Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 01500

 


 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/01500

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Н / /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- И н е г-т холбогдох,

   гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 22.843.347 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн /871/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дооханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014.09.22-ны өдрийн А/481 тоот тушаалыг үндэслэн 2014.08.04-ний өдөр Москвагийн Иргэний нисэхийн улсын их сургууль, И н е г, О.Н нарын хооронд 14С1-996/И дугаартай гурвалсан гэрээ байгуулсан. Би энэ гэрээг нэр төртэй биелүүлж, Нисэхийн техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг 2017.12.13-ны өдөр амжилттай хамгаалж улмаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд ОХУ-ын Москва хотын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд ажиллаж техникийн ухааны докторын диплом авах ажлыг гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасныг үндэслэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3, 3.7.4 дэхь заалтуудыг баримтлан ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг хамгаалуулахаар 2017.11.30-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг дуусталх 26 хоногийн бүх зардал болох 15.539.339 төгрөгийг, 2018.05.20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-нийг дуусталх 13 хоногийн техникийн ухааны доктор дипломын сургалтын албан томилолтын зардал болох 7.304.008 төгрөг, нийтдээ 22.843.347 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эрдмийн цол, зэрэг хамгаалахаар явсан 39 хоногийн томилолтын бүх зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас надад олгох үндэслэл нь 14С1-996/и тоот гэрээний 4, 6 дугаар заалтыг буюу эрдмийн цол, зэрэг горилогчийн хүлээх үүргээ би 100 хувь биелүүлж, техникийн ухааны доктор Ph.D цолыг ОХУ-аас хүртсэн тул И н е г нь энэхүү гэрээний 3 дугаарт заасан намайг суралцахад бүхий л нөхцөл боломжоор хангах, бүхий л шаардлагуудыг горилогч хангахад баталгаа гаргаж, хариуцах үүргээ биелүүлэн А/481 тоот тушаалд байгууллагын зардлаар сургана гэж заасны дагуу надад томилолтын бүх зардлыг олгох ёстой.

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014.09.22-ны өдрийн А/481 тоот тушаалыг хүчингүй болгоогүй, 2014.08.04-ний өдөр байгуулсан 14С1-996/и дугаартай гурвалсан гэрээнээс татгалзаагүй, ИНЕГ-ын дотоод журмын 2.10.2, 2.10.3, 3.5.1.7, 3.7.1, 3.7.3.3, 3.7.4 дүгээр заалтуудыг үндэслэн надад томилолтын бүх зардлыг олгох ёстой. Нисэхийн салбартаа 15 жилийн дараа гадаад улсын иргэний нисэхийн үндсэн мэргэжил болох агаарын хөлгийн ашиглалтын инженерийн мэргэшлээр техникийн ухааны доктор цолыг хамгаалахад надад төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 1.2.5, 8.1.1 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэн, бүхий л талаар дэмжлэг үзүүлж, надад энэхүү зардлыг олгох ёстой гэж үзэж байна. ОХУ-ын Засгийн газрын 2013.09.24-ний өдрийн 842 тоот тогтоолоор батлагдсан эрдмийн цол, зэрэг олгох журмын дагуу тухайн аспирантурын сургалтын жилд 2-с доошгүй нийтдээ 6 удаа МГТУГА-д очин суралцах ёстой байсан боловч И н е г нь 2016 оноос хойш сургалтын төлбөрийг хийхгүй саатуулж гурвалсан гэрээг цуцлуулах, хэмжээнд хүргэсэн ба дипломоо хамгаалах, докторын цолны болзлыг хангуулах гэж хувийнхаа зардлаараа 2 удаа явж хохирсон. Би тус сургуулийн ректор, проректор нартай олон удаа уулзаж, ярилцсаны үр дүнд 4 жилээр өдрөөр аспирантурт суралцах байсныг 3 жил эчнээгээр суралцахаар зөвшөөрүүлж, сургалтын төлбөрийг 42 хувиар буюу 690.000 рублээр суралцахыг 405.000 рубль, /10.875 ам доллар/ болгон багасгасан. МГТУГА-ын ректор Б.П.Елисеевээс илгээсэн 2014.04.30-ны өдрийн 15/759, 2014.07.09-ний өдрийн 15/1229 дугаартай албан бичгээр баталгаажуулж өгснөөс гадна 5 дахь удаагийн сургалтаараа эрдмийн цол, зэргээ хамгаалж, нэг удаагийн сургалтын зардлыг хэмнэсэн байгаа тул ИНЕГазраас 9491 ам доллар буюу 22.843.347 төгрөгийн албан томилолтын зардлыг гаргуулж өгнө үү.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2016/00201 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн намайг захиралын ажилд эгүүлэн томилохын оронд ИНЕГ-т мэргэжилтнээр ажиллуулахаар намайг дарамтлан эвлэрлийн гэрээ гэгчийг байгуулсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон. Энэхүү эвлэрлийн гэрээний үндсэн агуулга нь нэг талаас нэхэмжлэгч О.Н, хариуцагчийг төлөөлж ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг биелүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Уг тогтоол нь намайг Чингис хаан олон улсын нисэх буудлын захиралын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байгаа нь миний докторантурт суралцах сургалттай холбоогүй болох нь гэрчлэгдэж байгаа. Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний үнэ 1.828.900 төгрөг, хоёр дахь явалт нь 403.400 төгрөг, нийт 2.232.300 төгрөг, байрны зардал эхнийх нь 3900 долларыг тухайн үеийн 2018.03.23-ны өдрийн Монгол банкны ханш 2396,93 тооцно, 1950 долларыг тухайн үеийн 2018.06.10-ны өдрийн Монгол банкны ханш 2412,80 төгрөгөөр тооцно. Хоолны зардалд 1560 доллар, үүнийг 2396.93 төгрөгөөр үржүүлж, 3.739.211 төгрөг, 2 дахь удаагийн хоолны зардал нь 780 долларыг 2412.80 төгрөгөөр үржүүлнэ. Ингээд нийт хоолны зардалд 5.621.195 төгрөг болж байна. Унааны зардал эхний удаа 260 доллар буюу 623.200 төгрөг, сүүлчийн явалт нь 130 доллар буюу нийт 936.866 төгрөг, бүгд 22.843.348  төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын зүгээс О.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг томилолтын зардал гэж гаргадаг. Сая нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 128.1.9 гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө хөдөлмөрийн гэрээгээр үүссэн харилцаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 1.9 юм уу? 5.2 юм уу энэ нь өөрөө ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. И н е г нь О.Нын өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх гээд, одоо бол О.Н ИНЕГ-ын ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ИНЕГ-ын ажилтан биш хүний томилолтын зардлыг төлөх үндэслэлгүй. Мөн ИНЕГ-т О.Н ажиллаж байхдаа мэргэжил, боловсролоо дээшлүүлэх нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийнх нь үүрэг. Гэтэл өөрөө мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэж яваад буудалд байрласан, идсэн, машинаар явсан бүх мөнгийг хариуцагч төлөх нь шударга бус. О.Н өөрөө мэргэжил, боловсролоо дээшлүүлэхээр явсан гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт байна. 2012 оноос ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд суралцахаар хөөцөлдөж аспирантурын шалгалт өгсөн байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгаар байсан бол И н е г өөрөө хүсэлт тавиад манайд ийм доктор хэрэгцээ, шаардлагатай байна, энэ чиглэлээр сургаж өгөөчээ гэсэн хүсэлт байх ёстой. ИНЕГ-ын захиалгаар би сураад байна гэж О.Нын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож “би та нарт хэрэгтэй учраас сураад байна” гэсэн агуулгатай зүйл яриад байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ИНЕГ суралцах хугацааны дэмжлэг үзүүлэхээр байгаа ингэж дэмжлэг үзүүлнэ гэснийг намайг сургахын тулд миний бүх зардлыг төл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн О.Нтай холбоотой ИНЕГ-аас 3 жилийн сургалтын төлбөрт нь 10.875 ам.доллар төлөх байснаас 2014-2015 онд 11.600 ам.долларыг сургалтын төлбөрт шилжүүлчихээд байна. Тэгэхээр 725 ам.долларыг илүү шилжүүлсэн байна. 2017.01.23-ны өдрийн 04/17 дугаартай талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1-д хариуцагч нь нэхэмжлэгчийг ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулна, ингэж суралцах хугацааны томилолтын зардалд 17.670 ам.доллар олгоно, энэ үнийн дүнд нь аспирантурын байр, хоол болон бусад зардлууд багтсан, сургалтанд тухай бүр ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу эвлэрлийн гэрээнд заасан үүргээ ИНЕГ биелүүлсэн, энэ мөнгийг авсан болохоо О.Н зөвшөөрдөг. Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд 3 талт гэрээний хугацаа аль эрт дууссан учраас бид эвлэрлийн гэрээнд юуг оруулсан бэ гэвэл эвлэрлийн гэрээний 8 дахь хэсэгт энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө нь байгуулсан бүх хэлцлийг орлоно, талуудын хоорондын эцсийн тохиролцоо гэж талууд тохирсон.

