Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00457

 

Ц.Сүндэръяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01937 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1938 дугаар магадлалтай,

Ц.Сүндэръяагийн нэхэмжлэлтэй,

Ц.Мөнхцэцэг, Чингисхаан банк ХХК-д холбогдох

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, хариуцагч Чингисхаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Ц.Сүндэръяа нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19а байрын 17 тоот Ү-2205003666 бүртгэлийн дугаартай 3 өрөө, 40 м.кв орон сууцыг өмчилдөг бөгөөд тус орон сууцаа 2018 оны 5 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монголд ирсний дараа Чингисхаан банк ХХК-ийн барьцаанд байгааг мэдсэн. Өөрийн өмчлөлийн байрыг захиран зарцуулах эрхийг зөрчиж, түүний зөвшөөрөлгүй Чингисхаан банк ХХК, Монгол дайвин ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан нь хууль ёсны хөрөнгөнд халдсан байна. Ц.Сүндэръяа нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад 1998 оноос хойш удаан хугацаагаар сурч, амьдарч байсан болохоор энд байгаа байрыг нөхөр В.Батсүх түүний нэрийн өмнөөс банканд барьцаанд тавьсныг мэдээгүй өдий хүрсэн. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мөнхцэцэгийн 2015.08.25-ны өдрийн 202 тоот итгэмжлэл гэрчилсэн үйлдэл хууль бус юм. Учир нь, Ц.Сүндэръяагийн гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Ц.Сүндэръяа 2015 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу явахдаа банканд барьцаалж болох итгэмжлэлд гарын үсэг зураагүй буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19а байрын 17 тоот Ү-2205003666 бүртгэлийн дугаартай 3 өрөө, 40 м.кв орон сууцыг Банкны барьцаанд тавих уг гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлэн буцаан авах гэх итгэмжлэлийг нотариатч Ц.Мөнхцэцэгээр гэрчлүүлэхдээ Ц.Сүндэръяагийн гарын үсгийг дуурайлган зурж, гэрчлүүлэн Чингисхаан банк ХХК-ийн барьцаанд 2015.11.16-ны өдрийн 2301/02/РА/02-2014 дугаартай гэрээг В.Батсүхтэй байгуулсан учраас Ц.Мөнхцэцэг нотариатын үйлдэл хууль бус үйлдлийг хүчингүй болгох талаар нэхэмжилсэн. Дээрх барьцааны гэрээг хууль бус итгэмжлэлийг үндэслэж байгуулж, барьцаанд авсан байгаа нь өмчлөх эрхийг давхар зөрчсөн. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журмыг тогтооно, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж хуульчилсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа, ямар зээлийн эсхүл батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл, хэдий хугацаанд гүйцэтгээгүй бол ямар хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хэдэн төгрөгийн барьцаа гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 64 зүйлд итгэмжлэлд тавигдах шаардлагуудын нэгд итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх... шаардлагыг тусгаж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна...гэжээ. Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т энэ хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон. Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан 2015.08.25-ны өдрийн 202 тоот итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, Чингисхаан банк ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3, 56.1.1, 56.1.8, 156.2, 156.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.11.16-ны өдрийн барьцааны 2301/02/РА/02-2014 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19-А байрны 17 тоот хаягаар байрших 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Мөнхцэцэгийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь өнөөдөр анх гаргасан нэхэмжлэлээсээ өөр үндэслэлээр тайлбараа гаргаж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр Ц.Сүндэръяа гарын үсэг зурсан нь нотлогдсон. Түүнээс гадна Ц.Сүндэръяа онгоцны буудал руу явахдаа итгэмжлэл олгосон гэж тайлбарлаж байх тул өөрөө хүсэж итгэмжлэл олгосон болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. Итгэмжлэлийг гэрчлэхдээ нотариатч тухайн итгэмжлэлээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгсөн, энэ тухай итгэмжлэл дээрээ тусгасан, итгэмжлэлийн тод болон бүдэг бичиглэл нэг дор хэвлэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ц.Сүндэръяа 1977 онд төрсөн, одоо 42 настай хүн бөгөөд итгэмжлэл олгохдоо танилцуулсан үр дагаврыг ойлгоогүй байх боломж байхгүй. Өөрөө монгол хэл мэддэг, тэгээд ч хөндлөнгийн хүнд итгэмжлэл олгоод байгаа юм биш. Нөхөр болох хүндээ эрх олгосон итгэмжлэлийг үйлдсэн. Тэгэхээр итгэмжлэлийг олгож байгаа түүний үйлдэл хүсэл зоригт нь нийцсэн, өөрөө хүсэж үйлдсэн, үр дагаврыг нь ойлгосон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингисхаан банк ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй гэсэн боловч энэ үйл баримт шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Барьцааны гэрээн дээр Монгол Дайвин ХХК-ийн банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хөрөнгө барьцаалж байгаа мэдээлэл байгаа. Барьцааны гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгэх үүргийн хэмжээг тоочиж өгсөн бөгөөд барьцааны үнийн дүнг барьцааны зүйлийн 2 дугаар зүйлд хүснэгтлээд тусгасан, улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сая гаргасан баримт нь Монгол Дайвин ХХК болон В.Батсүх, Ц.Сүндэръяа нарын хооронд хийгдсэн тооцоо болохоос манай компанитай хийсэн тооцоо биш юм. Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Банк зээлийн гэрээ бус банкны баталгааны гэрээг Монгол Дайвин ХХК-тай байгуулсан. Уг баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01937 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан үндэслэлгүй тул Ц.Мөнхцэцэгт холбогдох 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, Чингисхаан банк ХХК-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Ц.Сүндэръяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1938 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.02-ны өдрийн 181/ШШ2019/01937 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 1938 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нотариатын үйлдэлтэй холбоотой асуудлаар: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ...Итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийхдээ нотариатч бичгээр үйлдсэн итгэмжлэлд төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг тодорхой, илүү ойлгогдохуйц байдал /тод/-аар тусгаж...гэх бичвэрийг бусад хэсгээс ялгагдахуйц байдлаар налуу бичвэрээр үйлдсэн байх тул уг итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр үйлдэж, гарын үсэг зурсан...хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүй гэж үзэх боломжгүй юм...-т гэж дурджээ. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэг үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх гэж заасан. Анхан шатны шүүх нотариатын үйлдэл буюу итгэмжлэлд хууль зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тод үсгээр бичиж тайлбарласан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийн загварт тэдгээр агуулгыг тусгах боловч нотариатч хууль зүйн ач холбогдол, үр дагаврыг тайлбарласан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцыг барьцаанд ба анхан шатны шүүх хуралдаанд яригдсан 77,000,000 төгрөгийн барьцаанд тавих эрх зүйн үр дагавартай итгэмжлэлд үйлчлүүлэгчийн хүсэл зориг байгаагүй байхад тод үсгээр бичсэн тул хууль зүйн зөвлөгөө өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж болохгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй дүгнэлт хийсэн. Барьцааны гэрээтэй холбоотой асуудлаар: Дээрх барьцааны гэрээг хууль бус итгэмжлэлийг үндэслэж байгуулж барьцаанд авсан байгаа нь миний өмчлөх эрхийг давхар зөрчсөн. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журмыг тогтооно мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж хуульчилсан бөгөөд дээрх барьцааны гэрээнд хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа ямар зээлийн эсхүл батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл хэдий хугацаанд гүйцэтгээгүй бол ямар хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хэдэн төгрөгийн барьцаа гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй барьцааны гэрээ байгуулсан. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх тус гэрээний 3 дугаар зүйлд зааснаар барьцааны шаардлагын хэмжээг тодорхойлсон гэх боловч гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлд тодорхойлсон нь шаардлага хангаагүй буюу хоорондоо зөрүүтэй шаардлагын хэмжээ байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад 77,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд, гэрээний 2-р зүйлд 209,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд, гэрээний 3-4-р зүйлд бүх хохирол гэх мэтээр зөрүүтэй ойлгомжгүй, хэзээ, ямар хэмжээгээр үүргийн гүйцэтгэл дуусч, барьцаанд байгаа байр чөлөөлөгдөх эсэх нь тодорхойгүй барьцааны гэрээ байхад анхан шатны шүүх ИХ-ийн дээрх заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх барьцааны шаардлагын хэмжээг тодорхойлоогүй гэрээг хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Ц.Сүндэръяа нь хариуцагч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан 2015.08.25-ны өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хариуцагч Чингисхаан банк ХХК-д холбогдуулан 2015.11.16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003666 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, VI хороо, X хороолол, 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.Мөнхцэцэгт холбогдох 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, Чингисхаан банк ХХК-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, .... 19А байрны 17 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай Ц.Сүндэръяагийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

