зардлаар 2 удаа явж хохирсон. Би тус сургуулийн ректор, проректор нартай олон удаа уулзаж, ярилцсаны үр дүнд 4 жилээр өдрөөр аспирантурт суралцах байсныг 3 жил эчнээгээр суралцахаар зөвшөөрүүлж, сургалтын төлбөрийг 42 хувиар буюу 690 000 рублээр суралцахыг 405 000 рубль, /10.875 ам доллар/ болгон багасгасан. МГТУГА-ын ректор Б.П.Елисеевээс илгээсэн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15/759, 2014.07.09-ний өдрийн 15/1229 дугаартай албан бичгээр баталгаажуулж өгснөөс гадна 5 дах удаагийн сургалтаараа эрдмийн цол, зэргээ хамгаалж, нэг удаагийн сургалтын зардлыг хэмнэсэн байгаа тул Иргэний нисэхийн ерөнхий газраас 9491 ам доллар буюу 22 843 347 төгрөгийн албан томилолтын зардлыг гаргуулж өгнө үү. ИНЕГ-ын  дарга нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2016/00201 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн намайг захирлын ажилд эгүүлэн томилохын оронд ИНЕГ-т мэргэжилтнээр ажиллуулахаар намайг дарамтлан эвлэрлийн гэрээ гэгчийг байгуулсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон. Энэхүү эвлэрлийн гэрээний үндсэн агуулга нь нэг талаас нэхэмжлэгч О.Н, хариуцагчийг төлөөлж ИНЕГ-ын  дарга Л.Бямбасүрэн нар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг биелүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Уг тогтоол нь намайг Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байгаа нь миний докторантурт суралцах сургалттай холбоогүй болох нь гэрчлэгдэж байгаа. Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний үнэ 1 828 900 төгрөг, хоёр дах явалт нь 403 400 төгрөг, нийт 2 232 300 төгрөг, байрны зардал эхнийх нь 3900 долларыг тухайн үеийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ханш 2396,93 тооцно, 1950 долларыг тухайн үеийн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Монголбанкны ханш 2412.80 төгрөгөөр тооцно. Хоолны зардалд 1560 доллар, үүнийг 2396.93 төгрөгөөр үржүүлж, 3 739 211 төгрөг, 2 дах удаагийн хоолны зардал нь 780 долларыг 2412.80 төгрөгөөр үржүүлнэ. Ингээд нийт хоолны зардалд 5 621 195 төгрөг болж байна. Унааны зардал эхний удаа 260 доллар буюу 623 200 төгрөг, сүүлчийн явалт нь 130 доллар буюу нийт 936 866 төгрөг, бүгд 22 843 348  төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын зүгээс О.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг томилолтын зардал гэж гаргадаг. Сая нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 128.1.9 гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө хөдөлмөрийн гэрээгээр үүссэн харилцаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 1.9 юм уу, 5.2 юм уу энэ нь өөрөө ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. ИНЕГ нь О.Н-ын өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх гээд, одоо бол О.Н  ИНЕГ-ын ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ИНЕГ-ын  ажилтан биш хүний томилолтын зардлыг төлөх үндэслэлгүй. Мөн ИНЕГ-т О.Н ажиллаж байхдаа мэргэжил, боловсролоо дээшлүүлэх нь хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийнх нь үүрэг. Гэтэл өөрөө мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэж яваад буудалд байрласан, идсэн, машинаар явсан бүх мөнгийг хариуцагч төлөх нь шударга бус. О.Н өөрөө мэргэжил, боловсролоо дээшлүүлэхээр явсан гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт байна. 2012 оноос Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд суралцахаар хөөцөлдөж аспирантурын шалгалт өгсөн байна. ИНЕГ-ын  захиалгаар байсан бол ИНЕГ өөрөө хүсэлт тавиад манайд ийм доктор хэрэгцээ, шаардлагатай байна, энэ чиглэлээр сургаж өгөөч ээ гэсэн хүсэлт байх ёстой. ИНЕГ-ын захиалгаар би сураад байна гэж О.Н-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож “би та нарт хэрэгтэй учраас сураад байна” гэсэн агуулгатай зүйл яриад байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ИНЕГ суралцах хугацааны дэмжлэг үзүүлэхээр байгаа ингэж дэмжлэг үзүүлнэ гэснийг намайг сургахын тулд миний бүх зардлыг төл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн О.