Тэгэхээр эвлэрлийн гэрээний дагуу манай байгууллага О.Над төлбөрийг шилжүүлсэн, ИНЕГ нь О.Нын өмнө одоогийн байдлаар ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй. Томилолтын зардлыг төлнө гэсэн талуудын хоорондын ямар нэгэн тохиролцоо байхгүй. Цаг хугацааны хувьд талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнээс хойш үүссэн цаг хугацаанд хамаарч, О.Ныг дипломоо очиж авахаар зарцуулсан хоол, унааны бусад зардлыг яагаад ИНЕГ төлөх ёстой, юунд үндэслэн нэхэмжлээд байгааг хариуцагч ойлгохгүй байна.

Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу давхардуулж олгосон 11.000.000 төгрөг, гадаад томилолтын зардал 1333 ам.доллар илүү өгсөн гэх Сангийн яамны шалгалтаар илрүүлсэн зөрчил гэх мэт нийт 18.000.000 төгрөгийн авлага байгаа. Ажилтаныг суралцах хугацаанд байгууллага тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх бөгөөд түүний унаа, хоол бүх зардлыг төлөх үүрэг хүлээхгүй учраас ИНЕГ-аас О.Ныг суралцах хугацаанд үзүүлэх дэмжлэгээ хангалттай үзүүлсэн, мөн илүү мөнгө өгсөн учраас О.Нын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч И н е гт холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Москвагийн иргэний нисэхийн техникийн улсын их сургууль, И н е г, О.Н нарын хооронд байгуулсан гурван талд гэрээний үүрэгт буюу 2017.11.30-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг дуусталх хугацааны томилолтын зардалд 15.539.339 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа нэмэгдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд гарсан томилолтын зардалд 7.304.008 төгрөг, нийт 22.843.347 төгрөгийг гаргуулахаар шаардсан /1-р хх-1-6, 174/ бөгөөд шүүх хуралдаанд 22.843.347 төгрөгийг томилолтын зардалд шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажлаас чөлөөлсөн тул шүүхэд гомдол гаргасны дагуу өмнөх ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсны дагуу ажил олгогчтой харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтний ажилд томилогдсоноор Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын албан тушаалд томилох шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцож, хариуцагч ИНЕГазар нь нэхэмжлэгчийг ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн улсын техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулах, ингэж суралцах хугацааны томилолтын зардалд 17.670 ам.доллар / аспирантын байр, хоол, бусад зардал багтсан/-ыг 3 хувааж олгох, сургалтын төлбөр болох 135.000 рублийг сургуулиас ирсэн баримтад үндэслэн шилжүүлэх, сургалтанд явах бүрд нь ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлэхээр тохирсны дагуу 14С1-996/И дугаартай гурван талт гэрээг нэр төртэй биелүүлж, Нисэхийн техникийн ухааны дэд эрдэмтэн цолыг 2017.12.13-ны өдөр амжилттай хамгаалж, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд ОХУ-ын Москва хотын Москвагийн Иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд ажиллаж техникийн ухааны докторын диплом авах ажлыг гүйцэтгэсэнтэй холбогдон гарсан томилолтын зардлыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар И н е г хариуцна... гэж тайлбарласан.

Хариуцагч тал татгалзлаа ... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Гурван талд гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу төлбөр, зардлыг шилжүүлсэн, гэрээний хугацаа дууссаны дараа гарч байгаа зардлыг хариуцахгүй, одоо бол О.Н ИНЕГ-ын ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ИНЕГ-ын ажилтан биш хүний томилолтын зардлыг төлөх үндэслэлгүй. Ажилтан өөрийнхөө мэргэжил, боловсролоо дээшлүүлэх нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүрэг бөгөөд ингэж үүргээ биелүүлж мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд гарсан буудлын, хоол идсэн, машинаар явсан зардлыг манай байгууллага төлөх нь шударга бус. ИНЕГ ажилтанг суралцах хугацаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнийг миний бүх зардлыг төл гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. ИНЕГ-аас 3 жилийн сургалтын төлбөрт нь 10.875 ам.доллар төлөх байснаас 11.600 ам.долларыг шилжүүлсэн буюу 725 ам.долларыг илүү шилжүүлсэн байгаа. 2017.01.23-ны өдрийн 04/17 дугаартай талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулна, ингэж суралцах хугацааны томилолтын зардалд 17.670 ам.доллар олгоно, энэ үнийн дүнд нь аспирантурын байр, хоол болон бусад зардлууд багтсан, сургалтанд тухай бүр ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу эвлэрлийн гэрээнд заасан үүргээ ИНЕГ биелүүлсэн, энэ мөнгийг авсан болохоо О.Н зөвшөөрдөг. Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд 3 талт гэрээний хугацаа дууссан учир ИНЕГ нь О.Нын өмнө одоогийн байдлаар ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй. Томилолтын зардлыг төлөх ямар нэгэн тохиролцоо байхгүй, цаг хугацааны хувьд талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнээс хойш үүссэн цаг хугацаа хамаарч байна. Ажилтаныг суралцах хугацаанд байгууллага тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх бөгөөд түүний унаа, хоол бүх зардлыг төлөх үүрэг хүлээхгүй учраас ИНЕГ-аас О.Ныг суралцах хугацаанд үзүүлэх дэмжлэгээ хангалттай үзүүлсэн, мөн илүү мөнгө өгсөн учраас О.Нын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Ныг Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажлаас чөлөөлсөн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, О.Ныг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгч О.Н болон хариуцагч ИНЕГазрын хооронд харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 04/17 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулагдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож зохигчид маргаагүй болно /1-р хх-19, 20-22, 23-24, 2-р хх-70-71, 153-154, 159-160, 180/.

 

Талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээнд “...хариуцагч нь нэхэмжлэгчийг ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн улсын техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулах бөгөөд ийнхүү суралцах хугацааны томилолтын зардалд 17.670 ам.доллар олгох, 1 удаа явахад нь 5980 ам.доллар /энэ үнийн дүнд аспирантын байр, хоол, бусад зардал багтсан болно/ олгох замаар хувааж өгөх, сургалтын төлбөр болох 135.000 рублийг сургуулиас ирсэн баримтад үндэслэн шилжүүлэх, сургалтад явах бүрд нь ирж очих онгоцны билетийн зардлыг шилжүүлэх, хариуцагч нь О.Ныг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах, ингэж томилсоноор О.Н нь Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын албан тушаалд томилуулах тухай шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцохоор, энэхүү гэрээ нь талуудын хооронд урьд өмнө байгуулсан бүх хэлцлийг орлох бөгөөд талуудын хоорондын эцсийн тохиролцоо болно” гэж тохиролцжээ /хх-1-р хх-23-24, 2-р хх-70-71/.

 

Эвлэрлийн гэрээний дагуу О.Ныг бодлогын зохицуулалтын мэргэжилтэнээр хөдөлмөрийн 02/108 тоот гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан /1-р хх-218-223/ байх бөгөөд байгууллагын зардлаар ОХУ-ын Москва хотын “МГТУГА” их сургуульд докторын сургалтад элссэн О.Нын 3 жилийн сургалтын төлбөрийг төлж, байгууллагын зардлаар суралцуулах тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А/481 тоот тушаал 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарсан /1-р хх-150/ байна.

Нэхэмжлэгч О.Н нь 2014 онд ОХУ-ын Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургууль /МГТУГА/-ийн аспирантурт элсэж суралцсан байх бөгөөд түүний аспирантурт 3 жил суралцах хугацааны сургалтын төлбөр болон суралцах хугацааны томилолтын зардлыг И н е г хариуцаж, байгууллагын зардлаар суралцуулахаар шийдвэрлэж, улмаар эрдмийн зэрэг горилогч болон сургууль, захиалагч нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 14С1-996/и тоот гурвалсан гэрээ байгуулагдсан байна /1-р хх-71-77, 2-р хх-72-78/.

 

Түүнчлэн О.Ныг аспирантурт суралцуулах, докторын зэргийн сургалтанд суралцахтай нь холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/72 тоот тушаалд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд суралцуулахаар /2-р хх-172, 180/, сургалтын төлбөрийг 2017-02-13, 2017-03-13-ны өдрүүдэд шилжүүлсэн /2-р хх-176, 182/, байр, хоол, бусад зардалд 5890 ам.долларыг 2017-03-14-ний өдөр олгосон /2-р 161, 170/, билетийг 2017-03-13-ны өдөр олгосон /2-р хх-173-174/,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/360 тоот тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн О.Ныг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ОХУ-ын Москва хотын “МГТУГА” их сургуульд техникийн шинжлэх ухааны докторын зэргийн сургалтанд суралцуулах, байр, хоол, эрдэм шинжилгээний зардал, онгоцний тийзны зардалд 5870 ам.долларыг бэлнээр, 2.768.200 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн /2-р хх-156, 185, 187, 188-189/,

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/558 тоот тушаалаар О.Ныг 2017 оны 09-р сарын 13-ны өдрөөс 10-р сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд докторын зэргийн сургалтан суралцуулах /2-р хх-194/ тушаал гарч, 5882 ам.долларыг 2017-09-07-нд шилжүүлсэн /2-р хх-158/ онгоцны билет 2017-09-06-нд олгогдсон /2-р хх-195-196/ байх бөгөөд нэхэмжлэгч О.Нын ОХУ-ын Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургуулийн аспирантурт суралцах сургалтын төлбөр болон суралцах хугацааны томилолтын зардлыг хариуцагч байгууллагаас шилжүүлсэн болох нь дээрх бичгийн баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ОХУ-ын Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургууль, И н е г, О.Н нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 14С1-996/и тоот гурвалсан гэрээг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөхөөр /1-р хх-75/ байх бөгөөд нэхэмжлэгч О.Н нь докторын зэргээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамгаалсан талаар тайлбарлаж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн огноотой орос хэл дээр бичигдсэн сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн /2-р хх-150/ боловч орчуулагдсан баримтанд орчуулга хийсэн этгээд гарын үсэг зураагүй /2-р хх-149/ байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийг докторын зэрэг хамгаалсан үйл баримтын талаар маргаагүй.

Дээрх гэрээний дагуу сургалтын төлбөрийг захиалагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээнд заасан хугацаанд төлөгдөж байгаагүй, сургалтын төлбөр төлүүлэхээр гэрээний талууд шаардаж албан бичиг, цахим захиа илгээж, нэхэмжлэгч өргөдөл, гомдол, шаардлага гаргаж байсан талаар талууд маргаагүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь докторын зэрэг хамгаалахаар 2017-11-30-ны өдрөөс 2017-12-25-ны өдрийг дуусталх хугацааны, дипломын бичиг баримтуудаа баталгаажуулж, дэд эрдэмтний дипломоо гардан авахаар 2018-05-20-ны өдрөөс 2018-06-01-ний өдрийг дуусталх хугацааны томилолтын зардал шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/481 дүгээр тушаалаар ОХУ-ын Москва хотын МГТУГА-н их сургуулийн докторын сургалтад О.Ныг 3 жилийн хугацаанд байгууллагын зардлаар суралцуулахаар шийдвэрлэж, эрдмийн зэрэг горилогч болон сургууль, захиалагч нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №14С1-996/и тоот гурвалсан гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч дээрх тушаалыг хүчингүй болгож, сургалтын гурвалсан гэрээнээс татгалзаагүй байх тул гэрээний 3.1.7-д зааснаар оюутны буюу горилогчийн амьдрах төлбөр тооцоог ИНЕГазар хариуцахаар үүрэг хүлээсэн /1-р хх-73/ тул О.Ныг докторын сургалтад явж суралцах хугацааны томилолтын зардлыг олгох гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлээгүй байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/78 дугаар тушаалаар гадаадад албан томилолтоор ажиллуулах болон сургалтад хамруулах журмыг баталсан ба журмын 4.1-д “гадаадад сургалтад хамрагдах ажилтан энэхүү журмын 3.1-д удирдамжийг боловсруулж, харьяа салбар, үйлдвэрлэлийн нэгжийн даргаар хянуулж, гадаад хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн даргад танилцуулан зөвшөөрөл авч ИНЕГ-ын даргаар батлуулах, 3.2-т төсвийг боловсруулж, гадаад хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн даргад танилцуулж, ИНЕГ-ын санхүү, эдийн засгийн газарт хянуулж, ИНЕГ-ын даргаар батлуулах, 3.3-т гадаад хамтын ажиллагаа хариуцсан нэгж ирүүлсэн материалуудын бүрдлийг нягтлан, ...гадаад томилолтын тушаалын төслийг боловсруулж, ИНЕГ-ын хууль, эрх зүйн газарт шилжүүлэхээр зохицуулжээ 1-р хх-226-233/.

 

Нэхэмжлэгч О.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд ОХУ-ын Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалахтай холбогдуулан томилолтын зардал гаргуулах тухай өргөдлийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр /1-р хх-151/ гаргасан, Нисэхийн сургалтын төвөөс О.Ныг Москва хотын МГТУГА их сургуульд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд албан томилолтоор ажилуулахаар танилцуулга 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарч нэхэмжлэгч нь эрдэмтний дипломын баримт бичгийн шаардлагыг хангах, дипломоо биечлэн гардан авах зайлшгүй шаардлагатай талаар 2018-05-17-ний өдөр хариуцагчид өргөдөл гаргасан /1-р хх-189/ байх боловч О.Ныг гадаадад томилолтоор явуулах тухай тушаал шийдвэрийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн гаргаагүй, төсөл боловсруулагдсан боловч албажуулаагүй болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна /1-р хх-172-173/.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 2.10.3-т “...албан томилолтын зардалд унаа, байр, хоол /шаардлагатай гэж үзвэл холбооны зардал, хотын доторх унааны зардал, виз болон нисэх буудлын хураамж, бэлэг дурсгалын зүйл/-ны зардал орно” гэж заасан бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны гадаад томилолт, сургалтын зардлыг Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” журмыг үндэслэн олгохоор Иргэний нисэхийн ерөнхий газраас гадаадад албан томилолтоор ажиллуулах болон сургалтад хамруулах тухай журмын 5.1-д заасан /1-р хх-231/.

 

Нэхэмжлэгч О.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд ОХУ-ын Москвагийн Иргэний нисэхийн техникийн их сургуульд техникийн ухааны дэд эрдэмтний цол, зэрэг хамгаалахаар явсантай холбогдуулан онгоцны билетын зардал 1.828.900 төгрөг /1-р хх-200-201, 235/, байрны түрээс, унааны зардалд 4200 ам.доллар /1-р хх-164-165/, хоол, хүнс, ажил үйлчилгээний зардалд 1560 ам.доллар /1-р хх-166-167/-ыг тус тус зарцуулсан болох нь төлбөрийн баримтууд, онгоцны билетийн тасалбар, нэхэмжлэгчийн гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар /1-р хх-177-178/ зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан ба талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн, хариуцагч нь сургалтын гурвалсан гэрээний үүргээ гэрээний хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн докторын зэрэг хамгаалахаар суралцсан хугацааны томилолтын бүх зардлыг дээрх гурвалсан гэрээ болон А/481 дүгээр тушаалын дагуу бүрэн хариуцах үүрэгтэй.

Харин хариуцагч талын эвлэрлийн гэрээнд заасны дагуу гурван удаагийн томилолтын зардлыг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн 14С1-996/и тоот гурвалсан гэрээгээр хүлээсэн үүрэг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болохоор, нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 13-ны докторын зэрэг хамгаалсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн онгоцны билет нь Москва Шереметьево F зогсоолоос 2017-12-28-ны өдрийн 19.55-д онгоц хөөрч, Улаанбаатар чингис хаан олон улсын нисэх буудалд 2017-12-29-ний өдрийнэ 07.10-д буухаар бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн ам.доллараар гүйцэтгэсэн төлбөрийг 2017-12-28-ны өдөр гэж, Mongolbank.mn цахим сайтад тавигдсан тухай өдрийн ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш болох 2427,13 төгрөгөөр тооцож байрны түрээс, унааны зардал 4200 ам.доллар, хоол, хүнсний зардал 1560 ам.доллар нийт 5760 ам.долларыг тооцон 13.980.269 төгрөг, онгоцны билетийн зардал 1.828.900 төгрөг, нийт 15.809.169 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 14С1-996/и тоот гурвалсан гэрээний хугацаанд гэрээний үүргээ биелүүлж нэхэмжлэгч томилолтоор явсан байх бөгөөд дээрх гэрээний хугацаа дуусгавар болсноор ажилтаны гадаадад албан томилолтоор ажиллах асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/78 дугаар тушаалаар баталсан журмын дагуу шийдвэрлэж ажил олгогчийн тушаал, шийдвэр гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 2018-05-20-ны өдрөөс 2018-06-01-ний өдрийг дуусталх хугацааны томилолтын зардлыг хариуцагч байгууллага хариуцах үндэслэлгүй байна.

О.Н нь докторын зэрэг хамгаалах хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд О.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул одоо ИНЕГ-ын ажилтан биш гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 367.461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236.996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирцийг шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгч татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч тал татгалзахгүй гэж хариулснаар хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод эрх үүргийг тайлбарлахад хэргийн оролцогчид дахин тайлбарлах шаардлаггүй гэснээр хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Хууль зүйн яамны дэргэдэх эрх бүхий орчуулгын товчоогоор орчуулж хэрэгт хавсаргуулах тухай хүсэлт гаргасан.

   Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан.

Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд ингэж хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзахгүй гэж хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан, хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүн таслах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзнэ.

Тиймээс шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад буюу хэргийг агуулгаар нь хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзахгүй гэж хариулсан бөгөөд энэ үед татгалзах хүсэлт гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д зааснаар шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 105-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсны дараа гаргасан татгалзлыг хуульд заасан дэг журмыг зөрчин мөн хуулийн 92-р зүйлд заасан үндэслэлд хамааруулан шийдвэрлэх боломжгүй буюу шүүгчийг татгалзах хэргийн оролцогчийн хүсэлт гаргах үе шат өнгөрснөөр хэргийн оролцогч дуртай үедээ эсхүл шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт гарвал шүүх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх журамтай.

Мөн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломж, нөхцлийг урьдчилан тогтоосон бөгөөд харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан хүсэлт гаргасныг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг тус тус баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 15.590.169 /арван таван сая таван зуун ерэн мянга нэг зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н /ХЛ63030115/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.034.178 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367.461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И н е г 236.996 /хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Над олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