1.    Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс ... өөрийн өмчлөлийн 19А байрны 17 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд тавих, уг гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, өгөх бүрэн эрхийг нөхөр В.Батсүхэд 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.Мөнхцэцэг 2015.08.25-ны өдөр гэрчилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх- 11/

Дээрх итгэмжлэлээр В.Батсүх нь Монгол Дайвин ХХК-ийн 2015.11.13-ны өдөр гаргасан 209,000,000 төгрөгийн үнийн дүнтэй 2301/02/BG-2014 тоот баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015.11.16-ны өдөр орон сууц барьцаалсан гэрээг Чингисхаан банк ХХК-тай байгуулж, маргааш нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-8/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.02.12-ны өдрийн №242, 2019.06.14-ний өдрийн №2960 дүгнэлтүүдээр нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлд Ц.Сүндэръяа өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан, уг итгэмжлэлийн тод болон бүдэг хэвлэмэл бичвэрүүд нь нэг удаагийн үйлдлээр, нэг төрлийн лазер ашиглан хэвлэгдсэн болох нь тогтоогдсон байна. /хх-52,114-116/

Итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан, бусдын дарамт шахалтад авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн тухай тусгасан байх тул Ц.Сүндэръяаг итгэмжлэлийн эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүй гэж үзэх боломжгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймээс хариуцагч Ц.Мөнхцэцэгийг Ц.Сүндэръяагаас нөхөр В.Батсүхдээ 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийн үнэн зөвийг бүртгэж, гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 2015.11.16-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагынхаа эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтууд гэж тодорхойлжээ.

В.Батсүхэд олгосон итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Чингисхаан банк ХХК болон В.Батсүх нарын хооронд бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тодорхойлох журмыг барьцааны гэрээнд тусгасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан шаардлагад нийцсэн гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болсон буюу барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахыг хүссэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1938 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД