Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1937

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.М,

Хариуцагч: “Ч” ХХК-уудад холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянжаргал, Б.Төрбадрах, хариуцагч Ц.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Ц.С нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19а байрын 17 тоот Ү-2205003666 бүртгэлийн дугаартай 3 өрөө, 40 м.кв орон сууцыг өмчилдөг бөгөөд тус орон сууцаа 2018 оны 5 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монголд ирсний дараа “Ч” ХХК-ийн барьцаанд байгааг мэдсэн. Өөрийн өмчлөлийн байрыг захиран зарцуулах эрхийг зөрчиж, түүний зөвшөөрөлгүй “Чингисхаан” банк ХХК, “Монгол дайвин” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан нь хууль ёсны хөрөнгөнд халдсан байна.

Ц.С нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 1998 оноос хойш удаан хугацаагаар сурч, амьдарч байсан болохоор энд байгаа байрыг нөхөр В.Батсүх түүний нэрийн өмнөөс банканд барьцаанд тавьсныг мэдээгүй өдий хүрсэн. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 202 тоот итгэмжлэл гэрчилсэн үйлдэл хууль бус юм. Учир нь, Ц.Сгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Ц.С 2015 онд, Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу явахдаа банканд барьцаалж болох итгэмжлэлд гарын үсэг зураагүй буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19а байрын 17 тоот Ү-2205003666 бүртгэлийн дугаартай 3 өрөө, 40 м.кв орон сууцыг “Банкны барьцаанд тавих уг гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэн буцаан авах” гэх итгэмжлэлийг нотариатч Ц.Мээр гэрчлүүлэхдээ Ц.Сгийн гарын үсгийг дуурайлган зурж, гэрчлүүлэн “Ч”-ны барьцаанд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2301/02/РА/02-2014 дугаартай гэрээг В.Батсүхтэй байгуулсан учраас Ц.М нотариатын үйлдэл хууль бус үйлдлийг хүчингүй болгох талаар нэхэмжилсэн.

Дээрх барьцааны гэрээг хууль бус итгэмжлэлийг үндэслэж байгуулж, барьцаанд авсан байгаа нь өмчлөх эрхийг давхар зөрчсөн. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журмыг тогтооно”, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж хуульчилсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа, ямар зээлийн эсхүл батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл, хэдий хугацаанд гүйцэтгээгүй бол ямар хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хэдэн төгрөгийн барьцаа гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй барьцааны гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 64 зүйлд итгэмжлэлд тавигдах шаардлагуудын нэгд итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх...шаардлагыг тусгаж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна...гэжээ.

Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т “энэ хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1” хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж тодорхойлсон.

Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 202 тоот итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, “Ч” ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3, 56.1.1, 56.1.8, 156.2, 156.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны 2301/02/РА/02-2014 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19-А байрны 17 тоот хаягаар байрших 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбарт:

Ц.С 1998 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман улсад амьдарч байгаа бөгөөд Монгол хэлний зарим үг, өгүүлбэрийг сайн ойлгодоггүй. Ийм учраас нотариатад очиж итгэмжлэл хийхдээ үр дагаврыг сайн ойлгоогүй гарын үсэг зурсан байдаг. Итгэмжлэлийг хийхдээ Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу буцах гээд онгоцны буудал явах зам зууртаа нотариат орж хийсэн байдаг. Итгэмжлэл гэрчилсэн нотариатч нь түүнд үр дагаврыг тайлбарлан ойлгуулах үүргээ биелүүлээгүй учир түүнийг үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа юм гэв.

 Хариуцагч Ц.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч нь өнөөдөр анх гаргасан нэхэмжлэлээсээ өөр үндэслэлээр тайлбараа гаргаж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр Ц.С гарын үсэг зурсан нь нотлогдсон. Түүнээс гадна Ц.С онгоцны буудал руу явахдаа итгэмжлэл олгосон гэж тайлбарлаж байх тул өөрөө хүсэж итгэмжлэл олгосон болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна.

Итгэмжлэлийг гэрчлэхдээ нотариатч тухайн итгэмжлэлээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгсөн, энэ тухай итгэмжлэл дээрээ тусгасан, итгэмжлэлийн тод болон бүдэг бичиглэл нэг дор хэвлэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Ц.С 1977 онд төрсөн, одоо 42 настай хүн бөгөөд итгэмжлэл олгохдоо танилцуулсан үр дагаврыг ойлгоогүй байх боломж байхгүй. Өөрөө монгол хэл мэддэг, тэгээд ч хөндлөнгийн хүнд итгэмжлэл олгоод байгаа юм биш. Нөхөр болох хүндээ эрх олгосон итгэмжлэлийг үйлдсэн. Тэгэхээр итгэмжлэлийг олгож байгаа түүний үйлдэл хүсэл зоригт нь нийцсэн, өөрөө хүсэж үйлдсэн, үр дагаврыг нь ойлгосон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй гэсэн боловч энэ үйл баримт шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн.

Барьцааны гэрээн дээр “Монгол Дайвин” ХХК-ийн банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хөрөнгө барьцаалж байгаа мэдээлэл байгаа. Барьцааны гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгэх үүргийн хэмжээг тоочиж өгсөн бөгөөд барьцааны үнийн дүнг барьцааны зүйлийн 2 дугаар зүйлд хүснэгтлээд тусгасан, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан.

Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сая гаргасан баримт нь “Монгол Дайвин” ХХК болон В.Батсүх, Ц.С нарын хооронд хийгдсэн тооцоо болохоос манай компанитай хийсэн тооцоо биш юм.

Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Банк зээлийн гэрээ бус банкны баталгааны гэрээг “Монгол Дайвин” ХХК-тай байгуулсан. Уг баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан.

Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ц.Мт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ц.Сгаас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг банканд барьцаанд тавих, уг гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэх, буцаан авах, өгөх бүрэн эрхийг нөхөр В.Батсүхэд 3 жилийн хугацаагаар олгосон байх ба уг итгэмжлэлийн үнэн зөвийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.М мөн өдөр 202 дугаарт бүртгэж, гэрчилсэн байна.

 

Энэ итгэмжлэлд үндэслэн В.Батсүх нь Ц.Сг төлөөлөн “Монгол Дайвин” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд “Чингис Хаан банк” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр гаргасан 209,000,000 төгрөгийн үнийн дүнтэй 2301/02/BG-2014 тоот баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх орон сууцыг барьцаалсан гэрээг “Чингис хаан банк” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, уг гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Дээрх итгэмжлэл болон барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан тул шүүх шаардлага тус бүрийг цаг хугацаа, үйлдлийн дарааллаар хоёр хэсэгт хуваан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэг. Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ анх “итгэмжлэлд Ц.С гарын үсэг зураагүй” гэх агуулгаар гаргаж байсан бол шүүх хуралдаанд “итгэмжлэл олгосон үйлдлээс үүсэх үр дагаврыг тайлбарлан ойлгуулах үүргээ нотариатч биелүүлээгүй” гэж өөрчилсөн байна.

 

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлд Ц.С өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан, уг итгэмжлэлийн тод болон бүдэг хэвлэмэл бичвэрүүд нь нэг удаагийн үйлдлээр, нэг төрлийн лазер ашиглан хэвлэгдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 242, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2960 дугаар дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

 

Тогтоогдсон дээрх үйл баримтаар нэхэмжлэлийн “...Ц.Сгийн гарын үсгийг дуурайлган зурсан...”, “...тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ нотариатч биелүүлээгүй...” гэх үндэслэлүүд үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийхдээ нотариатч бичгээр үйлдсэн итгэмжлэлд төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг тодорхой, илүү ойлгогдохуйц байдал /тод/-аар тусгаж, итгэмжлэлээс үүдэх эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгсөн байдлаа баталгаажуулж “Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтад авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно” гэх бичвэрийг бусад хэсгээс ялгагдахуйц байдлаар налуу бичвэрээр үйлдсэн байх тул уг итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр үйлдэж, гарын үсэг зурсан Ц.Сг эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүй гэж үзэх боломжгүй юм.

 

Хэрэв тайлбарлаж өгөөгүй тохиолдолд дээрх бичвэрийг уншсан Ц.С  тэр талаар нотариатчаас тухайн үед нь тодруулан тайлбарлуулах, улмаар бусдад өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг олгохгүй байх боломж түүнд бүрэн байсан тул шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх;”, 25 дугаар зүйлийн 25.1.3-д “итгэмжлэл гэрчлэх” болон 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ….” гэж тус тус заасанд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Хоёр. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ “гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тодорхой тусгаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, мөн барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхийг В.Батсүхэд олгоогүй учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж тайлбарласан байдаг.

 

 Ц.Сгаас олгосон бүрэн эрхийн хүрээнд В.Батсүх нь түүнийг төлөөлж “Ч” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан явдал нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.”, 62.3 “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.”, 62.4 “Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.”, 63 дугаар зүйлийн 63.1 “Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно.”, 63.2 “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.” гэж тус тус заасанд нийцсэн байна.

 

Иймд энэ хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

“Ч” ХХК-аас гаргасан баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.С болон “Ч” ХХК-ийн хооронд бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээнд талуудын нэр, оршин байгаа болон суугаа газрын хаяг /удиртгал хэсэгт/, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тодорхойлох журам /3-р зүйл/, үүргийг хангах хугацаа /4-р зүйл/, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнэ /2-р зүйл/-ийг тус тус зааж өгсөн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талууд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тодорхойлох журмыг барьцааны гэрээний 3-р зүйлд “банкны баталгааны гэрээнд заасан төлбөр, шимтгэл, мөн нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон барьцаалагчид учирсан хохирлын нийлбэр байх”-аар харилцан тохиролцсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.1-д заасан барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журмыг тохирсон байх шаардлагад нийцжээ.

 

Банкны баталгааны гэрээнд заасан төлбөр, шимтгэл, шүүхийн зардал болон барьцаалагчид учирсан хохирол зэргийн нийлбэрээр барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тодорхойлохоор тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7, 8 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

 

Тэгэхээр барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг мөнгөн дүнгээр тодорхой тусгаагүй явдлыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, түүнчлэн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдоогүй тул “Ч” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан үндэслэлгүй тул Ц.Мт холбогдох 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Ц.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА