Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00367

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01500 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1893 дугаар магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй,

Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

Гадаадад суралцсан хугацааны томилолтын зардал 22,843,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, төрийг төлөөлж УЕП-ийн хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 9 сарын 22-ны өдрийн А/481 тоот тушаалыг үндэслэн 2014 оны 8 сарын 04-ний өдөр Москвагийн Иргэний нисэхийн улсын их сургууль,*******, ******* нарын хооронд 14С1-996/И дугаартай гурвалсан гэрээ байгуулсан. Би энэ гэрээг нэр төртэй биелүүлж, Нисэхийн техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр амжилттай хамгаалж улмаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Оросын Холбооны Улсын Москва хотын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд ажиллаж техникийн ухааны докторын диплом авах ажлыг гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасныг үндэслэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3, 3.7.4 дэх заалтуудыг баримтлан Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг хамгаалуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх 26 хоногийн бүх зардал болох 15,539,339 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-нийг дуусталх 13 хоногийн техникийн ухааны доктор дипломын сургалтын албан томилолтын зардал болох 7,304,008 төгрөг, нийтдээ 22,843,347 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эрдмийн цол, зэрэг хамгаалахаар явсан 39 хоногийн томилолтын бүх зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас надад олгох үндэслэл нь 14С1-996/и тоот гэрээний 4, 6 дугаар заалтыг буюу эрдмийн цол, зэрэг горилогчийн хүлээх үүргээ би 100 хувь биелүүлж, техникийн ухааны доктор Ph.D цолыг Оросын Холбооны Улсаас хүртсэн тул******* нь энэхүү гэрээний 3 дугаарт заасан намайг суралцахад бүхий л нөхцөл боломжоор хангах, бүхий л шаардлагуудыг горилогч хангахад баталгаа гаргаж, хариуцах үүргээ биелүүлэн А/481 тоот тушаалд байгууллагын зардлаар сургана гэж заасны дагуу надад томилолтын бүх зардлыг олгох ёстой. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/481 тоот тушаалыг хүчингүй болгоогүй, 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 14С1-996/и дугаартай гурвалсан гэрээнээс татгалзаагүй, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3.3, 3.7.4 дүгээр заалтуудыг үндэслэн надад томилолтын бүх зардлыг олгох ёстой. Нисэхийн салбартаа 15 жилийн дараа гадаад улсын иргэний нисэхийн үндсэн мэргэжил болох агаарын хөлгийн ашиглалтын инженерийн мэргэшлээр техникийн ухааны доктор цолыг хамгаалахад надад төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 1.2.5, 8.1.1 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэн, бүхий л талаар дэмжлэг үзүүлж, надад энэхүү зардлыг олгох ёстой гэж үзэж байна. Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 842 тоот тогтоолоор батлагдсан эрдмийн цол, зэрэг олгох журмын дагуу тухайн аспирантурын сургалтын жилд хоёроос доошгүй нийтдээ 6 удаа МГТУГА-д очин суралцах ёстой байсан боловч******* нь 2016 оноос хойш сургалтын төлбөрийг хийхгүй саатуулж гурвалсан гэрээг цуцлуулах, хэмжээнд хүргэсэн ба дипломоо хамгаалах, докторын цолны болзлыг хангуулах гэж хувийнхаа зардлаар 2 удаа явж хохирсон. Би тус сургуулийн ректор, проректор нартай олон удаа уулзаж, ярилцсаны үр дүнд 4 жилээр өдрөөр аспирантурт суралцах байсныг 3 жил эчнээгээр суралцахаар зөвшөөрүүлж, сургалтын төлбөрийг 42 хувиар буюу 690,000 рублээр суралцахыг 405,000 рубль, /10,875 ам.доллар/ болгон багасгасан. МГТУГА-ын ректор Б.П.Елисеевээс илгээсэн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15/759, 2014.07.09-ний өдрийн 15/1229 дугаартай албан бичгээр баталгаажуулж өгснөөс гадна 5 дах удаагийн сургалтаараа эрдмийн цол, зэргээ хамгаалж, нэг удаагийн сургалтын зардлыг хэмнэсэн байгаа тул Иргэний нисэхийн ерөнхий газраас 9,491 ам.доллар буюу 22,843,347 төгрөгийн албан томилолтын зардлыг гаргуулж өгнө үү. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2016/00201 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн намайг захирлын ажилд эгүүлэн томилохын оронд*******т мэргэжилтнээр ажиллуулахаар намайг дарамтлан эвлэрлийн гэрээ гэгчийг байгуулсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон. Энэхүү эвлэрлийн гэрээний үндсэн агуулга нь нэг талаас нэхэмжлэгч *******, хариуцагчийг төлөөлж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг биелүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Уг тогтоол нь намайг Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байгаа нь миний докторантурт суралцах сургалттай холбоогүй болох нь гэрчлэгдэж байгаа. Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний үнэ 1,828,900 төгрөг, хоёр дахь явалт нь 403,400 төгрөг, нийт 2,232,300 төгрөг, байрны зардал эхнийх нь 3,900 долларыг тухайн үеийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ханш 2 396.93 тооцно, 1,950 долларыг тухайн үеийн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны ханш 2,412.80 төгрөгөөр тооцно. Хоолны зардалд 1,560 доллар, үүнийг 2,396.93 төгрөгөөр үржүүлж, 3,739,211 төгрөг, 2 дахь удаагийн хоолны зардал нь 780 долларыг 2,412.80 төгрөгөөр үржүүлнэ. Ингээд нийт хоолны зардалд 5,621,195 төгрөг болж байна. Унааны зардал эхний удаа 260 доллар буюу 623,200 төгрөг, сүүлчийн явалт нь 130 доллар буюу нийт 936,866 төгрөг, бүгд 22,843,348 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын зүгээс *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг томилолтын зардал гэж гаргадаг. Сая нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 128.1.9 гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө хөдөлмөрийн гэрээгээр үүссэн харилцаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 1.9 юм уу, 5.2 юм уу энэ нь өөрөө ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.******* нь *******ын өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх гээд, одоо бол ******* Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан биш хүний томилолтын зардлыг төлөх үндэслэлгүй. Мөн*******т ******* ажиллаж байхдаа мэргэжил, боловсролоо дээшлүүлэх нь хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийнх нь үүрэг. Гэтэл өөрөө мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэж яваад буудалд байрласан, идсэн, машинаар явсан бүх мөнгийг хариуцагч төлөх нь шударга бус. ******* өөрөө мэргэжил, боловсролоо дээшлүүлэхээр явсан гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт байна. 2012 оноос Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд суралцахаар хөөцөлдөж аспирантурын шалгалт өгсөн байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар байсан бол******* өөрөө хүсэлт тавиад манайд ийм доктор хэрэгцээ, шаардлагатай байна, энэ чиглэлээр сургаж өгөөч ээ гэсэн хүсэлт байх ёстой. Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар би сураад байна гэж *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож би та нарт хэрэгтэй учраас сураад байна гэсэн агуулгатай зүйл яриад байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.******* суралцах хугацааны дэмжлэг үзүүлэхээр байгаа ингэж дэмжлэг үзүүлнэ гэснийг намайг сургахын тулд миний бүх зардлыг төл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн *******тай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газраас 3 жилийн сургалтын төлбөрт нь 10,875 ам.доллар төлөх байснаас 2014-2015 онд 11,600 ам.долларыг сургалтын төлбөрт шилжүүлчихээд байна. Тэгэхээр 725 ам.долларыг илүү шилжүүлсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04/17 дугаартай талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1-д хариуцагч нь нэхэмжлэгчийг Оросын Холбооны Улсын Москва хотын Иргэний нисэхийн техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулна, ингэж суралцах хугацааны томилолтын зардалд 17.670 ам.доллар олгоно, энэ үнийн дүнд нь аспирантурын байр, хоол болон бусад зардлууд багтсан, сургалтад тухай бүр ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу эвлэрлийн гэрээнд заасан үүргээ******* биелүүлсэн, энэ мөнгийг авсан болохоо ******* зөвшөөрдөг. Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд 3 талт гэрээний хугацаа аль эрт дууссан учраас бид эвлэрлийн гэрээнд юуг оруулсан бэ гэвэл эвлэрлийн гэрээний 8 дахь хэсэгт энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө нь байгуулсан бүх хэлцлийг орлоно, талуудын хоорондын эцсийн тохиролцоо гэж талууд тохирсон. Тэгэхээр эвлэрлийн гэрээний дагуу манай байгууллага *******ад төлбөрийг шилжүүлсэн,******* нь *******ын өмнө одоогийн байдлаар ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй. Томилолтын зардлыг төлнө гэсэн талуудын хоорондын ямар нэгэн тохиролцоо байхгүй. Цаг хугацааны хувьд талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнээс хойш үүссэн цаг хугацаанд хамаарч, *******ыг дипломоо очиж авахаар зарцуулсан хоол, унааны бусад зардлыг яагаад******* төлөх ёстой, юунд үндэслэн нэхэмжлээд байгааг хариуцагч ойлгохгүй байна. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу давхардуулж олгосон 11,000,000 төгрөг, гадаад томилолтын зардал 1,333 ам.доллар илүү өгсөн гэх Сангийн яамны шалгалтаар илрүүлсэн зөрчил гэх мэт нийт 18,000,000 төгрөгийн авлага байгаа. Ажилтныг суралцах хугацаанд байгууллага тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх бөгөөд түүний унаа, хоол бүх зардлыг төлөх үүрэг хүлээхгүй учраас Иргэний нисэхийн ерөнхий газраас *******ыг суралцах хугацаанд үзүүлэх дэмжлэгээ хангалттай үзүүлсэн, мөн илүү мөнгө өгсөн учраас *******ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01500 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг тус тус баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 15,590,169 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,034,178 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 236,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1893 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар*******т холбогдох гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 22,843,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй магадлал гаргалаа.

2. 2014.08.04-ний өдөр Оросын Холбооны Улсын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургууль /МГТУГА/,******* /ИНЕГ/, ******* нарын хооронд байгуулагдсан сургалтын гурвалсан гэрээг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан, нэхэмжлэгч буюу гуравдагч этгээдэд ашигтай хөлсөөр ажиллах гэрээ гэж буруу дүгнэсэн. Энэ гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтай хөлсөөр ажиллах гэрээ биш, харин гурван тал бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн сургалтын гэрээ буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн гэрээ байсан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2017.01.23-нд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.03-ны 102/ШШ2015/06791 тоот шүүхийн шийдвэрээр /энэ шийдвэрийг УДШүүхийн 2016.03.03-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн болно/ *******ыг ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгасантай холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох зорилгоор байгуулагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017.01.23-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр хариуцагчийн 2014.08.04-ний өдрийн сургалтын гурвалсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Тэр тусмаа эвлэрлийн гэрээний 8 дахь хэсэгт энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө байгуулсан бүх хэлцлийг орлох бөгөөд талуудын хоорондын эцсийн тохиролцоо болно гэсэн хууль зөрчсөн заалтыг давж заалдах шатны шүүх хариуцагчийн сургалтын гурвалсан гэрээний үүргийг үгүйсгэх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь илт алдаатай, хүлээн зөвшөөрөх боломжгүй магадлал гаргах үндэслэл болжээ.

2014.08.04-ний өдрийн 14С1-996 дугаартай сургалтын гэрээ нь*******-ын нэр дээр гадаад улс оронд өдрөөр, эчнээгээр суралцдаг ажилтан, оюутнуудтай байгуулдаг байгууллагын дүрэм, журмаар зөвшөөрөгдсөн жишиг сургалтын гэрээ юм. Ийм жишиг сургалтын гэрээ нь өмнө нь ч байсан, цаашид ч Иргэний нисэхэд байх болно. Учир нь******* бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ИКАО/ гишүүнийхээ хувьд Иргэний нисэхийн тухай олон улсын Конвенци түүний Хавсралтуудыг дагаж мөрдөх, үүргээ биелүүлж, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахын тулд олж буй орлогоосоо юуны өмнө нисэхийн мэргэжлийн боловсон хүчнийхээ боловсрол, мэргэжил, мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд зарцуулахад зориулна гэж үүрэг хүлээсэн байдаг. Үүнийгээ Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулийн 8-р зүйлийн 8.4.5 дах хэсэгт иргэний нисэхийн үйлчилгээний орлогыг хууль тогтоомжийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах гэж хуульчилсан болно. Энэхүү заалтыг хэрэгжүүлж*******-т Сургалтын төв гэсэн нэгжийг байгуулж, энэ сургалтын төв нь гадаад, дотоод сургалтанд ажилтнуудаа хамруулах, сургалтын гэрээнүүдийг боловсруулах, гадаад, дотоод сургалтанд албан томилолтоор ажилтнуудыг явуулах тухай танилцуулга, удирдамж, тушаал, төсвийн төслийг боловсруулан батлуулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг юм. Миний нэхэмжилж буй гадаад сургалтын албан томилолтын талаарх танилцуулга, удирдамж, тушаалын төслийг энэхүү сургалтын төвөөс боловсруулан өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тодорхой байгаа.

3. 2014.08.04-ний өдрийн 14С1-996 дугаартай сургалтын гэрээ нь байгууллагын дотоод дүрмийн дагуу ажилтны хөдөлмөрлөх эрх, мэргэшлээ дээшлүүлэх эрхийн хүрээнд, хариуцагч байгууллагад мөрдөгдөж байгаа, ажилтан гадаад, дотоод сургалтанд явуулах тухай дүрэм, журам, тушаалын хүрээнд байгуулагдсан атал ажил олгогч нь Шүүхийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын заалтуудыг ноцтой зөрчиж улмаар эвлэрлийн гэрээ байгуулах аргаар байгууллагын дотоод дүрэм, журмын дагуу гадаад сургалтын албан томилолтын зардал, мөнгө авах ажилтны эрхийг хязгаарлах эрхгүй юм. Ингэж хязгаарлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасныг зөрчиж байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Дээрх сургалтын гурвалсан гэрээний 1.4 дэх заалтын дагуу буюу ОХУ-ын Засгийн газрын 2013.09.24-ний өдрийн 842 тоот тогтоолоор (1-р х.х-ийн 203-р талын ард, 204-р талд) батлагдсан Эрдмийн цол, зэрэг олгох тухай журмын дагуу нэхэмжлэгч нь докторын зэрэг хамгаалах сургалтад 3 жилийн хугацаанд жилд 2 удаа, нийт 6 удаа явах ёстойг заасан байхад ямар шалтгаан, үндэслэлээр 3 удаа болгож багасгаснаа, докторын зэрэг, цол хамгаалах сургалтад нийт 5 удаа явж, суралцах хугацааны томилолтын зардлыг бүрэн олгохыг хязгаарласан үндэслэлээ ажил олгогч нь нотлох үүргээ биелүүлээгүй, энэ тухай эвлэрлийн гэрээнд тусгаагүй ба энэ талаараа гэрээний нөгөө тал болох МГТУГА-д огт мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад шүүх энэ талаар зөв дүгнэлтийг хийсэнгүй.

4. Хариуцагч*******-ын гомдлын үндэслэл болгож буй эвлэрлийн гэрээний үндсэн агуулга нь нэхэмжлэгч намайг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан атал намайг дарамталж, эвлэрлийн гэрээнд миний ОХУ-ын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд докторантурын сургалтад 5 удаа явахаас 3 удаа явуулах хугацааны гадаад албан томилолтын зардлыг хариуцагч******* төлөхөөр өөрчилсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад шүүх энэ талаар зөв дүгнэсэнгүй.

5. Түүнчлэн эвлэрлийн гэрээгээр намайг шүүхийн шийдвэрт зааснаар захирал-ын ажилд эгүүлэн томилохын оронд албан тушаалыг олон шатаар бууруулан*******-т мэргэжилтнээр ажиллуулахаар болсон, миний докторантурт суралцахад олгох гадаад албан томилолтын зардлын тоо хэмжээг багассан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д иХөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, аръсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нъ ялгаварлах, хязгаарлах, давуу байдал төгтоохыг хориглоно. гэж заасныг зөрчиж байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

6. Хууль, тогтоомжуудын заалтуудыг тодорхой зөрчсөн үйлдлүүд илэрхий байгаагаас гадна нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль эрх зүйн үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-р, 6-р зүйлийн 6.1-р заалтыг (1-р х.х-ийн 236-р талд) байгууллагын дотоод журмын 2.10.2; 2.10.3; 3.7.1; 3.7.2; 3.7.4; гэсэн таван заалтуудыг (1-р х.х-ийн 5-р, 174-р, 236-р талд) дурдаад тэдгээрийг хариуцагч нь хэрэгжүүлэн ажиллаж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх ёстойг гомдолдоо маш тодорхой бичсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, зөвхөн эвлэрлийн гэрээнд ач холбогдол өгч, харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь өөрөө энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүх ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулжээ.

7. Хариуцагч нь Оросын Холбооны Улсын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуулийн докторантурын сургалтад 3 жилийн сургалтын төлбөрийг төлж, байгууллагын зардлаар намайг суралцуулахаар шийдвэрлэсэн*******-ын даргын 2014.09.22-ны өдрийн А/481 дүгээр (1-р х.х-ийн 188-р талд) тушаал хүчин төгөлдөр хэвээрээ байгаа, 2014.08.04-ний өдрийн №14С1-996 дугаартай сургалтын гэрээнээс татгалзаагүй байгаа нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нъ зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч нь №14С1-996 дугаартай сургалтын гэрээний үүргээ хэрэгжүүлэн нэхэмжлэгчид сургалтын гадаад албан томилолтын бүх зардлыг өгөх үүрэгтэй.

Тодруулбал А/481 дүгээр тушаалыг үндэслэн, 02/168 дугаартай хөдөлмөрийн гэрээний (1-р х.х-ийн 218-225-р талд) дагуу*******-ын ажилтны хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 14.2- рт Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна., 14.7-д сурч боловсрох эрхтэй. 14.8-д ..., шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална. гэсэн заалтуудыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-рт Ажил олгогч нъ ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, 6-р зүйлийн 6.1-д Ажилтан нь ..., хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй. гэж заасныг хэрэгжүүлж,*******-ын дотоод журмын 2.1.7-д Ажилтанд хууль, тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ, 3.5.1.7-д ажил олгогч ажилтныг сургаж дадлагажуулах, мэргэжил эзэмшүүлэх, боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж зааснаар, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 1.2.5-д салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчний нөөц бүрдүүлэх, 8.1.1-д иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн /нисгэгч, инженер техникийн ажилтан, нислэгийн удирдагч/ болон бусад мэргэжлийн ажилтныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагад бэлтгэх гэсэн заалтуудыг хэрэгжүүлэн ажил олгогч буюу хариуцагч нь сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэн ажилласан нэхэмжлэгчид ОХУ-ын Москва хотын МГТУГА-ийн докторантурт 2 удаа явж суралцсан нийт 39 хоногийн албан томилолтын бүх зардал 22,843,347 төгрөгийг /2017.11.30-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг дуусталх хугацаанд суралцсан 26 хоногийн албан томилолтын зардал болох 15,539,339 төгрөгийг, 2018.05.20-ны өдрөөс 2018.06.01-ний өдрийг дуусталх хугацаанд суралцсан 13 хоногийн албан томилолтын зардал болох 7,304,008 төгрөгийг/ Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.9-р заалтыг үндэслэн гаргаж өгөх үүрэгтэй юм.

Яг энэ хууль, эрх зүйн зарчмаар******* нь ОХУ-ын Москва хотын МГТУГА-ийн докторантурт намайг 2015.01.21-ний өдрөөс 2015.02.28-ны өдрүүдэд гадаад албан томилолтын зардлаар (1-р х.х-ийн 196-р талд) сургалтанд хамруулсан байгаа зэрэгт анхан шатны болон давж заалдах шатны шүүх ямар ч ач холбогдол өгөлгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан байна.

8. Хариуцагч нь нисэхийн мэргэжлийн бус этгээдүүдийг*******-ын зардлаар гадаад улсуудад ямар ч шаардлагагүй мэргэжлээр дээд боловсролын дипломын сургалтанд их хэмжээний зардлаар суралцуулдаг, мөн эчнээгээр суралцагч ажилтнуудын томилолтын зардлыг (1-р х.х-ийн 236-238-р талд, 2-р х.х-ийн 117,119-р талд) тухай бүрт нь шийдвэрлэж байсан атлаа Монгол улсын Үндсэн хуулийн 14.2-рт Хүнийг... эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна., 14.7-д сурч боловсрох эрхтэй. ..., 14.8-д ..., шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй,... гэсэн заалтуудыг зөрчин зөвхөн ******* намайг ялгаварлан гадуурхаж, /шүүхэд нэмэлт тайлбараар бичиж өгч, өөрөө МГТУГА-с хэмнэсэн 10,875 $-саа 9,491 $-ыг нь албан томилолтын зардалдаа авах гэж байгаагаа тодорхой тооцоолон өгсөн байгаа. /1-р х.х-ийн 236-р талд/ иргэний нисэхийн үндсэн мэргэжлээр Техникийн ухааны доктор-Ph.D цолыг ОХУ-д хамгаалж, ОХУ-ын иргэний нисэхийн салбарт Иргэний нисэхийн техникийн шинжлэх ухаанаар эрдэм шинжилгээний шинэ бүтээл туурвиж (1-р х.х-ийн 59-р талд) Монгол улсынхаа нэрийг гаргасан, иргэний нисэхийн салбарт 39 жил зүтгэж яваа Иргэний нисэхийн хүндэт ажилтан, Иргэний нисэхийн тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, мэргэжлийн ахмад ажилтан надад албан томилолтын зардлыг олгохгүй ёс суртахууны болоод уламжлалт зан үйлийг зөрчиж "хүнлэг бус үйлдлийг гаргаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд (1-р х.х-ийн 237-238-р талд, 2-р х.х-ийн 117,119-р талд) болон гэрч Т.Батжаргалын мэдүүлгээр (1-р х.х-ийн 172,173-р талд) нотлогдож байгаа болно.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь заалтуудыг зөрчсөн байх ба докторын сургалтад 5 удаа явж суралцах хугацааны томилолтын зардлыг бүрэн олгохыг хязгаарласан үндэслэлээ нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх энэ талаар хууль, тогтоомжийн дагуу үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй.

9. Гэрч болох*******-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нь Эвлэрлийн гэрээг надтай харилцан тохиролцож байгуулаагүй болохыг,*******-ын даргын 2014.09.22-ны өдрийн А/481 тоот тушаалыг хэрэгжүүлж, надад сургалтын гадаад албан томилолтын зардлыг олгохгүй байгааг,*******-ын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуульд заагдсан үүргээ******* нь биелүүлж ажиллахгүй байгааг, 14С1-996/и дугаартай сургалтын гэрээ-нийхээ үүргийг хугацаанд нь биелүүлэхгүй байсныг, намайг докторантурт 5 удаа томилолтоор суралцуулах ёстой байсныг, миний нэхэмжилж буй 2 удаагийн сургалтын гадаад албан томилолтын тушаалын иж бүрдлийг хангуулан, тушаалын төслийг бэлэн болгосныг Л.Бямбасүрэн дарга баталгаажуулаагүйг, нисэхийн мэргэжлийн бус хүмүүсийг*******-ын зардлаар гадаад улсуудад ямар ч шаардлагагүй мэргэжлээр их хэмжээний зардлаар суралцуулдаг хирнээ зөвхөн *******ыг ялгаварлан гадуурхаж, нисэхийн үндсэн мэргэжлээр доктор болох гэхэд нь сургалтын гадаад албан томилолтын зардлыг олгохгүй байгааг тус тус өөрөө гарын үсэг зурсан бүх баримт бичгүүдээрээ (1-р хавтаст хэргийн 142, 158, 183-р хуудсанд) гэрчлэн, гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Гэтэл гэрчийн тодорхойлон (1-р хавтаст хэргийн 272-273-р хуудсанд) хэлсэн мэдүүлэгт давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.3-рт заасныг зөрчин миний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль бус үйлдлээ булзайруулж намайг Эвлэрлийн гэрээ гэгчээр сургасан хэмээн гаргаж буй хариуцагчийн гомдлын шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

11. Миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.08-ны өдрийн 1893 дугаар магадлалын гол үндэслэл нь болгосон Эвлэрлийн гэрээ нь миний нэхэмжилж буй сургалтын гадаад албан томилолтын зардалд огт хамааралгүй болно. Учир нь нэхэмжлэгч Би хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу*******-ын хөдөлмөрийн дотоод журамд заасныг баримтлан эрх, үүргээ хэрэгжүүлэн*******-ын даргын 2016 оны А/78-р тушаалаар батлагдсан Гадаадад томилолтоор ажиллуулах тухай журмын 4.1-д заасныг үндэслэн гадаад сургалтанд албан томилолтоор ажиллах ёстой юм. Ийм ч учраас намайг гадаад сургалтанд албан томилолтоор ажиллуулах баримт бичигт Эвлэрлийн гэрээ гэсэн үг нэг ч байхгүй болно. Нотлох баримтуудаас дурдвал:

- Сургалтанд гадаад албан томилолтоор явуулахыг хүсэж*******-ын дарга Л.Бямбасүрэнд гаргасан нэхэмжлэгчийн 2017.11.09-ний өдрийн өргөдөлд /1-р х.х-ийн 151-р талд/

- Сургалтанд гадаад албан томилолтоор явуулахыг хүсэж*******-ын дарга Л.Бямбасүрэнд гаргасан нэхэмжлэгчийн 2018.05.14-ний өдрийн өргөдөлд (1-р х.х-ийн 189-р талд/.

- Эрдмийн цол, зэргээ хамгаалахаар явах тухай сургалтын гадаад албан томилолтын тушаалын танилцуулга, удирдамж, төсөлд (1-р х.х-ийн 137-147, 158-159-р талд)

- Оросын Холбооны Улсын Боловсролын яамны Аттестатчилалын дээд зөвлөлд техникийн ухааны дэд эрдэмтний дипломыг олгуулахад шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангуулах зорилгоор мөн докторын дипломоо албан ёсоор гардаж авахаар явах тухай сургалтын гадаад албан томилолтын тушаалын танилцуулга, удирдамж, төсөлд (1-р х.х-ийн 182-191-р талд),

12. 14С1-996 дугаартай сургалтын гэрээний зорилго нь ******* байгууллагын зардлаар суралцаж, ОХУ-ын Засгийн газрын 2013.09.24-ний өдрийн 842 тоот тогтоолоор жилд 2-оос доошгүй, нийтдээ 6-н удаа Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд очиж, суралцан улмаар эрдмийн зэрэг хамгаалах, докторын цолны дипломыг гардан авснаар биелэгдэх ёстой байхад нэхэмжлэгч дипломын баталгаажуулалтыг гүйцэтгэх, албан ёсоор гардан авах эсэх нь хариуцагчид огт хамаагүй мэтээр шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

13. Энэхүү хэргийн анхдугаар шүүх хурал буюу 2018.05.11-ний өдрийн 183/Ш32018/05985 тоот захирамжид (1-р х.х-ийн 126-127-р талд) дараачийн шүүх хурлын товыг бичээгүй байгаа. Учир нь докторын диплом олгуулахад шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, докторын дипломоо албан ёсоор хүлээн авах ажлаар би 2018 оны 05-р сарын дунд үеэс 6-р сарын эхний долоо хоногийн өдрүүдэд Москва хотын МГТУГА-д байх шаардлагатайгаа тодорхой хэлсэн бөгөөд шүүгч бичгээр хүсэлт гаргаарай тэгээд таныг докторын дипломоо аваад ирсний дараа дараачийн шүүх хурлыг товлоё гэсэн байдаг. Үүний дагуу 2018.05.20-ны өдрөөс 2018.06.08-ны өдрүүдэд Москва хотын МГТУГА-д байх тухайгаа бичин, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаж өгөхийг хүсэж би 2018.05.18-ны өдөр шүүхэд хүсэлт (1-р х.х-ийн 148-р талд) гаргасан байгаа. Явж ирснийхээ дараа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа шүүхэд гаргаж өгсөн ба энэ тухай тайлбараа 2018.06.12-ны өдрийн шүүх хуралд (шүүх хурлын тэмдэглэл буюу 1-р х.х-ийн 203-204-р талд) тодорхой өгсөн юм.

Энэ бүгдээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх процесс нь шүүх ажиллагааны явцад нэн тодорхой, ойлгомжтой болж эдгээр нь хөдөлшгүй баримт нотолгоогоор хавтаст хэрэгт авагдсан байгаа тул шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

14.*******-ын дарга Л.Бямбасүрэнд ирүүлсэн Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуулийн 2018.04.10-ны өдрийн 15/523 тоот (1-рх.х-ийн 182-р талд) албан бичигт ******* нь 2018.05.14-ний өдрөөс 2018.05.31-ний өдрүүдэд докторын диплом олгуулахад шаардлагатай баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, докторын дипломоо албан ёсоор гардан авах ажлаар Москва хотод сургууль дээрээ ирэх шаардлагатайг тодорхой бичсэн ба 1364 дугаарт бүртгэгдсэн энэхүү албан бичигтэй*******-ын дарга Л.Бямбасүрэн 2018.04.12-ны өдөр танилцан удирдлагын заалтад (1-р х.х-ийн 183-р талд) гарын үсгээ зурсан тул хариуцагчид нэхэмжлэгчийг дээрх өдрүүдэд явуулахаас татгалзах, томилолтын зардлыг олгохгүй байх үндэслэл алга байна. Тиймээс дээрх албан бичиг, нэхэмжлэгчийн гадаад сургалтанд албан томилолтоор суралцуулах тухай өргөдлийг (1-р х.х-ийн 189-р талд) үндэслэн холбогдох журмын дагуу гадаадад томилолтоор явуулах тухай тушаалын төсөл (1-р х.х-ийн 182-191-р талд) боловсруулагдсан боловч хариуцагчийн буруугаас буюу*******-ын дарга Л.Бямбасүрэн нь гадаадад томилолтоор явуулах тухай тушаалыг албажуулаагүй болох нь зохигчдын тайлбар болон гэрч Т.Батжаргал нарын мэдүүлэг зэргээр (1-р х.х-ийн 172, 173, 182-191-р талд) хангалттай нотлогдож байгаа.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргасан. *******ын өмнө хүлээсэн үүргээ Иргэний нисэхийн Ерөнхий газар биелүүлсэн, Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон УЕП-ын хяналтын прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч **************т холбогдуулан гадаадад суралцсан хугацааны томилолтын зардал 22,843,347 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 15,590,169 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 1.   Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Нисэхийн техникийн ухааны дэд эрдэмтний цолыг хамгаалахаар болон дипломоо авахаар ОХУ руу 2 удаа явахдаа хувиараа зардлаа төлж хохирсон тул Москвагийн Иргэний нисэхийн улсын их сургууль,*******, ******* нарын хооронд 2014.08.04-ний өдөр байгуулсан 14С1-996/И дугаартай гурвалсан гэрээг үндэслэн албан томилолтын буюу нислэг, байр, хоол, унааны зардал нийт 22,843,347 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...гурвалсан гэрээний дагуу сургалтын төлбөрт 10,875 ам.доллар төлөх байснаас 11,600 ам.долларыг төлж, 725 ам.долларыг илүү шилжүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр ...нэхэмжлэгчийг докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулна, ингэж суралцах хугацааны томилолтын зардалд нийт 17,670 ам.доллар олгох-оор тохиролцсон. Энэ үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 2. Нэхэмжлэгч ******* нь*******-ын харьяа Чингис хаан ОУНБ-ын захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч болон Москвагийн иргэний нисэхийн техникийн улсын их сургуультай №14С1-996/И дугаартай гурвалсан гэрээ байгуулж, тус гэрээгээр Их сургууль нь горилогч буюу *******ад шинжлэх ухааны агаарын тээврийн үйлдвэрлэл-үйлчилгээний зохион байгуулалт мэргэжлээр боловсролын үйлчилгээ үзүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг туурьвах, аспирантурын эрдмийн зэрэг горилох шалгалтыг өгч, суралцуулахад дэмжлэг үзүүлэх, захиалагч компани буюу Монголын******* суралцах хугацааны сургалтын нийт төлбөр 405,000 рублийг хуваарийн дагуу /жил бүр 135,000 рубль/ төлөх, ОХУ-ын визний хураамж, оюутны байранд амьдрах төлбөр тооцоог төлөхөөр, горилогч буюу ******* нь боловсролын үйлчилгээг авч, гэрээнд заасан хугацаанд эрдмийн зэрэг горилох шалгалтыг өгөхөөр тус тус үүрэг хүлээж, талууд гэрээг 2014.12.15-наас 2017.12.14-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 3. *******ыг Чингис хаан ОУНБ-ын захирлын ажлаас чөлөөлсөн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, *******ыг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад зохигч эвлэрч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №04/17 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 Тус гэрээний 1-д ...Иргэний нисэхийн ерөнхий газар нь *******ыг ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн улсын техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулах бөгөөд ийнхүү суралцах хугацааны томилолтын зардалд 17,670 ам.доллар олгох, /нэг удаа явахад нь 5,890 ам.доллар/, сургалтын төлбөр 135,000 рублийг сургуулиас ирсэн баримтыг үндэслэн шилжүүлэх, сургалтад явах бүрд нь ирж, очих онгоцны билетийн зардлыг шилжүүлнэ гэж, 8-д энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө байгуулсан бүх хэлцлийг орлох бөгөөд талуудын хоорондын эцсийн тохиролцоо болно гэж тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ №14С1-996/И дугаартай гурвалсан гэрээг үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзсан хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл болсон Эвлэрлийн гэрээнд дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2., 116.3.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 5. Нэхэмжлэгч ******* нь №14С1-996/И дугаартай гурвалсан гэрээ байгуулах үед*******-ын харьяа Чингис хаан ОУНБ-ын захирлын ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэст Бодлого зохицуулалтын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байсан байжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж,*******-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.7.4. дэх заалтад ...иргэний нисэхийн тусгай мэргэжлийн үндсэн ажилтныг мэргэжил, эрхэлж буй ажлын чиглэлээр гадаадад сургалтад хамруулж болно... гэжээ.

 Хөдөлмөрийн дотоод журмын дээрх зохицуулалт нь ажил олгогчид эрх олгосон зохицуулалт байх бөгөөд ажил олгогч ажилтны хүсэлтийг үндэслэн 2014 оны №14С1-996/И гэрээгээр *******ыг Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд эрдмийн зэрэг горилох сургалтын төлбөрийг боловсролын үйлчилгээ үзүүлж буй Москвагийн Их сургуульд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээг талуудын хооронд урьд өмнө байгуулсан бүх хэлцлийг орлох бөгөөд эцсийн тохиролцоо болно гэж, тус гэрээгээр нэхэмжлэгчийг докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулах, энэ хугацааны томилолтын болон сургалтын төлбөрийг ажил олгогч хариуцахаар харилцан тохиролцжээ.

 ИНЕГ-ын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/481 дүгээр тушаалаар *******ын 3 жилийн сургалтын төлбөрийг төлж, байгууллагын зардлаар суралцуулах, суралцах хугацааны төлбөрт 10,875 ам.долларыг төсөвлөсөн боловч 11,600 ам.долларыг шилжүүлсэн, үүний дараа 2017.01.23-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд суралцах хугацааны томилолтын зардалд 17,670 ам.доллар төлөх үүрэг хүлээснийг бүрэн биелүүлсэн нь баримтаар тогтоогдсон байна.

 Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 236 дугаар зүйлийн 236.1.1. дэх заалтад нийцжээ.

 Зохигч Эвлэрлийн гэрээний 8-д Эвлэрлийн гэрээ нь өмнө байгуулсан бүх хэлцлийг орлоно гэж заасан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзнэ.

 Энэ тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2.-т зааснаар Эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө зохигчийн хооронд үүссэн гурвалсан гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох бөгөөд хариуцагч буюу ажил олгогч Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул түүний хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь 2014 оны №14С1-996/И дугаартай гурвалсан гэрээний үүргийг ажил олгогчоос шаардах эрхгүй тул ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн талаарх... нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд харин зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон талаарх гомдол үндэслэлтэй боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 Давж заалдах шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ тусгайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн гэрээний эрх зүйн маргааныг зохицуулсан ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1893 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 189 дүгээр зүйлийн 189.1. дэх хэсэгт... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 128 дугаар зүйлийн 128.1.11.-д... гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧИД                                  Х.СОНИНБАЯР

                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                         Д.ЦОЛМОН

                                                                  Х.ЭРДЭНЭСУВД