Н-тай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газраас 3 жилийн сургалтын төлбөрт нь 10 875 ам.доллар төлөх байснаас 2014-2015 онд 11 600 ам.долларыг сургалтын төлбөрт шилжүүлчихээд байна. Тэгэхээр 725 ам.долларыг илүү шилжүүлсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04/17 дугаартай талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1-д хариуцагч нь нэхэмжлэгчийг Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулна, ингэж суралцах хугацааны томилолтын зардалд 17.670 ам.доллар олгоно, энэ үнийн дүнд нь аспирантурын байр, хоол болон бусад зардлууд багтсан, сургалтад тухай бүр ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу эвлэрлийн гэрээнд заасан үүргээ ИНЕГ  биелүүлсэн, энэ мөнгийг авсан болохоо О.Н зөвшөөрдөг. Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд 3 талт гэрээний хугацаа аль эрт дууссан учраас бид эвлэрлийн гэрээнд юуг оруулсан бэ гэвэл эвлэрлийн гэрээний 8 дахь хэсэгт энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө нь байгуулсан бүх хэлцлийг орлоно, талуудын хоорондын эцсийн тохиролцоо гэж талууд тохирсон. Тэгэхээр эвлэрлийн гэрээний дагуу манай байгууллага О.Н-д төлбөрийг шилжүүлсэн, ИНЕГ нь О.Н-ын өмнө одоогийн байдлаар ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй. Томилолтын зардлыг төлнө гэсэн талуудын хоорондын ямар нэгэн тохиролцоо байхгүй. Цаг хугацааны хувьд талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнээс хойш үүссэн цаг хугацаанд хамаарч, О.Н-ыг дипломоо очиж авахаар зарцуулсан хоол, унааны бусад зардлыг яагаад ИНЕГ төлөх ёстой, юунд үндэслэн нэхэмжлээд байгааг хариуцагч ойлгохгүй байна. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу давхардуулж олгосон 11 000 000 төгрөг, гадаад томилолтын зардал 1333 ам.доллар илүү өгсөн гэх Сангийн яамны шалгалтаар илрүүлсэн зөрчил гэх мэт нийт 18 000 000 төгрөгийн авлага байгаа. Ажилтныг суралцах хугацаанд байгууллага тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх бөгөөд түүний унаа, хоол бүх зардлыг төлөх үүрэг хүлээхгүй учраас Иргэний нисэхийн ерөнхий газраас О.Н-ыг суралцах хугацаанд үзүүлэх дэмжлэгээ хангалттай үзүүлсэн, мөн илүү мөнгө өгсөн учраас О.Н-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг тус тус баримтлан хариуцагч ИНЕГ-аас гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 15 590 169 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 034 178 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИНЕГ-аас 236 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Н-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах 7 034 178 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гурвалсан гэрээний хугацаа дуусгавар болсноор ажилтны гадаадад албан томилолтоор ажиллах асуудлыг ИНЕГ-ын  даргын 2016 оны А/78 дугаар тушаалаар баталсан журмын дагуу шийдвэрлэж ажил олгогчийн тушаал, шийдвэр гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны томилолтын зардлыг хариуцагч байгууллага хариуцах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахаас татгалзсан нь энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг зөрчсөн явдал болсон. Энэхүү хэргийн анхдугаар шүүх хурал буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32018/05985 тоот захирамжид /1хх-ийн 126-127 дугаар талд/ дараачийн шүүх хурлын товыг бичээгүй байгаа. Учир нь докторын диплом олгуулахад шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, докторын дипломоо албан ёсоор хүлээн авах ажлаар би, 2018 оны 5 дугаар сарын дунд үеэс 6 дугаар сарын эхний долоо хоногийн өдрүүдэд Москва хотын МГТУГА-д байх шаардлагатайгаа тодорхой хэлсэн бөгөөд шүүгч бичгээр хүсэлт гаргаарай тэгээд таныг докторын дипломоо аваад ирсний дараа дараачийн шүүх хурлыг товлоё гэсэн байдаг. Үүний дагуу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд Москва хотын МГТУГА-д байх тухайгаа бичин, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаж өгөхийг хүсэж би 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хүсэлт /1хх-ийн 148 дугаар талд/ гаргасан байгаа. Явж ирснийхээ дараа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа шүүхэд гаргаж өгсөн ба энэ тухай тайлбараа 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралд (шүүх хурлын тэмдэглэл буюу /1хх-ийн 203-204 дугаар талд/ тодорхой өгсөн юм. Энэ бүгдээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх процесс нь шүүх ажиллагааны явцад нэн тодорхой, ойлгомжтой болж эдгээр нь хөдөлшгүй баримт нотолгоогоор хавтаст хэрэгт авагдсан байгаа тул шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч би нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах заалтыг /1хх-ийн 236 дугаар талд/ үндэслэн, нэмэгдүүлсэн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлдээ байгууллагын дотоод журмын таван заалтыг /1хх-ийн 5, 174, 236 дугаар талд/ дурдсан байхад анхан шатны шүүх тэр талаар нь дүгнэлт хийлгүй, зөвхөн гурвалсан гэрээний хугацаанд ач холбогдол өгсөн нь нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох бусад нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна. ИНЕГ-ын  даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/481 дүгээр тушаалаар /1хх-ийн 188 дугаар талд/ Оросын Холбооны Улсын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуулийн /МГТУГА/ докторын сургалтад 3 жилийн сургалтын төлбөрийг төлж, байгууллагын зардлаар намайг суралцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тушаал хүчин төгөлдөр хэвээрээ байгаа тул 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гурвалсан гэрээний хугацаа дууссан нь нэмэгдүүлсэн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болох учиргүй. Гурвалсан гэрээний зорилго нь О.Н байгууллагын зардлаар суралцаж, Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 842 тоот тогтоолоор /1хх-ийн 203 дугаар талын ард, 204 дүгээр талд/ батлагдсан Эрдмийн цол зэрэг олгох тухай журмын дагуу жилд хоёроос доошгүй нийтдээ 6 удаа Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд очиж суралцан, улмаар эрдмийн зэрэг хамгаалах, эрдмийн цол, зэрэг хамгаалснаа баталсан диплом авснаар биелэгдэх ёстой байхад нэхэмжлэгч дипломын баталгаажуулалтыг гүйцэтгэн, албан ёсоор хүлээн авах эсэх нь хариуцагчид огт хамаагүй мэтээр шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд ирүүлсэн Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуулийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15/523 тоот /1хх-ийн 182 дугаар талд/ албан бичигт О.Н нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд докторын диплом олгуулахад шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, докторын дипломоо албан ёсоор хүлээн авах ажлаар Москва хотод сургууль дээрээ ирэх шаардлагатайг тодорхой бичсэн ба 1364 дугаарт бүртгэгдсэн энэхүү албан бичигтэй ИНЕГ-ын  дарга Л.Бямбасүрэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцан удирдлагын заалтад /1хх-ийн 183 дугаар талд/ гарын үсгээ зурсан тул хариуцагчид нэхэмжлэгчийг дээрх өдрүүдэд явуулахаас татгалзах, томилолтын зардлыг олгохгүй байх үндэслэл алга байна. Тиймээс дээрх албан бичиг, нэхэмжлэгчийн өргөдлийг /1хх-ийн 189 дүгээр талд/ үндэслэн холбогдох журмын дагуу гадаадад томилолтоор явуулах тухай тушаалын төсөл /1хх-ийн 182-191 дүгээр талд/ боловсруулагдсан боловч хариуцагчийн буруугаас буюу ИНЕГ-ын  дарга Л.Бямбасүрэн нь гадаадад томилолтоор явуулах тухай тушаалыг албажуулаагүй болох нь зохигчдын тайлбар болон гэрч Т.Батжаргал нарын мэдүүлэг зэргээр /1хх-ийн 172, 173, 182-191 дүгээр талд/ хангалттай нотлогдож байгаа. Нэхэмжлэлд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Ажил олгогч нь ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй" гэж заасныг хэрэгжүүлж, ИНЕГ-ын дотоод журмын 2.1.7-д "ажилтанд хууль, тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ", 3.5.1.7-д "ажил олгогч ажилтныг сургаж дадлагажуулах, мэргэжил эзэмшүүлэх, боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж заасны дагуу ажил олгогч нь нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу томилолтын тушаал гаргах үүрэгтэй байсан. Гэтэл үүнд анхан шатны шүүх ямар ч ач холбогдол өгөлгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан байна. Хариуцагч нь О.Н-аас бусад, гадаадад эчнээгээр суралцагч ажилтнуудын томилолтын зардлыг /1хх-ийн 237-238 дугаар талд, 2хх-ийн 117, 119 дүгээр талд/ тухай бүрт нь шийдвэрлэж байсан ч О.Н-ын томилолтын зардлыг олгохгүйгээр үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, хязгаарласан нь хэрэгт байгаа нотлох баримтууд /1хх-ийн 237-238 дугаар талд, 2хх-ийн 117, 119 дүгээр талд/ болон гэрч Т.Батжаргалын мэдүүлгээс /1хх-ийн 172, 173 дугаар талд/ үзэхэд илт байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дах заалтуудыг зөрчсөн үйлдэл болсон ба докторын сургалтад 5 удаа явж суралцах хугацааны томилолтын зардлыг бүрэн олгохыг хязгаарласан үндэслэлээ нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01500 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дах хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн мөн шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч илт нэхэмжлэгч талын эрх ашиг сонирхлыг хамгаалж, хэргийн оролцогчдын тэгш мэтгэлцэх эрхийг эдлүүлэхгүй, загнах зандрах гэх мэт үйлдлийг гаргаж байсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч арга буюу шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг ерөнхий шүүгч хангаагүй тул дахин шүүх хурал болсон. Гэтэл шүүгч ингэж хэлбэл танайх гомддог билүү гэх мэт үгийг хуралдааны явцад үгийн дундуур хэлж тайван, тэгш мэтгэлцэх боломжгүй, тавгүй байдалд хариуцагчийг оруулсан. Мөн хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хуулийн дагуу гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж байсан төдийгүй, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгч байснаа, шүүх хуралдаан хүсэлт хэлэлцэхээр завсарлаад орж ирэхэд хүсэлт хэлэлцсэн захирамжтайгаа хамт сөрөг нэхэмжлэлийг чинь хүлээн авахаа болилоо гэх мэтээр ойлгомжгүй, хууль бус процессийн ажиллагааг явуулж байсан. Шүүгчийн энэхүү субьектив хандлага нь шүүгчийн дотоод итгэлд нөлөөлж, хэрэгт байгаа нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянуулах шаардлагатай байгаа болно. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 04/17 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд хариуцагч нь нэхэмжлэгчийг Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн улсын техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулах бөгөөд ийнхүү суралцах хугацааны томилолтын зардалд 17,670 ам доллар олгох, 1 удаа явахад нь 5980 ам доллар /энэ үнийн дүнд аспирантын байр, хоол, бусад зардал багтсан болно/ олгох замаар хувааж өгөх, сургалтын төлбөр болох 135.000 рублийг сургуулиас ирсэн баримтад үндэслэн шилжүүлэх, сургалтад явах бүрд нь ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлэх талаар харилцан тохирч энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө байгуулсан бүх хэлцлийг орлох бөгөөд талуудын хоорондын эцсийн тохиролцоо болно гэж тус тус харилцан тохиролцсон. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан 2017 оны гэрээг бус 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 14С1-996/И тоот гурвалсан гэрээгээр хүлээсэн үүрэг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр оны дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр докторын зэрэг хамгаалсан байна тиймээс ИНЕГ энэхүү гэрээний үүргээ биелүүлэх ёстой гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй бодитой бус шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл: О.