Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1938

 

Ц.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01937 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-болон “ЧБ” ХХК-д холбогдох

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Ц.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч “ЧБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19а байрын 17 тоот Ү-2205003666 бүртгэлийн дугаартай 3 өрөө, 40 м.кв орон сууцыг өмчилдөг бөгөөд тус орон сууцаа 2018 оны 5 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монголд ирсний дараа “ЧБ” ХХК-ийн барьцаанд байгааг мэдсэн. Өөрийн өмчлөлийн байрыг захиран зарцуулах эрхийг зөрчиж, түүний зөвшөөрөлгүй “ЧБ” ХХК, “Монгол дайвин” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан нь хууль ёсны хөрөнгөд халдсан байна. Ц.С- нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 1998 оноос хойш удаан хугацаагаар сурч, амьдарч байсан болохоор энд байгаа байрыг нөхөр В.Батсүх түүний нэрийн өмнөөс банканд барьцаанд тавьсныг мэдээгүй өдий хүрсэн. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мөнхцэцэгийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 202 тоот итгэмжлэл гэрчилсэн үйлдэл хууль бус юм. Ц.С-гийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. “ЧБ” ХХК-ийн барьцаанд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2301/02/РА/02-2014 дугаартай гэрээг В.Батсүхтэй байгуулсан учраас Ц.М-нотариатын үйлдэл хууль бус үйлдлийг хүчингүй болгох талаар нэхэмжилсэн. Дээрх барьцааны гэрээг хууль бус итгэмжлэлийг үндэслэж байгуулж, барьцаанд авсан байгаа нь өмчлөх эрхийг давхар зөрчсөн. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус  хуульчилсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа, ямар зээлийн эсхүл батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл, хэдий хугацаанд гүйцэтгээгүй бол ямар хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хэдэн төгрөгийн барьцаа гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй барьцааны гэрээ байгуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 202 тоот итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, “ЧБ” ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3, 56.1.1, 56.1.8, 156.2, 156.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны 2301/02/РА/02-2014 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19-А байрны 17 тоот хаягаар байрших 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “ЧБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баяржаргал, Б.Төрбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй гэсэн боловч энэ үйл баримт шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Барьцааны гэрээн дээр “Монгол Дайвин” ХХК-ийн банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хөрөнгө барьцаалж байгаа мэдээлэл байгаа. Барьцааны гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгэх үүргийн хэмжээг тоочиж өгсөн бөгөөд барьцааны үнийн дүнг барьцааны гэрээний хүснэгтэд тусгасан, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сая гаргасан баримт нь Монгол Дайвин ХХК болон В.Батсүх, Ц.С- нарын хооронд хийгдсэн тооцоо болохоос манай компанитай хийсэн тооцоо биш юм. Банк зээлийн гэрээ бус банкны баталгааны гэрээг Монгол Дайвин ХХК-тай байгуулсан. Уг баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Ц.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь өнөөдөр анх гаргасан нэхэмжлэлээсээ өөр үндэслэлээр тайлбараа гаргаж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр Ц.С- гарын үсэг зурсан нь нотлогдсон. Түүнээс гадна Ц.С- онгоцны буудал руу явахдаа итгэмжлэл олгосон гэж тайлбарлаж байх тул өөрөө хүсэж итгэмжлэл олгосон болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан үндэслэлгүй тул Ц.Мөнхцэцэгт холбогдох 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, ЧБ ХХК-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Ц.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нотариаты нтухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт заасан. Итгэмжлэлийн загварт тэдгээр агуулгыг тусгах боловч нотариатч хууль зүйн ач холбогдол, үр дагаварыг тайлбарласан гэж үзэх боломжгүй, Нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцыг барьцаанд ба анхан шатны шүүх хуралдаанд яригдсан 77.000.000 төгрөгийн барьцаанд тавих эрх зүйн үр дагавартай итгэмжлэлд үйлчүүлэгчийн хүсэл зориг байгаагүй байхад тод үсгээр бичсэн тул хууль зүйн зөвлөгөө өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж болохгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй дүгнэлт хийсэн. Дээрх барьцааны гэрээг хууль бус итгэмжлэлийг үндэслэж байгуулж байрьцаанд авсан байгаа нь миний өмчлөх эрхийг давхар зөрчсөн. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус хуульчилсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа ямар зээлийн эсхүл батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл хэдий хугацаанд гүйцэтгээгүй бол ямар хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хэдэн төгрөгний барьцаа гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй барьцааны гэрээ байгуулсан. Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 156.1, 156.2,  56 дугаар зүйлийн 56.1.1 тус тус заасан. Анхан шатны шүүх тус гэрээний 3 дугаар зүйлд зааснаар барьцааны шаардлагын хэмжээг тодорхойлсон гэх боловч гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлд тодорхойлсон нь шаардлага хангаагүй буюу хоорондоо зөрүүтэй шаардлагын хэмжээ байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад 77.000.000 төгрөгийн үүргийн гуйцэтгэлд, гэрээний 2 дугаар зүйлд 209.000.000 төгрөгний үүргийн гүйцэтгэлд, гэрээний 3-4-р зүйлд бүх хохирол гэх мэтээр зөрүүтэй ойлгомжгүй, хэзээ, ямар хэмжээгээр үүргийн гүйцэтгэл дуусч, барьцаанд байгаа байр чөлөөлөгдөх эсэх нь тодорхойгүй барьцааны гэрээ байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хариуцагч ЧБ ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч нь  өөрийн өмчлөлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг банканд барьцаанд тавих, уг гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэх, буцаан авах, өгөх бүрэн эрхийг нөхөр В.Батсүхэд 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийн үнэн зөвийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.М-2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн дэвтрийн 202 дугаарт бүртгэж, гэрчилсэн  үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 11/

 Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг В.Батсүхэд олгосноос үүссэн эрх зүйн үр дагавар нь В.Батсүх нь Монгол “Дайвин” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд “ЧБ” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр гаргасан 209,000,000 төгрөгийн үнийн дүнтэй 2301/02/BG-2014 тоот баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дээрх орон сууцыг барьцаалсан гэрээг “ЧБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, уг гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 8/

Итгэмжлэлд Ц.С- өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан, уг итгэмжлэлийн тод болон бүдэг хэвлэмэл бичвэрүүд нь нэг удаагийн үйлдлээр, нэг төрлийн лазер ашиглан хэвлэгдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 242, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2960 дугаар дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ. /хх-ийн 52, 114-116/

 Мөн итгэмжлэлд “энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтад авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно”  гэж тусгагдсан байх тул Ц.С-г уг итгэмжлэлийн эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүй гэж үзэх боломжгүй юм.

 Хариуцагч Ц.М-үйлчлүүлэгчийн хүсэлтээр орон сууцыг банканд барьцаанд тавих бүрэн эрхийг нөхөр В.Батсүхэд 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийн үнэн зөвийг бүртгэж, гэрчлэхдээ Нотариатын хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчөөгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д  тус тус заасан үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжилсэн.

 Нэхэмжлэгч Ц.С-гаас В.Батсүхэд олгосон дээрх итгэмжлэл Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “ЧБ” ХХК болон Ц.С-г төлөөлөн В.Батсүх нарын  хооронд бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 Барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тодорхойлох журмыг барьцааны гэрээнд тусгасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан шаардлагад нийцжээ.

  Иймд барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, түүнчлэн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэгсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                              ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД  

                                                                                          Н.БАТЗОРИГ