Н нь байгууллагатай 2017 онд дахин гэрээ байгуулж сургуулиа төгсөж ирсэн ба тус газар сургалтын зардлыг илүү шилжүүлсэн байхад шүүгч дахин мөнгө гаргаж өгөх шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/01500 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд нийт 22 843 347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч О.Н нь Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургууль болон хариуцагч ИНЕГ-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 14С1-996/и тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.Н нь тус сургуульд эрдмийн зэрэг хамгаалах, хариуцагч ИНЕГ нь сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, визний хураамжийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, хариуцагч байгууллагын даргын тушаалууд зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 71-77, 150, 2-р хх-ийн 72-78-р тал/ 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Н нь суралцах, Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургууль нь нэхэмжлэгч О.Н-ыг суралцуулах, хариуцагч ИНЕГ нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байгаагаас дүгнэвэл хариуцагч ИНЕГ нь Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургуультай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч О.Н-д ашигтай гэрээг байгуулжээ. 

Хариуцагч ИНЕГ нь гэрээнд заасан сургалтын төлбөрийг бүрэн төлсөн талаар талууд маргаангүй, харин нэхэмжлэгч нь 2017 оны 11 сарын 30-наас 12 сарын 15, 2018 оны 5 сарын 20-ноос 6 сарын 1-ний өдрийг дуусталх хугацааны томилолтын зардал буюу онгоцны нислэгийн зардал, байр, хоол, унааны зардалд нийт 22 843 347 төгрөгийг шаардсан нь үндэслэл муутай байна.

Учир нь нэхэмжлэгч О.Н нь хариуцагч ИНЕГ-тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ИНЕГ нь нэхэмжлэгч О.Н-ын суралцах хугацааны томилолтын зардалд /1 удаа явахад нь 5 890/ нийт 17 670 ам.долларыг төлөх үүрэг хүлээжээ. Хариуцагч нь дээрх эвлэрлийн гэрээний дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 5 890 ам.доллар болон 2017 оны 3 сарын 13-ны өдөр Улаанбаатар-Москва чиглэлийн онгоцны билет, 2017 оны 6 сарын 08-ны өдөр 5 870 ам.долларыг бэлнээр, 2 768 200 төгрөгийг бэлэн бусаар, 2017 оны 9 сарын 07-ны өдөр 5 882 ам.долларыг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаангүй тайлбарлажээ. /2хх-ийн 70-71, 149-150, 161, 173-174, 185-186 дугаар тал/,

Хариуцагч татгалзалдаа талууд хэдийгээр 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 14С1-996/и тоот гурван талт гэрээг байгуулсан боловч 2017 онд дээрх эвлэрлийн гэрээг байгуулснаар хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэсэн тайлбар үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэгч О.Н-ын суралцах хугацааны томилолтын зардлыг харилцан тохиролцсон, эвлэрлийн гэрээний 8 дах хэсэгт “энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө байгуулсан бүх хэлцлийг орлох бөгөөд талуудын хоорондын эцсийн тохиролцоо болно” гэж заажээ. /2-р хх-ийн 71-р тал/

Иймд нэхэмжлэгч О.Н нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойшхи хугацааны буюу 2017 оны 11 сарын 30-наас хойшхи томилолтын зардлыг шаардсан нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч О.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолдоо хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, байгууллагын дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3, 3.7.4 дэх заалтуудыг биелүүлж томилолтын зардлыг олгох үүрэгтэй гэх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, суралцах хугацааны томилолтын зардлыг харилцан тохиролцсон байх тул энэ талаар гаргасан тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар ИНЕГ-т холбогдох гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 22 843 347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 167 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                     ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН    

                                                                                        Г.ДАВААДОРЖ